Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 101/2021/05398/И |
Дугаар | 210/МА2022/00624 |
Огноо | 2022-04-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2022/00624
О.М-, О.О- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00371 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.М-, О.О- нарын хариуцагч М.Х-ид холбогдуулан гаргасан 1,656,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: 1,656,000 төгрөг гаргуулах тухай.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч О.О-, О.М- нар нь хариуцагч М.Х-тэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 35 дугаар байрны 3 тоот хаягт орших орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн. Бид гэрээ байгуулахдаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг түүнээс авч, үлдэх төлбөрийг орон сууцны ипотекийн зээлээр санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч М.Х- нь банкнаас орон сууцны зээл олгох шалгуур, нөхцөлийг хангаагүйн улмаас талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан. Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус орон сууцанд нүүж орсноос хойш 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 13 сар амьдарсан. Бид хариуцагчид холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл орон сууцанд амьдарч байсан 10 сарын төлбөрт 4,000,000.00 төгрөгийг авахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч М.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уг орон сууцанд амьдарсан тул түүнээс 3 сарын төлбөрт 1,200,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч М.Х- нь орон сууцанд засвар хийхдээ дотор талын 2 ширхэг хаалгыг шинээр сольсон байсан. Гэвч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байрыг шилжүүлэн авахад эдгээр хаалгууд солигдоогүй буюу хуучнаараа байсан. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03219 тоот шийдвэр гарахаас өмнө шинэ хаалганы зураг өгч, нотлох баримт бүрдүүлэн хаалганы мөнгө гэж 456,000 төгрөгийг авсан боловч шүүхийн шийдвэрийн дараа хаалгыг буцаан сольсон байсан. Иймээс хаалганы үнэ 456,000 төгрөг, нийт 1,656,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч О.М-ээр дамжуулан ипотекийн зээлд хамрагдах нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч нартай 2018 оны 12 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2019 оны 05 дугаар сард “Чингис хаан банк” ХХК-аас зээлийнхээ талаар лавлахад таны зээл манай зээлийн хорооны хурлаар батлагдаагүй байна гэсэн. Намайг энэ тухай нэхэмжлэгч О.М-эд хэлэхэд чи нэг жил хүлээчих, жилийн дараа зээлийг чинь найдвартай гаргаж өгье гэсэн тул итгээд хүлээхээр шийдэж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардсан боловч нэхэмжлэгч О.М- нь хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар энэ хугацаанд миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд асар их хохирол учирсан тул бид нарын хооронд маргаан үүсч, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03219 тоот шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Ийнхүү тус маргаан дуусч нэгэнтээ хэрэг хаагдсан болно. Би, анхнаасаа орон сууц түрээслэх, хөлслөх зорилготой байгаагүй, харин худалдан авахаар тохирсон байсан. Миний бие хаалганы мөнгө 456,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөхийг зөвшөөрч байна, харин түрээсийн төлбөрийг өгөхгүй. Би нэхэмжлэгч О.М-, О.О- нартай 2019 оны 12 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулсан болохоос Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул эрх зүйн хоёр өөр зохицуулалт бүхий үр дагавар үүсгэх гэрээ болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Шүүхээр шийдвэрлэгдсэн харилцааг шинээр сэргээх буюу үйл баримтыг дахин дүгнэх, хэлэлцэхийг хуулиар хориглосон байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэс болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч М.Х-ээс 456,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М-, О.О- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч О.М- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны маргааныг шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гурван сарын хугацааны маргааныг холбогдох нотлох баримт, үзлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, баримт зэргээр нотлогдож байхад шийдвэр гаргасан шүүгч хүүль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй хууль бус шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгчдийн зүгээс гаргасан нэхэмжлэл, тайлбар түүнийг нотлох баримт, төлбөр төлсөн баримт, гар утсанд хийсэн үзлэг, хариуцагчийн тайлбар, бодит байдал зэргийг мэдүүлсээр байтал анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон дүнд хууль зүйн үндэслэлээ гаргаж чадаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно. Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний бие түрээс төлөх үндэслэлгүй бөгөөд О.М-ийн “...ипотекийн зээлийг өөрөө бүтээж өгнө, асуудалгүй” гэж хэлсэн ба үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч О.М-, О.О- нар нь хариуцагч М.Х-ид холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол буюу орон сууцыг ашигласны төлбөрт 1,200,000 төгрөг, хаалганы үнэ 456,000 төгрөг, нийт 1,656,000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2а.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “талууд орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан боловч хариуцагч М.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл орон сууцыг ашигласан, иймд зах зээлийн жишиг үнээр тооцож 3 сарын төлбөрт 1,200,000 төгрөг гаргуулна, мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрээр хаалганы үнийг гаргуулан авсан боловч тус хаалгаа өөрөө авсан тул 456,000 төгрөгийг тус тус гаргуулна” гэсэн бол хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч “нэхэмжлэгч нар нь өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул орон сууцыг чөлөөлж өгөөгүй, хаалганы үнэ 456,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэж тайлбарласан байна. /хх-ийн 89-р тал/
3.Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.М-, О.О- нар нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 22 дугаар байр, 2 давхрын 48,83 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 83,011,000 төгрөгөөр худалдах, хариуцагч М.Х- нь төлбөрийг үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар нь орон сууцны эзэмшлийг хариуцагч М.Х-ид шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 57-60-р тал/
4.Мөн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн байна.
4а.Зохигчид дээрх байдлаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч М.Х- нь ипотекийн зээлд хамрагдаж чадаагүйн улмаас талууд гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон. М.Х- нь О.О-, О.М- нарт холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 11,717,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, О.О-, О.М- нар нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 7,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03219 дугаар шийдвэрээр О.М-, О.О- нараас 6,347,800 төгрөг гаргуулан М.Х-ид олгож, нэхэмжлэлээс 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, М.Х-ээс 4,000,000 төгрөг гаргуулан О.М-, О.О- нарт олгож, сөрөг нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 6-14-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй юм.
5.Хаалганы үнэ 456,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг төлбөрийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03219 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх боловч хариуцагч М.Х- нь тус мөнгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд хариуцагч М.Х-ээс 456,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М-, О.О- нарт олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
5а.Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу орон сууцыг 3 сар ашигласны төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч М.Х- нь дээрх төлбөрийг төлөхөөс татгалзсан үндэслэлээ “нэхэмжлэгч О.М-, О.О- нар нь өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрөө төлөхгүй байсан учраас орон сууцыг чөлөөлөөгүй, мөнгийг төлмөгц орон сууцыг чөлөөлсөн” гэж тайлбарлажээ. /хх-ийн 89-р тал/. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дах хэсэгт “Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.М-, О.О- нар нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүйтэй холбоотойгоор орон сууцыг чөлөөлөөгүйд хариуцагч М.Х-ийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч О.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ Г.ДАВААДОРЖ