Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 135

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

      Прокурор                                                  М.Энхбаатар

      Нарийн бичгийн дарга                        Б.Мөнхзул нар  оролцов.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Цагааны Мөнхдөлд холбогдох 1831001340119 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар саын 05-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 28 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь  Сум дундын 1 дүгээр шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Боржигон овогт Цагааны Мөнхдөл /РД:МН-87080578/

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч  Ц.Мөнхдөл нь 2018 оны 05 дугаар сарын 02-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 28 тоотод орших өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Оюунгэрэлийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ц.Мөнхдөлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:...2018 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ эхнэртэйгээ маргалдсан. Муудалцах болсон шалтгаан нь гэр бүлийн хардалтын асуудал, ээжтэйгээ сар гаруй яриагүй байсны улмаас болсон. Тэрэндээ бухимдаад муудалцсан ..... гэв.

2.Хохирогч Н.Оюунгэрэлийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ц.Мөнхдөл нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01 цагийн үед орж ирээд “Чи их тайван унтаж байна аа, би чамаас болж ээжтэйгаа бүтэн сар ярисангүй, өнөө шөнө би чамайг ална” гээд хутга хайгаад байсан. Би хутгаа архи уучихсан байхаар нь архи уухаараа хутга барьж дайрдаг болохоор нь хутгаа нуучихсан байсан. Би айгаад аавынх руугаа явлаа гэхэд түлхэж унагаагаад нүүр рүү мөргөсөн. Тухайн үед мөргөхөд гайгүй байсан. Маргааш нь хамар дээгүүр өвчин орж хавдсан. Нилээн удаан тайвшруулах гэж үзсэн боловч тайвшраагүй. Ширээгээ авч шидээд толгой руу олон удаа цохисон. Би явлаа гэхэд яв гэсэн. Би гэрээс гүйж гараад дотуур хувцастайгаа нүцгэн байсан болохоор хашаанаасаа гарч чадалгүй зогсож байхад миний араас ирээд гэр рүү чирч оруулсан. Бид хоёр гэрт ороход хэрүүл хийж ээж рүүгээ залгаад хашгираад байсан. “Би энэ хүүхнээс болж бүтэн нэг сар ярьсангүй, энэ хүүхнийг өнөө шөнө ална” гэхэд ээж нь “чи яах гэж архи уудаг юм бэ?” гэхээр нь би уйлсан. Ээж нь сонсож байгаад утсаа салгасан. Ээжтэйгээ ярьчихаад гэртээ орилж хашгирч байгаад гараад явахаар нь би гэрийнхээ цонхоор гарч зугтаасан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 7 дугаар хуудас/

3.Гэрч О.Алтанцэцэгийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай байр нийтийн зориулалттай байр. Манай хажуу талын айлын хүмүүс 2018 оны 05 дугаар сарын эхээр, хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Шөнө намайг унтаж байхад эрэгтэй хүн чанга чанга дугараад эмэгтэйтэйгээ хэрэлдээд байгаа бололтой сонсогдсон. Тэгснээ эмэгтэй нь уйлаад байсан. Тэгээд чанга дуугараад 30-40 минут болсон. Тэгэж байхад хэн нэгэн гараад явах шиг болсон. Хаалга үүд нь дугараад байсан.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/

4.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №190 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Н.Оюунгэрэлийн биед бугалга, хэвлий, гуяанд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

5.Шүүгдэгч Ц.Мөнхдөлийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар  мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн орчих байхаа гэртээ орсон. Тэгэхэд манай эхнэр Н.Оюунгэрэл буйдан дээрээ унтаж байхад нь сэрээгээд, бид 2 зэрэгцэж сууж байгаад тухайн үед жаахан архи ууж халамцсан байсан болохоор “чи ер нь яах гэж намайг хардаж сэрдэж, элдвээр дээрэлхэж зовоож байдаг юм бэ? чамаас болж ажил төрлөө ч хийж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр миний өөдөөс хэрэлдэж маргалдаагүй. Миний өвөр дээр суугаад намайг аргадаж  “би дахиж тэгж хэрүүл маргаан хийхгүй, хардаж сэрдэхгүй” гэж хэлж байсан. Тэгээд би босох гээд өндийхөд Н.Оюунгэрэл бас өндийсөн. Тэгэхэд бид 2 санаандгүй мөргөлдчихсөн юм. Тэгээд би босоод уурандаа буйдангийн дэргэд байдаг жижиг ширээгээ өшиглөөд  “чи миний ээж рүү утасдаж намайг элдвээр хэлж буруу ойлголт өгдөг” гэж хэлсэн чинь Оюунгэрэл би гарлаа, аавынх руугаа явлаа гэхэд нь “би чамайг гаргахгүй” гэж хэлээд буйдан дээр суулгасан. Тэгээд би ээж рүүгээ утасдаж ээжтэйгээ өөрийнхөө амьдрал ахуйн талаар болон эхнэрийнхээ хардалт , сэрдэлтийн талаар ярьсан. Тэр үед эхнэр гэрээс гарсан байсан ба би араас нь гэрээсээ гарахад Оюунгэрэл хашаан дотроо зогсож байсан ба би Оюунгэрэлийг гэр рүүгээ оръё гээд гараас нь татаж оруулах гэтэл Оюунгэрэл газар унасан. Тэгээд босоод бид 2 хамт гэртээ ороод Н.Оюунгэрэлд чи, явж байхаар би явъя гээд би гэрээсээ гараад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг болно.

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогтой Цагааны Мөнхдөлийг 2018 оны 05 дугаар сарын 02-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 28 тоотод орших өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Оюунгэрэлийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Учир нь: Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ц.Мөнхдөл нь 2018 оны 05 дугаар сарын 02-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 28 тоотод орших өөрийн гэртээ согтуу орж ирээд өөрийн хамтран амьдрагч Н.Оюунгэрэлийг  “Чи их тайван унтаж байна аа, би чамаас болж ээжтэйгаа бүтэн сар ярьсангүй, өнөө шөнө би чамайг ална” гээд хутга хайж байснаа ннүрэн тус газар нь мөргөж, улмаар чирч гулдарч биед нь бугалга, хэвлий, гуяанд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл  учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг шүүгдэгчийн  тогтоогдсон байна. 

      Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Ц.Мөнхдөлийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.    

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогтой Цагааны Мөнхдөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цагааны Мөнхдөлийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор барагдуулсан байхаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ялтан Ц.Мөнхдөл нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ