| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0128/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 132
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Халх овогт Хадбаатарын Энхбаатарт холбогдох 1831001310111 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 3, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 07-04 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин ажилтай, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-нд засварчин ажилтай, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 688 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Халх овогт Хадбаатарын Энхбаатар /РД:МЛ88042831/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Энхбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ны ажлын байранд Л.Содномдаржаатай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Хохирогч Л.Содномдаржаагийн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тэр өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өдрийн хоолонд орчихоод ажлынхаа өрөөнд ирсэн чинь ажлын байрны цоож эвдэрсэн байсан. Тэгээд яваад ортол тэр дотор Энхбаатар, Энхтөр нар байсан. Тэгээд “яагаад цоож эвдэлсэн юм бэ” гэхэд Энхбаатар “цоожийг чинь одоо ээлжээр авчруулъя” гэсэн. Тэгэхээр нь би Энхбаатарт хандаж “чи яахаараа хүний цоож эвддэг юм бэ” гэхэд Энхбаатар босч ирээд хэрэлдээд, бид хоёр заамдалцаж, барьцалдах үед Энхтөр салгасан. Тэгсэн Энхбаатар намайг хажуунаас нэг удаа мөргөсөн, тэгээд ширээ налж унахдаа Энхбаатарын хөлнөөс зуураад унахад Энхбаатар миний цээжин хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гадаа гараад гар утсандаа өөрийнхөө нүүрийг хараад буцаж ороод “чи яахаараа намайг ингэж зодож, цохидог юм бэ, би яасан юм, хоёулаа дарга нар дээр очиж уулзая, би эндээс гаръяа% чи бид хоёр хамтарч ажиллаж чадахгүй юм байна” гэж Энхбаатарт хэлсэн. Тэгээд Энхбаатар “чи матаач, намайг дарга нарт очиж хэл” гээд бид хоёр гадаа гарч явна, явахгүй гэж зууралдаад зогсож байтал Энхбаатар эргэж хараад миний уруул, шүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамар, амнаас цус гараад Энхбаатар цааш явж, би араас нь очиж дарга нар луу орж уулзацгаасан тийм зүйл болсон. . .нааш цааш явсан зардлаа гаргуулж авмаар байна. . .гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/
2.Гэрч Ш.Энхтөрийн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Тухайн өдөр хоол идчихээд цахилгааны байранд хэвтэх гээд яваад ортол Энхбаатар тэнд хэвтэж байсан. Тэгээд удалгүй гаднаас Содномдаржаа орж ирсэн. Тэгээд Содоо “цоож хэн эвдчихсэн юм бэ” пизда гэх мэтээр уурлаад байсан. Тэгсэн Энхбаатар “би ээлжээр цоож авчруулъя” гэсэн чинь хараагаад л чанга дуугараад алхаж яваад ширээн дээр байсан цоожийг Содномдаржаа аваад ханлуу шидсэн байх, тэгсэн Энхбаатар босож ирээд маргалдаж, заамдалцаад гаднаас орж ирээд дахин хараагаад л чанга дуугаар дуугараад дахин зууралдаад маргалдаж байгаад Содоо, Энхбаатар хоёр гадаа гарчихаад гадаа маргалдаад байсан. Тэгээд л би гадуур ажил руугаа явсан. Энхбаатар Содоогийн нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Зууралдаад Содоо газарт унасан. Салах үед Энхбаатар Содоогийн цээж хавьд нь 1 удаа өшиглөсөн....гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/
3. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Л.Содномдаржаагийн биед дух, хацар зулгаралт, уруул язарсан шарх, цус хурсан, хиймэл үүдэн шүд бага зэрэг хөдөлсөн. Зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-р хуудас/
4.Яллагдагч Х.Энхбаатарын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өгсөн.....Тухайн өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, өдрийн цайгаа учихаад цахилгааны засварчны байранд хэсэг амрах гээл очиход, цоожтой байхаар нь цоожийг нь эвдэж ороод хэвтэж байсан чинь гаднаас Л.Содномдаржаа орж ирээд надад хандаж “ чи яагаад хаалганы цоож эвдчихсэн юм бэ?” гээд уурлаад ширээн дээр байсан цоожийг аваад хана руу шидээд үглээд уурлаад байхаар нь би Л.Содномдаржаад хандаж “чи үглэж байхаар гараач” гэсэн чинь “чи намайг нохой шиг хөөлөө” гээд уурлахаар нь би босч ирээд яагаад байгаа юм бэ? гээд бид 2 барилцаж авсан. Тэгсэн Л.Содномдаржаа миний хувцаснаас зуураад миний хоолойг боохоор нь гарыг нь тавиулаад түүний нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн. Тэгсэн хажууд байсан Энхтөр бид хоёрыг салгаад Л.Содномдаржааг гаргасан. Тэгсэн Л.Содномдаржаа удалгүй гаднаас орж ирээд надад хандаж “чи ямар овоо пязда вэ?” гээд над руу дайрч давшилаад байхаар нь дахин барилцаж аваад зууралдаад Л.Содномдаржааг газарт унахад цээж хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд хажууд байсан Энхтөр салгаад Л.Содномдаржаа бид хоёр гадаа байж байгаад би буцаж орж ирээд байж байтал Л.Содномдаржаа гаднаас орж ирээд надад хандаж “Энхбаатараа би өргөдлөө өгье, энд ингэж чамд дээрэлхүүлж байхаар” гээд байхаар нь бм Л.Содномдаржаад “за хоёулаа хамт гаръя, дарга нар руу явъя” гээд гадаа гараад Л.Содномдаржаагийн хувцаснаас зуураад явах гэхэд Л.Содномдаржаа “тавь” гээд гар цохиход нь би эргэж хараад Л.Содномдаржаагийн нүүр шүд хэсэгт нь 1 удаа гараараа цохьсон. Тэгээд бид нар салцгаагаад би цааш явсан. ....гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Халх овогт овгийн Хадбаатарын Энхбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ны ажлын байранд Л.Содномдаржаатай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох браимтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Х.Энхбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ны ажлын байрны гадна цоожийг сугалж орсноос үүдэн Л.Содномдаржаатай маргалдаж түүнийг мөргөж, биед нь дух, хацар зулгаралт, уруул язарсан шарх, цус хурсан, хиймэл үүдэн шүдийг нь хөдөлгөсөн мөн зөөлөн эдийн няцралтын гэмтэл учруулсан, эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон 720.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг бэлнээр хохирогчид төлсөн ба үлдэгдэл 320.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Х.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов. Шүүгдэгч Х.Энхбаатараас хохирогч Л.Содномдаржаад эмчилгээний зардлаас төлөгдөөгүй үлдсэн 320.000 төгрөгийг гаргуулж олгохоор шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Халх овгийн Хадбаатарын Энхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хадбаатарын Энхбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан Х.Энхбаатар нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч Л.Содномдаржаад 400.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Хадбаатарын Энхбаатараас 320.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Содномдаржаад олгосугай.
7.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ