| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03176/И |
| Дугаар | 191/ШШ2025/06299 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/06299
2025 07 25 191/ШШ2025/06299
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: Г.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А *******-д холбогдох,
Гэрээний үүрэгт 37,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Г.******* би "******* *******" *******-тай 2023 оны 03-рсарын 04-ний өдөр №22/089 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ" байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ""******* *******" ******* нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, "Эй Жи Апартмент-2" барилгын 15 давхрын Ё тоотод байрлах 29.76 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулж захиалагч надад хүлээлгэж өгөх, захиалагч миний хувьд орон сууцны 1 мкв-ийн үнийг 1 250 000 төгрөгөөр тооцож 37 200 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн.
Дээрх гэрээнд заасны дагуу захиалагч миний хувьд гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан өдрөө өөрийн "Хаан банк" ХК дахь 5034084293 тоот данснаас хариуцагч байгууллагын "Худалдаа хөгжлийн банк" ХК дахь 426037848 тоот дансруу шилжүүлж үүргээ бүрэн биелүүлсэн.
Хариуцагч нь дээрх орон сууцыг гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 1-р улиралд багтаан барьж дуусган ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй байна.
Мөн гэрээ байгуулах үед барилгын зөвшөөрөлтэй танилцах, холбогдох мэдээллийг өгөхийг шаардсан боловч удахгүй өгнө гэсээр байгаад танилцуулаагүй. Бусад захиалагч нараас сонсоход тус барилгыг барих зөвшөөрөл нь өнөөдрийг хүртэл гараагүй байгаа гэх мэдээлэл бидэнд ирээд байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь барилга авах зөвшөөрөл аваагүй байхдаа бидэнтэй гэрээ байгуулж биднийг хуурсан, уг барилгыг хугацаандаа ашиглалтад оруулах үүргээ биелүүлэхгүй янз бүрийн шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн байна. Нэхэмжлэгч миний хувьд дээрх гэрээний төлбөрийг олох гэж олон жил хөдөлмөрлөж цуглуулсан, тэтгэврийн зээл авч хүү төлсөн зэрэг цаг хугацаа орон байр, төгрөгийн ханшны уналт зэргээс хамаарч маш их хохирол амсаж байна.
Иймд "******* *******" *******-тай гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байх тул 2023.03.04-ны өдөр байгуулсан №22/089 тоот гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 37,200,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэг, хариуцагчийн төлөөлөгч П.******* нарын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч "******* *******" *******-ийн төлөөлөгч П.******* нь нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрээ цуцалж төлбөр 37,200,000 төгрөгийг эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй. Барилгын ажлын явц байгууллагын санхүүгийн боломжоос шалтгаалж 2025 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч "******* *******" *******-д холбогдуулан, гэрээний үүрэгт 37,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******ын гэрээний үүрэгт 37,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "******* *******" ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 37,200,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлөхыг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 37,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 343,950 төгрөгийн тал хувь болох 171,975 төгрөгийг хариуцагч "******* *******" *******, тал хувь болох 171,975 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,950 төгрөгөөс үлдэх 171,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г.*******ын гэрээний үүрэгт 37,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "******* *******" ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 37,200,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч "******* *******" ******* улсын тэмдэгтийн хураамжид 171,975 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 171,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч "******* *******" ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ