| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/10032/И |
| Дугаар | 191/ШШ2025/04897 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/04897
2025 05 30 191/ШШ2025/04897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Э ******* /регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, А.Х /регистрийн дугаар -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 158,241,454.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Монгол Улсын хуулийн этгээд болох "******* ******* ******* ******* ******* нь иргэн А.тай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2023/012 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-г байгуулж, 130,000,000 (нэг зуун гучин сая) төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, Бизнесийн зориулалттайгаар зээлүүлсэн.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч "******* ******* ******* ******* *******-ийн зүгээс 130,000,000 (Нэг зуун гучин сая) төгрөгийг зээлдэгчийн Хаан банкны 5025607329 тоот дансанд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүрэн шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.
Гэтэл зээлдэгч А. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ, уг гэрээний хавсралт болох "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-т заасан хугацаанд төлж барагдуулахгүй зөрчил үүсгээд байна.
Уг асуудалтай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч А. болон түүний нөхөртэй удаа дараа утсаар холбогдож, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлэхийг шаардсан. Гэвч зээлдэгчийн зүгээс өөрийн зарим үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, түүний орлогоор төлж барагдуулах саналтай байгаа гэх боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үүргээ биелүүлээгүй.
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,782,568.92 төгрөг, хүүд 37,615,531.08 төгрөг, нийт 42,398,100 төгрөг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгдээгүй, 2024.03.19-ний өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн.
Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх мэдэгдлийг 2024.11.07-ны өдөр хүргүүлсэн, үүнийг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэх бөгөөд тэрээр мэдэгдлийг гардаж аваад зээлийг, хүүгийн хамт удахгүй төлнө гэсэн боловч зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй. Үүнээс үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч нь нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байх тул гэрээг цуцлах үндэслэл болсон гэж үзэж байна.
Нэхэмжлэгч "******* ******* ******* *******" *******-ийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "Мэдэгдэх хуудас"-г зээлдэгч А.д хүргүүлсэн боловч тэрээр мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй учир нэхэмжлэгчийн зүгээс түүнтэй байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/012 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-г цуцалж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, хүүнд 26,453,710.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,570,312.99 төгрөг, нийт 158,241,454.28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн хүү 15,129,010.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,025,802,03 төгрөг, нийт 18,154,812.2 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Түүнчлэн, нэхэмжлэгч "******* ******* ******* *******" ******* нь иргэн А.тай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2023/012-01 тоот "Барьцааны гэрээ"-г байгуулж, уг гэрээний дагуу түүний өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай, 001085156 тоот гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, тоот хаягт байрлах 61,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн баталгаанд барьцаалсан.
Уг барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Гэрээний хугацааг зээлдүүлэгчийн санаачлагаар цуцалж байгаа нь нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхийг хязгаарлаж байгаа зүйл биш бөгөөд талууд харилцан тохиролцож зээлийн хүүг хуульд нийцүүлэн тохиролцсон байхад хүүг багасгах тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн барьцаа хөрөнгийг гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцсэн.
Мөн гэрээний хугацаанд эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлбөрөө төлөх үүрэгтэй, гэтэл эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байгааг мэдсээр байтлаа төлбөр төлөөгүй байгаа нь гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлахаас өөр аргагүй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлж байгаа болно.
Иймд, талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан "Барьцаат зээлийн гэрээ"-г цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, зээлийн хүү 41,582,720.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөг, нийт 176,396,266.48 төгрөгийг хариуцагч А.гаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч А. нь дээрх зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд түүнтэй 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 2023/012-01 тоот "Барьцааны гэрээ"-ээр барьцаалсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13335/ Намъяанжу гудамж, 9 дүгээр байрны 47 тоот хаягт байрлах 61,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь татгалзлын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А. миний бие нь тус *******-аас зээл авсан нь үнэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд, мөн эргэн төлөлтийн тухайд маргах зүйлгүй.
Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, 2023.09.13-ны өдрөөс хойш 24 сарын хугацаатай байгуулагдсан гэрээ бөгөөд зээлийн эргэн төлөлтийг бетон зуурмагийн үйлдвэр нь хавар хэвийн ажиллагаанд орсон тохиолдолд төлж барагдуулах бүрэн боломжтой бөгөөд бизнесийн үйл ажиллагаа нь улирлаас хамаарч зогссонтой холбоотой эргэн төлөлт хийгдэхгүй удсан тал байгаа юм.
Уг зээлийг бизнесийн зорилгоор зээлж авсан, зээлийн хүүг сарын 3,5 хувь гэж тогтоосон нь эргэн төлөлтийн хувьд өндөр байгаа нь бизнес эрсдэлд орсон үед хүндрэл үүсгэж байгаа учир хүүг сарын 3,0 хувь болгож багасгаж өгөхийг хүсч байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, хүү 41,582,720.38 төгрөгийг зөвшөөрч байна, харин нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөгийг зөвшөөрөхгүй, мөн байрны тухайд гэр бүлийн хамт амьдрах зориулалттай учир хүндрэлтэй байна гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, ******* ******* ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2023.09.13-ны өдөр байгуулагдсан №2023/012 тоот барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн №2023/012-01 тоот барьцааны гэрээ, барьцаалбар, мэдэгдэх хуудас, зээл эргэн төлөх хуваарь, 2024.11.28-ны өдөр Г.ад олгосон итгэмжлэл, депозит дансны хуулга, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 1-20, 36-40/
3б. Хариуцагчаас ирүүлсэн: А.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025.02.08-ны өдөр Н.т олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хх 24, 32-33/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 158,241,454.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагыг 18,154,812.2 төгрөгөөр ихэсгэж, 176,396,266.48 төгрөг гаргуулах болгосон.
2. Хариуцагч нь зээлийн хүү хэт өндөр тул сарын 3 хувь болгон бууруулах боломжтой, нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Зээлдүүлэгч ******* ******* ******* ******* ******* болон зээлдэгч А. нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр №2023/012 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 130,000,000 төгрөгийг, жилийн сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл, бизнесийн зээл зориулалттай зээлдүүлэх,
зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 11-12/
3б. Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №2023/012-01 дугаар барьцааны гэрээгээр:
А.гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн, хаягт байршилтай 61,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг дээр дурдсан зээлийн үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулжээ. /хх 13-15/
3в. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
3г. Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзнэ.
3д.Үүнээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
4. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл 130,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид олгосон, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2023 оны 10 сараас эхлэн зөрчигдсөн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,782,568.92 төгрөг, хүү 37,615,531.08 төгрөг, нийт 42,398,100 төгрөг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй. /хх 17-18/
5. Талууд зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн талаар маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцсэн байна.
5а. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.
6. Зохигч нь зээлийн гэрээний хугацааг 24 сар гэж тохирсон, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ.
6а. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
6б. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зээлдүүлэгч санаачлан гэрээг цуцлах үндэслэлийг тохиролцсон, 5.2.1-т Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, 5.2.10-т Мэдэгдэлд заасан хугацаа дууссан гэх үндэслэлийг заажээ.
7. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.5-т заасан зээлийн эргэн төлөлт 2023 оны 10 сараас зөрчигдсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг 2024.11.14-ний өдөр зээлдэгчид мэдэгдсэн, ийнхүү мэдэгдснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд зээлдүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна. /хх 16/
7а.Зээлдэгч нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2023 оны 10 сараас гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.10-т тус тус зааснаар гэрээг цуцлах шаардлагыг 2025.03.13-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
8. Хариуцагч нь зээлийн гэрээний хүүг хэт өндөр буюу сарын 3.5 хувь байхаар тохиролцсон нь бизнест эрсдэлд орсон үед хүндрэл үүсгэж байгаа учир хүүг сарын 3,0 хувь болгох, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан.
8а. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болох бөгөөд Банк, эрх бүхий этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх асуудал хамаарах бөгөөд талууд зээлийн хүүг сарын 3.5 хувь байх, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулжээ.
8б. Гэрээний оролцогч нь хуулиар хориглоогүй буюу хуульд заасны дагуу хүү төлөхөөр зээлийн гэрээнд тохиролцсон нь дээр дурдсан хуульд нийцэж байх тул хариуцагчийн тайлбараар тэдний хооронд байгуулагдсан зээлийн хүүг сарын 3.0 хувь болгон тогтоох, түүнчлэн нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй гэж үзнэ.
9.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-тЗээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-тЗээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
9а. Иймд хариуцагч А.гаас үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, зээлийн хүү 41,582,720.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөг, нийт 176,396,266.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож шийдвэрлэв.
10. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйл болох А.гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 133358, Намъяанжу гудамж, 9 дүгээр байр, 47 тоот хаягт байршилтай 61,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул хариуцагч нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул А.гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,268,081 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,268,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, зээлийн хүү 41,582,720.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөг, нийт 176,396,266.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч А. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
А.гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн, тоот хаягт байршилтай 61,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,268,081 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,268,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ