| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0018/З |
| Дугаар | 110/ШШ2026/0054 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 110/ШШ2026/0054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е.И,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга М.Б,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг даргалсан О.А,
Гуравдагч этгээд : О.Е,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С-д нарын хоорондын багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И, хариуцагч М.Б, О.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч А.А нь Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга М.Б, иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг даргалсан О.А нарт холбогдуулан “Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах”- аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх “Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин явуулах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
2. Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэхэмжлэгч А.Асылбек, гуравдагч этгээд О.Е нар нэр дэвшсэн байх ба Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор олонхын санал авсан гэсэн үндэслэлээр О.Е багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч А.А нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4.Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Миний бие 2024 онд Толбо сумын 3 дугаар багийн Засаг даргаар сонгогдсон ба иргэдийн хууль ёсны ашиг сонирхлын төлөө ажиллаж байсан. Би 2026 оны 01 дүгээр сард Толбо сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн. Гэвч уг иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах, санал хураалтын явцад шударга, тэгш, ил тод байдлыг ноцтойгоор зөрчсөн үйлдлүүд гарсан гэж үзэж байна. Тодруулбал, иргэдийн Нийтийн Хурлын хурал болохоос ердөө 7 хоногийн өмнө Толбо сумын улсын бүртгэгч Д.Т нь тус багийн нутаг дэвсгэрт өмнө нь огт оршин сууж байгаагүй иргэдийг гэнэт шилжилт хөдөлгөөнд хамруулан бүртгэж, улмаар тэдгээр иргэдэд багийн хуралд оролцох эрх олгосон байна. Мөн 18 нас хүрээгүй хүүхдийг санал өгөхөд оролцуулсан ноцтой зөрчил гарсан. Тодруулбал, РД: ..... регистрийн дугаар бүхий насанд хүрээгүй хүүхэд уг хуралд оролцсон болно.Түүнчлэн Базархан нь миний ажиглагчаар сууж байсан иргэнийг санал хураалтын тооллогод оролцуулаагүй бөгөөд хүчингүйд тооцогдсон 4 саналыг миний ажиглалтад үндэслэн хассан. Угтаа бол санал хураалтыг тухайн газарт сууж байсан ажиглагчид тоолох эрхтэй атал зөвхөн сумаас томилогдож ирсэн ажлын хэсэг санал тоолсон бөгөөд бидэнд, ажиглагч нарт тооллогод оролцох зөвшөөрөл олгоогүй.
Мөн уг иргэдийн Нийтийн Хурлын хурлыг тухайн багийн Хурлын дарга даргалж явуулах ёстой байсан боловч ажлын хэсгийн гишүүн А болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б нар даргалан явуулсан. Тодруулбал, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б уг хурлыг өөрөө даргалж явуулсан нь хууль, журмыг зөрчсөн үйлдэл юм.Манай багийн иргэд тухайн багт оршин суудаггүй этгээдүүдийг хуралд оролцуулахгүй байх шаардлага тавьсан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б нь иргэдийг хурлын танхимаас хүч хэрэглэн түлхэж гаргасан бөгөөд уг үйлдлийг нотлох дүрс бичлэг байгаа болно.Мөн 2023 оноос хойш уг багт шилжин ирсэн нийт 29 хүний 13 нь нэр дэвшигч О.Е хамаатан садан, найз нөхөд болох нь тогтоогдсон. Гэтэл эдгээр этгээдүүд нь манай багт бодитоор оршин сууж байгаагүй бөгөөд дээр дурдсанчлан 18 нас хүрээгүй этгээдийг хүртэл хуралд оролцуулсан нь ноцтой зөрчил юм. Дээрх хууль бус үйлдлийн улмаас манай багийн байнгын оршин суугч иргэдийн сонгох, сонгогдох хууль ёсны эрх зөрчигдөж, хурлын үр дүн бодит иргэдийн жинхэнэ хүсэл зоригт тулгуулаагүй, зохиомол шилжилт хөдөлгөөнөөр нөлөөлөгдсөн байх ноцтой эрсдэл бий болсон. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хуралдааныг дахин явуулж өгнө үү“ гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Толбо сумын 3 дугаар багийн Засаг даргад нэхэмжлэгч А.А, О.Е нар нэр дэвшиж оролцсон боловч хэд хэдэн хууль бус үйлдлүүдийн улмаас тухайн багийн иргэдийн хуралдах эрх, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчиж, нэр дэвшигчид болон ард иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хуралдааныг эхлүүлж шийдвэр гаргасан нь энэхүү нэхэмжлэлийг гаргасан гол үндэслэл болж байгаа юм.
Монгол Улсын засаг захиргаа, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж заасан. Харин багийн ард иргэд буюу сонгогчид 3 дугаар багт бодитоор амьдран оршин суудаггүй, зөвхөн сонгуулийн үед ирж, мөн сонгуулийн хугацааг дөхүүлж шилжүүлэг хийлгэсэн иргэдийн сонгуульд оролцуулахгүй гэж хэд хэдэн хүсэлт тавьж, эсэргүүцэл үзүүлж байхад уг асуудлыг шийдвэрлүүлэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж, иргэдийн санал тавих, шийдвэрлүүлэх эрхэд халдсан гэж үзэж байгаа.
Мөн Толбо сумын 3 дугаар багаас өөр багийн, мөн аймгийн төвийн байнгын оршин суугч иргэдийг оролцуулж, багийн иргэд сонгуульд оролцуулахгүй гэж эсэргүүцэл үзүүлж байхад багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцуулж, сонгуулийн дүнд нөлөөлж, хуулиар баталгаажуулсан нутгийн өөрөө удирдах ёсны зарчим буюу тухайн орон нутгийн иргэд өөрсдийн удирдлагыг сонгох эрхийг нь зөрчжээ.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.1. баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, 32.8.2. Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасан. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж хуульчилсан байхад багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг өөрсдөө зохион байгуулах, хуралдааны дарга, багийн Засаг даргыг сонгох асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэх, ямар нэгэн улс төр, улс төрийн байгууллага, бусад хүний хөндлөнгийн нөлөөнд автахгүйгээр, оролцоогүйгээр шийдвэр гаргах үйл ажиллагаанд Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, ажлын алба, мэргэжилтнүүд хөндлөнгөөс оролцсон нь нэхэмжлэгч А.А сонгогдох эрх, багийн иргэдийн сонгох эрхийг нь зөрчсөн, нутгийн өөрөө удирдах ёсонд халдсан, хууль бус сонгууль зохион байгуулагдсан тул Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг дахин сонгох санал хураалт явуулахыг даалгаж өгөхийг хүсэж байна” гэв.
5. Хариуцагч Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга М.Б хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хурал нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус багийн төвд явагдаж, багийн Нийтийн Хурлын хуралдааны дарга болон тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагааг зохион байгуулсан юм. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчийг сонгох санал хураалтад С.Е, М.Б бид хоёр нэр дэвшин өрсөлдөж, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар М.Б би олонхын санал авч сонгогдсон. Одоо М.Б би тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар ажиллаж байна.
Толбо сумын 3 дугаар багийн Засаг даргад А.А, О.Е нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан О.Е тус багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад тогтоолыг уламжилсан юм. Тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна” гэв.
Хариуцагч Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг даргалсан О.А хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Тус багийн иргэдийн Нийтийн Хурал ирц бүрдсэний дараа багийн Нийтийн Хурлын дарга С.Е хурлын дэг журам, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж хурал эхэлсэн. Тус багийн Засаг даргад иргэн А.А, О.Е, багийн Хурлын даргад иргэн М.Б, С.Е нар нэрээ дэвшүүлсэн. Тухайн багийн иргэд санал хураалт хэдэн цагаас эхэлж, хэдэн цагт хаагдахыг хоорондоо тохиролцож, нэр дэвшигч нар өөрсдийн ажиллагч нарын нэрийг тодруулсан.
Сумаас ирсэн албан хаагчдын дотроос тухайн багийн ард иргэд намайг багийн Засаг даргыг сонгох санал хураалтын ажлын хэсгийн гишүүнээр сонгосон ба бусад гишүүдээр Б.Т, С.Е, 3. Н , нарийн бичгээр С.А нар ажилласан. Багийн Засаг даргад нэр дэвшсэн А.А ажиглагчаар түүний төрсөн ах нь болох Ж, О. ажиглагчаар эхнэр нь болох М.К, М.Б ажиглагчаар Х, С. ажиглагчаар ээж нь Алмагүл нар тус тус ажилласан. Ажиглагч нарт эрх ,үүргийн талаар танилцуулсан. Санал хураалтын үед С.Е болон З.Н нар санал өгөхөөр ирсэн иргэдийн жагсаалтыг хөтөлсөн, С.А болон миний бие санал хураалтын хуудас бүрд хяналт тавьж гарын үсэг зурж , тамга дарсан, Б.Т саналын хуудсыг тараасан. Дээрх байдлаар тус багийн Засаг дарга болон Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураах ажиллагаа зохиох журмын дагуу явагдсан болно.
Санал хураалтын үед С овогтой А /БЙ........../ санал өгөхөөр орж ирсэн, гэхдээ жагсаалт хөтөлсөн С.Е иргэний үнэмлэхийг нь асууж 18 нас хүрээгүй тул санал өгөх боломжгүй гэж санал хураалтын байрнаас гаргасан тул санал өгөөгүй юм. Бүх нэр дэвшигчийн ажиглагч нарыг байлцуулан нүдэн дээр санал хураалтын хуудсыг тоолсон ба хайрцгаас гарсан саналын хуудасны тоо нь санал өгсөн сонгогчдын саналын хуудастай тэнцүү гарсан. Харин А.А болон түүний хамаатан садан, найз нөхөд болох Б, А, Д, Е, Е, Е, З, Ж, Е нарыг санал өгөх байр руу оруулахгүй байхаар нь эдгээр хүмүүс дахиад сум руу орж, сумын улсын бүртгэгч Д.Т тодорхойлолт аваад ирээд санал хураалтад орж санал өгсөн. Тодорхойлолт авчирсан ч санал өгөх байр руу оруулахгүй байхаар нь ажлын хэсгийг ахалж байсан миний бие улсын бүртгэлийн байгууллагаас авсан тодорхойлолтыг үндэслэн санал хураалтад оролцуулсан болно. Иймд Толбо сумын 3 дугаар багийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6. Гуравдагч этгээд О. шүүхэд гаргасан тайлбартаа:
“Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус багт зохион байгуулагдаж, Хуралдаан даргалагч буюу багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагааг тус тус зохион байгуулсан юм. Ингээд тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралд оролцсон иргэдийн олонх буюу 53,7 хувийн санал авсан О.Е намайг тус багийн Засаг даргад томилуулахаар Толбо сумын Засаг даргад тогтоолыг уламжилсан юм. Толбо сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б\09 дүгээр захирамжаар О.Е намайг тус багийн Засаг даргад томилсон ба одоо О.Ержан би албан ажлаа хийж байна.
Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлдээ уг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд бага насны хүүхэд, өөр багт оршин суух хаягтай иргэд оролцсон тухай дурджээ. Гэтэл бодит байдалд багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд бага насны хүүхэд болон өөр багт оршин суугаа иргэд оролцоогүй юм. Иймд А.Асылбекийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“2026 оны 01 дүгээр сард Толбо сумын олон багуудын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан зарлагдсан. Түүний нэг нь 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр багийн төвд явагдсан байгаа. Нэхэмжлэгч А.А болон гуравдагч этгээд О.Е нар багийн Засаг даргад нэр дэвшсэн. Нэхэмжлэгч А.А нь 148 иргэний саналыг авч, гуравдагч этгээд О.Е 176 иргэний саналыг авч, хуралдаан даргалагчаар сонгогдсон Базарбек тогтоол гаргаад сумын Засаг даргад тогтоолыг уламжилсан. Сумын Засаг даргаас Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг явуулсан. Авлигатай тэмцэх газраас урьдчилсан мэдүүлэг хянаад ямар нэгэн зөрчилгүй гэж ирүүлсэн учраас Толбо сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар О.Е тус багийн Засаг даргаар томилсон. Ийм учраас А.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.А “Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох; 32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасны дагуу Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан.
Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд 328 хүн оролцсон, тус багийн Засаг даргад А.А, О.Е нар нэр дэвшсэн байх ба А.А 148, О.Е 176 хүний санал тус тус авч, 4 хүний өгсөн саналыг хүчингүйд тооцсон, 176 хүний санал авсан О.Е хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан гэж үзэж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлжээ.
Уг 03 дугаар тогтоолд тухайн өдрийн хуралдаанаас багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар сонгогдсон М.Б гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба Толбо сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар О.Е 3 дугаар багийн Засаг даргаар томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 16,21-24,95-96, 98-99,103-109 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сумын улсын бүртгэгч хуралдаан болохоос 7 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөн хийж, улмаар тэдгээр иргэдэд багийн хуралд оролцох эрх олгосон, насанд хүрээгүй хүүхэд болон тухайн багийн оршин суугч бус иргэд болох А.Е нарын 11 хүнийг багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцуулсан, хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга даргалж явуулсан, нэр дэвшигчийн ажиглагчийг санал тооллогын үйл ажиллагаанд оролцуулаагүй” гэж тайлбарлан маргасан.
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэж,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.2."иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 6.1.12.оршин суугаа газрын хаягийн” гэж,
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:4.1.4."иргэний улсын бүртгэлийн лавлагаа" гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ”, 18.2-т “Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна”, 19 дүгээр зүйлийн 19.3-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түдгэлзүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.
5. Толбо сумын 3 дугаар багт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 43 иргэн шилжин ирж, тус багийн оршин суугчаар бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 86-87 дах тал/ тогтоогдсон.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд дээрх байдлаар зохицуулснаар иргэний байнга оршин суугаа газрын хаяг нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэх тул улсын бүртгэлийн лавлагаагаар Толбо сумын 3 дугаар багийн оршин суугч болох нь тогтоогдож байгаа дээрх иргэдийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцуулахгүй байх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэснийг зөрчих тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгчийн маргаж буй 11 хүнээс А. Е, Х М, А Гнар нь тус сумын 3 дугаар багийн оршин суугч мөн, харин Е Г, А Е , Р М, К А, Б А, М А, Ш Е, Р А нар нь Толбо сумын 3 дугаар багийн оршин суугч биш, уг 11 хүн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд оролцож, санал өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 86-87, 100-109,124-130,136 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг санал хураалтад оролцуулсан гэх маргааны хувьд Толбо сумын 3 дугаар багийн оршин суугч С А /РД: БЙ...../ гэж 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 18 насанд хүрээгүй хүүхэд санал өгөхөөр ирсэн боловч санал хураалтад оролцуулаагүй болох нь хэрэгт авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд оролцож, санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт, саналын хуудасны тоо, хэргийн оролцогчдын тайлбараар /Хавтаст хэргийн 100-109,122 дах тал/ тус тус тогтоогдсон болно.
7.Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийн 5.1-д “Санал тоолох комиссыг хуралдаанаас томилно”, 5.2-т “Саналыг ил тод, нэр дэвшигч бүрийн ажиглагчдын хяналтын дор нээлттэйгээр тоолж, дүнг хуралдаанд танилцуулна” гэж заасан, өөрөөр хэлбэл Санал тоолох комисс санал тооллогын ажиллагааг явуулж, дүн гаргахаар зохицуулсан байх ба 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсгээс нэр дэвшигчдийн ажиглагчдыг байлцуулан багийн Засаг даргад нэр дэвшигчдийн саналын хуудсыг тоолж, санал хураалтын дүнг гаргасан болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн “нэр дэвшигчийн ажиглагчийг санал тооллогын үйл ажиллагаанд оролцуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцож санал өгсөн иргэдийн саналын хуудаст хэргийн оролцогчдыг байлцуулан шүүхээс хийсэн үзлэгийн дүн болон дээрх ажлын хэсгийн гаргасан санал хураалтын дүн зөрүүгүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно: 30.2.1.баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох” ,32 дугаар зүйлийн 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заасан.
9. Дээрх байдлаар Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд 328 хүн оролцож, багийн Засаг даргад нэхэмжлэгч А.А гуравдагч этгээд О.Е нар дэвшиж, багийн Засаг даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон 328 хүнээс 148 хүний саналыг А.А, 176 хүний саналыг О.Е авсан буюу 328 саналын хуудасны 324 саналын хуудсыг хүчинтэйд тооцсон, харин 2 нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог зэрэг дугуйлсан 4 саналын хуудсыг хүчингүйд тооцсон, мөн уг санал хураалтад оролцсон 8 хүн тус багийн оршин суугч биш гэсэн үйл баримтууд хэргийн нотлох баримтаар тогтоогдсон.
Гуравдагч этгээд О.Е авсан санал нь нэхэмжлэгчийн авсан саналаас 28 хүний саналаар илүү байх ба дээрх 8 хүнийг хуралдаанд оролцсон нийт хүний тоо болон гуравдагч этгээд О.Е авсан саналаас хасаж тооцсон ч гуравдагч этгээд О.Е нь багийн Засаг даргад нэр дэвшигчийн хувьд хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын авсан саналын үр дүнд нөлөөлөхөөргүй байна.
10.Иймд Толбо сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигч О.Е нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тухайн хуралдаанд оролцсон 328 хүнээс 176 хүний санал авсан гэж үзэх, дээрх 8 хүнийг хасаж хуралдаанд оролцсон иргэдийн тоог 320, гуравдагч этгээдийн авсан саналыг 168 гэж үзэх аль ч тохиолдолд хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан гэж үзэхээр байгаа тул 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор багийн Засаг даргаар нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасантай тус тус нийцсэн, уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв.
11. Мөн нэхэмжлэгчээс “...Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Б даргалан явуулсан нь хуулийг зөрчсөн үйлдэл” гэж маргасан.
Хэрэгт авагдсан тухайн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, хариуцагч нарын тайлбар, багийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдийн 01 дүгээр тогтоол, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 02, 03 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, Засаг даргаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдааны товыг тогтоосон, хуралдааныг багийн Хурлын хуралдааны дарга Х.Е нээсэн, хуралдааны үед О.А нарын таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан, Ажлын хэсгийн дарга О.А нь тухайн хуралдааныг удирдаж явуулсан, тухайн хуралдаанаас багийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшиж, нууц санал хураалтаар иргэдийн олонхын санал авсан М.Б Хурлын хуралдааны даргаар сонгосон 02 дугаартай тогтоолыг хуралдааныг даргалагч О.А баталсан, багийн Засаг даргад нэр дэвшиж, нууц санал хураалтаар иргэдийн олонхын санал авсан О.Е нэрийг томилуулахаар дэвшүүлсэн 03 дугаартай тогтоолыг шинээр сонгогдсон Хурлын хуралдааны дарга М.Б баталж гаргасан нь тус тус тогтоогдсон.
Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бусад нотлох баримтаас үзэхэд, Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн 2026 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн хуралдаанд Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Б оролцсон байгаа боловч дээрх байдлаар 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга удирдаж явуулсан гэж үзэх, сонгуулийн дүнд шууд бусаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба тухайн өдрийн хуралдаанд сумын Хурлын дарга А.Б оролцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх, маргааны бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.
Дээрх байдлаар Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, тухайн хуралдаанд оролцсон тус багийн оршин суугч иргэдийн олонх нь гуравдагч этгээд О.Е багийн Засаг даргаар нэр дэвшүүлэхээр сонгож санал өгсөн, хуралдаанаас гаргасан энэхүү шийдвэрийг шинээр сонгогдсон Хурлын хуралдааны дарга баталсан зэрэг захиргааны энэхүү үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудтай нийцэж байх тул нэхэмжлэгчийн Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 03 дугаар “3-р багийн Засаг даргад О овогтой Е томилохоор уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.8.4, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Толбо сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ