Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
Хэргийн индекс | 2402002740194 |
Дугаар | 2024/ДШМ/1142 |
Огноо | 2024-10-10 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1142
2024 10 10 2024/ШЦТ/1142
Б.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/867 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 88 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Ээд холбогдох 2402002740194 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 дугаар байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинол гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай цэвэр жин нь 15,0 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй хогийн олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Б.Э “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ээд 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ээд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялааг солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа AW3241565 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Г-141 гэж хаягласан гялгар ууттай жин нь 15,4 грамм /цэвэр жин нь 15,0 грамм/ жинтэй ногоон өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ц.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Нэг. Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Хэдийгээр шүүгдэгч Б.Ээд оногдуулсан 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд” оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.
Хоёр. Прокуророос Б.Ээд холбогдох хэргийг “...сэтгэцэд нөлөөт бодисын худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан” үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Эийг шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан” үйлдэлд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв” гэж, шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэг 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болох бөгөөд шүүхийн дээрх шийдвэр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах үндэслэл болно.
Мөн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан байна. Үүгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисын худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ээд 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж, 3 дахь заалтад “Улаанбаатар” гэснийг “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлаж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв, тогтвортой мэдүүлэг өгч, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, биедээ авч явсан бодисын 15 грамм гэх хэмжээ, “дахин энэ төрлийн бодис хэрэглэхгүй” гэх амлалт, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан үзэж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч нь “..” ХХК-д гагнуурчнаар ажилладаг. Тус компани нь дүүргүүдэд шинээр баригдаж байгаа барилга, гүүрнүүдэд гагнуур хийдэг. Миний үйлчлүүлэгч тус компанийн сайн гагнуурчин. Түүнчлэн түүний ам бүл тухайн үед 4 үүлээ байсан бол анхан шатны шүүх хуралдаанаас хэд хоногийн өмнө дахин хүүхэдтэй болсон. Анхан шатны шүүх түүний уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг Нийслэлийн хэмжээнд эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурор “Б.Ээд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг оршин суух хороогоор нь тогтоох шаардлагатай” гэсэн эсэргүүцэл бичжээ. Гэвч шүүхээс оногдуулсан ял, шийтгэлийг биелүүлэх боломжтой байх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв Б.Ээд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг өргөн гэж үзвэл дүүргийн хэмжээнд тогтоож, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ээд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 дугаар байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинол гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай цэвэр жин нь 15,0 грамм бүхий “өвс” гэх нэршилтэй хогийн олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Б.Оын “...Надад хэлэхдээ сонирхоод ийм зүйл болчихлоо гэж хэлсэн өөрөө бол их гэмшиж байгаа. ...” /хх 29-30/,
шинжээч Р.Нийн “...мөнгөлөг цааснаас дээж авахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. ...”,
Б.Эийн яллагдагчаар: “...Дархан хотоос хатчихсан өвс түүсэн. Мансууруулах үйлчилгээтэй гэдгийг нь мэдэж байсан болохоор түүсэн. ...Чинзоригийн тээврийн хэрэгсэлд байсан цэг гэх зүйлтэй мөнгөлөг цаас минийх. Би Натурын гадаа буухдаа хэрэглээд дууссан цэг гэх нэршилтэй мансууруулах бодисыг түүний машинд үлдээсэн. ...” /хх 54-55, 69/ гэсэн мэдүүлгүүд,
“...Шинжилгээнд ирүүлсэн “Э.Э ЙЙ98030912 2024.04.24” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол илэрсэн. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2553 дугаар дүгнэлт /хх 33-34/,
“...ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2552 дугаар дүгнэлт /хх 38-39/,
Б.Эийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/, Б.Эийн биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12/, 15.0 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 22/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 512 дугаар дүгнэлт /хх 43-44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг түүний хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Э ямар гэм буруутай болох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Эийн “өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Дээд шатны прокурор Ц.Ариунболд “...зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоосон нь буруу, ...хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу байх тул энэ талаар зохих өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Б.Э нь хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж тухайн зүйл, хэсэгт заасан хуулийг хуулбарлан бичиж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Ээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөөтээгүүр зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.
Гэтэл анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотоор тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүй байхаас гадна ялын зорилгыг алдагдуулсан байх тул Б.Эийг зорчих эрхийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ээд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, дээд шатны прокурор Ц.Ариунболдын “...хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа нутаг дэвсгэрийн бүсээр хязгаарлах” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/867 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Б.Эг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ээд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ээд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ