Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 434

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Р.Ч/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Боржигон овгийн Рэнцэндоржийн Чимэдэд холбогдох эрүүгийн 1811003900281 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Р.Ч, 1987 оны 9 дүгээр сарын 28-ны Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булл ресторанд угаагч ажилтай гэх, ам бүл 7, эцэг, эх, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 2 дугаар баг, Баян 1 дүгээр хэсэг, гудамж 3-1 тоотод оршин бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 31-44 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар МБ87092108.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Р.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 16-336/а тоотод иргэн С.Золзаяатай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Чнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Золзаяа эхлээд намайг цохисон. Би бас гэмтсэн. Адилхан 3 хүүхэдтэй хүмүүс байна гээд гомдол гаргаагүй явчихсан. Тэгээд би хэд хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн учраас гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэхдээ Золзаяад учруулсан гэмтлийг би учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчтой уучлалт гуйж эвлэрсэн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Золзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Түрээслэгч Р.Ч нь түрээслэдэг байрандаа өөрөө байхгүй дүү нь гэх залуу олон хоногоор олон хүн бөөгнүүлж архидаж, зодолдож байсан. Тиймээс би хууль ёсны шаардлага тавьж түрээслэж байсан байраа цуцлах талаар шаардлага тавихад хүлээж авахгүй миний түрээслүүлдэг байрны хаалга үүдийг эвдсэн асуудал болсон. Намайг тухайн өдөр Р.Чимэдээс өөр гар хүрч зодож цохисон хүн байхгүй...” гэжээ /хх-20/.

Гэрч Ө.Бум-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Согоот 115 чиглэлийн автомашинд эргүүл гүйцэтгэсэн. ...Тэгээд тэр хоёр харилцан бие биенийгээ үсдэлцээд түрээслэгч эмэгтэйн нөхөр бид хоёр салгасан. Тэгээд салгахад түрээслэгч эмэгтэйн нүүр маажигдсан байсан...” гэжээ /хх-23/.   

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №1994 дүгээр  дүгнэлтэд: 

“1. С.Золзаяагийн биед хамрын үзүүр, баруун хацар, эрүүний баруун булан, хүзүү, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх-29/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Р.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 16-336/а тоотод иргэн С.Золзаяатай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Золзаяагийн “…Намайг тухайн өдөр Р.Чимэдээс өөр гар хүрч зодож цохисон хүн байхгүй…” гэх мэдүүлэг, гэрч Ө.Бум-Эрдэнийн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн № 1994 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Р.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Р.Ч-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав. 

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч С.Золзаяа нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Р.Чимэдийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Р.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ч-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Чимэдэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН