Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 110/ШШ2026/0057

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “А” ХХК,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч,

Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг  хураах хуудас”,  “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0957916 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгох, 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихэр гаргуулах”  тухай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагчаас гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг  хураах хуудас”,  “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0957916 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгох, 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн ширхэг гаргуулах”-аар маргажээ.

2. Дээрх шийдвэрүүд нь “Ахтолхын” ХХК-ийг  “хүнс  импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон” зөрчил гаргасан гэж үзэж,  Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж,  зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн гэх 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихрийг  хураасан агуулгатай байна.

3. Зөрчлийн холбогдогчоос 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан гомдолдоо үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:

3.1. “А” ХХК нь Бүгд Найрамдах Узбекистан Улсаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, Монгол Улсын Цагааннуур боомт дахь гаалийн хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. Энэхүү импортлох хүнс Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Гаалийн тухай хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан байгаа. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.Л нь манай компанийн импортолж буй хүнсний бүтээгдэхүүн дотроос 472 284 төгрөгийн үнэтэй, 540 ширхэг буюу 15 хайрцаг амтат зөөлөн чихрийн хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх шаардлагыг хангахгүй гэж үзэж, хураан авч, улмаар маргаан бүхий актаар 10 000 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Манай компанийн бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг болон үүнд хавсаргасан баримт бичгээс үзвэл хураагдсан 15 хайрцаг бүхий амтат зөөлөн чихэр 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн бөгөөд 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хадгалах хугацаа нь дуусах юм байна.

Өөрөөр хэлбэл, 540 ширхэг буюу 15 хайрцаг бүхий амтат зөөлөн чихрийн хадгалах хугацааны гуравны хоёр нь өнгөрөөгүй байхад хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.Л нь маргаан бүхий актаар 540 ширхэг буюу 15 хайрцаг бүхий амтат зөөлөн чихрийг хураан авч, улмаар маргаан бүхий актаар манай компанийг 10,000,000 төгрөгөөр торгосон нь хууль бус юм гэжээ.

4. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Компанийн бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримт бичгээс үзвэл хураагдсан 15 хайрцаг бүхий амтат зөөлөн чихэр нь 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн ба 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хадгалах хугацаа нь дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, уг хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааны гуравны хоёр нь өнгөрөөгүй байхад хариуцагчаас маргаан бүхий актаар 540 ширхэг буюу 15 хайрцаг бүхий амтат зөөлөн чихрийг хураан авч, улмаар маргаан бүхий актаар компанийг 10  000 000 төгрөгөөр торгосон нь хууль бус гэж үзэж байгаа.

 Тэгэхээр 2025 оны 08 дугаар  сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хадгалах хугацаа 2026 оны 8 дугаар  сарын 12-ны өдөр дуусна гэвэл нийт 12 сарын хугацаанд хүнсний гаралтай бүтээгдэхүүн хадгалагдах ёстой юм байна. 12 сарын гуравны хоёр нь 8 сар юм байна. 2025 оны 8 дугаар  сарын 12-ны өдрөөс 8 сарыг нэмэх юм бол 2026 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 8 сарын хугацаа болох юм байна. Монгол Улсад энэхүү бараа 2026 оны 04 дүгээр  сарын 07-ны өдөр нэвтэрсэн гэвэл Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д заасан хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх гэсэн хугацаа өнгөрөөгүй байхад гаалийн улсын байцаагч барааг хураан авч,улмаар компанийг 10 000 000 төгрөгөөр торгож байгаа нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь хэсгийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.2. 2026 оны 04  дүгээр сарын 07-ны өдөр 12 сарын хугацааны  гуравны хоёр нь  хэтэрсэн гэсэн үндэслэлээс өөр үндэслэл зааж энэхүү барааг хурааж аваагүй, эсхүл өөр үндэслэл зааж компанийг 10 000 000 төгрөгөөр торгоогүй, зөвхөн ганцхан үндэслэлээр буюу Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр арга хэмжээ авагдсан байдаг. Иймээс өнөөдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий хоёр актын хуулийн үндэслэлийг хянуулахаар байгаа.

Энэхүү акт гарсны дараа хариуцагч талаас хурааж авсан бараа бүтээгдэхүүн хортой байсан, эсвэл хортой байсан байж болзошгүй хүнсний нэмэлт  найрлагад нь орсон байж магадгүй гэж өөрөөр тайлбарлаж болохгүй.Шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагчийн төлөөлөгч гаалийн улсын байцаагч З.Л байр сууринаас  биш гаалийн ахлах байцаагчийн байр сууринаас тайлбар хэлээд байх шиг байна.  Уг нь улсын байцаагч З.Л итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүднээс тэр хүний гаргасан шийдвэрийн өмнөөс тухайн шийдвэрээ хамгаалаад тайлбар хэлэх ёстой  байсан боловч өөр этгээдийн буюу ахлах байцаагчийн байр сууринаас тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн улсын байцаагч нь холбогдогчоос “Импортоор оруулж ирж буй хүнсний бараа бүтээгдэхүүн нь хадгалах хугацааны гуравны хоёр нь хангаж байх ёстой гэдгийг та мэдэж байгаа юу? Ийм зөрчил гаргаснаа та зөвшөөрч байгаа юу?” гэдэг л асуулт асуугаад, энэ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь харагдаж байна. Өөр үндэслэл байсан гэдгийг ямар нотлох баримтаар хэлээд байгаа вэ? Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудал яригдах ёстой гэж үзэж байна.

4.3. “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-т “Маягт №4”, “Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт” гэж, уг баримтын хуулийн үндэслэл дээр “Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4.3, 7.3,  Гаалийн тухай хуулийн 290.2-т заасан үндэслэлээр бараа, тээврийн хэрэгслийг хураав.” гэсэн байна. Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байхгүй. Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлд бараа бүтээгдэхүүн хураах тухай зохицуулалт байхгүй. Тэгэхээр акт алдаатай, хууль зүйн үндэслэлгүй байна гэдгийг нэмэлтээр хэлье гэв.

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1.Тус Гаалийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч З.Л миний бие газрын даргын баталсан ажил гүйцэтгэх хуваарийн дагуу Цагааннуур хилийн боомтод ажиллах хугацаандаа 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “А” ХХК-ийн Бүгд Найрамдах Узбекистан Улсаас импортоор оруулж ирсэн нийт 14.7 тонн хүнсний бараа бүтээгдэхүүнд гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн. Хяналт шалгалтын явцад гаальд мэдүүлсэн 15 хайрцаг, нийт 540 ширхэг амтат зөөлөн чихрийн хадгалах хугацааны гуравны хоёр нь өнгөрсөн гэж үзэн 001572 дугаартай хураах хуудсыг үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн торгуулийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Уг зөрчлийг тухайн үед “А” ХХК-ийн захирал Т.С хүлээн зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.

5.2. Тус компаниас шүүхэд гаргасан гомдолдоо хураагдсан амтат зөөлөн чихэр нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хадгалах хугацаа дуусах тул хугацаа дуусаагүй байхад хууль бусаар хураасан гэсэн тайлбарыг гаргасан байна. Миний хувьд эрх хэмжээний хүрээнд гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зарчмыг баримталсан. Тухайн бараа нь нийт 12 сарын хадгалах хугацаатай бөгөөд шалгалт хийх үед 8 сар нь өнгөрч, хадгалах хугацааны гуравны хоёрт хүрэхэд ердөө 4-5 хоног дутуу байсан. Иймд хадгалах хугацааны гуравны хоёр нь үндсэндээ ашиглагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд барааны эрсдэлийн үнэлгээний хувьд хилээр нэвтрүүлэх боломжит хугацаа дууссан гэж дүгнэх нөхцөл бүрдсэн гэж үзсэн болно.

5.3. Үлдэж буй 4 сарын хугацаанд уг бараа нь тээвэрлэлт, хадгалалт, худалдааны дамжлага дамжин хэрэглэгчийн гарт хүрэх явцад хугацаа дуусах, чанар алдагдах эрсдэл өндөртэй. Иймд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс эрсдэлтэй бүтээгдэхүүн гэж үнэлсэн. Мөн хадгалах хугацааны гуравны хоёр нь өнгөрсөн гэж үзсэн болно. Иймд Гаалийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн гэж үзнэ гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Улсын хилээр бараа тээврийн хэрэгсэл нэвтрэх үед гаалийн хяналтыг бид  хэрэгжүүлэхдээ эрсдэл тооцож, эрсдэлийг суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажилладаг.  Ингэхдээ тухайн бараа бүтээгдэхүүнийг гаальд мэдүүлэхдээ гаалийн байгууллагууд автоматжуулсан цахим  “CAIS” системийг ашигладаг ба уг систем нь хүний оролцоогүйгээр тухайн аж ахуйн нэгжийн барааны эрсдэлийг тооцож гаргаж ирдэг. Тэгэхээр тухайн 04 дүгээр сарын 04-ний өдөр системд мэдүүлэнгүүт “улаан” төлөв сонгогдсон учраас бид энэ барааг хилийн боомтод бичиг баримт болон биет үзлэг шалгалтыг хийх үндэслэл гарсан. Тэгээд тухайн ээлжид байгаа гаалийн улсын байцаагч З.Л, хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийсэн.

6.2. Хяналт шалгалт хийх явцад тухайн бараа бүтээгдэхүүний гуравны хоёр нь  хүчинтэй байх хугацаа хэтэрсэн гэж үзэхээр эрсдэлийг тооцож байгаа. Энэ дээр хэдийгээр өмгөөлөгчийн хэлснээр тав хоног дутуу байгаа, 8 сар болоогүй ч гэсэн цаашлаад хэрэглэгчийн гарт нь очиж, нэг мөр хэрэглээд дуусах хүртэл барааны эрсдэл дагуулж байгаа гэж үзэж байгаа. Ямар эрсдэл байгаа гэхээр нэгэнт хадгалах хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй байдаг. Учир нь, хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн дээр нян, мөөгөнцөр үржих, химийн найрлага өөрчлөгдөх, хорт бодис үүсэх зэрэг нь хугацаа нь дууссан бүтээгдэхүүн дээр эрс илэрдэг. Энэ нь хоолны хордлого үүсгэх, ходоод гэдэсний эмгэг бий болгох, дархлаа сулруулах, мөн амь насанд аюул учруулах зэрэг эрсдэлүүдийг дагуулсан учраас бид гуравны хоёр нь хүчинтэй байх хугацаагаар тоолох юм бол тав хоног дутуу байсан ч гэсэн цаашдын эрсдэлийг тооцсоны үндсэн дээр хураах шийдвэр гаргасан.

6.3. Тухайн хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго дээр “Е331” гэсэн тэмдэглэгээ байгаа, энэ нь тухайн хугацааг уртасгах зориулалтаар тухайн бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Гэхдээ 0-1000 хүртэлх “Е” тэмдэглэгээтэй хүнсний нэмэлт хэрэглэдэг, үүнийг аль хүнсэнд  хэрэглэх ёстой вэ гэдгийг бас манай Монгол Улсын хууль журам, тушаалуудаар тогтоож өгсөн байгаа. Хүнсний нэмэлт гэдэг нь дангаар хүнсний бүтээгдэхүүн болж чаддаггүй, зөвхөн хүнсэнд нэмэлт болгож ашигладаг. Энэ нь Хүнсний тухай хууль дээр томьёолол нь тодорхойлогдсон байдаг. Тухайн хүнсний бүтээгдэхүүн дээр хадгалах хугацааг уртасгах, “Е331” гэсэн нэмэлт бодисыг ашиглахыг зөвшөөрөөгүй байна. Бусад төрлийн зөвшөөрөгдөх хэмжээний бодисуудыг зааж өгсөн. Мөн хүнсний нэмэлт стандарт гэж байгаа, үүнд “Е331” дүгээр нэмэлт бодисыг ашиглахыг зөвшөөрөөгүй байна. Мөн хугацаа хэтэрсэн, “Е” тэмдэглэгээтэй бодис агуулсан гэх бараа бүтээгдэхүүн нь ялангуяа, бага насны хүүхдүүд хэрэглэхээр хүнс болж байгаа. Энэ нь шүд цооролт, хүүхдийн таргалалт, судасны өвчлөл үүсгэх аюултай хүнс болохыг бас хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн улсын хилээр нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний эрсдэлийг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоол байгаа. Уг тогтоол дээр тухайн бараа бүтээгдэхүүний хүний биед хүн, мал амьтны биед нөлөөлөх нөлөөллөөр нь тогтоож өгсөн. Тэгэхээр хүнийг өвчлүүлэх гэдэг их эрсдэлтэй, хүнд, мал амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх гэдгээрээ дунд эрсдэлтэй. Тухайн бүтээгдэхүүн хугацаа хэтэрсэн, мөн “Е” тэмдэглэгээтэй хүнсний нэмэлт агуулсан байгаа. Тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа манай байцаагч зөвхөн хугацаа хэтэрсэнтэй холбогдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад тэмдэглэл дээр нь тусгасан байна. Уг нь тухайн хүнсний бүтээгдэхүүний хүнсний нэмэлт агуулсан байдлыг давхар тусгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэг мөр зохицуулж бичих ёстой байсан гэдэг дээр санал нэг байна. Хүнсний бүтээгдэхүүний нэмэлт байгааг тухайн хаяг, шошго нь нотолж байгаа учраас зөрчлийн хоёр заалтыг тусгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах нь зүйтэй байсан. Энэ нөхцөл байдлыг шүүхээс авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

6.4 Анх “Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас”  нь  2011 оны А/679 дүгээр маягт, заавар батлах тухай Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан байдаг. Үүнийг сүүлдээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 239 дүгээр Гаалийн ерөнхий газрын даргын цахим бүртгэлд шилжүүлэх тухай тушаалаар хүчингүй болгосон. Гэхдээ манай байцаагч хүчингүй болсон актыг үйлдсэн, уг актыг ашигласан нь буруу болжээ. Гэвч бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цахим систем дээр хураах хуудсыг үйлдсэн, үүнийг хэргийн баримтад бас хавсаргахаар өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0957916 дугаартай шийтгэлийн хуудсаар “А” ХХК нь 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихрийг импортолсон зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар  10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 540 ширхэг амтат зөөлөн чихрийг хураах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

1.1. Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд, гаалийн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг  хураах хуудас”-ыг давхар үйлдэж, нийт  472 284 төгрөгийн үнэ бүхий 15 хайрцаг буюу 540 амтат зөөлөн чихрийг хураасныг тэмдэглэсэн байх ба уг баримт нь Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дугаартай “Маягт, заавар батлах тухай” тушаалаар батлагдсан “Маягт№4” бүхий “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас” байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дугаартай тушаал нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх санхүүгийн маягт болон тооцоо, тайлангийн баримт бичгийг боловсронгуй болгох, түүнд тавих хяналтыг оновчтой зохион байгуулах зорилгоор “Гаалийн бүрдүүлэлт, санхүүгийн үйл ажиллагаанд хөтлөгдөх маягтын загвар, маягт түүнийг бүрдүүлэх заавар”-ыг тус тус баталсан агуулгатай байх ба уг тушаалыг Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/239 дугаартай “Цахим бүртгэлд шилжүүлэх тухай” тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

  Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болсон Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дугаартай тушаалаар батлагдсан “Маягт№4” бүхий “Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас”-ыг үйлдсэн нь буруу гэх гомдол гаргагч талын маргаан үндэслэлтэй байх боловч Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дугаартай тушаалын агуулгаас үзэхэд “Маягт№4” бүхий “Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас” нь захиргааны актын шинжийг агуулаагүй, харин шийтгэлийн хуудсаар зөрчилтэй гэх хүнсний бүтээгдэхүүнийг хураах албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;”, 54.3-т “Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана: 54.3.1.энэ хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй;” гэж заасныг баримтлан гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг  хураах хуудас”-ыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсэг үндэслэлтэй байна.

3. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ”Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно”, 11.2-т “Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 11.2.3-т “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх;” гэж тус тус заасан.

4. Монгол Усад бүртгэлтэй “А” ХХК нь гадаад худалдааны гэрээний дагуу Бүгд Найрамдах Узбекистан Улсаас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 2026 оны 08 дугаар сарын 12 өдөр хүртэл хадгалах хугацаатай 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихрийг  2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаалийн хилээр импортлон оруулж ирсэн нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

5. Хүнсний тухай хуулийн 11.2.3-т заасан импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх гэснийг тухайн хүнсний бүтэгдэхүүнийг импортлох үед хадгалах хугацааны гуравны хоёр нь өнгөрөөгүй байхыг ойлгох бөгөөд  “А” ХХК нь 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихрийг  2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр импортлох үед 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс нэг жилийн хадгалах хугацаатай уг хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааны 7 сар, 24 хоног нь өнгөрсөн буюу хадгалах хугацааны гуравны нэг нь хүчинтэй байжээ.

            6. Иймд гомдол гаргагчийн дээрх хүнсний бүтээгдэхүүн нь хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх хуулийн шаардлагыг хангасан   гэх маргаан нь үндэслэлгүй байна.

7. Иймд эрх бүхий албан тушаалтнаас уг зөрчлийг тогтоож, “А” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, уг шийдвэр нь  Зөрчлийн тухай хуулийн  1.3 дугаар зүйлийн  1-д заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохирсон байх зохицуулалт болон 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “...тухайн хүнсний бүтээгдэхүүн нь хадгалах хугацааг уртасгах “Е331” гэсэн хүнсний нэмэлт бодисыг агуулсан байна. “Хүнсний нэмэлт стандарт”-аар  “Е331” хүнсний нэмэлт бодисыг ашиглахыг зөвшөөрөөгүй. Манай гаалийн улсын байцаагч уг нь тухайн хүнсний бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт агуулсан байдлыг давхар шалгаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэг мөр явуулах ёстой байсан, гэвч хүнсний бүтээгдэхүүний нэмэлт агуулсан байгаа нь барааны хаяг, шошго нь нотолж байгаа учраас энэ нөхцөл байдлыг шүүхээс авч хэлэлцэх нь зүйтэй.” гэх тайлбарыг гаргасан боловч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материалаас үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх маргаан нь шийтгэлийн хуудасны үндэслэл биш байна. Түүнчлэн тухайн бүтээгдэхүүн нь зөвшөөрөөгдөөгүй хүнсний нэмэлт агуулсан гэх зөрчилтэй холбоотой асуудлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас шалгаагүй, энэ талаарх баримтууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдаагүй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй, шийтгэлийн хуудасны үндэслэлд үл хамаарах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдгээр маргаан нь үндэслэлгүй байна.

9. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн  2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл,албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана. Тайлбар: "Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно.” гэж заасан.

10. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх ерөнхий зохицуулалтыг тусгай ангийн зөрчил тус бүрийн онцлогтой хамааруулж, зөрчлийн шинж байдалд тохируулж хэрэглэх үүрэгтэй.

10.1. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “хүнс импортлоход тавигдах шаардлага зөрчсөн” зөрчилд тооцогдох үйлдлийг ерөнхий байдлаар тодорхойлсон, өөрөөр хэлбэл Хүнсний тухай хуульд заасан хүнс импортлоход тавигдах хэд хэдэн шаардлагын алийг нь зөрчсөнөөс хамаарч хуульд заасан албадлагын арга хэмжээ авах нөхцөлд тухайн бараа хамаарах эсэхийг зөв тодорхойлсны үндсэн дээр уг арга хэмжээг хэрэглэхээр байна.

10.2. “А” ХХК нь 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дээрх хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн хилээр нэвтрүүлэх үед уг барааны хадгалах хугацаа дуусаагүй, 4 сар 5 хоногийн хугацаа үлдсэн нь тогтоогдож байна.

10.3. Үүнээс үзвэл тухайн бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөл, гадаад худалдааны гэрээний дагуу худалдан авч импортолсон, хадгалах  хугацаа нь 4 сар 5 хоног үлдсэн буюу хэрэглэх, борлуулах боломжит хугацаа үлдсэн байхад хариуцагчаас “хураах” албадлагын арга хэмжээ авсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл,албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

11. Иймээс “А” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0957916 дугаартай шийтгэлийн хуудасны 4 дэх хэсгээр 15 хайрцаг амтат зөөлөн чихрийг хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг хүчингүй болгож, “Ахтолхын” ХХК-ийн гаалийн хилээр  импортлон оруулсан 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихрийг гаргуулж, гомдол гаргагчид олгож, гомдлын шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0001572 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг  хураах хуудас”-ыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1,  3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн  6, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “А” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0957916 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны 4 дэх хэсгийг  хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас 15 хайрцаг буюу 540 ширхэг амтат зөөлөн чихрийг  гаргуулж, “А” ХХК-д олгож,  гомдлын шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.РИЗА