Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

  

 

 

О.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Ц.Цэрэндулам,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолтой эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдсан гомдол болон прокурорын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч О.Б холбогдох 2319000080312 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Б

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Б нь Дорноговь аймгийн * зам дээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед * улсын дугаартай Санота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн “3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Ц мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ял оногдуулахыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

шүүгдэгч О.Б оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ц нарт олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч О.Б давж заалдсан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх ялаар сольж, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж гэсний 1 жил гэж өөрчилж өгнө үү.” гэжээ.

6.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...О.Б холбогдох хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалт "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэсэн боловч хэргийн оролцогч нарт гардуулж өгсөн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад "...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж" гэж зөрүүтэй бичиж, хуулийг ноцтой зөрчсөн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Б гаргасан гомдол болон прокурор Ц.Цэрэндуламын гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараахь үндэслэлээр гомдол болон прокурорын эсэргүүцлийг хангаж,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, үзвэл:

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч О.Б “*улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ явган зорчигч Ч.Ц мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй байх ба шүүгдэгч О.Б согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Ч.Ц мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

3.Анхан шатны шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, шүүгдэгч О.Б согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

4.Харин  шүүх хуралдаанд шүүгчээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...шүүгдэгч О.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж” гэж уншиж, сонсгосон атлаа хэргийн оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж” гэж зөрүүтэй бичсэн нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байх тул үүнийг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарна.   

Мөн шүүгдэгч О.Б Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хохирогч явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хүртэл хугацаагаар тэнсэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, энэ үндэслэлээр прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлыг тус тус хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилж

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч О.Батаад тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай” гэж,

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай” гэж нэмж,

5 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй." гэж өөрчилж,

6 дугаар заалтын “...1 жил 06 сарын...” гэсний “...06 сарын...” гэснийг хасаж, тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дугаар заалтыг 4, 5, 6, 7, 8, 9, 10,11 гэж дугаарлан тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор эсэргүүцэл, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

 

       ШҮҮГЧИД                                  Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС