Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1141

 

 

   

     2024          10          10                                        2024/ДШМ/1141                                                                  

                          

                                               Б.Бт холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнх-Оргил,

яллагдагч Б.Бийн өмгөөлөгч А.Сэлэнгэ,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1515 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Бт холбогдох 2306000003324 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Өлгийн 28 дугаар гудамжны 343б тоот хашаанд Э.Быг “гэрээс авч гарах гэтэл босохгүй, гарч чадахгүй байсан” гэх шалтгааны улмаас биед хөлөөрөө өшиглөж, гараараа зохих зэргээр халдаж, улмаар эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл болох элэгний 1, 2 дугаар сегментийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, дэлүүний холбоост цус хуралт, хэвлийн гялтан булчинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Э.Б нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хянан үзээд хэргийг прокурорт буцааж, яллагдагчийн өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв. Үүнд: Хавтаст хэрэгт С.С, Ж.С, Б.Н, Б.Г нар нь гэрчээр мэдүүлэг егсөн бөгөөд гэрч С.С нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тэгээд гэртээ ороод байж байхад манай хүүхдүүд Г, Н нар цонхоор харчхаад надад Б ах чинь солиотой юм биш үү амь хохирогчийг зодоод байна шүү дээ гэж хэлсэн. Манай хүүхдүүдийг харахад нь хашааны хаалга нээх гэхээр амь хохирогч тээгэлдээд байгаа болохоор сэрээх гээд байгаа мэт амь хохирогчийн толгой хэсэгт нь олон удаа дэвсэж, нүүр хэсэгт нь алгадсан, хэд хэдэн удаа цохисон байсан. Надад манай хүүхдүүд тэгж хэлэхээр нь би гарч очоод харахад Б зогсчихсон явлаа гээд, амь хохирогч дээшээ хараад хэвтчихсэн шүлсээ гоожуулаад байж байсан. Би тухайн үед Б амь хохирогчийг яаж зодож байхыг нүдээрээ хараагүй. Би Бийг хашааны хаалгаар гаргаад амь хохирогчид бид нар явлаа шүү, чи гэртээ орохгүй юм уу гэхэд би энд жоохон хэвтэж байгаад босно гэж хэлээд хэвтээд байсан. Тэр үед амь хохирогч зүгээр байсан. Би нөхөр Б гэрт нь согтуу унтуулаад гэрээ гаднаас нь цоожлоод явсан. Амь хохирогч манай хашаанд унтаад үлдсэн...” гэж, гэрч Ж.С нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Ээж С, Х, Бхоёрыг гэрээс гар гээд гаргасан. Тэр хоёр гарсны дараа цонхоор харсан чинь Б ах газар уначихсан Х ах Б ахын толгой хэсэг рүү 4-5 удаа гараараа цохиж байсан, толгой руу нь 3-4 удаа өшиглөсөн, гэдэс, хэвлий хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгснээ үсдээд хашааны хаалганаас гэр рүү буюу ертөнцийн зүгээр хойд тал руу 2 метр орчим чирсэн. Тэгээд дахиад бие хэсэг рүү 2-3 удаа өшиглөхөөр нь би ээж Сы хамт гэрээс гараад Х ахын үйлдлийг болиулсан. Би Х ахыг яв гэж хэлээд явуулсан. Улмаар Б ахыг гадна үлдээгээд хойд аав Быг гаднаас нь түгжээд ээж С, эрэгтэй дүү Г, хүү Э нарыг аваад Офицер энд байдаг ахындаа ирсэн. Орой 20 цаг өнгөрөөд гэртээ бид нар ирэхэд гэрт хойд аав Б, дахиад нэг үл таних эрэгтэй хүн, дүү нар маань байсан ба Б ахыг гэр өргөж оруулаад үүдний хэсэгт байсан. Тэгэхээр нь би Б ахыг анзаараад байсан чинь ямар ч 6 хөдөлгөөнгүй, амьсгалахгүй байхаар нь би цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн юм..." гэж, Насанд хүрээгүй гэрч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад Манай ээж болон С эгч нар ээжийн төрсөн дүүгийн хүүхдийг цэцэрлэгээс авах гээд гарах гэж байсан. Ингэхдээ Ц ах, Б ах хоёрыг гэрээс гар гэсэн. Тэгтэл Б ах сэрээд Ц ахыг сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь хувцаснаас нь нуруугаар нь чирээд үүдний хаалгаар гарсан. Би араас нь гарах гэтэл хаалганы гаднаас Б ах дарчхаад Ц ахыг зодоод байх шиг чимээ гараад байсан. Би яаж зодсон талаар хараагүй. Хүн өшиглөөд зодоод байгаа юм шиг хүчтэй чимээ гараад байсан. Ингээд байшингийн хаалга онгойход үүдний тамбарт Ц ах дээшээ хараад хэвтсэн. Хажууд нь Б ах зогсож байсан ба Б ах дахиад Ц ахыг чирээд тамбарын хаалгаар гаргасан. Ц ах амьсгалж байсан ба Б ах Ц ахын нүүр рүү нь хүчтэй алгадаж байгаад босохгүй болохоор нь хашааны хаалгаар гараад явсан. Тухайн үйл явдлыг манай төрсөн дүү Б.Г харсан ба дэлгүүр явах гээд гарч яваад ирэхдээ харсан гэж байсан. Ингээд Ц ахын амнаас цагаан өнгөтэй шүлс гараад дээшээ хараад хэвтээд байсан. Би сургууль дээр сургалттай байсан тул гэрээсээ гараад явсан. Ингээд 17 цагийн орчимд гэртээ ирэхэд Ц ах манай хашааны хаалганы дотор талд хажуу тийшээ хараад хэвтээд ганцаараа юм яриад байсан ба дух, нүүр нь цус болчихсон, хөл нүцгэн хэвтэж байсан. Аав бид хоёр хашаа руугаа орох гээд Ц ахыг босоорой гэхэд босоод хаалганы хажууд суусан. Аав бид хоёр гэртээ ороод Ц ахын гэрээс нь хүн олж ирээд өгч явуулъя гээд гарсан. Би гэртээ ороод хэвтэж байгаад хэсэг унтсан. Намайг сэрэхэд аав, нэг эрэгтэй ахтай Ц ахыг гэрт оруулж ирсэн. Үүний дараа манай дүү Г гэртээ орж ирсэн. Гг ирээд удаагүй байхад манай ээж, С эгч нар гэрт орж ирсэн. Ингээд ээж яаралтай түргэн тусламж болон цагдаагийн байгууллагын утсанд дуудлага мэдээлэл өгсөн...” гэж, Насанд хүрээгүй гэрч Б.Г 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Намайг гэрээсээ гарах үед тэр хоёр хүн унтаж байсан. Харин дэлгүүрээс буцаж ирээд хашааны хаалгаар ороод байшингийн амбаар дотоор Э Быг, Б нь толгой нүүр хэсэг, нуруу, цээж хэсэгт нь олон удаа хөлөөрөө дэвсэлж өшиглөөд байсан. Би хэдэн удаа өшиглөж байсныг нь мэдэхгүй, миний бодлоор бараг 5 орчим минут нэгнээ зодоод байхаар нь би хүлээгээд зогсож байгаад Б нь Э.Бын хүрмээс нь чирээд 2-3 алхам хийгээд Э.Быг сэрээх гээд нүүр хэсэгт нь 2-3 удаа алгадсан. Би тэр хоёрыг гарчихаар нь амбаараар дамжаад гэртээ орсон. Намайг гэртээ орж байхад Б хашааны хаалгаар гараад явсан. Ээж, С эгч, Н эгч нар ээлжлээд гараад явсан. Би бас сургуульдаа очиж урлагийн үзлэг бэлдэх гээд хамт гараад явсан. Гэрт аавыг үлдээгээд хаалгыг нь гаднаас нь цоожлоод явсан. Намайг хашаанд явж байхад Э.Б дээшээ харсан, амнаас нь шүлс гарчихсан дээшээ хараад хэвтэж байсан. Би ээжтэйгээ хамт гараад сургууль явсан. Би 20 цагийн орчимд ганцаараа гэртээ ирсэн. Тэгэхэд Н эгч гэртээ ирсэн байсан. Намайг хашаанд ороход Э.Б хашаанд байхгүй байсан. Гэртээ ороод үзэхэд үүдний босгоны хажууд хажуу тийш хараад хэвтэж байсан. Гэрт манай аав, эгч Н, аавтай шинэ танилцсан гэх найз нь ирсэн байсан. Э.Быг харахад нэг талаараа хараад 2 хамраас нь цус гарчихсан хэвтэж байсан. Ямар нэг зүйл хэлээгүй, хүнтэй ярих гээд байгаа юм шиг ам нь хөдлөөд байсан. Удалгүй миний араас ээж, С эгч нар ирсэн бөгөөд, ээж гэрт орж ирээд Э.Быг нэлээн эвгүй байна, цагдаа дуудах хэрэгтэй байх гэж хэлээд цагдаа дуудсан...” гэж зөрүүтэй мэдүүлсэн байх тул мэдүүлгийн зөрүүг арилгаж, дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзлээ. 7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд яллагдагч Б.Бт холбогдох хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж, эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр бодитой дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх тул мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэх, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт, хөдөлбөргүйгээр тогтоох шаардлагатай байна. Мөн түүнчлэн яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, урьд өмнө өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж заасныг үндэслэн яллагдагч Б.Бийн урьд өмнө өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулж, уг ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулж өгнө үү..." гэх хүсэлтийг гаргажээ. Уг хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоолд яллагдагчийн өмгөөлөгч нар нь гомдол гаргасан байхад уг гомдлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан оролцогч нарын хүсэлт, гомдол гаргах эрхийг зөрчсөн байна. Яллагдагчийн өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал, хэрэг буруу тусгаарласан талаарх асуудлыг шүүх хэлэлцэхгүй үлдээв. Яллагдагч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах, “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б, гэрч О.Б, С.С, Ж.С, Б.Э, О.Б, Ц.А, насанд хүрээгүй гэрч Б.Н, Б.Г нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Мөнх-Оргил бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокуророос өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал байдаг билээ. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд, мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарч болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.С, Ж.С насанд хүрээгүй гэрч Б.Н, Б.Г нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчийн эрх үүргийг танилцуулсны үндсэн дээр хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд нэр бүхий гэрч нар нь хэргийн үйл баримтын талаар харсан зүйлээ өөр өөрсдийн харсан өнцгөөс мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь болсон үйл явдлын талаар агуулгын хувьд өөр хороондоо зөрүүгүй байдаг. Өөрөөр хэлбэл гэрч нарын зүгээс хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогчийг яллагдагч Б.Б зодсон гэж мэдүүлдэг бөгөөд тэдгээр нь энэхүү үйл явдлыг өөрийн харсан, мэдсэн өнцгөөс мэдүүлсэн байна. Гэтэл шүүх гэрч нарыг яг нэг өнцгөөс, нэг цаг хугацаанд зэрэг харж, яг адил мэдүүлэг өгсөн байхыг шаардаж, тэдгээрийн мэдүүлгийг зөрүүтэй, үндэслэлгүй гэж үзэж байгааг хүлээн авах үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүх дээрх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан тэдний харсан, мэдэж байгаа асуудлын талаар тодруулан асуух боломжтой байхад гэрч нараас дахин мэдүүлэг авах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.

 2. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нараас 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч н.Өт “...гэрч О.Б, С.С, Ж.С, насанд хүрээгүй гэрч Б.Н, Б.Г нарын мэдүүлэг, үйл явдлыг харсан орон зай, цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд эрс зөрүүтэй, яллагдагч Б.Бийн мэдүүлэгтэй ноцтой зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, урьд өмнө өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг хурьцуулан тогтоох зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж заасныг үндэслэн яллагдагч Б.Бийн урьд өмнө өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулж, уг ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулж өгнө үү...” хүсэлтийг гаргасан бөгөөд мөрдөгчөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уг хүсэлтийг хангахаас татгалзах тухай шийдвэрлэж, тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дашцэрэн нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хариуг мэдэгдсэн байна. Яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нараас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш мөрдөгчийн шийдвэр үйл ажиллагаатай холбоотойгоор прокурорт хандаж гомдол, хүсэлт гаргаж байгаагүй, мөн тухайн гомдол хүсэлтийг прокурор шийдвэрлээгүй гэж үзэх баримт, нотолгоо хавтаст хэрэгт байхгүй байхад шүүх хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан оролцогч нарын хүсэлт, гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн хэргийн оролцогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе, шатанд хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ шүүхийн шатанд гаргасан байдалд шүүх үнэлэлт өгч, бодитой дүгнэлт хийлгүйгээр мөрдөгч, прокурор өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан мэтээр тайлбарласан үндэслэлгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д зааснаар нотлох баримтыг шалгаж, үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжтой атал хэрэгт авагдсан баримтуудад хийсвэр, үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль, тогтоомжийн агуулгыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, нотлох баримтыг үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг тогтоох суурь зарчмыг хангаагүй дүгнэлт хийсэн нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1515 дугаартай захирамж нь бүхэлдээ хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлага хангаагүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Иймд шүүгчийн 2024/ШЗ/1515 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ... ” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч А.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, буруу тусгаарласан гэж үзэж байна. н.А гэгч нь амьд хохирогч н.Быг 10 дугаар сарын 23-ны өдөр буюу амь хохирохоос 3 хоногийн өмнө “манай ээжтэй хамт архи уулаа” гэх шалтгааны улмаас зодсон үйл баримт тогтоогдсон. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, прокурорын шатанд хэргийг тусгаарласан.

Хоёрдугаарт, анхан шатны шүүх хэрэгт авагдсан н.С, н.С, н.Н, н.Г нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байгаа тухай асуудлыг “хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж, эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр бодитой дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дээрх мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлуудыг зөвхөн гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, хуульд заасан арга хэрэгслээр нөхөн гүйцэтгэх нь хангалттай бус гэж дүгнэж, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг бусад мөрдөн шалган ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэнийг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.” гэж заасныг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Э.Б нас барсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогч нарын гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь талаар баримт байхгүй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хүнийг алах гэмт хэргийг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйчлэхээр тусгасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогчийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл болох элэгний 1, 2 дугаар сегментийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, дэлүүний холбоост цус хуралт, хэвлийн гялтан булчинд цус хуралт бүхий хүнд хохирлын улмаас тэрээр нас барсан бөгөөд энэ бүх үйл явдал хэдий хугацаанд үргэлжилснээс үл шалтгаалан гэмт хэргийг зүйлчлэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол. ...” буюу дээрх хүнд гэмтлийг учруулсны улмаас хохирогч нас барсан гэж үзэхээр хуульчилсан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох авагдсан баримтаар дээрх гэмт хэргийг тухайн зүйл ангиар зүйлчлэх нотлох баримт бүрэн цуглараагүй гэж үзнэ.

Мөн яллагдагч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн учраас эдгээр зөрүүтэй байдлыг арилгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

Иймд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1515 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ