Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00034

 

Орхон аймгийн Цагдаагийн газрын

 хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний  өдрийн 142/ШШ2022/00357 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э...........

 

“Э...........ыг албадан эмчилгээнд хамруулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э...........ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э........... /цахимаар/, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Орхон Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 18а-17 тоотод оршин суух ..........ийн .......... /ЖЯ........../ нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э........... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

....Миний бие Э........... нь архи ууж янз бүрийн асуудал гаргахгүй, ажил хийж, ар амьдралаа авч явна, иймд миний өргөдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дахиж архи дарс хэрэглэхгүй гэж амлаж байна. Архины эмчилгээнд орж хэвтэх гэж байгаа тул түүнийг маань шийдвэрлэж өгнө үү.... Би ажил хийж эхнэр хүүхдээ тэжээдэг. Манай эхнэр группт байдаг. 3 хүүхэдтэй ажлаа хийж ар гэрээ тэжээдэг учраас эмчилгээнд явчихвал ар гэр хэцүү байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00357 дугаар шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар ..........ийн .......... /РД:ЖЯ........../-г архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Э...........ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар .......... дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймаг дахь .......... нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Э........... давж заалдсан гомдолдоо:

Миний бие Э........... нь  эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний олсон мөнгөөр гэр орноо тэжээдэг. Би ганцаараа ажил хийдэг тул албадан эмчилгээнд явмааргүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Хүсэлт гаргагч Орхон аймгийн .......... нь Э...........ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба Э........... нь дахин архи ууж янз бүрийн асуудал гаргахгүй, ажил хийж ар гэрийн амьдралаа авч явна, намайг эмчилгээнд явчихвал ар гэр хэцүү байна. Албадан эмчилгээнд явмааргүй байна гэсэн тайлбар гаргаж, хүсэлтийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд Э........... нь байнга архидан согтуурч Цагдаагийн байгууллагад удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, гэр бүлийнхээ гишүүд болон бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд оруулдаг, гэр орондоо бусадтай нийлж архидан согтуурч нийтийн хэв журмыг удаа дараа зөрчдөг болох нь, мөн архинд донтох мансуурах өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдон зэрэг үйл баримт тогтоогджээ.

Э........... нь архи ууж согтуурсан үедээ бусдыг өдөөн хоргоож, гэр орондоо агсан согтуу тавьж, нийтийн хэв журмыг зөрчиж амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил удаа дараа гаргаж эрүүлжүүлэгдэж байсан болох нь Цагдаагийн газраас нотлох баримтаар ирүүлсэн торгуулийн хуудасны бүртгэл буюу захиргааны тоо бүртгэлийн материалаар тогтоогдож байх ба Э........... архинд донтох мансуурах өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах тухай Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д зохицуулсан ба Э........... нь согтуурах мансуурах донтой болохоо хүлээн зөвшөөрч сайн дураараа эмчлүүлэхээр хүсэлт гаргаагүй байна.

Э...........ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э...........ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э........... нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдьсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ