| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 186/2019/0385/Э/ |
| Дугаар | 27 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 27
Б.Б, Н.Н нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, хохирогч Ц.Аын өмгөөлөгч Б.Алдармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 973 дугаар магадлалтай, Б.Б, Н.Н нарт холбогдох 1804000300021 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй,
2003 оны 7 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,
2007 оны 7 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял /2хх-10/,
2014 оны 7 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлж, шүүх Б.Бд оногдуулсан хөнгөн ялуудыг хүнд ялд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сар хорих ялаар тогтоосон /2хх-15/,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Б.Бд Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялаас биеэр эдэлсэн 5 жил 1 сар 2 хоног, шагналын 1 сар 17 хоног, нийт 5 жил 2 сар 19 хоногийг хасч, үлдэх 4 жил 10 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон /2хх-23/,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 56 дугаар захирамжаар Б.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан 5 жил 1 сар 21 хоногийн хорих ялтай дүйцүүлэн өөрчилж, уг ялыг бүрэн эдэлж дууссан гэж дүгнэн хорих ангиас суллаж шийдвэрлэсэн /2хх-25/, Боржигон овогт Б.Б;
2.Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй,
2001 оны 12 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /12хх-178/,
2002 оны 2 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, шүүхээс хөнгөн ялыг нь хүнд ялд нь багтааж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялаас 10 сар хорих ялыг нэмж нэгтгэх, нийт 2 жил 10 сар хорих ял эдлүүлэхээр тогтоосон /12хх-180/,
2005 оны 11 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял /12хх-184/,
2007 оны 9 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлж, шүүхээс хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж нийт 5 жил 1 сар хорих ял эдлүүлэхээр тогтоосон /12хх-186/,
2012 оны 7 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, шүүх оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 6 жил 8 сар хорих ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоног хорих ялаас 1 жил хорих ялын нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 8 сар хорих ялаар тогтоосон /12хх-194/,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 127 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан түүнд өмнөх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд өмнөх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 8 сар хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жил хорих ялыг тус тус өршөөн хасч, үлдэх 4 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож /12хх-134/, 2015 оны 11 дүгээр сарын 9-нд ялын хугацаа дуусч суллагдсан /12хх-136/, Боржигон овогт Н.Н.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд,
шүүгдэгч Н.Нийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн” гэмт буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус зааснаар 5 жил хорих ял, шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Б, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 384 хоног, Н.Нийн цагдан хоригдсон 357 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн отвертка, эвдэрсэн бахь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 25 см урттай төмөрийг хохирогч Л.Бд, саарал чулуутай, дээрээ толботой хөөргийг хохирогч С.Сд, цагаан өнгийн чулуутай хөөргийг Ш.Бт буцаан олгох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бэс 83.517.806 төгрөг, шүүгдэгч Н.Нэс 16.758.770 төгрөг тус тус гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Ш.Бадмаараг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 425 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт болон шаардлагыг хангасан гэж үздэг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 973 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихийг мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасныг ойлгодог. Түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь заалт зөрчигдсөнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн “хууль ёсны” болон “шударга ёсны” зарчмыг баримтлан шийтгэх тогтоол гаргасан.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид яагаад Н.Н, Б.Б нарт хуульд заасан доод хэмжээний ял оногдуулсныг ойлгохгүй байгаа нь өмгөөлөгч надад шүүх хуралдаан дээр ойлгогдоод байсан. Учир нь хуульчид бусад мэргэжлийн хүмүүсээс бодол, гадаад дүрс хоёр нь ижил, өөрөөр хэлбэл хуурмаг зан байдал ямар ч түвшинд гаргаж чаддаггүй. Шүүх Б.Б, Н.Н нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заасан үндэслэл, хүнлэг бус, хэрцгий байдлыг гаргахгүйгээр шийдвэрлэсэн тухай, ялангуяа Б.Б, Н.Н нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэнийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн сайн ойлгоогүй. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэв илтгэгч шүүгч Ц.Оч хэргийг маш сайн уншсан бол шүүгдэгч Б.Бийн хохирогч Ц.Аын гэрт хууль бусаар нэвтэрч үйлдсэн хулгайн хэргийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл байсныг анхаарна уу” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогч Ц.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Алдармаа хэлсэн саналдаа: “Б.Б, Н.Н нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэхдээ нэг ч хохирогчид хурлын товыг мэдэгдээгүй. Энэ шийтгэх тогтоол 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ц.Ад шуудангаар ирсэн учраас хохирогч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж мэдээд гомдол гаргасан. Гомдол гаргах хэд хэдэн үндэслэл байгаа. Ц.Арын хохирлыг үнэлгээний байгууллагаар 49 сая төгрөгөөр үнэлүүлсэн боловч Ц.Арын гэрээс алдагдсан үнэ бүхий эд зүйлсээс зөвхөн Rolex брэндийн хоёр ширхэг цагны нэг ширхэг нь 60 сая төгрөгийн үнэтэй. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч н.Игор нь хохирогчтой нэг ч удаа уулзаагүй, нэг ч удаа мэдүүлэг тайлбар аваагүй байж мэдүүлэг тайлбар өгсөн мэтээр гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлэг үйлдэж, түүний гарын үсгийг зурсан байдаг. Миний бие Б.Бтэй өмгөөлөгчийн хувьд уулзсан. Уулзахад цагийг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх н.Б гэдэг хүнд өгсөн. Түүнд л цаг байгаа гэдэг боловч н.Батбаярт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгосон. Зөвхөн төлбөрийн чадваргүй Б.Бд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 973 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасныг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч эрхийнхээ хүрээнд гомдол гаргасан учраас хэрэг хэлэлцэгдэж, хугацаа алдаж байгаад харамсалтай байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 973 тоот магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Б 17 удаагийн үйлдэл, Н.Н нь 9 удаагийн үйлдэлтэй бөгөөд үйлдэл бүрийн цаана хохирогч, иргэний нэхэмжлэгч нар байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогч н.Х, н.О, шүүгдэгч Б.Б, Н.Н нарт хэргийн материалыг танилцуулсан байна. Оролцогчийн эрхийг хангаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Н.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг ганцаараа 7 удаагийн үйлдлээр, мөн Г.Б, Д.Л нартай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр, мөн Н.Нтэй бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний буюу нийт 111.894.844 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.Нийг ганцаараа 2 удаагийн үйлдлээр, мөн Б.Бтэй бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 34.874.840 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж,
улмаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар,
шүүгдэгч Н.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж, 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 215 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоож, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус зааснаар 5 жил хорих ял, шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн давтамж, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохироогүй, илтэд хөнгөдсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна гэж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийн ганцаараа болон бусадтай бүлэглэн 17 удаагийн давтан үйлдлээр бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, эд хөрөнгө хулгайлж 111.894.844 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 5 жил хорих, мөн шүүгдэгч Н.Нийн ганцаараа болон бусадтай бүлэглэн 9 удаагийн давтан үйлдлээр бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлж 34.874.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 3 жил хорих ялыг тус тус сонгон оногдуулж, шүүгдэгч Б.Б, Н.Н нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хуульд заасан ямар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.
Түүнээс гадна анхан шатны шүүх хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласнаас гадна шүүгдэгч Б.Б, Н.Н нарын үйлдсэн удаа дараагийн хулгайлах гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг агуулсан эсэх, мөн хохирогч Ц.Аын хохирлын үнэлгээний тайлантай танилцсан гэх баримтад түүний гарын үсгийг хуурамчаар зурсан асуудлыг шалгаж хохирогч Ц.Ад учирсан хохирлыг бодитой тогтоох, шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Аын гэрээс ганцаараа хулгай хийгээгүй гэж мэдүүлснийг тус тус шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй болно.
Иймд шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 973 дугаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Б.Б, Н.Н нарын ял шийтгүүлсэн, хорих ангиас суллагдсан байдлыг бүрэн зөв бичээгүй, зарим мэдээллийг буруу тэмдэглэсэн байгааг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 973 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН