| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2302008140012 |
| Дугаар | 2024/ДШМ/1123 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/1123
2024 10 08 2024/ДШМ/1123
О.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нямдорж,
шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/810 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Тгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2302008140012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Т нь Б дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж,
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэхдээ Б/11 дугаар тушаалаар Г.Чыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэсгийн ахлагчаар томилсон захирамж гаргаж, ажиллаагүй байхад нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн гүйлгээгээр Хас банкны ...... тоот данс эзэмшигч Г.Чын дансанд шилжүүлэгдсэн цалин болох 4.576.508 төгрөгийг өөрөө авч захиран зарцуулах өөртөө давуу байдал бий болгож, Г.Чын 504.950 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл 348.502 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар тус тус төлж Б дүүргийн засаг даргын тамгын газарт 5.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хас банкны ............. тоот данс эзэмшигч Г.Чын дансыг ашиглаж байхдаа тус дансанд “И.У.З ахмадын баярын хандив” гэх нэртэй 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлэгдсэн 300,000 төгрөгийг,
“С.С хорооны ахмадын баярт хандив олгов” гэх нэртэй 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэгдсэн 100,000 төгрөгийг тус тус өөрөө авч захиран зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: О.Тгийн үйлдлийг Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Т-г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тд нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Б дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Тд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тгээс 100.000 төгрөг гаргуулж “С.С”-д, 300.000 төгрөг гаргуулж “И.У.З” ХХК-д, 5.430.000 төгрөг гаргуулж Б дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа бөгөөд дахин ийм алдаа гаргахгүй, сайн эцэг, сайн иргэн байхаа илэрхийлж байна. Мөн Б дүүрэгт өөрийн 1-4 насны хоёр охинтойгоо өрх толгойлон амьдардаг. Би хорооны засаг даргын ажлаасаа гарч байгаа бөгөөд Б дүүргийн 41 дүгээр хороо, 9А байрны зоорины давхрын Б1 тоот өрөөг түрээслэн оёдол хатгамал, олон улсын худалдааны чиглэлээр “Ө.Б.Э.Э.Б” ХХК-ийг өөрийн эцэг Отай хамтран ажиллуулан амьжиргаагаа залгуулж байгаа болно. Мөн миний 4 настай охин Саран нь астма өвчтэй бөгөөд эмч байнга агаарт байлгахыг зөвлөсөн тул гэр бүлийнхээ хэрэгцээний Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод байрлах зусландаа охиноо байнга агаарт байлгах шаардлагатай байдаг юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа бөгөөд надаас гаргуулан шийдвэрлэсэн хохирол төлбөрийн тодорхой хэсгийг барагдуулсан, үлдсэн хохирол төлбөрийг боломжоороо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Гэсэн хэдий ч миний дээрх нөхцөл байдлын улмаас надад оногдуулсан ял шийтгэлийг биелүүлэхэд миний амьдрал, амьжиргаанд хүндээр тусч байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс надад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бөгөөд уг ялыг Б дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох нөхцөлөөр эдлүүлж шийдвэрлэсэн нь ажил бизнес хийж, амьжиргаагаа залгуулах, үр хүүхдээ тэжээн тэтгэхэд маш хүндрэлтэй болж байгааг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэж, надад оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлэн зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвгэрээс явахыг хориглох нөхцөл болгож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах хугацааг багасгаж өгнө үү. Мөн анхан шатны шүүх намайг н.Ч гэх хүнийг ажилд авч, түүний мөнгийг өөртөө авч ашигласан мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, миний бие тухайн шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд Иргэд нийтийн хурал шийдвэр гаргадаг. Иргэд нийтийн хурал нь н.Чыг ажилд авах үед эпокси гэх шингэнийг хог, хаягдал буюу хуванцартай хольж, медаль хийж, түүнийгээ нийтэд сурталчилж байсан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг нөхцөл байдлыг танилцуулсан. Миний бие тухайн хүний цалинг авч, завшсан зүйл байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч О.Тгийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд О.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. О.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдол гаргасан. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийн талаар гомдолтой байгаа тухайгаа тайлбарлаж байна. Миний бие түүний уг байр суурийг дэмжиж байна. Учир нь, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэх боломжтой. О.Тг “н.Чын хэсгийн ахлагчийн ажилд томилогдсоноо мэдээгүй байдлыг ашиглаж өөртөө давуу байдал үүсгэсэн” хэмээн буруутгасан. Хэрэгт н.Ч, н.О гэх 2 гэрч мэдүүлэг өгсөн. Гэрч н.Ч нь “мэдээгүй” гэж мэдүүлж байсан боловч О.Т “н.Ч мэдэж байгаа” гэж мэдүүлж байсан. Уг нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрч н.Ооос мэдүүлэг авсан. Гэтэл н.О нь тухайн үед ажиллаж байгаагүй, н.Болдчимэг гэх хүн ажиллаж байсан. О.Т энэ талаар удаа дараа мэдүүлж, мөрдөн байцаалтын шат, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч дээрх нөхцөл байдлыг огт шалгаагүй. Мөн О.Тг “ажиллаагүй байхад нь цалинг нь авч өөртөө захиран зарцуулсан” гэж буруутгасан. Гэтэл тус мөнгийг хэн захиран зарцуулсан болох нь тодорхойгүй бөгөөд зөвхөн 09 дүгээр сарын 28-ны өдөр банкны нэвтрэх нэр, нууц үгээ явуулсны дагуу дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үйлдэж, шалгасан. О.Т мөрдөн байцаалтын шат болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “би энэ мөнгөнүүдийг аваагүй. Намайг шалгаж өгнө үү. Энэ мөнгөнүүдийг н.Ч медаль хийхэд зарцуулсан” гэж мэдүүлсэн боловч уг нөхцөл байдлыг огт шалгаагүй. Мөн О.Тг “С” ХХК, “И.У.З” ХХК-иас хандив авсан гэж буруутгасан. Хандив авах тухай асуудал нь Ахмад настны тухай хуулийн дагуу боломжтой. Ахмадын хороо нь санхүүгийн дансгүй, хэсгийн ахлагч нарын дансаар хандивын мөнгө авдаг. О.Т тус хандивын зарцуулалтын тухай “ширээний теннис авсан, ахмадуудад бэлэг өгсөн” гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Уг баримтуудыг огт тодруулаагүй, хандивын мөнгийг О.Т өөртөө авч, захиран зарцуулсан юм уу, эсхүл хандивын үйл ажиллагаанд захиран зарцуулсан юм уу гэдгийг шалгаагүй бөгөөд “И.У.З” ХХК-ийг хохирогчоор тогтоож, О.Тг буруутгасан болохыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймээс миний бие О.Т “эдгээр нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр намайг буруутгасан” гэсэн тайлбарыг нь дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан хэлэлцдэг тул тус нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү. О.Т нь 2 бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг бөгөөд түүний 1 хүүхэд нь астма өвчтэй, байнга агаар, салхинд гаргах шаардлагатай байдаг. О.Тгийн лагер Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг. Мөн О.Т нь Засаг даргынхаа үүрэгт ажлыг хүлээлгэж өгсөн ба Б дүүрэгт өөрийн эцэгтэй хамтран ажиллаж, өрхийн орлогоо бүрдүүлдэг. О.Т нь Б дүүрэгт тогтоосон чиглэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа тул 2 хүүхдээ тэжээн тэтгэх, өвчтэй хүүхдээ агаар, салхид гаргах боломжоор хязгаарлагдаж байна. Иймд түүний уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ялын хүрээ, хэмжээг Улаанбаатар хотоор тогтоож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Тгийн өмгөөлөгч И.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.Тгийн гаргасан давж заалдах гомдол, өмгөөлөгч П.Учралгэрэлийн тайлбарыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх хэмжээ, хязгаарыг баримтлан О.Тд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй. Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг дэлгэрэнгүй байдлаар хийж, О.Тд оногдуулбал зохих ялын хэмжээ хязгаарыг түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалтай уялдуулж, бодиттой шийдвэр гаргасан. Прокуророос О.Тгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор, аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, гэм буруутай эсэхдээ маргасан нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Мөн анхан шатны шүүх О.Тд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оршин суугаа нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарласан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхээргүй байна. Иймээс анхан шатны шүүх түүнд оногдуулбал зохих ялыг Б дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарласан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс О.Тд бусад учруулсан хохирол, төлбөрийг төлөхийг даалгасны дагуу О.Т нь “С” ХХК-д 100,000 төгрөг, “И.У.З” ХХК-д 300,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч Б дүүргийн Засаг даргын тамгын газарт 5,430,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн тэрээр өөрийн гэм буруутай эсэхэд маргаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. О.Т давж заалдах гомдолдоо “миний лагер Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд өвтэй хүүхдээ салхилуулах шаардлагатай. Би Б дүүргийн нутаг дэвсгэрт ажилладаг, Б дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг” гэж дурдсан байна. Гэвч гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн гэм бурууг гэмшиж, хуульд заасан хариуцлагыг шударгаар биелүүлэх ёстой. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч О.Т нь Б дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж,
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэхдээ Б/11 дугаар тушаалаар Г.Чыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэсгийн ахлагчаар томилсон захирамж гаргаж, ажиллаагүй байхад нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн гүйлгээгээр Хас банкны ...... тоот данс эзэмшигч Г.Чын дансанд шилжүүлэгдсэн цалин болох 4.576.508 төгрөгийг өөрөө авч захиран зарцуулах өөртөө давуу байдал бий болгож, Г.Чын 504.950 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл 348.502 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар тус тус төлж Б дүүргийн засаг даргын тамгын газарт 5.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хас банкны ...........тоот данс эзэмшигч Г.Чын дансыг ашиглаж байхдаа тус дансанд “И.У.З ахмадын баярын хандив” гэх нэртэй 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлэгдсэн 300,000 төгрөгийг,
“С.С хорооны ахмадын баярт хандив олгов” гэх нэртэй 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэгдсэн 100,000 төгрөгийг тус тус өөрөө авч захиран зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч болон хохирогч, гэрч нар болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:
хохирогч, иргэний нэхэмжлэгч Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Д.Жы “...Хорооны засаг дарга нь хэсгийн ахлагчийг өөрөө томилдог эрх бүхий албан тушаалтан. ...Б дүүргийн Засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээ байгуулдаггүй. Хэсгийн ахлагчийн ажлын ажил гүйцэтгэсэн тайланг нь хороо хариуцсан мэргэжилтнүүд хүлээн авч, үнэлэлт дүгнэлт өгч ажилладаг. ...Хандивын тухайд бол Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжоор төрийн албан хаагчид хориглосон үйл ажиллагаа гэж үзэж байна. Тамгын газарт учруулсан хохирлыг түргэн шуурхай барагдуулж өгөхийг хүсэж байна. ...” /1хх 102/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч “С.С”-ны хууль ёсны төлөөлөгч Д.Оийн “...Б дүүргийн 26 дугаар хороотой хамтарч ямар нэг ажил зохион байгуулсан зүйл байхгүй. Тэгэхдээ Засаг дарга О.Т нь өөрийн хариуцсан хорооныхоо сууц өмчлөгчдийн холбоонуудтай уялдаа холбоотой ажилладаг, хүртээмжтэй мэдээллээр хангадаг. Б дүүргийн 26 дугаар хорооны ахмадын баярт хандив болгож “С.С”-ны данснаас мөнгө шилжүүлсэн. ...Урьд өмнө манай СӨХ-ны зүгээс Б дүүргийн 26 дугаар хороонд огт хандив, тусламж олгож байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийнх бол анхны удаагийн хандив байсан. ...” /1хх 108/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч “И У” залаат ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гын “...О.Т нь надад “удахгүй ахмадын баяр болох гэж байгаа, танай “И.У.З” ХХК-иас тусалж дэмжих зүйл байна уу” гэж асууж байсан. Тухайн үедээ бол засаг дарга О.Тд туслах талаараа хэлж байсан. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Б дүүргийн 26 дугаар хорооноос манай нягтлан бодогч Ш.Д руу дэмжлэг өгөх нь юу болсон талаар асуулгасан байсан. Үүний дагуу нягглан бодогчид 300.000 төгрөг шилжүүлэхийг хэлж өгөөд гүйлгээ хийлгэсэн. Миний шилжүүлж өгсөн мөнгийг юунд зарцуулсан болохыг мэдэхгүй. ...” /1хх 114/,
гэрч Г.Чын “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би засаг дарга О.Ттай /О.Т гэхийг андуурч мэдүүлсэн. Цаашид О.Т/ уулзаж өөрийн хийж гүйцэтгэдэг гэх гар урлалын талаар танилцуулсан, тэгэхэд манай засаг дарга О.Т “би таны хийж байгаа зүйлийг дэмжиж байна, хоёулаа хамтарч хог хаягдал ашиглаж медаль хийе” гэх санааг дэвшүүлж, би зөвшөөрч байсан. ...Тэрний дараагаас О.Т болон зохион байгуулагч О нар намайг ажилд орох анкетаа бөглөж өгөх талаар хэлж ярьж байгаад хорооны зохион байгуулагч Отгон надаас миний ажилд орох анкетыг бичүүлж авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа О.Т намайг “та Хас банканд очиж цалингийн данс нээлгэчих, манайх цалингаа Хас банкаар авдаг юм” гэж хэлж байсан. ..Намайг Хас банканд цалингийн данс нээлгэх үед О.Т нь “та интернэт банкныхаа нэвтрэх нэр, код, виза картын нууц дугааруудаа сайн тэмдэглэж аваарай” гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсаар О.Т зурвас илгээж тухайн мэдээллүүдээ өгсөн. Энэ явдлын дараа би хорооны ажилд огт оролцоогүй бөгөөд өөрийнхөө гэрт гар урлалаа хийж гүйцэтгэж байсан, нэлээн удсаны дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын үед О.Т над руу “залгаад та хорооны байранд өглөө 8-9 цагийн хүрч ирээрэй, шалгалт ирж байгаа, гарын үсэг зурах хэрэгтэй, танаас бас хэсгийн ахлагчийн ажлаа хийж байгаа юу гэж асуувал хийж байгаа гээд хэлээд өгөөрэй” гэж хэлж байсан. ...Тэгэхээр нь би О би “огт хэсгийн ахлагчаар ажиллаагүй, ямар нэгэн цалин аваагүй, тэгээд би яагаад гарын үсэг зурах ёстой юм” гэж хэлээд гарын үсэг зураагүй. ...2022 оны 07 дугаар сарын дундуур миний шинээр нээлгэсэн гэх Хас банкны цалингийн дансанд мөнгө орж ирээд байсан. Тэр үед нь би О.Т утсаар залгаж “энэ юун мөнгө орж ирээд байгаа юм бол, би энэ мөнгийг яах вэ” гэж асуухад О.Т дарга “би ээлжийн амралттай явж байна, та намайг очтол таны дансанд орж байгаа мөнгөнүүдийг байлгаж бай” гэж хэлсний дагуу би тухайн мөнгийг огт авалгүйгээр тоохгүй байлгаж байсан. Түүний дараа О.Т дарга ээлжийн амралт нь дуусаад ажилдаа орсныхоо дараа над руу залгаад “та Хас банкандаа байгаа бүх мөнгөө шилжүүл” гэж хэлээд одоо санаж байгаагаар эхнэрийнхээ данс руу бүгдийг нь шилжүүлж авсан. Би тухайн Хас банкны дансанд орж ирсэн гэх мөнгөнөөс нэг л удаа миний санаж байгаагаар 100.000 гаруй төгрөгөөр хүнсний зүйл авч байсан. Энэ талаараа би О.Т даргад бас хэлж байсан. О.Т даргыг ажилдаа орсных нь дараа хороон дахь ажлын байранд нь очиж Хас банкны цалингийн дансныхаа виза картыг өгч байсан. Тэгэхэд О.Т дарга “интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг нь байгаа юм чинь наадах чинь хэрэггүй дээ” гэж хэлээд надаас авч байсан. ...Ж дарга надтай холбогдсоны дараа О.Т нь хорооныхоо хуулийн зөвлөхтэйгөө хамт надтай ирж уулзаад надад медалийн хохирол гэх 4.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд тухайн мөнгийг би өөрийн Хаан банкны ........ тоот дансанд шилжүүлж авсан. О.Т нь миний хохирлыг барагдуулсныхаа дараа “та бид хоёр адилхан хэрэгт орно, та Нийслэлийн Тамгын газарт өгсөн өргөдлөө буцаагаад авчих, яагаад гэвэл таныг настай хүн болохоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй, сайндаа таныг Зөрчлийн хуулиар 80.000 төгрөгөөр торгоно, би тэр мөнгийг нь төлнө” гэж хэлээд байсан. ...Ажилд орох талаар анкет л бөглөж өгч байсан. Тухайн ажилд орох анкеттай холбоотойгоор намайг хэсгийн ахлагчаар ажилд авсан талаарх тушаал, шийдвэрийг надад танилцуулаагүй, мэдэгдээгүй. Мөн ажил хийх талаар хэн ч хэлж байгаагүй. ...” /1хх 116-118/,
гэрч Ч.О “... Г.Ч гэх хүнээс хорооны хэсгийн ахлагчаар ажилд орох хүсэлт, анкетыг нь би өөрөө хүлээж авч байсан эсэхээ сайн санахгүй байна. Намайг ээлжийн амралтаа эдлээд 2022 онь 09 дүгээр сард ажилд орох үед хэсгийн ахлагч нарын ажлын үзүүлэлтийг дүгнэх хүснэгт дээр Г.Чын нэр байдаг байсан. Хэсгийн ахлагчаар ажилд орох анкет хүсэлтийг нь авсны дараа Засаг даргын захирамж гардаг, тухайн захирамж нь хоёр хувь гараад нэг хувь нь хороон дээр архивлагдаж, нөгөө хувь нь Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргэгддэг. Г.Ч гэх хүн хэсгийн ахлагчаар ажилд орсонтой холбоотой Засаг даргын захирамж нь одоо архивд хадгалагдаж байгаа. Хэн нэгэн хүнийг ажилд авах шийдвэрийг хорооны Засаг дарга О.Т гаргадаг бөгөөд тухайн гаргасан шийдвэртэй холбоотойгоор би захирамжийн төслийг боловсруулж Засаг дарга О.Тээр хянуулж баталгаажуулдаг. ...Миний ойлгож байснаар бол хорооны Засаг дарга О.Т нь Г.Ч гэх хүний хувиараа хийдэг бизнесийг нь дэмжээд хэсгийн ахлагчаар ажилд авч хэсгийн ахлагчийн цалинг олгуулдаг юм байна гэж бодсон. ...Тэр үед Г.Ч өөрийгөө хэсгийн ахлагчаар ажилладаг, цалин авдаг талаараа огт мэдэхгүй байсан. ...” /1хх 127-128/,
гэрч А.М “...Намайг ажилд орохоос өмнө 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Г.Ч гэх хүн Б дүүргийн 26 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн байна. Цалингийн тооцооны цахим программд Г.Чд 2022 оны 07 дугаар сарын урамшууллыг олгосон бүртгэл байсан. 2022 оны 08 дугаар сараас хойш Г.Ч гэх хүний урамшууллыг тухайн 26 дугаар хорооны зохион байгуулагч Ч.О бүртгэсэн гэх цагийн бүртгэлийг үндэслэж олгож байсан. Г.Ч гэх хүнд Б дүүргийн Засаг даргын тамгын газраас 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал ...нийт 5.430.000 төгрөгийн урамшуулал бодогдсоноос нийгмийн даатгалын шимтгэлд 504.990 төгрөг хүн амын орлогын албан татварт 348.502 төгрөг суутгагдаж Г.Чын гар дээр нийт 4.363.657 төгрөгийн урамшуулал бодогдож бүртгүүлсэн гэх дансанд нь шилжиж орсон. ...” /1хх 131-132/,
гэрч Г.Ч “...Тухайн хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Б дүүргийн 26 дугаар хорооны засаг дарга О.Т нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Г.Ч гэх хүнийг хэсгийн ахлагчаар ажилд авах, ажиллуулах захирамжийг гаргаж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан байх. ...Б дүүргийн 26 дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Г.Чын цагийн бүртгэл нь бүрэн бүртгэгдэж орж ирдэг байсан. Үүнийг үндэслээд Засаг даргын тамгын газраас урамшууллыг нь бүтэн олгодог байсан. Миний хувьд бол дүүргийн нийт 550 гаруй хэсгийн ахлагч нарыг хариуцаж байдаг, мөн хороодын хийж хэрэгжүүлэх ажилд хорооны зүгээс тухайн чиг үүрэг бүхий ажлаа хийж байна уу гэж хянадгаас хороонд ажиллаж байгаа ажилчдыг нэг бүрчлэн хянах боломж байдаггүй. Тийм болохоор 26 дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Г.Чыг ажлаа хийж байсан уу, үгүй юу гэдгийг нь мэдэхгүй байна. Энэ тал дээр хорооны засаг дарга болон зохион байгуулагч 2 бүрэн хяналт тавих үүрэгтэй. Хэсгийн ахлагч нар сар болгон ажлын тайлан бичдэг бөгөөд тухайн ажлын тайлан болон хэсгийн ахлагчтай холбоотой байгуулсан гэрээ, захирамж, бүртгэлүүд бүгд хорооны архивд хадгалагддаг, Б дүүргийн Засаг даргын тамгын газарт бол ажлаас чөлөөлсөн, томилсон захирамж, цагийн бүртгэлийн хуулбар, Б дүүргийн бүх хороодын бүх хэсгийн ахлагч нарын гэрээний үүргийн биелэлт /урамшуулал/ гэх баримтууд байдаг. ...” /1хх 136-137/ гэсэн мэдүүлгүүд,
мөн Хас банкны дансын хуулгууд /1хх 7-14/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15-21, 22-24/, Хаан банкны дансны хуулгууд /1хх 31-49/, Б дүүргийн 26 дугаар хорооны Архивын баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 50-75/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 76-94/, Нийслэлийн Б дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 дугаартай захирамж /1хх 129/, цалингийн карт /1хх 133-134/, урамшууллын тооцооны хүснэгт /1хх 139-150/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.Т нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Тг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Б дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж, О.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, О.Тд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Т нь Б дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор хуулиар олгогдсон Засаг даргын бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэхдээ Б/11 дугаар тушаалаар Г.Чыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэсгийн ахлагчаар томилсон захирамж гаргаж, ажиллаагүй байхад нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн гүйлгээгээр Хас банкны ........ тоот данс эзэмшигч Г.Чын дансанд шилжүүлэгдсэн цалин болох 4.576.508 төгрөгийг өөрөө авч захиран зарцуулах өөртөө давуу байдал бий болгож, Г.Чын 504.950 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл 348.502 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар тус тус төлж Б дүүргийн засаг даргын тамгын газарт 5.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хас банкны ........... тоот данс эзэмшигч Г.Чын дансыг ашиглаж байхдаа тус дансанд “И.У.З ахмадын баярын хандив” гэх нэртэй 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлэгдсэн 300.000 төгрөгийг,
“С.С хорооны ахмадын баярт хандив олгов” гэх нэртэй 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэгдсэн 100.000 төгрөгийг тус тус өөрөө авч захиран зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон түүний дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч О.Т “...Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна, ар гэрийн байдал болон хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг өргөжүүлж, нийтийн албанд томилогдох эрхийн хугацааг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан боловч шүүх хуралдааны үеэр гэм буруугийн асуудалд маргаж тайлбар гаргасан байх ба түүний өмгөөлөгч нар мөн гэм буруугийн асуудалд маргаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар тайлбарыг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Тг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор хуулиар олгогдсон Засаг даргын бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч О.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, ийнхүү зүйлчлэхдээ залилах гэмт хэргийн объектив болон субъектив шинжийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шүүгдэгч О.Т нь Б дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан байжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Тиймээс анхан шатны шүүхээс О.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудалд маргаж байгаа нөхцөл байдал байх бөгөөд түүний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт дурдсан өрх толгойлсон эцэг гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж үзэв.
Хэдийгээр шүүгдэгч О.Т нь давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэргийн үйл баримтын талаар маргаж, өмгөөлөгч нар нь мөн ижил байх суурьтай оролцсон нь гэм буруугийн асуудалд оролцогч нар маргаж байгаа гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнээд “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/810 дугаартай шийтгэх тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ