Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/00027 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-ийн хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 454,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 126,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, түүний өмгөөлөгч Б.Болоржаргал, Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-, түүний өмгөөлөгч Г.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 454,000,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие “Э-” ХХК-ийн захирлын хүсэлтээр 2014 оноос хойш их хэмжээний мөнгийг хугацаа тохиролгүй зээлж, мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн. Үүнд: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Э-” ХХК нь “М-” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах алтны уурхайн зориулалттай кемп, худаг, өндөр хүчдэл, уурхайн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээг “М-” ХХК-ийн охин компани болох “М-” ХХК-тай байгуулж, түүний төлбөрийн зарим хэсэг болох 360,000,000 төгрөгийг төлсөн. Миний бие Н.А-гаас зээл авч тус мөнгийг өгсөн бөгөөд 391,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Н.А-д өөрийн эд хөрөнгөөрөө төлж барагдуулсан. “Э-” ХХК-ийн захирал, түүний хувьцаа эзэмшигч А.О-оос мөнгөө шаардаж 2020 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах албанд өргөдлөө гарган улмаар хариуцагч “Э-” ХХК-ийн захирал А.О-той эвлэрч эхний ээлжинд 391,000,000 төгрөгийг надад төлөхөөр тохиролцон 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №03699 тоот талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийн дагуу 126,000,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохих ажиллагааны дагуу гаргуулан авсан боловч гуравдагч этгээд “Г-” ХХК түүний төлөөлөгчийн хүсэлтээр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04861 тоот шүүгчийн захирамжийн дагуу 03699 тоот талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг гүйцэтгэх хуудасны хамт хүчингүй болгосон. Хариуцагч “Э-” ХХК-ийн удирдлагад санхүүгийн хүнд байдалд орсноо мэдэгдэхэд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталгааны гэрээ гаргаж, түүндээ ирэх 6 сарын дотор 430,000,000 төгрөгийг А-т буцаан төлнө, хугацаа хожимдуулбал хоногийн 0.2 хувийн алданги тооцно гэж заасны дагуу алдангийг бодоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувь болох 150,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Эн си жм ти” ХХК-аас нийт 454,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг “М-” ХХК болон “Э-” ХХК-ийн хооронд байгуулагдсан болно. Хариуцагч “Э-” ХХК-ийн зүгээс гэрээний 2.2-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд тус гэрээний дагуу үлдэгдэл төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж буй 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.А-болон А- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 430,000,000 төгрөгийг “Э-” ХХК-аас шаардаж буй нь үндэслэлгүй болно. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.А-болон А- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “Э-” ХХК-ийн зүгээс ямар нэг эрх, үүрэгтэйгээр оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл “Э-” ХХК нь зээлдүүлэгч Н.А-болон зээлдэгч А- нартай Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч дээрх төлбөр мөнгийг хүлээн зөвшөөрдөг хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч талыг төлөөлж А-, хариуцагч “Э-” ХХК-ийг төлөөлж өөрийн төрсөн дүү А.О-той эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд “Г-” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн шүүх үзэж талуудын эвлэрсэн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Түүнчлэн “Э-” ХХК нь А-тай дээрх өр төлбөрийг төлж барагдуулах талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. “Э-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч асан А.О- нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 90 хувийн хувьцааг Сингапур Улсын хуулийн этгээд болох “Г-” ХХК-д худалдсан учир А.О-ын өмчлөх эрх дуусгавар болсон байдаг. “Э-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох А.О- /90 хувь, А.И/10 хувь/ нар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол гаргаж А.О-ын эзэмшлийн 90 хувийн хувьцааг Сингапур Улсын хуулийн этгээд болох “Г-” компанид худалдахаар шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Э-” ХХК-ийн 90 хувийн хувьцааг шилжүүлэхээр эрх шилжүүлэх болон хувьцаа худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан ба тус гэрээ хүчин төгөлдөр хэрэгжсэн. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдан авах гэрээний 3 дугаар зүйл гэрээг хаах урьдчилсан нөхцөлүүд хэсгийн /В/ заалтад: Энэхүү гэрээний мэдэгдэл ба баталгаа хэсэгт зааснаар өөр ямар нэгэн нэмэлт эвсэл нууц өр төлбөр, төлбөрийн үүргүүд компанид байхгүй тухай баталгааны гэрээг худалдагч нь худалдан авагчтай байгуулсан байх хэмээн тохиролцсон ба 5 дугаар зүйл мэдэгдэл ба баталгаа хэсгийн /L/ заалтад: “Худалдан авагчид танилцуулаагүй, тал болон орсон аливаа гэрээ /буюу хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн гэрээ/ компанид байхгүй. Компани нь аливаа бусад этгээд, охин компани болон хуулийн этгээдийн үүрэг хариуцлага /өр төлбөрийг оролцуулаад/ -д баталгаа гаргаагүй бөгөөд өөр бусад байдлаар тэдгээр төлбөр буюу үүргийг хариуцаагүй”, мөн /М/ заалтад: “худалдагч нь компанитай холбоотой компанийн хувьцааг худалдан авахад нь нөлөөлж болох бүхий мэдээллийг худалдан авагчид танилцуулсан, мөн 5 дугаар зүйл 5.2 “төлөөлөл ба мэдэгдлийн хүчинтэй хугацаа хэсэгт худалдан авагчийг үүргээс чөлөөлөх” нөхцөлийг тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй төлбөрийг “Э-” ХХК нь хариуцахгүй бөгөөд тус асуудлыг худалдагч А.О- нь өөрөө бүрэн хариуцахаар гэрээний 5.1 болон 5.2 дахь заалтаар талууд харилцан тохиролцсон болно. Түүнчлэн дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч болоод буй А- болон хариуцагч компанийг хууль бусаар төлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад буй А.О- нар нь төрсөн ах дүү бөгөөд “Э-” ХХК-ийг худалдан авагч Сингапур Улсын хуулийн этгээд болох Г- компаниас удаа дараа нэмэлт төлбөр шаардан янз бүрээр нэхэмжлэл гарган хууль бус үйлдэл гаргадаг болно. Тухайлбал, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр нэхэмжлэгч А- нь хариуцагч “Э-” ХХК-аас 390,000,000 төгрөг шаарддаг бөгөөд хариуцагч талыг хууль бусаар А.О- төлөөлж “Г-” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн шүүх үзэж талуудын эвлэрсэн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Мөн Монголын ба Олон Улсын Арбитрт Сингапур улсын хуулийн этгээд болох “Г-” компани нь “Э-” ХХК-ийн 90 хувийн хувьцааны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд худалдагч А.О- нь тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тус тус маргаж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 491 дугаартай шийдвэр гарч талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд “Э-” ХХК-ийн 90 хувийн хуьцааны өмчлөгч нь Сингапур улсын хуулийн этгээд болох Г- компани болохыг тогтоосон. Нэхэмжлэгч А-ийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл, баримтаас үзэхэд тухайн гүйлгээ нь “Э-” ХХК-ийн хариуцах ёстой төлбөр болохыг харуулсан үйл баримт тогтоогдохгүй байгаа ба А- нь “Э-” ХХК болон хөрөнгө оруулагч “Г-” компаниас удаа дараа үндэслэлгүй, худал төлбөр шаардаж байсны үргэжлэл гэж үзэхээр байна. Иймд гэрээнд заасны дагуу дээрх төлбөрийг “Э-” ХХК нь хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 126,940,000 төгрөг гаргуулах.

3.1.Сөрөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э-” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус компанийг А.О- /90 хувь/, А.И- /10 хувь/-ийн хувьцааг тус бүр эзэмшдэг болно. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол гаргаж, үүсгэн байгуулагч А.О- нь өөрийн эзэмшлийн 90 хувийн хувьцааг Сингапур Улсын хуулийн этгээд болох “Г-” компанид худалдахаар шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг үндэлсэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэгч А.О- болон шилжүүлэн авагч “Г-” компанийн хооронд компанийн 90 хувийн хувьцааг шилжүүлэхээр эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн үеэс хойш тасралтгүй гурван жил тус компанийг “Г-” компаниас хууль ёсоор томилсон гүйцэтгэх захирал Терренс Алан Томпсон удирдан явуулж байгаа билээ. Гэтэл хувьцаагаа худалдсан А.О- нь 2020 оны 03 дугаар сард буюу “Э-” ХХК-д хамааралгүй болсон үедээ тус компанийг төлөөлөн, өөрийн төрсөн ах А-тай Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлагчид хуурамч баримт бичиг ашиглан, эвлэрлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03699 дугаартай талуудын эвлэрлийг батлах тухай захирамж гаргуулан авсан байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03699 дугаартай захирамжаар “Э-” ХХК-аас 391,000,000 төгрөг гаргуулж А-т олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг үндэслэн 04035 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 00312 дугаартай албадан гүйцэтгэх хуудас бичүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 20290497 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буйг мэдээгүй бөгөөд “Э-” ХХК-ийн дансыг битүүмжилсний дараа тус асуудлыг мэдсэн болно. Манай байгууллагын зүгээс тус асуудлыг мэдсэн даруйдаа буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хандан тус асуудалтай холбоотой бүхий л нотлох баримтыг гарган өгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03699 дугаартай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар хандсан байдаг. Мөн тус өдрөө шүүхэд хандсан дардастай бичиг болон нийт 62 хуудас нотлох баримтыг хавсарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-т заасны дагуу түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоод гаргасан боловч тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Мөнхбаяр, Золбоо нар нь хуульд заасан үүргээ эс биелүүлж хариу өгөлгүй “Э-” ХХК-ийн данснаас тухайн өдрөө буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 126,940,000 төгрөгийг гарган А-т олгосон байдаг. Шүүхийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М- миний гаргасан хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2020/04861 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03699 дугаартай талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, 04035 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 00312 дугаартай албадан гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгосон болно. Мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 00204 дугаартай тогтоолоор 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн захирамж болох 04861 дугаартай захирамжийг хэвээр үлдээсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь нэгэнт хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн, нэхэмжлэгч “Э-” ХХК-аас 126,940,000 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулан авсан тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх хэмээн заасны дагуу дээрх нэхэмжлэлийг гаргаж буй болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “Э-” ХХК-аас авсан 126,940,000 төгрөгийг хариуцагч А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие “Э-” ХХК-д 430,000,000 төгрөгийг Н.А-гаас зээлдэн авч өгсөн учир “Э-” ХХК болон “М-” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлж авсан байдаг. Гэвч миний Н.А-гаас зээлсэн мөнгийг буцаан төлөөгүй учир би Н.А-д төлөх ёстой мөнгийг өөрөө төлж ирсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 391,000,000 төгрөгийг төлсөн байгаа. “Э-” ХХК-ийн санхүүгийн тайланд “Сан-Арвич аудит” ХХК-аар шалгалт хийлгэхэд 1.3 тэрбум төгрөгийн өртэй гэсэн дүгнэлт гарсан ба энэхүү өр дотор надад өгөх ёстой 430,000,000 төгрөгийн өр тусгагдсан байгаа. Үүнийгээ ч тухайн үед “Э-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан А.О- хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталгаа үйлдэж хүлээн зөвшөөрсөн байдаг учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан Н.А-д төлсөн 391,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг “Э-” ХХК хүлээн зөвшөөрсөн учир эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх тус эвлэрлийг баталгаажуулсан болно. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хариуцагч “Э-” ХХК-аас 126,940,000 төгрөгийг зээлийн төлбөрт гаргуулсан авсан болно. Энэхүү төлбөрийг миний бие нэхэмжлэл гаргахдаа зээлсэн 430,000,000 төгрөгөөс хасаж нэхэмжилсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э-” ХХК-аас 303,060,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,940,000 төгрөгийн болон хариуцагч “Э-” ХХК-ийн хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу авсан 126,940,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,587,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,673,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1.Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргасан билээ. Учир нь дээрх хэргийн шүүх хуралдаан өмнө нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж хойшилсон бөгөөд тус хэргийн шүүх хуралдааныг шүүхийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас товлож хойшлуулсан байдаг. Гэвч шүүхийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр товлогдон шүүх хуралдааныг тодорхойгүй үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цаг болгож өөрчилсөн болно. Төлөөлөгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байсан бөгөөд тус хэргийн шүүх хуралдааны товыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн болно. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 8:30, 10:00, 11:00, 14:00 цагуудаас тус тус шүүх хуралтай байсан тул шүүх хуралдааны хойшлуулах тухай баримт, хүсэлтийн хамтаар шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхийн зүгээс тус нөхцөл байдлыг үл тоон хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдын эрх тэгш мэтгэлцэх нөхцөл боломжийг хязгаарласан

6.2.Хариуцагчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гэрээний дагуу мөнгө хүлээлцсэн төлбөрийн баримтуудыг гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүхийн зүгээс удаа дараа хангаж шийдвэрлэсэн байдаг. “М-” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр холбогдох байгууллагаас гэрээний биелэлттэй холбоотой тайлбар ирүүлсэн хэдий ч мөнгө хүлээлцсэн төлбөрийн баримтуудыг ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шүүхийн зүгээс тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг тул хэдэн төгрөгөөр хэрхэн яаж төлж барагдуулсан эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй. Мөн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн гэх баримттай хариуцагчийн  төлөөлөгч, өмгөөлөгч нарыг танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

6.3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болж буй 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байдаг. Тус гэрээний эхний нүүр нь 2.4 гэж дуусдаг бөгөөд хоёр дахь нүүр нь 7.2.5 хэмээн эхэлдэг болно. Гэтэл худалдах худалдан авах гэрээ хэмээн эхэлсэн тухайн баримт 2 дахь нүүрний 7.2.5 дах хэсгээс эд хөрөнгө хөлслөх өөр гэрээний асуудал тусгасан /бүрэн бус, тодорхойгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт байхад шүүхийн зүгээс хэт нэг талыг барьж мэтгэлцэгч нөгөө талыг оролцуулалгүйгээр тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдсэн нь үндэслэлгүй. Худалдах, худалдан авах гэрээний 2.1-т гэрээний үнийг 1,117,055,504.27 төгрөг хэмээн тохиролцсон байх боловч “М-” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичигт гэрээний үнийг 1,375,639,251.99 төгрөг хэмээн тодорхойлсон нь хоорондоо зөрүүтэй байгааг шүүхийн зүгээс тодруулалгүйгээр 1,117,055,504 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ хэмээн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Мөн талууд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэмээн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн баталгаа гэх баримтад дурдсан боловч дээрх баримт нь хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, хэзээний ямар гэрээний дагуу ямар үүрэг үүссэн ба энэ нь бүрэн бодитойгоор хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, бүрэн нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг шууд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байдаг. Хэрэгт авагдсан “Сан-Арвич аудит” ХХК-ийн аудитын тайлан нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйл 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Өр төлбөр нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн нэхэмжлэгч А-т төлөх өр төлбөр нь богино болон урт хугацааны өр төлбөрийн алинд нь хэрхэн хамаарч байгаа, ямар баримтаар нотлогдсон эсэхийг шүүхийн зүгээс тогтоогоогүй байж хариуцагч нь нэхэмжлэгчид өртэй, тус төлбөрийг төлөх үүрэгтэй хэмээн шууд таамаг, төсөөллөөр дүгнэж буй нь үндэслэлгүй юм. Учир нь богино болон урт хугацааны өр төлбөрт А-т төлөх төлбөр гэсэн үг, өгүүлбэр, утга санаа байхгүй байхад шүүхийн зүгээс хийсвэрлэн дүгнэлт хийсэн бөгөөд манай компанийн зүгээс нэхэмжлэгчид төлөх өр төлбөр байхгүй болно. “Э-” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч асан А.О- нь өөрийн төрсөн ах А-т “Баталгаа” гэх баримтыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдэж өгсөн байх хэдий ч тус баталгааг хувьцаагаа худалдах үедээ худалдан авагч “Г-” компанид мэдэгдээгүй тул гэрээний 5.2-т заасны дагуу дээрх төлбөрийг худалдагч А.О- нь хариуцах үүрэгтэй юм. Мөн Отгонболд нь “Э-” ХХК-ийн тамгатай цаасыг олноор хадгалдаг байсан тул тухайн баталгаа гэх баримтыг шүүхэд зориулж сүүлд үйлдсэн байх бүрэн боломжтой юм.

6.4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит байдал дээр нэхэмжлэгч А- нь хариуцагч “Э- “ХХК-д 430,000,000 төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй бөгөөд хамгийн анх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд А- нь өргөдөл гаргахдаа 391,000,000 төгрөг шаардаж байсан болох нь харагддаг. Түүнчлэн, шүүхээс талуудын хооронд 430,000,000 төгрөг зээлсэн гэж дүгнэсэн хэдий ч зээлийн төлбөрийг хүлээн авсан гэх “Мах импекс” ХХК болон “М-” ХХК-ийн зүгээс 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 360,000,000 төгрөг шилжүүлэн авсан хэмээн тайлбарладаг болно. Мөн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Н.А-гийн Хаан банкны данснаас “Мах импекс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд “Алтанхуягийн зээлийн үлдэгдэл төлбөрт зээл олгов” гэх утга бүхий 360,000,000 төгрөгийн шилжүүлэг нь нэхэмжлэгч А-аас “Э-” ХХК-д зээл олгосон гэж үзэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд “...Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна ...” гэж хуульчилсан бөгөөд тухайн гүйлгээний баримтын утгаас харвал “Э-” ХХК бус харин А- нь “М-” ХХК-д зээлийн өртэй гэсэн утга харагддаг. Цаашлаад хэрэгт авагдсан ямар ч нотлох баримтаар “Э-” ХХК нь А-аас 430,000,000 төгрөгийн зээл авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхад 430,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж буй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн болно.

6.5.Сөрөг шаардлагын тухайд төлбөр гаргуулах тухай шийдвэрийг ах, дүү хоёр нөхцөл байдлыг төөрөгдүүлж шүүхээр гаргуулсан тодорхой болсон тул тухайн шүүгч өөрөө хүчингүй болгосон байдаг ба нэгэнт төлбөр гаргуулах тухай шийдвэр хүчингүй болсон тул тухайн шийдвэрийн дагуу гаргуулсан төлбөр нь үндэслэлгүйгээр гаргуулсан хууль зүйн үр дагавар үүснэ. Гэтэл “төлбөрийг төлүүлсэн шийдвэр цуцлагдаагүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэгч талын эрх ашигт үйлчлэх зорилгоор хийсэн илэрхий үндэслэлгүй дүгнэлт мэт харагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийг шилжүүлсэн арга хэмжээг хүчингүй болгуулах тухай ойлголт яригдахгүй юм. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болсон шийдвэрийн дагуу авсан төлбөрийг төлбөр төлөгчид буцаан олгох тухай ойлголт яригдах юм. Гэтэл шүүхийн зүгээс хуулийн өөрийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

6.6.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тул хөөн хэлэлцэх хугацааны тухайд дурдах нь зүйтэй. Аливаа иргэний эрх зүйн харилцаа хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд нэхэмжлэгч А-ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тодруулбал нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд шүүхийн дүгнээд буй шиг талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн харилцаа үүссэн гэж үзвэл Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр 4-5 удаа шүүх хуралдаан хойшилсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөр Г.О-, Г.Ж- нарыг авсан гэдэг боловч нэг ч удаа хэргийн материалтай танилцаж байгаагүй. Шүүх хуралдаан зарлахаар шүүх хуралдаан давхацсан гэдэг хүсэлт ирүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн материалтай танилцаж, мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэх хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сард гаргасан байдаг боловч 2021 оны 12 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацаанд Г.О-, Г.Ж- өмгөөлөгч нар нэг ч удаа хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Хэргийг шийдвэрлэхийн өмнөх шүүх хуралдаан буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан Г.О- өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшилсон. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр удаа дараа шүүх хуралдаан хойшлоод байгаа учраас талуудаас шүүх хуралдаантай эсэхийг асууж байгаад товлох талаар хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааныг товлох гэсэн боловч Г.О- өмгөөлөгчийн утас холбогдхгүй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 12 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд шүүх хуралдаангүй гэдэг тайлбараа хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг талуудаас шүүх хуралдаантай эсэхийг тодруулж байгаад энэ өдөр шүүх хуралдааныг товлосон. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байсан. Г.О- өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн. Уг шүүх хуралдаан нь хэзээ товлогдсон эсэх нь тодорхойгүй байдаг. Өмгөөлөгч нарын зүгээс өмнө нь товлогдсон шүүх хуралдаандаа ордог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг гэсэн гомдол үндэслэлгүй. Хариуцагч талаас асууж байгаад шүүх хуралдааныг товлосон. Н.А-гаас мөнгө зээлээд 430,000,000 төгрөг зээлээд Э- ХХК-ийн өр төлбөрт суутгуулахаар М- ХХК руу шилжүүлсэн талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө М- ХХК болон М- ХХК-аас мөнгө хүлээлцсэн төлбөрийн баримтыг ирүүлсэн байдаг. 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр М- ХХК болон Э- ХХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн нь хэд байх нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Н.А-гаас М- ХХК болон М- ХХК-руу шилжүүлсэн 430,000,000 төгрөг нь гэрээний төлбөр мөн эсэхийг тодруулах хүсэлт гаргасан. Гэрээний нийт дүн хэд байсан, хэзээ, хэдэн төгрөг шилжүүлсэн гэдэг талаарх баримтуудыг гаргуулах хүсэлт гаргаагүй. М- ХХК болон М- ХХК-аас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө шүүхэд ирүүлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 454,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 126,940,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

3.Анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохигчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд дараагийн хуралдааны товыг шүүх хуралдааны тэмдэглэлд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минут гэж, шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамжид 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут гэж тус тус зөрүүтэй тусгасан байна. /хх-ийн 235-238-р тал/. Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болох тухай хурлын товд гарын үсгээ зурсан байтал анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж, тэдгээрийн мэтгэлцэх эрхийг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-ийн 239-р тал/

Тодруулбал, шүүх хуралдааны тов өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх “өмнө зарлагдсан шүүх хуралдаанд түрүүлж орох үүрэгтэй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт нийцээгүй. Энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т  заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн нотлох баримттай хариуцагч тал танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй юм. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-д 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан байх боловч үүнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудыг түүнд танилцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. /хх-ийн 207-р тал/

4.Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын бусад үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/00027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,465,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.НЯМБАЗАР

 

                                            ШҮҮГЧИД                              А.МӨНХЗУЛ                  

 

                                                                                           Г.ДАВААДОРЖ