Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00622

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ж-ын хариуцагч Д.Ж-д холбогдуулан гаргасан доголдлыг арилгахад гарсан зардалд 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Доголдлыг арилгахад гарсан зардалд 110,000,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Г-, Д.Ж- нар нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “С-” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Ж-тай хувьцаа худалдах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “С-” ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцааны 50 хувь буюу 500 ширхэг 5,000,000 төгрөгийн хувьцааг Б.Г-, 50 хувь буюу 500 ширхэг 5,000,000 төгрөгийн хувьцааг Д.Ж- тус тус худалдан авсан. Д.Ж- нь “С-” ХХК-ийг худалдахдаа 2016, 2017 оны санхүүгийн тайлантай танилцаад өр төлбөргүй болохоор нь худалдан авч хувьцааны төлбөрийг гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан. “С-” ХХК нь Архангай аймаг Цэнхэр сумын нутагт байрлах Гүүтийн амны адаг нэртэй газар 48.87 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч бөгөөд компанийг худалдан авсны дараагаар тусгай зөвшөөрлийн талбайдаа олборлолтын үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө гаргаж шаардлагатай бичиг баримт, төрийн захиргааны байгууллагаас авах зөвшөөрлийн бүрдлийг хангах зэргээр ажиллаж  ирсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 435 дугаар шийдвэрээр “С-” ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “С-” ХХК гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг гаргаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Учир нь “С-” ХХК, “С-” ХХК-тай шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан, гэрээний төлбөрт 148,500,000 төгрөгийн өртэй гэсэн баримт гаргаж ирсэн юм. Энэ өр төлбөрийн талаар өмнөх хувьцаа эзэмшигч Д.Ж- нь мэдэгдээгүй, нуусан байсан ба компанийн санхүүгийн тайлан бусад баримт бичгээс шалгаж үзэхэд компани өргүй байсан тул бид хувьцааг худалдаж авсан. Ийнхүү миний бие “С-” ХХК нь “С-” ХХК-д 148,500,000 төгрөгийн өртэй болохыг 2020 оны 10 сард мэдсэн. Б.Г-, Д.Ж- нар “С-” ХХК-ийн хувьцааг худалдан авснаас хойш ямар ч орлого олоогүй байсан. Компани маань орлогогүй байсан тул өөрийн хувийн “С-” ХХК-ийн “С-” ХХК-д төлөх өрөнд 110,000,000 төгрөг төлж, өр төлбөрийг хаахаар тохиролцож, уг төлбөрийг төлсөн. Талуудын байгуулсан Хувьцаа худалдан авах гэрээний 3-т “С-” ХХК хувьцаа болон эрх нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө болно гэж заасан. Гэвч Д.Ж- нь “С-” ХХК-д төлөх өр төлбөрийг “С-” ХХК-ийн санхүүгийн тайланд бүртгээгүй нуун дарагдуулсан байх тул Д.Ж-ын төлсөн 110,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ж- нь Д.Ж-д “С-” ХХК-ийг худалдахдаа анх 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уулзсан байдаг. Д.Ж- нь “С-” ХХК-ийг “С-” ХХК-д 140,000,000 төгрөгийн өр төлбөрийн асуудалтай байсан талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэж байна. “С-” ХХК нь 2007 онд байгуулагдсан ба 2012 онд тухайн “С-” ХХК-аас 140,000,000 төгрөгийн өр төлбөр үүсэх нөхцөл нь үүссэн байдаг. Тухайн үед “С-” ХХК-ийг эзэмшиж байсан В.Бямбажамц гэх хүн “Сод монгол” ХХК-тай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “С-” ХХК нь “С-” ХХК-ийг өр төлбөрөө төлөөгүй гэж В.Бямбажамцыг шүүхэд өгч шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнээс хойш тус компани нь 2012 онд н.Билэгсайхан, 2013 онд Б.Энхтөр гэх хүнд, 2014 онд “Нью пондо интернэшнл”, 2016 онд буцаад Б.Энхтөрд худалдагдаж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.Энхтөрөөс Б.Цогтгэрэл гэх хүнд худалдагдаж, тус компанийн захирал хийж байгаад буцаад Б.Энхтөрд шилжүүлсэн байдаг. Д.Ж- нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.Энхтөрөөс тус компанийг худалдан авсны дараа Д.Ж- гэх хүнд худалдсан байдаг. Тухайн үед санхүүгийн тайлан, төрийн албаны тайланд энэ компанийн өр бүртгэгдээгүй. Д.Ж- 2013 онд гарсан шүүхийн шийдвэрийн талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Тус компанийг худалдаж авахдаа мөн бусдад худалдах үедээ ч мэдээгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гарсан үеэс эхлэн “С-” ХХК нь “С-” ХХК-д өр төлбөртэй байсан талаар мэдсэн үйл баримт тогтоогдсон. Үүний дагуу 2020 онд шүүхэд нэхэмжлэл гарсан. Энэ үед В.Бямбажамц гэдэг хүнийг хариуцагчаар татсан. Эрэн сурвалжлуулсан боловч олдоогүй. Энэ үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь эрхийн доголдолтой компани худалдсан талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг үндэслэлээр, 2 удаа шүүхийн шийдвэр гарсан В.Бямбажамц гэдэг хүн 140,000,000 төгрөгийн шатахууныг хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд, үүнийг төлж барагдуулах тухайгаа шүүхийн шийдвэр гарсан байдаг. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ж-аас 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 707,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг уйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжуүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч нь тухайн компанийн хувьцааг худалдан авахдаа компанийн өр төлбөртэй эсэх талаар шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах гэрээний 3-т “С-” ХХК-ийн хувьцаа болон эрх нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө болно” гэж хариуцагч баталгаа гаргаж өгсөн. Мөн компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.2-т “... хувьцааг тус тус үйл ажиллагааны санхүүгийн тайлан бланс, тэмдгийг хүлээлцсэн” гэж заасны дагуу өр төлбөргүй гэсэн тайлан бланс гаргаж өгч худалдсан болно. Компанийн өр төлбөр санхүүгийн тайлан блансаар хөтлөгдөж явдаг. Гэтэл хариуцагч санхүүгийн тайлангаа худлаа гаргаж өгснөөс болж нэхэмжлэгч “С-” ХХК-ийг бусдад өр төлбөртэйг мэдээгүй хохирсон. Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар “... эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт “Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно”, 188.2 дах хэсэгт “Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч компанийн өр төлбөртэй эсэх мэдээлэл үнэн зөв өгөх үүрэгтэй этгээд юм. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлд өр төлбөртэй гэсэн хориг тавиагүй, сүүлд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хориг тавьсан байхад нэхэмжлэгч яаж мэдэх, шалгаж авах үүрэгтэй гэж дүгнээд буруутгаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00277 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн өр төлбөрийн 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр тухайн үеийн захирал В.Бямбажамц гэдэг хүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж аван өөрөө захиран зарцуулсан үйл баримтууд тогтоогдсон байдаг. Энэ хүнээс хойш 5-6 хүнд уг компани дамжуулан худалдагдаж 2017 онд хариуцагч Д.Ж- гэдэг хүнд шилжин ирсэн байдаг. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3-т заасан заалтын хувьд Д.Ж- нь мөн л уг компанийг өр төлбөртэй гэдгийг мэдээгүй байсан нь тухайн үеийн санхүү, татварын тайлангаар нотлогддог. Түүнээс биш нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг тайлангаа худал гаргасан санаатай үйлдэл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 188.2 дах хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүх хурал давхацсан тул биечлэн оролцох боломжгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.Ж- нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан доголдлыг арилгахад гарсан зардалд 110,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д.Ж- нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, миний бие “С-” ХХК-ийн “С-” ХХК-д төлөх 110,000,000 төгрөгийн өрийг төлсөн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулна” гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч “миний бие Б.Алтансүхтэй компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж “С-” ХХК-ийг авсан, тухайн үед өрийн талаар мэдээгүй, “С-” ХХК-д төлөх өрийг тухайн үеийн захирал В.Бямбажамц хариуцах ёстой” гэж тайлбарласан байна. /хх-ийн 32-р тал/

3.Нэхэмжлэгч Д.Ж-, иргэн Б.Г- нар нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Ж-тай “С-” ХХК-ийн хувьцаа худалдах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.Ж- нь “С-” ХХК-ийн 10,000,000 төгрөгийн дүрмийн сантай, нэг бүрийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаанаас Б.Г-ад өөрийн 50 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500 ширхэг, 5,000,000 төгрөгийн хувьцааг, мөн Д.Ж-д өөрийн 50 хувь буюу нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500 ширхэг, 5,000,000 төгрөгийн хувьцааг тус тус худалдахаар тохиролцож, худалдан авагч Д.Ж-, Б.Г- нар нь хувьцааны үнийг төлснөөр “С-” ХХК-ийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, “С-” ХХК-ийн хувьцаа худалдах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргээр  тогтоогдсон байна. /хх-ийн 16-17-р тал/

Талуудын тохиролцоо, гэрээний агуулгаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

4.Талуудын байгуулсан Хувьцаа худалдах гэрээний 3-т “С-” ХХК-ийн хувьцаа болон эрх нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө болно” гэж заажээ. /хх-ийн 16-р тал/. Гэвч худалдагч тал болох Д.Ж- нь дээрх хууль болон гэрээнд зааснаар доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, талууд “С-” ХХК-ийн хувьцаа худалдах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед тус компани нь “С-” ХХК-д 148,500,000 төгрөгийн өртэй байсан болох нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1678 дугаар шийдвэрээр тогтоогджээ. /хх-ийн 45-р тал/,

4б.“С-” ХХК-ийг гэрээний дагуу шилжүүлэн авсан этгээд болох Д.Ж- нь “С-” ХХК-д 110,000,000 төгрөгийг төлснөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болох нь “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, гэрч Э.Баттогтохын мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 53-54, 71-72, 92-р тал/ 

4в.Хариуцагч Д.Ж- нь дээрх өрийн талаар мэдээгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хуульд заасны дагуу доголдолгүй хөрөнгө нийлүүлэх үүргээс түүнийг чөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд үүрэг хүлээсэн этгээд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан. Нэхэмжлэгч Д.Ж- нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч этгээд биш байх бөгөөд иргэний хувиар хариуцагч Д.Ж-тай хувьцаа худалдах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байх тул дээрх хуулийн зохицуулалт маргааны зүйлд хамааралгүй гэж үзнэ.

6.Харин худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан байх тул нэхэмжлэгч Д.Ж- нь “С-” ХХК-д төлсөн 110,000,000 төгрөгийг хариуцагч Д.Ж-аас шаардах эрхтэй байна.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Д.Ж-аас 110,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж-д олгох нь зүйтэй.

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ж-аас 110,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж-д олгосугай.” гэж,

2 дах заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Д.Ж-аас 707,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ж-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Ж-аас төлсөн 707,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

 

                                            ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ             

 

                                                                                               Г.ДАВААДОРЖ