Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2026/0051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.М,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит 6 хуралдааныг даргалагч Н.М,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

            Гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б нарын хоорондын  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг  огцруулах, сонгохтой  холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн  өмгөөлөгч  Х.Бакен,  хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч Б.М нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит 6 хуралдааныг даргалагч Н.М болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  холбогдуулан, “Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай”, 26 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 2 тогтоол, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  44 дүгээр “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” тогтоолын 1 дүгээр заалтыг  тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан  тушаалд эгүүлэн тогтоолгох”-оор маргаж байна.

            Нэхэмжлэгч  анх “Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай”, 26 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан  тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 26 дугаартай  2 тогтоолыг болон  2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  44 дүгээр “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” тогтоолын 1 дүгээр заалтыг   хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулж,нэмэгдүүлсэн.

2. Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Б.М  “төлөөлөгчдийн бүрэн эрхийг удаа дараа зөрчсөн, хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас  огцруулж, 26 дугаар тогтоолоор Ж.Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон байна.

            3. Уг тогтоолууд   хууль  болон  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс маргаж, тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. 

 4. Нэхэмжлэгч Б.М  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүсэлт , шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Б.М нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоолоор  сумын Хурлын даргаар дөрвөн жилийн хугацаагаар сонгогдож ажиллаж байсан. Би хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны тов тогтоох, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагаас хуралдуулах шийдвэр гаргасан. Мөн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан.

Дээрх шийдвэрийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 57 минутын үед сумын Засаг даргын Тамгын газрын байран дахь Иргэний танхимд хуралдаж эхэлсэн. Миний бие хуралдааныг нээж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулсан.

Хэлэлцэх асуудлын дараалалд эхлээд сумын 2026 оны төсвийг хэлэлцэж батлах ёстой байсан боловч төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тайлан сонсох асуудлыг эхэлж хэлэлцэх санал гаргасны дагуу миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг уншиж сонсгосон.

Намайг тайланг танилцуулсны дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.М миний ажилд үнэлэлт дүгнэлт өгөх санал гаргасан. Т.М тухайн саналаа бичгээр гаргаж хурлын зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, тооллогын комисс сонгох, хурлын дэгт дүрс бичлэгийг оруулж батлах, хурлын даргын тайлан сонсох, асуулт, санал тавих, дүгнэх асуудлыг оруулсан.  Би тэгэхээр нь энэ асуудал хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудал, төлөөлөгч хуралдаан дээр ингэж шууд санал гаргаж асуудал хэлэлцүүлэхгүй гэж хэлээд 20 минутын завсарлага авч, холбогдох хүмүүсээс энэ талаар тодруулга аваад буцаад хуралд орсон. Энэ үед Монгол Ардын намын  бүлгийн дарга С.М өнөөдөр орой болсон учир хуралдааныг маргааш үргэлжлүүлэх санал гаргасныг төлөөлөгчдийн олонх дэмжиж хуралдаан завсарласан.

 Маргааш нь буюу 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед хуралдааныг үргэлжлүүлсэн. Төлөөлөгчид надаас асуулт асууж, би хариулт өгсөн. Энэ үед Т.М төлөөлөгч намайг огцруулах санал гаргасан. Би тэгэхээр нь энэ асуудал зөвлөлийн хуралд ороогүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй учир энэ хуралдаанаар хэлэлцэх боломжгүй, тийм учраас би хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж хуралдаанаас гарсан.  Тэр үед төлөөлөгч Ш.С, С.М, Ж.Х, М.А, Ш.Н нар надтай хамт хуралдааныг орхиж гарсан. Үүний дараа хуралдааны төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн гишүүн Н.М хуралдаан даргалагчаар сонгоод хуралдаанаа үргэлжлүүлээд намайг огцруулах шийдвэр гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ж.Б сонгосон шийдвэр гаргасан байв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дээрх шийдвэр миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй", 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэж тус тус хуульчилсан.

Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан нь хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчиж шаардлага хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар намайг огцруулах шийдвэр гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах боловч энэ асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Ж.Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай хоёр тогтоол хэрэгт авагджээ.

Дээрх хоёр тогтоол нь огноо, дугаар, утга агуулгын хувьд адилхан боловч сүүлд гаргаж өгсөн тогтоолд баримталсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтаас 53 дугаар зүйлийн 53.1, 53.3 дахь заалтуудыг хассан байх ба үүнийг техникийн шинжтэй алдаа гэдэг байдлаар тайлбарлажээ. Хоёр тогтоолын баримталсан хуулийн заалт нь зөрүүтэй, хоёулаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа учир дээрх хоёр тогтоолын хоёуланг нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б.М  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулсан 25 дугаар тогтоол,  Ж.Бахытжаныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон 26 дугаартай хоёр тогтоолыг тус тус хүчингүй болгож, тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эргүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай" 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мухамед нь 2025 оны ажлын үр дүнг хангалтгүй хэрэгжүүлсэн тул "Хангалтгүй" гэж дүгнэсүгэй" гэж шийдвэрлэсэн байна. Бид үүнийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцах явцад олж мэдсэн.

Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 6 дугаар хуралдааны 25 дугаар тогтоолоор намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулсан. Би тэрнээс хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байгаа. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдаанаар Хурлын даргын  асуудлыг хэлэлцэх гэх заалт оруулж хэлэлцүүлээд намайг эзгүй байхад 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн сумын Хурлын даргын тайланд "хангалтгүй" үнэлгээ өгсөн нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Энэ нь шүүхийн шийдвэр миний талд гарсан тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны ажлын үр дүнг хангалтгүй гэж дүгнэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр байгаа гэх үндэслэлээр намайг үүрэгт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхгүй байхад чиглэсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.

            Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тайлан сонсох гэж орсон. Би үүний дагуу тайланг сонсгосон. Энд  дүгнэлт өгөх тухай асуудал ороогүй. Гэтэл дээрх хуралдаан зохих ёсоор хуралдаад тайланг сонссон байхад 2 сарын дараа энэ асуудлыг дахин хуралдаанд оруулж "Хангалтгүй” дүгнэлт өгсөн тогтоол гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм. Миний бие үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үрэг болгох тухай” 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгох" гэж нэмэгдүүлж байна” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байгаа  Б.М  албан тушаалаас  огцруулсан үндэслэл нь төлөөлөгчийн бүрэн эрхийг удаа дараа зөрчсөн, хууль тогтоомж зөрчсөн гэсэн 2 зүйлийг тодорхойлсон байгаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын 2025 оны 12 дугаар  сарын 12-ны өдрийн 14 дүгээр захирамжаар ээлжит хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын  18-ны өдрийн 9 цагаас хуралдуулахаар, нийтдээ 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөө баталсан байгаа. Энэхүү хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний 2-т “Хурлын даргын ажлын тайлан сонсох” гэж оруулсан байгаа. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэгжийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарагдана гэж заасан. Хэдийгээр Хурлын бүрэн эрх хамаарагдах боловч холбогдох хууль, дүрэм журмын дагуу явагдах ёстой.

Хавтаст хэрэгт цуглуулсан холбогдох баримтуудаас үзэхэд 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай асуудал огт ороогүй байгаа. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний талаар  хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”,  47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж  тодорхой зааж өгсөн. Үүнтэй холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн  11.2 дахь хэсэгт “хуралдаанаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийг тухайн хуралдаан болохоос ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө холбогдох судалгаа, тайлбар, тооцоо, лавлагаа бүхий баримт бичгийг асуудал оруулж байгаа этгээдээс Хурлын ажлын албанд  цаасаар болон файлаар ирүүлнэ” гэж тодорхой заасан.

Хариуцагч талаас тэр хуралдааны тэмдэглэлд оруулсан байдлаар ээлжит хуралдаан хугацаандаа хуралдуулаагүй, хурлаас гарсан зарим шийдвэрийг албажуулаагүй, зөвлөлийн гишүүдийн тоог өөрчлөх, нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй. “Рысжан” ХХК, “НИК” компаниудад газар эзэмших асуудлыг шийдвэрлээгүй  орхигдуулсан бөгөөд хууль зөрсөн юм гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ талаар хуралдааны тэмдэглэлд байгаа боловч тогтоосон үйл баримт байхгүй байна. Энэ асуудлаар шүүх шийдвэр гаргахдаа тухайн Хурлын даргыг огцруулах асуудал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон тэр хуралдааны дэгийн дагуу явагдсан эсэх талаар дүгнэлт хийгээд, энэ хүрээндээ шийдвэрлүүлэх ёстой. Тэрнээс биш Хурлын дарга ийм зөрчил гаргасан байна, энэ ажлыг хийгээгүй байна, эсхүл огцруулах үндэслэлд хамаарна гэх байдлаар дүгнэлт хийж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй. Тэгэхээр дээр дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дэгийн тодорхой заалтууд зөрчигдсөн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

44 дүгээр тогтоолтой холбоотой Б.Мухамедыг огцруулснаас 2 сарын дараагийн үйл баримт байгаа. Эхлээд Б.М огцруулаад,  дараа нь 2 сарын дараа ахиад дүгнэлт өгч байгаа асуудал нь хууль зүйн үндэслэлгүй юм.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх тухай зохицуулалт байхгүй. Тайлан сонсох гэдэг асуудлаар далимдуулаад хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хуралдааны төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн учраас хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг дүгнэлтийг гаргаж байна” гэв.

            5.Хариуцагч Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит 6 хуралдааныг даргалагч Н.М хариу тайлбартаа:

Миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 06 дугаар хуралдааны товыг тогтоосон, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай 2025 оны 14 дүгээр захирамжийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр товлосон цагт Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 06 дугаар хуралдаанд оролцохоор очсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 16 цаг орчимд эхэлж, Хурлын дарга Б.М “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй холбоотой санал асуулт байна уу” гэж асуухад сумын төлөөлөгч С.Х, М.Ө, Т.М нараас “хэлэлцэх асуудлын дараалал өөрчлөх”  санал гаргасан.

Энэ асуудлаар санал хураалт явуулж 1. Хурлын даргын тайлан, 2. Засаг даргын тайлан, 3. Төсвийг хэлэлцэх тухай санал хураалт явуулж олонхын саналаар хэлэлцэх асуудлын дараалал өөрчлөхөөр дэмжигдэв. Энэ үед Хурлын дарга Б.М "Миний бие түр хугацаанд завсарлага авч байна” хэмээн хуралдааныг дур мэдэн орхин гарч явав.

Олон төлөөлөгчдийг үл тоомсорлож, удаан хүлээлгэсний эцэст буюу 2 цагийн дараа Б.М орж ирэв. Хурлын дарга Б.М орж ирээд тайлан тавихаас өмнө зарим нэг төлөөлөгчид “Хурлын зохион байгуулалтын асуудал удаа дараа зөрчигдөж байна.  Урьд хуралдаанаар зөвлөлийн бүтцийг 7 хүнээр баталсан тогтоолыг одоог хүртэл баталгаажуулж гаргахгүйгээр хууль зөрчиж байгааг түрүүлж шийдвэрлэх ёстой” гэсэн шаардлага тавьж байсан.

Хурлын дарга Б.М: “Зохион байгуулалтын асуудлыг буюу хуралдааны зөвлөлийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй тул өөрчлөлт оруулах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан. М.Ө төлөөлөгч: "Хурлын дарга тайлангаа тавих үед хурлыг өөр хүн удирдах ёстой" гэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. М тэгвэл би хурлыг түр завсарлууллаа хэмээн 18:45 цагт хурлыг дахин орхиж гарч яваад өгсөн.

Ингээд миний бие 18 төлөөлөгчийн хамт гарын үсэг зурж “Хурлын дарга хүндэтгэх шалтгаантай бол хурлыг удирдах хүнийг санал болгож хуралдааныг үргэлжлүүлэн явуулахыг шаардсан бичгийг” ажлын албанд өгөв. 2025 оны 12 сарын 19 -ээр буюу 1 өдрийн дараа сумын төсөв хэлэлцэх хугацаа дуусах болж байсан. Чуулганы хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах зайлшгүй шаардлагатай байсан юм. 21:30 цаг орчимд Хурлын дарга Б.М орж ирээд "хурал үргэлжлүүлье тайлангаа тавья" гэж хэлээд тайлангаа уншсан. "Тодруулах асуулт байна" гэж М.Ө төлөөлөгч гараа өргөхөд Б.М  дарга: "Энэ зүгээр тайлан тул хариулт өгөх боломжгүй, дараагийн асуудал болох Засаг даргын тайлан руу оръё" гэж хэлэв. Үүнийг төлөөлөгчдийн олонх эсэргүүцэж “Ямар ч тайланд асуулт, хариулт авдаг. Чуулганы хуралдаан олонхын саналын зарчмаар явагдах ёстой. Хууль журмаар нь хурлаа удирдах хэрэгтэй байна, Хурлын даргаа, өдөржингөө хурлаа орхиж гарч явлаа, одоо хэлэлцэх асуудалдаа оръё" гэж шаардахад Хурлын дарга Б.М: "Зөвлөгөө аваад ороод ирье" гэж хэлээд дахин гараад явсан. Ингээд хэсэг хүлээж суусны эцэст төлөөлөгчид ажил төрөлтэй байна, орой боллоо, маргааш 10:00 цагаас үргэлжлүүлэн хуралдъя гэсэн санал дээр санал хураалт явуулж олонхоор баталсан тул маргааш 10:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар тарцгаав.

 Миний бие Н.М өглөө 6 төлөөлөгчийн хамт цагтаа хуралдаа ирж суув. Ингээд 16 цаг өнгөрч байхад Хурлын дарга орж ирж "Хуралдааныг үргэлжлүүлье, дараагийн асуудал болох Засаг даргын тайлан" гэхэд төлөөлөгчид дахин эсэргүүцэж "Та бүх юмыг дураараа шийдэх юм уу, олонхын саналаар шийдвэрлэнэ. Батлагдсан дарааллаар явна. Таны тайлантай холбоотой асуулт байна гэж" шаардав. Миний бие болон С.Х, Ж.Б, Т.М, М.Ө төлөөлөгчид асуулт асуув.

 Үүний дараа санал хэлэхээр Т.М, С.Х, М.Ө, С.Х нар гар өргөж, Т.М төлөөлөгч: "Асуултын хариултууд хангалтгүй байна, хууль зөрчсөн асуудлууд их байна. Төлөөлөгчдийн бүрэн эрх зөрчигдөж байна. Хурлын дарга хангалтгүй ажилласан, тайланг нь дүгнэж Хурлын даргыг огцруулъя, өөр хүнээр хурлаа удирдуулах саналтай байна" гэж хэлсэн. С.Х төлөөлөгч: "Хурлын даргыг огцруулах саналтай байна. Хурлын даргын тайланг сонсож, хангалтгүй гэж үзэж байна. Иймээс огцруулах эсэхтэй холбоотой санал хураалт явуулж өгөөрэй" гэж хэлэв. Ингээд төлөөлөгчдийн олонх  Хурлын даргын тайланг дүгнэж санал хураалт явуулъя гэхэд Хурлын дарга Б.Мухамед: "Хурал удирдуулахгүй бол өөр хүнээ сонгоно биз. Би завсарлага авлаа, хурлын процесс алдагдсан" гэж дахин дур мэдэн хурлыг орхин гарч явав.

17:30 цагт миний бие 14 төлөөлөгчийн хамт гарын үсэг зурж “насаар ахмад зөвлөлийн гишүүнээр хурлаа түр удирдуулж, хуралдаанаа үргэлжлүүлэх болсон тухай” мэдэгдэх хуудсыг хурлын ажлын албанд өгөв.  Ингээд намайг хуралдаан даргалагчаар санал болгож олонхын саналаар дэмжсэн тул хуралдааныг даргалж, хэлэлцэж байсан асуудлыг үргэлжлүүлэн төлөөлөгчид Хурлын даргыг огцруулах асуудлыг удаа дараа санал болгож байсан учир С.Х, Т.М, М.Ө төлөөлөгчдийн саналаар Хурлын даргын тайланг дүгнэж, даргыг огцруулах эсэх асуудлаар санал хуралт явуулахаар болов. Төлөөлөгч С.М “Хурлын даргын тайлан хангалтгүй гэж үзэж байгаа” үндэслэлүүдийг тодруулж асууж, хуралдаан даргалагч миний бие "Хурлын дарга төлөөлөгчдийн бүрэн эрх удаа дараа зөрчиж байна. Асуулт хариултад хангалттай хариу өгсөнгүй, хурлыг удаа дараа орхиж гарч дэг зөрчсөн, хуралдаанаар гаргасан тогтоолуудыг албажуулж гараагүй, хувийн ашиг сонирхлоор хурлаа удирддаг, хуралдаанаар гарсан тогтоол шийдвэрүүдийг мөн ашиг сонирхлын зөрчил үүсгэж бичгээр гаргаж албажуулдаггүй, аймгаас удаа дараа ирсэн албан шаардлага бичгүүдийг үл тоомсорлодог, хог, хаягдалтай холбоотой тогтоол гаргаж өгөөгүй. 2025 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталсан тогтоолыг хувийн ашиг сонирхлын үүднээс албажуулж өгөөгүй, Зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчилсөн  тогтоолыг санаатай албажуулаагүй, улиралд нэг удаа хуралдуулах үүргээ зөрчсөн, өнгөрсөн жил 4 удаа хуралдаан хийх ёстой атлаа 3-хан удаа хуралдаан хийж, хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй, хууль зөрчсөн, Төлөөлөгчдийн 3-ны 1 нь ээлжит бус хуралдаан хийхийг шаардсан байхад хууль зөрчиж хуралдаан товлон хуралдуулаагүй, Хурлын дарга Б.М нь өөрөө хувийн колонктой учраас хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэж Р, Н зэрэг бензин колонкийн газар эзэмших тухай хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүйгээс болж манай суманд бензиний хомсдол үүсэж, ард иргэд хохирсон. Б.М нь Хурлын даргаар ажиллах хугацаанд дандаа ашиг сонирхлын зөрчиж үүсгэж, 5-хан зөвлөлийн гишүүнтэй зөвлөл шийдвэр гаргаж, хууль зөрчсөн шийдвэр гаргаж ирсэн тул төлөөлөгчдийн саналаар ийнхүү санал хураалт явуулж байна" гэж хариулсан. Санал хураалтад оролцсон 17 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч Хурлын дарга Б.М тайлан хангалтгүй, хууль болон дэг зөрчигдсөн гэсэн үндэслэлээр Хурлын даргыг огцруулах саналыг дэмжиж 3 төлөөлөгч татгалзаж, олонхын саналаар Хурлын даргыг огцруулав. Миний бие тогтоолын төслийг уншиж танилцуулж, тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад олонхын саналаар батлагдав.

Дараа нь Хурлын даргыг сонгохыг төлөөлөгчдөд санал болгож олонх дэмжсэн тул Монгол Ардын намын бүлгээс хүн дэвшүүлээгүй, Ардчилсан намын бүлгээс Ж.Б нэр дэвшүүлэв. 15 төлөөлөгчийн саналаар буюу санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ж.Бахытжаныг Хурлын даргаар сонгов. Тогтоолын төслийг уншиж танилцуулж, санал хураалтаар олонхыг саналаар батлагдав. Ийнхүү шинээр сонгогдсон Хурлын дарга хурлаа удирдаж дараа дараагийн хэлэлцэх асуудлуудыг хэлэлцүүлж баталж тогтоолуудаа гаргасан. Иймд Б.М нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

6.Хариуцагч Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга С.Б  хариу тайлбартаа:

Хурлын дарга Б.М нь хуралдааныг даргалж байх явцдаа 18 цаг 45 минутад хуралдааныг тодорхой бус хугацаагаар хаяж явсан байдаг. 2025 оны 12 дугаар сарын 18-ны хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд "Хурлын даргын тайланг хэлэлцэх" асуудал албан ёсоор тусгагдсан байсан. Нэхэмжлэгч өөрөө хуралдааныг орхиж явсан нь хэлэлцэх асуудлаа тайлагнах үүргээсээ санаатайгаар татгалзсан үйлдэл мөн. Төлөөлөгчдийн олонх  хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу хийгдсэн үнэлгээ нь хамтын удирдлагын байгууллагын хууль ёсны шийдвэр юм.

Б.М нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд "Хурлын даргын тайланг хэлэлцэх" асуудал албан ёсоор тусгагдаагүй тул хэлэлцэхгүй ёсгүй хэмээн маргаж байсан. Үүний энэхүү маргаан нь үндэслэлтэй эсэх, тухайн маргаж байгаа асуудлыг дахин хэлэлцүүлэхээр хуралдаан товлон зарлаж Б.М өөрт нь мэдэгдэж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, өөр нь урьдчилан танилцуулсан боловч тэрээр өөрөө хуралдаанд ирээгүй. Тухайн хуралдаанд оролцохоос татгалзсан. Нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлээс (хуралдаанд ирээгүй) шалтгаалж гарсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 44 дүгээр тогтоолыг "эрх зөрчсөн" гэж үзэх үндэслэлгүй.

2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр тогтоол нь сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Хурлын даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт өгөх бүрэн эрхэд нийцсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  даргынхаа тайланд дүн тавих эрхтэй бөгөөд энэ нь тухайн хүнийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах эсэхээс үл хамаарах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүрэг болно.

Иймд Б.М нь Хурлын даргын хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуралдааныг хаяж явсан үйлдэл нь баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын болон  гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан  нэмэлт тайлбартаа:

“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 12  дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр захирамжаар баталсан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын  төлөвлөгөөний 2-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын ажлын тайланг тавих, сонсох асуудал орсон байгаа. Үүний дагуу 2025 оны 12 дугаар сарын 18-ны  өдөр хуралдаан хийгдсэн, хуралдааны явцад ажлаа тайлагнах асуудал дээр Хурлын даргын хувьд би зөвхөн тайлангаа сонсгоод хэн ч асуулт асуухгүй, хэн ч дүгнэхгүй гэдэг маргаан гаргасан. 

Б.М өөрөө хуралдаан завсарласан гэдэг үүднээс хуралдаанаа орхин зугтсан байгаа,хуралдааныг хойшлуулъя, завсарлая гэдэг санал хураагаагүй байгаа.  Төлөөлөгчдөөс Б.М хуралдааны үед хуралдаан завсарласан гэж гадагшаа зугтаад явчихдаг нь Хурлыг хүндэтгэхгүй байгаа, ажлаа хийж чадахгүй байгаа нөхцөл байдал байна, иймээс бид нар хуралдааныг  үргэлжлүүлнэ, Х.Мухамед нь ажлаа хийж чадсан эсэхтэй холбоотой хэлэлцэж шийдвэр гаргая гэсэн байгаа.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж чадаагүй. Улиралд 2-оос доошгүй  удаа хуралдах ёстой, гэтэл улиралд  хуралдахгүй, гарсан шийдвэрээ албажуулахгүй, зөвлөлийг шинэчилж баталсан, өөрчлөлт оруулсан тогтоол шийдвэрийг албажуулж гаргахгүй байгаа.

Төлөөлөгчдийн эрхийг зөрчиж байгаа,төлөөлөгчид Хурлын даргын тайланг сонсож, түүнтэй холбоотой асуулт асуух  үндсэн эрхийг хэрэгжүүлэх, жилд нэг удаа тавьсан тайлантай холбоотой ажлыг нь дүгнэх бүрэн эрхийг нь зөрчиж байгаа.

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан. 

Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг импортолдог, жижиглэн болон бөөний үйл ажиллагаа явуулдаг “Р” гэдэг компани байгаа. Уг байгууллагын зүгээс албан тоотоор шатахуун түгээх станцын газрыг төлөвлөгөөнд оруулж, баталж өгөөч гэдэг хүсэлтийг Хурлын даргад ирүүлсэн. Тухайн хүсэлтийг Хурлын дарга хэлэлцэх асуудалд  оруулдаггүй. Б.Мухамед нь гэр бүлийн шатахуун түгээх станцын борлуулалтын худалдааны үйл ажиллагаа явуулдаг гэж төлөөлөгчид тайлбарласан. 

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5 -д “Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах” гэж заасан. Хурал өөрийнхөө ажлын аппаратаа бүрдүүлж, ажиллуулж чадаагүй, ажлын аппарат дотор зөвлөлийг 7 хүнээр байгуулъя гэсэн хуралдаанаар олонхын шийдвэрээр тогтоол гарсан. Гэтэл бичгээр гараагүй, албажуулж  өгөөгүй.

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.8-д “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулан биелэлтийг хангуулах арга хэмжээ авах” гэж заасан. Сумын Засаг дарга Х үйл ажиллагааны хөтөлбөрийг нь батлаагүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулаагүй. Энэ нь ажлаас чөлөөлөх гол үндэслэл болсон.

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.9-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан. Газартай холбоотой өргөдлүүдийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй, зохион байгуулаагүй байгаа.

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.11 дэх хэсэгт “Хуралд ажлаа жил бүр тайлагнах” гэж заасан. Тайлагнах гэдгийг буруу ойлгоод, та нар дүгнэхгүй, асуулт асуухгүй гэж хандсан. Тайлагнах гэдэг нь хариуцлага хүлээх урьдчилсан нөхцөл мөн байсан.

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолыг төлөөлөгчдийн 70 хувийн саналаар дэмжигдсэн. Б.М нь тайлагнана гэдгийг урьдчилж мэдэж байсан, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд багтсан байсан. Б.М нь хуралдааныг орхин гарсан нь хуралдааныг түдгэлзүүлэх, хойшлуулах үндэслэл болохгүй.

Дараа нь 2 дугаар сард дахиж хуралдаан товлогдсон нөхцөл байдал байгаа. Уг хуралдаанаар Хурлын даргаар ажиллаж байсан Б.М холбоотой асуудлыг дүгнэсэн  байна. Тухайн дүгнэлтээр мөн адилхан Б.М нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж чадаагүй учраас түүний үйл ажиллагаа нь хангалтгүй байсан гэдгийг давхар дүгнээд, тогтоол гарсан байна. Тухайн тогтоолыг гаргах ажиллагаа мөн адилхан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд багтсан байна” гэв.

7.Гуравдагч этгээд Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Б. М чөлөөлж, миний бие Ж.Б Хурлын  даргаар сонгосон.

Нэхэмжлэгч "огцруулах асуудал жагсаалтад байгаагүй" гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Нэгжийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т "Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчид ...урьдчилан бэлтгэнэ" гэж заасан боловч хуралдааны явцад төлөөлөгчид горимын санал гаргах, хэлэлцэх асуудалд нэмэлт өөрчлөлт оруулах нь Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонх нь Б.М тайланг сонсоод "хангалтгүй" гэж үзсэн тул түүнд хариуцлага тооцох, огцруулах асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцэх нь Хурлын тасралтгүй, хариуцлагатай байх зарчимд нийцнэ.

Нэгжийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  "хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг" хэрэгжүүлдэг бөгөөд Хурлын дарга нь Хурлын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан юм. Тайлан сонсох гэдэг нь зөвхөн мэдээлэл авах процесс биш, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх, үүрэг даалгавар өгөх, шаардлагатай бол хариуцлага тооцох (огцруулах) үйл ажиллагааны нэгдэл юм.

2025 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд төлөөлөгчдийн олонхын саналаар батлагдсан хэлэлцэх асуудлын дарааллыг эсэргүүцэж, хуралдааныг 3 удаа (2-6 цагийн хугацаатай) дур мэдэн орхиж гарсан. Энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааны дэгийг ноцтой зөрчиж, төрийн байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл юм.

2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар түүний 2025 оны тайланг төлөөлөгчдийн олонх нь "Хангалтгүй" гэж үзсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Хурлын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтны хувьд ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн нь түүнийг огцруулах, итгэл үзүүлэхгүй байх бодит үндэслэл мөн.

Иймд дээрх зөрчлүүдийг гаргасан, төлөөлөгчдийн олонхын итгэлийг алдсан Б.М нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сумын өөрөө удирдах ёсны байгууллагын олонхын шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудал нь улс төрийн болон хууль зүйн шийдвэр бөгөөд төлөөлөгчдийн олонхын саналаар нэгэнт шийдэгдсэн, ажил хүлээлцсэн үйл баримт юм. Иймд Б.М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай”, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 2 тогтоол, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  44 дүгээр “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” тогтоолын 1 дүгээр заалтыг  тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан  тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. 

2. Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны товыг тогтоох,  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэхээр  Зөвлөлийн  хурлыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт товлосон.

2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Зөвлөлийн хурлаас ээлжит 6 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9 цагт хуралдуулахаар товлож, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосны дагуу Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр захирамжаар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг товлон зарлаж, 10 асуудал хэлэлцэхээр  төлөвлөгөөг  баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 123-125 дах тал,  хуралдааны бичиг баримт/ тус тус тогтоогдсон болно.

3. Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит 6 дугаар хуралдаан  2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16:54 цагт сумын Засаг даргын Тамгын газрын байран дах  “Иргэний танхим”-д нийт 21 төлөөлөгчөөс  20 төлөөлөгчийн /төлөөлөгч Ш.А гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсанаар  төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон/ ирцтэйгээр  эхэлж,  хуралдааныг Хурлын дарга Б.Мухамед  даргалж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулсны дараа төлөөлөгч нараас “хэлэлцэх асуудлын  дарааллын 2,3-т байгаа  “Хурлын даргын ажлын тайлан сонсох, сумын Засаг даргын 2025 онд хийж гүйцэтгэсэн  үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх “ асуудлыг  хэлэлцсэний дараа “сумын 2026 оны төсвийг батлах” асуудлыг хэлэлцэх гэсэн  санал гаргаснаар  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар дээрх байдлаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар төлөөлөгч Т.М ээлжит 6 дугаар хуралдаанаар  хэлэлцэх асуудлын дарааллын нэгт  “зохион байгуулалтын асуудал буюу  тооллогын комисс сонгох,  хурлын дэгт дүрс бичлэгийг оруулж батлах, Хурлын даргын тайлан сонсох,асуулт, санал тавих, дүгнэх”  асуудлыг оруулж хэлэлцүүлэх гэсэн  саналыг бичгээр гаргасны дараа Хурлын даргаас 17:22 цагт “завсарлага авч байна” гэж гарсан.

Хуралдааныг 18:30 цагт  үргэлжлүүлж, Хурлын даргаас ажлын тайлан танилцуулах гэхэд төлөөлөгч Т.М гаргасан “эхлээд зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх” гэсэн саналыг хэлэлцэх эсэх талаар төлөөлөгчид маргалдсанаар  хуралдааныг тодорхой бус хугацаагаар завсарлуулж, Хурлын дарга 18:45 цагт  танхимаас гарч явсан байх ба 21 цагт 18 төлөөлөгчөөс Хурлын дарга, ажлын албанд хаяглаж  “хуралдааныг үргэлжлүүлэх тухай” бичгээр  гаргасан  хүсэлтийг  Хурлын ажлын алба хүлээн авч,Хурлын нарийн бичгийн дарга  Х.Т болон  мэргэжилтэн Б.К  ажлын өрөөндөө байсан Хурлын даргад танилцуулсны дараа 21:26 цагт Хурлын дарга Б.Мухамед танхимд ирж, Хурлын даргын ажлын тайланг танилцуулсан байна.

Хурлын даргын ажлын тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авах  асуудлаар маргаан гарч,  Хурлын даргаас “Хурлын даргын ажлын тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авах” талаар зөвлөгөө авах гэсэн үндэслэлээр 20 минутын завсарлага авах хүсэлт гаргаснаар олонхын саналаар   дэмжиж, хуралдаан түр завсарлаж,  улмаар 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 10 цагт үргэлжлэхээр  хуралдаан завсарласан.

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16:14 цагт төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр  хуралдаан үргэлжилж, төлөөлөгч Т.М өмнөх өдөр нь бичгээр  гаргасан “зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх” гэсэн саналд Хурлын даргаас “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэж бичгээр хариу өгсөн, улмаар Хурлын даргын  тайлангаас асуулт асууж, хариулт авах ажиллагаа явагдсаны  дараа төлөөлөгч Т.М,С.Х нараас “Хурлын дарга хангалтгүй ажилласан тул  огцруулах санал хураалт явуулах”   санал гаргахад Хурлын  даргаас “хурлын үйл ажиллагааны процесс алдагдсан, хууль бус шийдвэр гаргах гэж байна, завсарлага авлаа” гэснээр  танхимаас 17:10 цагт гарч явсан байна.

Үүний дараа 17:30 цагт 15 төлөөлөгчөөс   ”...30 минут хүлээж,  Зөвлөлийн гишүүнээр хурал удирдуулж  явуулахыг мэдэгдсэн”  хүсэлт бичгээр гаргасныг  Хурлын нарийн бичгийн даргаас Хурлын даргад утсаар  мэдэгдэхэд “ирэхгүй гэсэн” хариу өгснөөр төлөөлөгчдийн олонхын саналаар  төлөөлөгч Н.М  түр хуралдаан даргалагчаар сонгож, улмаар хуралдаан даргалагчаас төлөөлөгч Т.М, С.Х, М.Ө нараас гаргасан  саналын дагуу  “Хурлын даргыг огцруулах”  асуудлаар ил санал хураалт  явуулахад  хуралдаанд оролцож байгаа 17 төлөөлөгчийн  14 төлөөлөгч  дэмжсэн байна.

Хуралдаан даргалагчаас Хурлын даргыг огцруулах тухай тогтоолын төслийг  уншиж танилцуулсны дараа “Хурлын даргыг сонгох” асуудлыг хэлэлцэж ,Ардчилсан намын бүлгээс Ж.Б нэрийг дэвшүүлж, Ардын намын бүлгээс   нэр  дэвшүүлэх хүн байхгүй гэснээр “Хурлын даргыг сонгох” асуудлаар ил санал хураалт явуулж, 15 төлөөлөгч дэмжиж, улмаар хуралдаан даргалагчаас уншиж танилцуулсан Хурлын даргыг сонгох тухай тогтоолын төслийг олонхын саналаар баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн  96-103,130,132-136,138,143-144,171-220 дах тал, хуралдааны бичиг баримт/ тус тус тогтоогдож байна.

4. Мөн  Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 26 дугаартай  2 тогтоол хэрэгт авагдсан ба  Хурлын нарийн бичгийн даргаас “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48  дугаар зүйлийн 48.1, 48.2 заалтуудыг үндэслэсэн тогтоол нь хуралдаанаар баталсан тогтоол, харин  мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 48 дугаар зүйлийн 48.2,53 дугаар зүйлийн 53.1,53.3  дах заалтыг  үндэслэсэн тогтоол нь техникийн алдаа гарч, буруу  шивэгдсэн байна” гэсэн  тайлбар /Хавтаст хэргийн 24,26,32-33  дах тал/ ирүүлсэн.

Энэхүү  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үндэслэл болгосон хуулийн зүйл, заалт нь өөр өөр “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай”  26 дугаартай  2 тогтоолд  хуралдаан даргалагч гарын үсэг зурж,  баталгаажуулсан, Хурлын тамга дарагдсан байгааг дурдах нь зүйтэй.

5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.2.Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах”, 39 дүгээр зүйлийн  39.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна: 39.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох; 39.1.3.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал  хураалгах”, 46 дугаар зүйлийн 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана”, 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ”, 51.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална”,  52 дугаар зүйлийн 52.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 52.1.11.Хуралд ажлаа жил бүр тайлагнах” гэж  тус тус зохицуулсан.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам"-ын 4.1-т “Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна:4.1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3-т заасан ээлжит болон ээлжит бус хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож Хурлын даргын захирамжаар батлуулах”, 4.1.3-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах”, 4.1.4-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Зөвлөлд ирүүлсэн материалыг хянаж, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тооцоо, судалгаа, лавлагаа, мэдээллийг гаргуулж авах” гэж ,

Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан  хуралдааны  дэгийн 11.2-т “Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийн төслийг тухайн хуралдаан болохоос ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө холбогдох судалгаа, тайлбар тооцоо, лавлагаа, зураг бүхий баримт бичгийг асуудал оруулж байгаа этгээдээс Хурлын ажлын албанд цаасаар болон файлаар албан бичгийн хамт  ирүүлнэ” гэж тус тус заасан.

6. Хурлын даргыг огцруулах  шийдвэр нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон  бүрэн эрхэд хамаарах  улс төрийн шийдвэр   тул  шүүх огцруулсан шийдвэрт эрх зүйн  дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ Хурлын даргыг огцруулах үйл ажиллагаа хууль заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдана. 

 Дээрх байдлаар Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  хурлаар  ээлжит 6 дугаар  хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосныг Хурлын даргын захирамжаар баталсан, уг захирамжид зааснаар “1.Сумын 2026 оны төсвийг батлах, 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлын тайлан сонсох, 3.Сумын Засаг даргын 2025 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг  хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх   тухай”  зэрэг 10  асуудал хэлэлцэхээр дарааллыг тогтоож баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус  тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлөөр хэлэлцэж тогтоосон, Хурлын даргын захирамжаар баталсан ээлжит 6 дугаар  хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд “Хурлын даргын ажлын тайланд  үнэлэлт, дүгнэлт өгөх болон Хурлын даргыг огцруулах” гэсэн асуудлууд ороогүй, харин  ээлжит 6 дугаар хуралдааны явцад  төлөөлөгч Т.М “Хурлын даргын ажлын тайланг  дүгнэх”,  мөн төлөөлөгч С.Х, М.Ө, Т.М нараас “Хурлын даргыг огцруулах асуудлаар  санал хураалт  явуулах”  санал  тус тус гаргасан болох нь  тогтоогдож байна гэж үзлээ.

7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах, Хурлын төлөөлөгч нь асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах, хэлэлцэж байгаа асуудлын талаар санал, дүгнэлт гаргах, санал  хураалгах эрхтэй боловч “асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах” талаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дах хэсэгт дээрх байдлаар нарийвчлан зохицуулжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дах  зохицуулалт нь урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн байдлаар  асуудал дэвшүүлэхгүй, ийм зүйлийг хуралдаанд оруулж хэлэлцэхгүй,  өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлыг Хурлын төлөөлөгч нарт  урьдчилан мэдэгдэж,  хэлэлцэх зүйл тодорхой байхыг шаардсан агуулгатай бөгөөд Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны материалаас үзэхэд Хурлын төлөөлөгчдөөс  хуралдаанаас өмнө  хэлэлцэх асуудлын жагсаалтад Хурлын даргын ажлын тайланг  дүгнэх, Хурлын даргыг огцруулах“ асуудлыг оруулах санал хүсэлт гаргаагүй, харин  дээрх байдлаар ээлжит 6 дугаар хуралдаан дээр гаргасан үйл баримт тогтоогдсон , мөн хариуцагч талаас энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

8. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ  мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дах хэсэгт  заасан журмыг  хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй асуудлыг  хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” тогтоол нь   Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 47 дугаар зүйлийн  47.1,47.2, 51 дүгээр зүйлийн 51.1,51.3 дах хэсэг, дээрх журам болон Хурлын хуралдааны дэгийн холбогдох заалтуудыг тус тус  зөрчсөн, хууль бус байна гэж дүгнэлээ.

Маргаан бүхий тогтоол нь дээрх байдлаар  хууль бус байгаагаас гадна  Хурлын дарга бөгөөд төлөөлөгч Б.Мухамедын хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар мэдэх, мэдээлэлтэй байх, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох,хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал  хураалгах зэрэг хуульд заасан бүрэн эрхийг,   мөн  хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгож , нэхэмжлэгчийг Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. 

Мөн нэхэмжлэгч Б.М Алтанцөгц  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулсан хууль бус шийдвэрийг   хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор  уг хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан дараагийн шийдвэр болох 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 2 тогтоолыг мөн  хүчингүй болгох үндэслэлтэй байна.  

9. Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М  2025 оны ажлын үр дүнг “хангалтгүй” гэж дүгнэсэн байна.

Дээрх байдлаар Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас Хурлын даргын албан тушаалаас Б.М огцруулж, улмаар Хурлын даргаар Ж.Б сонгосон шийдвэр гаргасан мөртлөө 2 сарын дараа Хурлын дарга биш  этгээдийн ажилд  үнэлэлт, дүгнэлт  өгсөн шийдвэр нь  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Хурлын дарга Хуралд ажлаа тайлагнах, үүнтэй холбоотойгоор  төлөөлөгчөөс журмын дагуу санал гаргасан тохиолдолд Хурлын  даргын   ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх талаарх зохицуулалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д  тус тус заасан “хуульд үндэслэх,  зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон , шийдвэр нь үндэслэл бүхий байх”  захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцэхгүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1,51.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай”, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 2 тогтоол, 2026 оны 02 дугаар  сарын 13-ны өдрийн  44 дүгээр “Тайланд дүгнэлт өгч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болгох тухай” тогтоолын 1 дүгээр заалтыг  тус тус хүчингүй болгож,  Б.М урьд эрхэлж байсан Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан  тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ЕРКЕШ