Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2017/0547/з |
Дугаар | 221/МА2018/0194 |
Огноо | 2018-03-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2018/0194
Ж.Т-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ж.Т, гуравдагч этгээд Л.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Т-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Л.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Ж.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учир дараах гомдлыг гаргаж байна. Учир нь бодит байдалд анх маргаан бүхий газар дээр 1978 онд зуслангийн байр барих Улсын циркийн даргын тушаал гарч, зуслангийн байшин баригдсан бөгөөд Улсын циркийн ахмад жүжигчин И.Ж нь дээрх зуслангийн байшинд гарч, амьдарч байснаас үзэхэд Улсын цирк болон И.Ж нь маргаан бүхий газрыг цаг хугацааны хувьд түрүүлж, бодитоор эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан баримт, циркийн ахмад жүжигчдийн тодорхойлолтоор нотлогддог. Гуравдагч этгээд Л.Ц нь ямар үндэслэлээр бусдын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй газрыг шилжүүлэн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл Ж.*******г нь гуравдагч этгээд болох Л.Ц-оос өмнө маргаан бүхий газар дээр байрлах зуслангийн байшинг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч улмаар 054793 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байдаг бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 189 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг Л.Ц-д бодитоор эзэмшиж байгаа циркийн зуслангийн байшин, газартай /2005 онд Ж.Т шилжүүлэн авсан/ давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Т-ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Л.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчсөн байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тусгайлан заасан хугацаанд нэхэмжлэгч нь дээд шатны Засаг дарга болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч Ж.Т ийнхүү хуулиар тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх анхаараагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал,
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.*******гт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьт зусланд 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгожээ.
Нэхэмжлэгч Ж.Т анхан шатны шүүх хуралдаан дээр “тухайн үед гуравдагч этгээд Л.Ц уг газарт кадастрын зураг хийлгээд явж байсныг газрын албаны байцаагч н.Батаагаас мэдсэн, 2005 онд газар дээр шороо асгасан байна гээд манай нөхөр хөөцөлдөөд явж байсан” зэрэг тайлбар гаргасан, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр тухайн газартай холбоотой асуудлаар төрийн бүх байгууллагад төлөөлөх эрхээ Г.Г олгож байсан үйл баримт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаан бүхий энэ асуудлын талаар 2005 онд мэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн зэргээс үзвэл 2005 онд уг газрыг иргэн Л.Ц эзэмшиж эхэлсэн талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Гэтэл даруй 12 жилийн хугацаа өнгөрсний дараа иргэн Л.Ц-д газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн холбогдох хэсэгтэй маргасныг хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
Түүнчлэн, хэрэгт авагдсан Нийслэлийн Газрын албаны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03/1150 тоот албан бичгээр иргэн Ж.Т-ийн гаргасан хүсэлтэд хариу өгсөн нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, хугацаа зогссон болон тасалдсан гэж үзэх үндэслэл болж чадахгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараах үйл баримт ач холбогдолгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Л.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүх дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хүчин төгөлдөр байгаатай холбогдуулан захиргааны байгууллагад хандаж өөр бусад шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 628 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Ц.Одмаад шилжүүлсэн атлаа шүүгч М.Батзоригт буцаан шилжүүлсэн тогтоол хэрэгт авагдаагүй зөрчил байх бөгөөд тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр М.Батзоригийг томилсон шийдвэрийг албажуулсан тул хууль бус бүрэлдэхүүн гэж үзээгүйг анхан шатны шүүхэд анхааруулах нь зохистой гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Ж.Т-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Л.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН