Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 136

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

      Улсын яллагч                                          М.Энхбаатар

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Алагчуу овогт Баярсайханы Батзоригт холбогдох 1831001290116 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг Ерөө сумын 2 дугаар баг 9-43 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Алагчуу овогт Баярсайханы Батзориг РД: /МЕ-00242412/

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч  Б.Батзориг нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хуучин зоорь гэх газарт насанд хүрээгүй У.Батмагнайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Батзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:...Тэр  өдөр  найзуудтайгаа таараад  сууж  байтал У.Батмагнай  надад  олон зүйл  яриад  томроод  байхаар  нь  цохичихсон  юм...... гэв.

2.Насанд хүрээгүй хохирогч У.Батмагнайгийн 2018 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... “2018 оны 04 сарын 24 ны өдрийн 12 цагийн үед гэр рүүгээ харичихаад буцаад сургууль руу явж байсан чинь манай ангийн Мөнх-эрдэнэ, Бэх-очир, Түмэнжаргал нар таарсан. Бусад хүүхдийг хэн явсныг сайн санахгүй байна. Тэд нартай Линда дэлгүүрийн гадаа таарахад “хэдүүлээ Батзориг ахын төрсөн өдөрт хамт очоод ирье” гэхээр нь “Анир” гэдэг тоглоомын гадаа очсон. Тэнд Батзориг, Өгөөдэй, Баярсайхан , Золбаяр нар байсан. Тэд нартай уулзаад Батзориг ахад төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Тэгээд би Төрболдтой хамт дэлгүүр яваад Бурмаа эгчийн дэлгүүрээс Сэрүүн гэдэг пиво 2-г аваад нэг Parlament тамхи аваад буцаад нөгөө 4 дээр Анирын хашаанд байхад нь авчирсан юмаа өгөөд бид 2 давталгандаа явсан. Давталга тарсны дараа хуучин ногоон зоорь руу эхлээд очсон. Ангийхантай болон нөгөө ангийн Саранбаатар, Наранбаяр, Жавхлантөгс, Чинчулуун, Чинбаяр нар хамт очсон тэгээд Батзориг ах намайг “чи их зан гаргаад байгаа шүү” гээд зүүн шанаа руу 1 удаа алгадсан. Тэгээд би тэнд байж байгаад яваад өгсөн.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

3.Гэрч Г.Өгөөдэйгийн 2018 оны 04 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант Тосгонд 2018 оны 04 сарын 19-нд волейболын тэмцээнтэй гэхээр нь Улаанбаатар хотоос тэндэрийн тээврийн хэрэгсэлд суугаад шууд Бугант явсан.04 сарын 18 ны өдөр очсон. Тэнд тэмцээн болоод 04 сарын 20нд дуусхад манай баг түрүүлсэн. Би манай эмэгтэй баг машинтай явсан болохоор багтаагүй. Батзориг бид 2 Бугантад үлдсэн маргааш нь Бугантын тээврийн тэндерийн машинд суух гэсэн чинь унтаад бид 2 хоцорсон. Тэгээд найзындаа дахиад нэг хонохоор болоод 2018 оны 04 сарын 24-ний өдөр болтол хоноод тэр өдөр Батзоригийн төрсөн өдөр байсан болохоор бид 2 Бугантын машинд суугаад арын зам дээр бугаад эмээгээ дуудаад машинаар тосуулаад төвд орж ирээд дэлгүүр дээр буугаад байж байхад эмээ намайг хөдөө авч явна гэхээр нь би Батзоригтой буугаад дэлгүүр ороод нэг нэг бэлэн гоймон идсэн. Эмээг айл руу яваад ирэх хооронд нь Батзоигийг чиний төрсөн өдөр юм чинь би хөдөө явахгүй гээд эмээгээсээ цугтаасан. Бид тэндээс гараад Анир тоглоомын газар очсон. Биллиард дээр хүн тоглож байхаар нь ороход Золбаяр, Баярсайхан нар байсан. Мэнд мэдээд би Баярсайхантай тоглож байхад гаднаас 12 дугаар ангийн хүүхдүүд орж ирсэн. Тэд нартай мэнд мэдээд байж байхад тоглоомын газрын хүн “ийм олуулаа орж ирэхгүй та нар гар” гэсэн. Бид нар гараад улаан тоосгон байрны гадаа босгон дээр суусан. Төрболд мөнгө өгсөн. “Хэдэн төгрөг байгаа юм бэ?” гэсэн чинь “24000 төгрөг байгаа” гэсэн. Бид нар мөнгө төгрөг өгөхгүй гэсэн чинь “Сэрүүн гэдэг пиво 2-г аваад нэг Parlament тамхи нэгийг ачирсан. Түүнийг нь аваад Батзориг уугаагүй Баярсайхан, Золбаяр хоёртой нэг пивог уугаад сууж байсан чинь манай эмээ машинтайгаа ирээд авч яваад хоёулаа хөдөө гараад ирье гэхээр нь би машинд нь суусан. Дэлгүүр ороод утас аваадхая гэж хэлээд арын хаалгаар гараад зугтаад нөгөө 3 дээр очсон. Бид 4 цаашаа хурдан яваад хуучин ногоон зоорь руу орсон. Бид үлдсэн нэг пиво хуваагаад уусан.Батзориг намайг утсаа өгөөч гэхээр нь би утсаа өгсөн чинь 12 дугаар ангийн сурагч Чинбаяр руу миний утсаар ангийхаа хүүхдүүдийг дагуулаад хүрээд ир гээд чат бичцэн байсан. Бид нарыг юм уугаад сууж байсан чинь манай сургуулийн хоёр 12 ангийн хүүхдүүд ороод ирсэн. Тэгээд бид нартай мэндлээд Чинчулуун нь яах гээд байгаа нь  мэдэгдэхгүй байхаар нь “чимээгүй бай” гээд эмээтэйгээ утсаар яриад маргааш “би очоод хөрцөнг чинь аваад өгье” гэж хэлээд буцаад ороод ирэхэд Батзориг Чинчулууныг цохисон байхаар нь би “та нар хүүхэд зодохоо боль” гэсэн чинь Баярсайхан, Батзориг нар “хүүхдүүдтэй уулзаад орхиё” гэхээр нь “цохиж нүдэхгүй шүү” гэсэн чинь Баярсайхан Бэх-очирыг аваад, Батзориг болохоор Батмагнай Мөнх-эрдэнэ нарыг аваад явсан. Золбаяр бид 2 үлдсэн хүүхдүүдтэй юм яриад сууж байхад бүгдээрэй гар барилцаад ах дүүс болоод гарч ирсэн.Тэмцээнийг ээжийнхээ хамт сургуулийнхаа аварга шалгуулах ивээн тэтгэх талаар ярьсан. Бүгдээрээ сайн тоголдог болсон байна лээ гэж хэлсэн. Тэгээд байж байхад гадаа машин дугарсан. Төрболд гараад харсан чинь Болдбаяр ах ирсэн байна гээд гарсан чинь Батзоригийн аав Баярсайхан байсан. Тэгээд дотогшоо ороод “хүүхдүүд архи тамхи хэрэглээд байгаа юм биш биз” гэж асуусан чинь хүүхдүүд “үгүй” гэж хэлээд Батзоригийг аваад явсан.Тэгээд бид 3 эмчийн үзлэгтэй гэхээр нь “явцгаа” гээд явуулах гэж байсан чинь Чинбаяр “мөнгө ав” гээд 5000 төгрөг өгсөн. “Зоригоо ахын төрсөн өдөр юм чинь өгчихөөрэй” гэж хэлсэн. Цаанаас Төрболд үлдсэн мөнгөө өгсөн. Нийлээд 14000 төгрөг болсныг надад өгсөн. Тэгээд яваад өгөхөөр нь би баярласанаа хэлээд явуулсан. Бид нар тэндээс гараад Батзоригийн гэрт очоод Батзориг “бие засаад ирье” гээд гэрээсээ цугтаад гарсан. Бид 4 гол руу явах замдаа Нархан гэдэг дэлгүүрээс нийслэл гэдэг пиво аваад гол руу явсан.Гол дээр очоод бид 4 хоёр пиво уусан. Тэгээд Баярсайхан дахиад дэлгүүр яваад ирье гээд эгчээсээ авсан байсан мөнгөөрөө хараа 0,75 архи авчирсан. Түүнийг нь бид 4 хувааж ууж байгаад харанхуй болсон болохоор даарч гал түлсэн. Баяраа “яаж явган явах юм бэ?” гэж дүү рүүгээ яриад мотоцикал дуудсан чинь дүү нь ирээд мотоциклоо өгөөд яваад өгсөн. Батбаяр, Баярсайхан бид 3 сундлаад Золбаяр тасаг явлаа гээд яваад өгсөн. Бид 3 төв рүү орж ирээд явж байхад  Батзоригийн аав Баярсайхан ах араас хөхөөр нь урд талын нарийн хар гудамжаар ороод зугтсан. Баруун талаараа тойроод банкны хашуу талд ирээд зогссон. Би буугаад Бурмаа эгчийн дэлгүүрээс пиво зээлэе гэж очтол дэлгүүр нь хаалттай байсан. Тэгсэн чинь Баярсайхан ах гэнэт гарч ирээд Батзоригийг барьж аваад явахдаа бид хоёрын нэг, нэг мөр рүү цохиод хүүгээ аваад явсан .Бид 2 мотоциклтой дотуур байрны гадаа очсон. Байрнаас Баярсайхан 00 ороод буцаж явсан. Жижиг хүүхдээр Тэлмэн гэдэг охиныг дуудуулсан байсан. Тэр 2 уулзаад зогсож байхаар нь би байрны урд буланд зогсож байгаад чимээ шугиан гараад байхаар нь яваад очиход Цэрэнсамбуу, Хадбаатар нар Баярсайхантай заамдалцаад зогсож байсан. Би “та нар миний найзыг зодох гэж байгаа юм уу?” гэж орилсон чинь Хадбаатар “үгүй” гэсэн. Тэгээд цаанаас Отгонцэцэг багшийн ах Равдан том мод бариад гараад ирсэн. Би хэн “хүн дуудсан юм бэ?” гэж асуусан чинь хэн ч дуграагүй Равдан ахад янз бүрийн асуудал байхгүй гээд явуулсан. Баярсайханыг “явъя” гэсэн чинь би заавал зодож байж явна гэхээр нь би голоор нь ороод салгасан. Салган байхад Баярсайхан орж ирээд Цэрэнсамбууг гараараа цохьсон.Цаашаа яваад мотоциклоо аваад ирсэн чинь Баяраа нөгөө хэдэн хүүхдүүдийг зодох гээд байхаар “боль” гээд дагуулаад ардаа суулгаад наадмын талбай орсон тэнд түүнийг сэргээх гээд хэсэг суусан. Баяраа “даарч байна нэг газар орж унтъя” гэсэн. Бэхи-Очирын гэрт хүн байхгүй гэж хэлээд тийшээ явсан. Гадаа нь очоод дуудсан чинь гарч ирэхгүй болохоор яваад орсон чинь Бэхи-Очир эмэгтэй дүүтэйгээ байсан. Баяраа өмнө нь дүүтэй нь үерхдэг байсан болохоор “уулзана” гээд байсан. Би ороод ор засуулаад унтаад өгсөн. Баярааг би унтахдаа “чи миний хажуугаар ороод унтаарай” гэхэд уг охины орны урдуур сууж байсан. Намайг хүн сэрээхээр нь боссон чинь “та нар ягаад 2 хүүхэд дарамтлаад байгаа юм бэ?” гэхээр юу болсон гэж асуусан. Тэгэхэд ээж аав 2 нь “цагдаа дуудна” гэсэн чинь Баяраа хажуугаар нь зугтаагаад гараад яваад өгсөн. Би уг хоёр хүнээс “энд унтчихъя, нимгэн хувцастай дараад байна, энд хоночихоод явъя” гэсэн чинь тэг гээд намайг оруулсан. Би унтаад өглөө 11 цагийн үед тэдний гэрээс гараад гэр рүүгээ явсан. Маргааш өдөр гэртээ байж байхад Батзориг над руу “цагдаа дуудаж байна” гэхээр нь бид нар очиж уулзсан...гэх мэдүүлэг \Хавтаст хэргийн 27-28 хуудас\

4.Гэрч Г.Баярсайханы  2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Би тэр өдөр Тасаг гэх газраас найз Золбаярын хамт “Болд төмөр Ерөө гол” ХХК-д ажилд орохоор бүртгүүлэх гээд төв рүү  орж ирсэн чинь үдийн цайны цаг болсон байсан. Тэгэхээр нь цайны цаг дуустал Анир биллярдны газар ороод тоглож байж байтал гаднаас манай сумын найз нар болох Өгөөдэй, Батзориг нар орж ирсэн тэд надтай мэнд мэдээд би Өгөөдэйтэй тоглож байхад гаднаас тэд нарын ангийн Төрболд, Мөнхэрдэнэ, Анар, Батсуурь нар орж ирсэн. Тэд нар ирчихээд “одоо гарцгаа” гээд бид нар гарсан. Бид нар бөөндөө улаан байшингийн арын довжоон дээр сууж байхад 12 дугаар ангийн хүүхдүүд “24000 төгрөг өгчихье” гээд Төрболд Батмагнайгын хамт яваад 2 Сэрүүн пиво аваачиж өгсөн. Тэд нар сургуульдаа яваад тэнд бид нар нэг пиво задлаад уусан. Тэгээд байж байхад Өгөөдэйгийн эмээ ирээд дагуулаад явсан. Тэгэхээр нь үлдсэн пиво Батзориг уухгүй гэхээр нь Золбаяр бид 2 хуваагаад уусан. Удалгүй гэнэт Өгөөдэй гарч ирээд хурдлаарай би зугтаагаад гараад ирсэн гэж хэлсэн. Бид нар зоорь ороод пиво уугаад сууж байхад 12 дугаар ангийхан олуулаа болоод гараад ирсэн. Би эгчтэйгээ утсаар яриад мөнгө гуйгаад яриад орж ирэхэд Батзориг, Чинчулуун хоёрыг “боль боль” гээд Золбаяр салгаж байсан. Өгөөдэй гаднаас орж ирээд  “яах гэж байгаа юм бэ?” эвээр аятайхан ярь гэж хэлсэн. Тэгээд Бэх-Очирыг дуудаад хоёулаа юм ярье гээд чи надад нум сумаа харуулчихгүй юмуу гэсэн чинь нум 1 сая төгрөг, сум нь 20000 төгрөг гэхээр нь би чиний нумыг хугалах гэж харвах юмуу? гэж хэлээд цээж рүү нь баруун гараараа нэг удаа цохь сон тэгээд ахиж битгий ийм юм ярьж байгаарай гэж хэлээд бид 2 нөгөө хэд дээрээ очсон. Тэнд очиход  тэд нар гар бөмбөг яриад байсан . Тэгсэн чинь гадаа машин дуугарсан Төрболд бид нарт машин ирлээ гэж хэлсэн. Батзориг Өгөөдэй бид 3 гарсан. Тэгсэн чинь Батзоригийн аав ирээд дотор ороод нөгөөдүүлийг архи уусан юмуу гэж асуухад үгүй гэсэн чинь Батзоригийн аав яваад өгсөн. Сургуулийн хүүхдүүдийэ эмчийн үзлэгтэй гэхээр нь биднар явуулсан. Явахдаа Төрболд үлдэгдэл мөнгийг Өгөөдэйд өгсөн. Дээр нь Чинбаяр Зоригоо ахын төрсөн өдөр гэж 5000 төгрөг нэмж өгсөн. Биднар Батзоригийн гэр рүү явж очиход Батзориг бие засаад ирье гэж гараад бид гуравтай нийлж гараад бөөнөөрөө гол оръё гээд замаараа хүүхдийн өгсөн 12000 төгрөгнөөс 2 нийслэл пиво аваад гол орсон. Гол дээр бид нар ууж дуусаад би дүүгээ дуудаад мотоциклыг нь аваад Батзоригийн дансанд байсан эгчийнхээ 30000 -төгрөгийг аваад архинд яваад дэлгүүрээс 0.75 граммын “Хараа” архи аваад түүнийгээ гол дээр уугаад Золбаяр тасаг явлаа гээд явсан. Батзориг, Өгөөдэй  бид гурав сундлаад төв рүү орж явахад урд замын хажууд Батзоригийн аав таараад хөөсөн. Нарийн гудамжаар орж банкны хажууд зогсоод Батзориг бид 3 алхаад Өгөөдэй мотоциклтой араас дагаад явсан. Бурмаа эгчийн дэлгүүрийн хажуунаас Батзоригийн аав гарч ирээд түүнийг аваад явсан. Би байрны Тэлмэн гэдэг охинтой гар утсаар залгаад байрны ойролцоо уулзахаар болоод бид 2 тийшээ явсан. Би уг охинтой уулзаад байж байсан чинь түүний найз Цэрэнсамбуу гараад ирсэн. Чамтай уулзуулахгүй гээд маргалдаад зууралдаж байхад Өгөөдэй ирээд бид хоёрыг салгах хооронд түүнийг би хальт цохисон. Нэг ах ирээд юу болоод байгаа юм бэ? гэхэд Өгөөдэй юу ч болоогүй ээ гээд явуулсан. Бид 2 архиа гаргах гээд наадмын талбай руу явсан тэнд хэсэг байж байгаад даараад байхаар нь Бэх-Очирын гэрт очоод уучлалт гуйя гээд явсан. Гэрийнх нь гадаа очоод гэр рүү нь ороход надтай өмнө нь үерхэж байсан дүүгийнхээ хамт байсан. Би түүнтэй юм яриад байж байсан чинь дургүй байгаа бололтой уурлаад байхаар нь түүнийг би нэг удаа цохьсон. Гэнэт хажуу талд нь гэр нь байдаг миний найз охины аав ээж хоёрыг дуудаад аваад ирсэн. Цагдаа эцэг эхийг нь дуудна гээд байхаар нь ээжийг нь түлхээд хаалгаар гараад зугтаагаад явсан. Тэгээд би ганга руу яваад айлд очоод хоносон....гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн34-35  дугаар хуудас/

5.Гэрч Золбаярын 2018 оны 04 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “Бид тэр өдөр тасаг гэх газраас найз Баярсайханы хамт Болд Ерөө гол ХХК-д ажилд орохоор бүртгүүлэх гээд төврүү орж ирсэн чинь үдийн цайны цаг болсон байсан. Тэгэхээр нь цайны цаг дуустал Анир биллярдны газар тоглоод байж байсан. Гаднаас Мөнх-Эрдэнэ, Анар, Батсуурь нар орж ирээд бид нартай нийлээд байж байхад Анирын ажилтан та нар гар гэж хэлсэн. Бөөндөө улаан байшингийн арын довжоон дээр сууж байхад  12дугаар ангийн хүүхдүүд 24000 төгрөг гаргаж өгсөн. Тэгэхээр нь бид нар авахгүй гэж хэлсэн чинь тэгвэл бид нар юм аваад өгчихье гээд Төрболд, Батмагнай нар хамт яваад сэрүүн пиво хоёрыг авчирсан байхад Өгөөдэйгийн эмээ ирээд дагуулаад явсан. Тэгэхээр нь үдсэн пиво Батзориг уухгүй гэхээр нь Золбаяр бид 2 хуваагаад уусан. Удалгүй гэнэт Өгөөдэй булан тойроод гарч ирээд хурдлаарай би зугтаад гараад ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар зоорь руу орсон. Пиво уугаад сууж байсан чинь 12 дугаар ангийхан гэнэт олуулаа болсон. Би эгчтэйгээ утсаар яриад мөнгө гуйгаад мухрын өрөөнөөс гарч ирэхэд Батзориг Чинчулууныг алгадаад байхаар нь би болиулсан. Өгөөдэй гаднаас орж ирээд яах гээд байгаа юм бэ? эвээр аятайхан ярь гэж хэлсэн. Тэгсэн чинь гадаа машин дугарсан. Төрболд бид нарт машин ирлээ гэж хэлсэн. Батзориг, Өгөөдэй, Баярсайхан 3 гарсан тэгсэн чинь Батзоригийн аав дотор орж ирээд архи уусан юмуу гэж асуугаад үгүй гэсэн чинь Батзоригийг аваад явсан. Сургуулийг хүүхдүүдийг эмчийн үзлэгтэй гэхээр нь бид нар явуулсан. Явахдаа Төрболд үлдэгдэл мөнгөө Өгөөдэйд өгсөн. Чинбаяр дээр нь Зоригоо ахын төрсөн өдөр тэмдэглээрэй гээд 5000 төгрөг нэмж өгсөн. Бид нар Батзоригийн гэр рүү очиход Батзориг бие засаад ирье гээд бид гуравтай нийлсэн. Бөөнөөрөө гол оръё гээд хүүхдүүдийн өгсөн 12000 төгрөгнөөс 2 нийслэл аваад түүнийгээ гол дээр ууж дуусаад Баярсайхан дүүгээ дуудаад мотоциклыг нь аваад Батзоригийн дансанд байсан эгчийнхээ өгсөн 30000 төгрөгийг аваад архинд яваад дэлгүүрээс 0.75 граммын шилтэй Хараа архи аваад түүнийгээ гол дээр уугаад би  тасаг явлаа гээд явсан. Батзориг, Өгөөдэй, Баярсайхан 3 төв явсан. Маргааш нь тэр 3 хүүхэд зодсоныг мэдээд намайг дуудсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

6. Гэрч Бэхи-Очирын  2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “Батзориг бид нарыг 7 дугаар цагаа дуусгаад нөгөө ангийнхаа эрэгтэй хүүхдүүдийг аваад хүрээд ир гэж хэлсэн.  Бид за гэж хэлээд хичээл рүүгээ явсан. 7 дугаар цаг тараад нөгөө ангийн Наранбаяр, Жавхлантөгс,Чинбаяр.Саранбаатартай хамт явж байхад замд Чинчулуун Анирын арын зам дээр таараад хамт ногоон зоорин дээр очоод дотогшоо ороход нөгөө 4 залуу байсан. Манай нөгөө ангийн хүүхдүүд мэндэлсэн. Тэгсэн чинь Чинчулууныг төрсөн өдрийн мэнд хүргэсэнгүй гээд Батзориг зүүн хацар руу нь алгадсан. Түүний хамраас цус гарсан. Гаднаас Анараа ус авч ирээд цусыг арилгасан. Ах гэж дуудаагүй гээд Батмагнайг Батзориг зүүн хацар дээр нь алгадан, гэдэс, элэг рүү нь цохьсон. 2 тусдаа өрөөний нэг өрөөнд нь Баярмагнайг дагуулж ороод зодоод байх шиг байсан. Зодож байсан асуудлыг бол хараагүй. Ханаар халхлагдсан байсан. Тэгээд тэр 2 орж ирсэн чинь Өгөөдэй бид нарыг ах нартайгаа илэн далангүй гоё бай л даа гэж хэлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Баярсайхан бид 2 хүүхдүүдтэй тусгай юм ярьж болох уу? гээд асуусан чинь “”зодохгүй шүү юм яриад ирээрэй гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ бид хоёрыг Баярсайхан мухарын далд хэсэг лүү аваад явсан. Эхлээд Мөнх-Эрдэнийг хүний үнэртэй бай л даа. Өмнө нь дэлгүүрээс тамхи авахад зээл өгч болно  шүү дээ гээд сүрдүүлсэн. Чамтай яриа дууслаа гээд гар бариад эвлэрсний дараа нь намайг баруун гараараа зүүн хацар луу шанаадсан. Тэгээд цээжин тус газрлуу нь нэг удаа цохисон. Тэгээд цаанаас нь Золбаяр миний өшөөг наадхаасаа аваад орхи гэж хэлсэн. Буланд шахагдаад байж байхдаа би элэг муутай хоёулаа эвлэрье гэж хэлэхэд өмнөх өдөр нь нум сум харвуулсангүй гэж хэлсэн. Сум 20000 төг , нум 1 сая төгрөгөнд багтана гэж хэлэхэд чи яасан овоо мөнгө ярьдаг болсон юм бэ? гээд нүүр рүү духаараа мөргөх маягтай тулаад байсан. Тэгээд үүнээс цааш чи надтай хүн шиг харьцаж яваарай, би чамтай хүн шиг харьцана гэж хэлээд бид 2 гар бариад нөгөөдүүл дээр очиход Батзориг хамгийн гоё нь дүү нар ирээд сайн байна уу? ахаа гээд ирэхэд сайхан байдаг юм байна гэж хэлсэн. Төрболд зоорьноос гараад хүн ирэхийг анзаарч байсан. Батзоригийн аав Баярсайхан ирээд Батзоригийг аваад явсан. Өгөөдэй Баяраа нар дагаад гарсан. Золбаяр бид нартай үлдсэн. Буцаж орж ирээд Өгөөдэй бид нарыг одоо явцгаа гэсэн. Бид нар зарим нь бэлтгэлтэй заал руу , би гэррүүгээ явсан...гэх мэдүүлэг \Хавтаст хэргийн 46-р хуудас\

7. Гэрч Төрболд   2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “Тэр өдрийн 2 цагийн үед манай дээд ангийн 12 дугаар анги төгссөн Өгөөдэй, Батзориг ах нар миний 99562737 дугаарын утас руу залгаад Анир тоглоомын газрын хажууд хүрээд ир гэхээр нь ангийхаа Баярмагнай, Анар, Батсуурь, Бэхи-Очир, Мөнх-Эрдэнэ болон нөгөө ангийн “а” бүлгийн Жавхлантөгс, Саранбаатар, Чинчулуун, Наранбаярын хамт очиход та нарын хичээл сургууль сайн уу?  бүсийн тэмцээний бэлтгэл хийсэн үү? гэж Батмагнай бид нартай би бас волейбол тоголдог байсан болохоор асуугаад “та нар их зантай байгаа” гэж ярьж байснаа “би та нарт тусалдаг шүү, хоол ундыг зохицуулдаг шүү” гэж хэлсэн. Баярмагнай бид нарын авч орсон ногоон зоорьны хаалган талд нэг өрөөнд дагуулж орсноо Батзориг нь 2 удаа алгадсан. Миний харахад зүүн хацар байсан. Баярсайхан Бэхи-Очирыг юм ярье гээд дагуулаад явсан. Зодсон хэсгийг би хараагүй. Бид нар дундаасаа мөнгө нийлүүлээд Батзоригт 24000 төгрөг өгөөд төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй гэж ярьж байхад Батзоригийн аав орж ирээд аваад явсан. Өгөөдэй ах бид нарыг явцгаа, уучлаарай гэж хэлээд явуулсан. Тэд нар сургууль орох нь ороод зарим нь гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг \Хавтаст хэргийн 48хуудас\

8. Гэрч Наранбаярын  2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “Тухайн өдрийн 2 цаг өнгөрч байхад манай нөгөө ангийн хүүхэд Төрболд ирж уулзаад манай 2 ангийг Өгөөдэй ах ногоон зооринд хүрээд ир гэж байна гэхээр нь би ангийхнаасаа салаад Төрболд бид хэд нилээд ногоон зоорь руу очих замдаа манай ангийн Чинчулуун таараад бид нар таараад очсон. Ногоон зооринд дотор Өгөөдэй Баярсайхан Батзориг Золбаяр нар байсан би ороод тэд нартай мэнд мэдсэн. Тэгсэн чинь Өгөөдэй ах нарыгаа хүндэлж сур гээд бид нартай юм яриад байж байхад Батзориг Мөнх-Эрдэнэ Баяр магнай хоёрыг алгадсан. Би тухайн үед тэр хоёрыг алгадахыг хараад аль хацарыг нь гэдгийг одоо санахгүй байна. Мөн Чинчулууны алгадсан бид нарыг ах захтай байгаарай гээд юм яриад байсан бид нар эмчийн үзлэгтэй гээд явцгаасан...гэх мэдүүлэг \Хавтаст хэргийн 51 хуудас\

9. Гэрч  Цэрэнсамбуугийн 2018 оны 04 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн......Тухайн өдрийн 22 цагийн үед манай дотуур байрны дараа Баярсайхан гэдэг залуу ирсэн байсан .Тэгээд дотуур байранд байдаг миний найз охин Тэлмэнтэй уулзаад зогсож байхад нь би очоод чи яахаараа манай найз охинтой уулздаг юм бэ? гээд бид 2 маргасан. Намайг чи цаашаа зайл гээд хөөгөөд байхаар нь яваад очсон чинь заамдаад авсан. Цээжин тус газар цохиод авсан тэгээд би байр руу ороод Хадбаатарыг дуудаад хамт очиход урдаас ирж байсан . Бид нар ноцолдоод сургуулийн дотуур байрны хаалгаар ороход жижүүр салгаад уг хүнийг явуулсан....гэх мэдүүлэг \Хавтаст хэргийн 52-р хуудас\

10. Гэрч  Хадбаатарыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Миний санаж байгаагаар тухайн өдрийн 22 цаг өнгөрч байхад гаднаас дотуур байранд хамт байдаг Цэрэнсамбуу нэг согтуу залуутай ноцолдоод байрны хаалгаар ороод ирсэн. Би очоод салгаад хамт гарсан  чинь намайг гараараа 2-3 удаа гэдэс рүү цохьсон. Тэгээд ална та нарыг гээд яваад өгсөн тэр бол Баярсайхан ах байсан....гэх мэдүүлэг \Хавтаст хэргийн 53 хуудас\

             11.. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №178 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. У. Батмагнайгын биед чихний хэнгэрэг цоорсон, дунд чихний үрэвсэлтэй гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/

 12. Яллагдагч Батзоригийн 2018оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Тэгээд тэдний гэрээс бид 2 гараад Анир биллярдны газар ороход тэнд Золбаяр Баярсайхан нар тоглож байсан. Хараад зогсож байхад гаднаас Төрболд, Анар, Батбаяр, Чинбаяр нар орж ирсэн. Тэгээд Анирын ажилтан биднийг гар гэсэн. Бид гараад улаан байшингийн сүүдэрт сууж байхад Төрболд би таньд мөнгө өгөх гэж байсан юм. Таны төрсөн өдөр юм байна гэж хэлсэн хэдэн төгрөг байгаа юм бэ гэж Өгөөдэй асуухад 24000төг байна гэж хэлсэн. Биднар авахгүй гэж хэлсэн чинь Төрболд биднарыг хүлээж байгаарай гэж хэлээд Батмагнай дагуулаад явсан ирэхдээ Сэрүүн нэртэй 2том пиво нэг парламент тамхитай хамт авчирж өгсөн тэгээд тэднар яваад өгсөн. Золбаяр нэг пиво задлаад биднарт тойруулсан би эхлээд уухгүй байсан тэгж байхад Өгөөдэйгийн эмээ ирээд түүнийг аваад явсан . Бид нар тэндээ сууж байхад Өгөөдэй хүрээд ирсэн. Би эмээгээсээ зугтаад ирлээ гэхээр нь бид тэндээсээ яваад ногоон зоорь луу орсон. Тэнд ороод уугаад сууж байхад 12 дугаар ангийн хүүхдүүд хүрээд ирсэн. Тэд нартай юм яриад сууж байхад Мөнх-эрдэнэ гэх хүүхэд над руу муухай харсан. Тэгэхээр нь би түүнийг уулзъя гээд хажуу талын хаалгаруу аваад орсон. Чи уурлаад байгаа юм уу гэсэн чинь би яасан юм бэ? гээд над руу чанга дугарсан. Тэгэхээр нь би түүнийг шанаа руу нь нэг удаа алгадсан мөн Батмагнай, Чинчулуун нар хамт орж ирсэн байсныг би Батмагнайг зүүн шанаа руу нь нэг алгадсан, Чинчулууныг алгадах гэсэн чинь бултаад хамрын үзүүрыг нь оноод цус гарсан. Тэнд байсан  Анарыг явуулаад биднарыг эхлээд сууж газарт усаа орхисныг авчруулаад  Чинчулууны цусыг угааж өгөөд байж байтал гадаа машин ирлээ гэхээр нь гарахад манай аав ирсэн байсан. Намайг харий гээд гэррүү аваад явсан. Гэртээ байж байхад манаы хашааны гадаа Өгөөдэй, Золбаяр, Баярсайхан нар ирсэн. Тэгээд би 00 орлоо гээд тэднартай нийлээд гол орох замдаа нархан дэлгүүрээс 2том Сэрүүн пиво аваад явсан. Гол дээр очоод уугаад сууж байхад Баярсайхан дүүлүүгээ утсаар яриад мотоцикл аваад ир гэсэн. Хүрээд ирэхээр нь бид 3 сундлаад төв орсон....гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Алагчуу овогтой Баярсайханы Батзоригийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших хуучин зоорь гэх газарт насанд хүрээгүй У.Батмагнайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаас харахад: Шүүгдэгч Б.Батзориг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших хуучин зоорь гэх газарт 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр насанд хүрээгүй У.Батмагнайг “чи их зан гаргаад байгаа шүү” гээд зүүн шанаа руу нь 1 удаа алгадаж биед нь чихний хэнгэрэг цоорсон, дунд чихний үрэвсэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. 

      Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.    

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов. Хохирогч У.Батмагнайд учруулсан гэмтлийн улмаас эмчлүүлэхэд гарсан зардлыг төлж барагдуулсан талаар, гомдол саналгүй болсон талаар хохирогч санал хүсэлтээ өгсөн баримт хэрэгт авагдсан байгааг үндэслэн Б.Батзоригийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Алагчуу овогтой Баярсайханы Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярсайханы Батзоригт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

  5.Ялтан Б.Батзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ