Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 2119002380224 |
Дугаар | 2024/ДШМ/46 |
Огноо | 2024-09-30 |
Зүйл хэсэг | 11.2.1., |
Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/46
Д.А, Ц.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Дашням,
Хохирогч: С.Т /зайнаас цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Г,
Шүүгдэгч Д.А өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Ц.А өмгөөлөгч: С.Шинэбаяр,
Шүүгдэгч Д.А Ц.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолтой эс зөвшөөрч гаргасан Ц.А өмгөөлөгч С.Шинэбаяр, шүүгдэгч Д.А нарын гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Д.А, Ц.Анарт холбогдох 2119002380224 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Д.А,
Ц.А,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ... нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн *багийн нутаг дэвсгэр, * тоотод иргэн С.Т зодож бие махбодод нь баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч: “...хоёулаа буруутай.” гэж дүгнэжээ.
5.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.А, шүүгдэгч Ц.А нарыг тус бүрийг 6 /зургаа/ жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Ц.А нарт оногдуулсан тус бүрийг 6 /зургаа/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А цагдан хоригдсон 251 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А 23.520.000 төгрөг, Ц.А 23.520.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Дорноговь аймаг * тоотод оршин суух, ... олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
6.Шүүгдэгч Д.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч С.Т маргалдаж гэмтэл учруулсан ба мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас хойш үнэн зөв мэдүүлж, хэргээ хүлээж ирсэн. Гэтэл уг хэрэгт хамаагүй иргэн болох Амгалантай бүлэглэж үйлдсэн гэх зүйлчлэл миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би ямар нэгэн байдлаар Амгалантай бүлэглэж хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй, бүлэглэж хэрэг үйлдээгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.” гэв.
7.Шүүгдэгч Ц.А өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хэрэгт Ц.А оролцсон эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн объектив болон субъектив талын шинж Ц.А үйлдлээр тогтоогдохгүй, Ц.А хувьд Т нүдийг гэмтээе, хүнд гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго байдаггүй. Мөн Ц.А үйлдлийн улмаас Т гэмтэл учирсан гэхэд үүсэх нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан баримтууд цуглараагүй байдаг, Т хамгийн анх өгсөн мэдүүлэг дээр Амгалан гэх залуу миний цээж рүү цохисон. Би тухайн үед доошоо унасан. Тухайн залуугаас уучлал гуйгаад байж байтал Д.А гүйж ирээд миний баруун нүд рүү өшиглөсөн гээд мөн Т сүүлд дахин өгсөн мэдүүлэг дээр Ц.А бид 2 Д.А гэрийн үүд хэсэгт хамт байсан. С том өрөөний үүдэнд зогсож байсан. Цаана нь том өрөөнд Д.А байсан гэсэн мэдүүлэг. Мөн гэрч С Ц.А ах ариун цэврийн өрөөний хавьд ирээд Т гэдэс рүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Т эвхрээд газар унасан. Удалгүй босож ирээд хаалганы тэр хавьд сууж байхад нь Д.А том өрөөнөөс босож ирээд Төмөрхуягийн нүүр рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан Д.А мэдүүлэг байгаа. Т чанга хашхираад байсан. Тэгэхээр нь би тэсэхгүй том өрөөний үүдний хэсэг рүү гарч очиход хашхираад үүдний хаалганы бариулын хажууд сууж байхаар нь одоо боллоо гээд Т нүүрний хэсэгт баруун хөлөөрөө хөл нүцгэн 1 удаа өшиглөхөд Т босоод харилаа гэхээр нь хаалгаа нээгээд С хүргэж өг гээд явуулсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нүдний хараагүйдэл гэмтэл учирсан, гэмтэл нь 1 удаагийн үйлдлийн улмаас учирсан байна. Мөн Д.А гэрийн схем зургийг сүүлд хэрэгт авч хийсэн байгаа. Энэ схем зургаас харахад Ц.А, Т нарын байсан гэсэн газрыг Д.А харах боломжгүй. Д.А нөгөө өрөөндөө буйдан дээр сууж байсан. Ц.А Т цохиод тэрнээс хойш Тбосоод уучлалт гуйгаад хаалга налаад сууж байх үед нь ирж Д.А өшиглөсөн байгаа. Тэгэхээр Ц.А Т хоёрын хооронд болсон үл ойлголцол буюу цээж рүү нь цохих үйлдэл дуусаад уучлал гуйгаад босоод цаана сууж байсны дараа буюу эхний үйлдэл төгссөний дараа Д.А ирж Т өшиглөсөн байгаа юм. Тэгэхээр эдгээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад хэсэг хугацааны дараа Д.А өшиглөсний улмаас Т нүдэнд хүнд гэмтэл учраад байгаа. Тэгэхээс Ц.А, Д.А 2 нийлж зодсоны улмаас энэ хүний биед гэмтэл учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Мөн Д.А Т өшиглөсөн үйлдэлд Ц.А бүлэглэн оролцсон гээд байгаа нь үндэслэлгүй, Ц.А үйлдлээр Т нүдэнд зориуд тэр гэмтлийг санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй, миний үйлчлүүлэгч Ц.А үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй хуульд байгаа тул Ц.А цагаатгаж өгнө үү.” гэв.
8. Шүүгдэгч Д.А өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.А өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж оролцож байна. 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үү? 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үү гэдэг дээр ялгаатай хандах ёстой байсан. Анхан шатны шүүх бүлэглэж үйлдсэн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл Д.А муудахаас өмнө Ц.А хохирогч муудаад тэр үйл явдал нь дуусаад уучлалт гуйгаад байж байхад дараагийн үйлдэл нь Д.А үйлдэл болж нүдэнд нь гэмтэл учирсан ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан байдлаар тогтоогдож байгаа юм. Иймд бүлэглэж үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэдэг байр сууриа давж заалдах шатны шүүхэд илэрхийлж байна. 2 дугаарт нь хохирлыг гаргасан. Хохирлыг гаргахдаа 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хохирогчид нөхөн төлбөр олгох тухай хуулиар хохирол, төлбөр гаргуулсан байдаг. 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хохирогч болон энгийн иргэд, хууль сахиулах байгууллагын хохиролд оруулсан хуульд заасан хохирлыг гаргуулах тухай хуулийг бариад шүүгдэгч нараас хохирогчид нөхөн төлбөл гаргуулах шийдвэр гарсан. Хэрвээ энэ хуулиар шийдвэрлэнэ гэж үзвэл хохирлыг энэ хуульд зааснаар төрөөс гаргах ёстой. Хохирол төлбөрийн асуудлыг 2009 оны хуулиар шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ гэж үзэж байгаа.” гэв.
9.Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ хэргийн талаар хууль зүйн дүгнэлтийг маш тодорхой хэлсэн. Мөн бичгээр гаргаж өгсөн байгаа. Энэ үндсэн дээр анхан шатны шүүх бол хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Давж заалдах шатанд гаргасан өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гомдолтой танилцсан. Сая гол агуулгыг нь сонслоо. Гол агуулга нь бүлэглэн үйлдээгүй гэж үзэж байна гэж би ойлгож байна. Учир нь бүлэглэн гүйцэтгэх гэдэг нь үгсэн тохиролцсон байхаас гадна үйлдлээрээ нэгдсэн байхыг багтаасан эрүүгийн эрх зүйн тогтсон ойлголт. Нэгэнт Улсын дээд шүүхийн тайлбар тогтоолуудад заачихсан практикт нэг мөр болчихсон ойлголт дээр маргаад байх нь утгагүй зүйл гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн нийлж хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан бөгөөд энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг. Өмнө нь энэ хэргийг бүлэглэн үйлдсэн талаар миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гомдлыг хангаж, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд асуудал шийдэгдээд ирсэн гэж ойлгож байгаа. Гэтэл дахин энэ асуудлыг нурших нь бас илүүц гэж бодож байна. Зөвхөн өмгөөлөгч нарын нь хувьд зарим зүйлийг хүсэж байна. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа үйлдэл, санаа нь бүлэглэн үйлдээгүй, цаг хугацааны хувьд завсардалттай, хохиролтой шууд шалтгаант холбоо байхгүй гэсэн санааг хэлээд байх шиг байгаа юм. Гэвч энэ тийм хэрэг биш. Хавтаст хэргийг бүхэлд нь үзэхээр хэдийгээр 2 шүүгдэгч энэ хэрэгт холбоотой юм шиг боловч 1 объектод халдсан, нэгдмэл 1 хор уршигтай гэмт хэрэг. Энийг эрүүгийн эрх зүйн онолын ямар ч ном, сурах бичиг, дээд шүүхийн тайлбарыг аваад үзэхэд ойлгомжтой. Харин энэ хүмүүс зөвхөн энэ 2 хүний үйлдлийг цаг хугацааны хувьд салгасан байдлаар тус тусад нь дүгнүүлэх гэж л оролдож байгаа явдал нь хуульчийнхаа хувьд ч гэсэн зохимжгүй үйлдэл. Хэргийн объектив нөхцөл байдлыг аваад үзвэл 1 гэмт хэрэг гэж харагдана уу гэхээс 2 өөр гэмт хэрэг гэж харагддаггүй. Өөрөөр хэлэх юм бол нэгдмэл хор уршгийг хувааж болохгүй. Өөрөөр хэлбэл нэг газарт нэг цаг хугацаанд нэгдмэл 1 хор уршгийг бий болгосон 2 буюу түүнээс дээш этгээдүүдийн үйлдэл, оролцоо байгаа учраас бүлэглэн гүйцэтгэсэн гэж зүйлчилж хүндрүүлсэн. Энэ нь онолын болон практикийн хувьд бүрэн үндэслэлтэй дүгнэлт болж чадсан. Энэ шинж чанараараа зүйлчлэлийг өөрчлөх, эсвэл үйл явдлыг хувиргах боломж хавтаст хэргийн хүрээнд байхгүй байна. 2 дугаарт хохирлын асуудал ярилаа. Хохирлын асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Адилхан ардын хүүхдүүд учраас заавал хөдөлмөр эрхлэлтийн доод хэмжээгээр хүндрүүлж хохирол нэхэмжилж яах вэ? гэдгээ онцолж хэлж байгаад 40,000,000 гаруй төгрөгийг гаргасан. ...Гэхдээ хэрэгт наанатай цаанатай хандаж асуудлыг зөв тодорхойлох нь зүйтэй байсан учраас 2008 оны хуулийг хэрэглэсэн. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг шүүх эшлээгүй боловч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан миний өмгөөллийн дүгнэлтэд Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбар нь бүгдээрээ байгаа. Нөгөө талдаа Ц.А гэдэг хүн нүүр нүд рүү өшиглөсөн гэж маргаагүй. Бид өшиглөсөн ч гэж хэлээгүй. Заавал Ц.А өшиглөсөн байхыг хууль бас шаардаагүй юм. Иймд өшиглөсөн, өшиглөөгүй гэдэг энэ хэргийн гол зангилаа биш. А хохирогч руу халдсан, зөрүүлээд халдсан халдлагын улмаас хохирогч цохиулсан, биеэ хамгаалах чадваргүй болсон буюу эсэргүүцэх боломжгүй болсон үед нь Д.А үргэлжлүүлээд нүд рүү нь өшиглөөд хараагүй л болчихож байгаа юм. Иймээс хоорондоо туйлын шалтгаант холбоотой. Нэг цаг хугацаанд нэг үргэлжилсэн газарт хэд хэдэн этгээдийн үйлдлийн улмаас нэгдмэл 1 хор уршиг учирсан гэмт хэрэг байгаа юм. Тэгэхээр энэ талынх нь агуулгаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж анхан шатын шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал оруулж байна.” гэв.
10.Хохирогч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох маш их хүсэлтэй байсан. Би Биеийн тамир спортын газар волейболын дасгалжуулагч хийдэг юм. Тэмцээнтэй болчихлоо гээд шүүгчийн туслахад хэлсэн. Хүүхдүүд авч явж байгаа болохоор өөрөө түрүүлээд явчихаж болсонгүй. Энэ хүмүүс нүүр нүүрээ харвал арай гайгүй байдаг юм. Би энэ дээр тайлбар хэлье. Би өмнө нь ч хэлж байсан. Аймхайдаад уучлалт гуйгаад байж байгаа минутыг нь уртасгаад байгаа юм. Анх намайг шоконд орчихсон байхад мэдүүлэг авсан цагдаа, прокурор нь ч байхгүй. Тэгээд би гайхаад байдаг. Намайг юу ч мэдэхгүй байхад цагдаа нь ойлгомжтой хэрэг гэчхээд дараа нь миний мэдүүлэг дээр тоглолт хийж байгаа юм шиг байгаад байсан. Би өмнөх шүүх хурал дээр ч хэлсэн. Хүн аймхайдуулаад хэдэн минут суудаг юм бэ? Тэр хугацаанд ирээд өшиглөсөн. Бас гэрийн бүдүүвч зураг байгаа. Олон тайлбарлаж өгсөн. 2 метр хүрэхгүй газар байсан. Хүн 2 алхаад ирээд өшиглөсөн. Тэр хугацааг 5-10 минут байсан юм шиг л яриад байх юм. Бараг 2 минут хүрэхээргүй хурдан явагдсан зүйл шүү дээ. Хойноос татаж унагаагаад элэгдүүлээд уначихсан байхад ирээд өшиглөсөн. Босоогоороо байж байхад 1 ч удаа А тийм үйлдэл ч гаргаагүй. Өөдөөс юм хэлээгүй. Наад хүмүүст чинь эр хүний ноён нуруу байдаг бол хэлмээр байгаа юм. Уг нь хэлэх ёстой. Нүүр нүүрээ харж байгаад А хэлмээр байгаа юм. Үнэн юм үнэнээрээ л сайхан” гэв.
11.Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч С.Т өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.А түүний биед халдаж цохисон бөгөөд бусдын бие махбодод халдах хууль бус гэдгийг хүн хангалттай ухамсарлах боломжтой. Ингэснээрээ өөрийнхөө үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж мэдэж байсан хэр нь санаатайгаар тухайн үйлдлийг хийж байгаа дээр гэм буруугийн санаатай хэлбэрийг хангаж байна гэж үзэж байна. Мөн Ц.А С.Т цохиж зодож, газарт унагасан улмаар Д.А түүний нүүр рүү өшиглөж байгаа үйлдэл дээр ямар учир шалтгаанаар нэг эрх ашигт буюу нэг хүний бие махбодод халдаад байна гэхээр тэдгээрийн өгсөн мэдүүлэг дээр С.Т агсам согтуу тавьж байсан. Тийм учраас энэ дээр аль аль нь эгдүүцэж дургүйцэж байсан гэдгээ илэрхийлсэн байдаг. Ингэснээр энэ 2 хүний С.Т халдаж байгаа шалтгаан буюу санаа сэдэл нь нэг эрх ашигт тогтоод халдаж, бие биеийнхээ гэмт санааг дэмжсэн үйлдлүүд байгаа гэдэг нь санаа сэдлээрээ энэ хүмүүс нэгдсэн байна гэдэг нь харагдаж байгаа.
Энэ хэргийн тухайд Ц.А үйлдлийн улмаас хохирогчийг эсэргүүцэх үйлдэл үзүүлэх боломжгүй болгон араас нь Д.А түүнд шүүгдэгч Ц.А адил санаа сэдлээр халдаж байгаагаараа бие биеийнхээ үйлдлийг дэмжиж байгаа үйлдлээрээ нэгдэж байгаа. Мөн дээрээс нь эрх ашигт халдаж байгаа санаа сэдлээр нэгдэж байгаа учраас бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А болон Ц.А өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ц.А өмгөөлөгч С.Шинэбаяр, шүүгдэгч Д.А нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлуудыг хангахаар шийдвэрлэлээ.
1.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.А, Ц.А нарыг бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн * тоотод иргэн С.Т зодож, бие махбодод нь баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
2.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А, Ц.А нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд хорих ял оногдуулжээ.
3.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, шүүгдэгч Ц.А өмгөөлөгч С.Шинэбаяр нараас давж заалдах гомдол гаргасан.
4.Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахын тулд шүүхээс хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой байх ёстой. Харин энэхүү шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
5.Тодруулбал хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.А гэрт, хохирогч С.Т нар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хохирогчийн зүгээс тухайн айлын энд, тэндгүй нулимж, шүлсээ хаяж, агсарснаас тэд хоорондоо маргалдаж, ноцолдсон, үүний дараа гаднаас шүүгдэгч Ц.А, гэрч Н.С нар орж ирсэн ба хохирогчийн зүгээс дахин зохисгүй байдал гаргахад шүүгдэгч Ц.А түүний гэдэс рүү баруун гараараа 1 удаа цохисон, хохирогч босож ирээд хаалганы хавьд сууж байхад нь Д.А түүний нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж, түүнд баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулжээ.
Тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Н.С“...Д.А баруун хөлөөрөө хохирогчийн нүүр лүү 1 удаа өшиглөсөн” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж, мэдүүлсэн байх ба шүүгдэгч Д.А, Ц.Анараас мөн адил мэдүүлгийг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Мөн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт болон Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэснээс дүгнэхэд шүүгдэгч Д.А, Ц.А нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирлыг санаатай учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж үзэх гэмт хэргийн шинжид нийцэхгүй байх буюу прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “...шүүгдэгч нар энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн болон мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэсэн хэргийн зүйлчлэлд тохирсонгүй.
Шийтгэх тогтоолд ч мөн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын алинд нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нийцэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэжээ.
Тиймээс шүүгдэгч Д.А, Ц.А нарыг хамтран “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж үзэх үндэслэлгүй харин шүүгдэгч Д.А үйлдлийг, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй.
5.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Хохирогчид нөхөн олговор олгох” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг үндэслэн, 2021 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 47,040,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж, хохирогчид олгохоор” дүгнэн, тогтоох хэсэгт Эрүүгийн хууль болон Иргэний хуулийн зүйл, заалтыг баримтлан дээр дурдсан мөнгөн дүнг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”-д хамаарч байна.
2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Хохирогчид нөхөн олговор олгох” тухай хуулийн зорилтоос үзэхэд энэ хууль нь “2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагч /цаашид "төрийн тусгай албан хаагч" гэх/, хуулийн этгээдэд нөхөх олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан байх тул хохирогчид учирсан гэм хорыг арилгахтай холбоотой асуудлыг энэ хуульд үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн энэ хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах буюу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардалтай холбоотой нотлох баримтгүй байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ц.А холбогдох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил хорих ял оногдуулах,” мөн хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой зайлшгүй зардлыг холбогдох баримтын үндсэн дээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх гэж тус тус өөрчлөлт оруулахаар, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Эрхэмбаяраас “... хоёулаа гэм буруутай” гэсэн нь шүүгдэгч Ц.А тухайд хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байх ба харин шүүгдэгч Д.А тухайд гэм буруутай талаарх дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.
9.Эдгээр дурдсан нөхцөл байдал нь хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл мөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.А, Ц.А нарыг шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг хэрэгсэхгүй болгож”,
“Шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А 3 /гурван/ жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А оногдуулсан 3 /гурван/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
5 дугаар заалтыг “Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж,
6 дугаар заалтыг “Хохирогч С.Т өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой зайлшгүй зардлыг холбогдох баримтын үндсэн дээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.” гэж,
7 дугаар заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлуудыг хангасугай.
2.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.А цагдан хоригдсон 36 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ц.А 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
А.САЙНТӨГС