Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0845

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:   Т*******ы  Б******* 

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/256 тоот тушаалын Т.Б*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.О*******, нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/256 тоот тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна .

Учир нь миний бие нь цагдаагийн байгууллагад ажиллаж, 1992 оноос эхлэн цагдаагийн хурандаа цол авах хүртэлх хугацаандаа ажил үүргээ төрийн хүний төв байр сууринаас, шударга зарчмыг баримтлан ажиллаж ирсэн бөгөөд Б/256 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдлөө. Ийнхүү чөлөөлөх болсон үндэслэлээ цэргийн албыг 25-аас доошгүй жил хаасан, мөн ахлах офицерийн албыг 50 нас хүртэл хаах, насны дээд хязгаарт хүрч хуулиар тогтоосон болзол шаардлагыг хангасан байх тул цаашид ажиллуулах боломжгүй гэж тайлбарлаж байгааг хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа болно .

2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2015/08 дугаартай мэдэгдлээр “Т*******ы  Б******* нь хүсэлтээ гаргаагүй ч захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй учир 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүл” гэж анхааруулсан юм .

Мэдэгдлийг авсанаар очиж уулзсан төдийгүй тэтгэвэрт гарах хүсэлгүй байгаагаа илэрхийлж үргэлжлүүлэн ажиллуулж өгөхийг хүсч бичгээр хандсан. Ингээд энэ асуудал намдаж байтал 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн хурлаар оруулж, ажлын үзүүлэлт муу байна, тушаал бууруулж томилох шийдвэрийг надад танилцуулсан бөгөөд Т*******ы Б******* нь ажлыг өөрчилсөн шийдвэрийг гаргалаа гэж ойлгосон.

Гэтэл энэ шийдвэр өөрчлөгдөж, “...тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул ...албанаас чөлөөлж ...” шийдвэрлэжээ.

Т*******ы Б*******ын ахалж байсан 2 дугаар хэлтсийн ажлын үзүүлэлт нь бүх дүүргийн хэлтсүүдийн үнэлгээгээр 3 дугаар байрт шалгарч байсан төдийгүй миний үр дүнгийн гэрээ 2014 оны хувьд 89 буюу Б үнэлгээтэй дүгнэгдсэн.

Дээр дурдагдсан бодит үйл явдал болон Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Ч*******ийн удаа дараагийн аман болон бичгийн тайлбаруудаас үзвэл зөрүүтэй шударга бус шалтгаан үндэслэл илт харагддаг.

Төрийн албаны  зөвлөлд энэхүү ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийлгэхээр хандсан боловч шийдвэр гаргасан Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Ч*******т өргөдлийг шилжүүлж, өөрөөр нь дахин хянуулах нь зохистой арга хэмжээ гэж үзэхгүй байгаа учраас шүүхээр хянуулахыг хүссэн.

Т*******ы  Б******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажил албаа шударгаар үнэлүүлэх, хуульд заасан тодорхой үндэслэлтэйгээр арга хэмжээ авагдах, тушаал буурах, ажлаас чөлөөлөгдөх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж байгаа тул төрийн захиргааны хууль бус үйлдлийн улмаас өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Т.Б******* нь цагдаагийн хурандаа цолтой, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “1.1.Энэ хуулийн зорилт нь хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж заасан байдаг. 

2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэл хүргүүлэхдээ холбогдох хуулийг зөрчиж мэдэгдэл хүргүүлсэн байдаг. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Т.Б******* Цагдаагийн ерөнхий газрын даргад цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн байдаг. 

Үүний дараа 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн хурлаар оруулж, ажлын үзүүлэлт муу байна, тушаал бууруулж томилох шийдвэрийг нэхэмжлэгчид танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч Т.Б*******ыг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан үндэслэлээр ажлаас халсан нь хууль хэрэглэх нөхцөлийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажлаас чөлөөлөх ямар үндэслэл байгааг тодорхойлох ёстой байсан бөгөөд тушаалын үндэслэл хууль зөрчсөн. Тодруулбал, Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд энэ тохиолдлыг зохицуулсан хууль байхад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн харилцааг зохицуулсан  хуулийг хэрэглэсэн нь хууль бус бөгөөд цагдаагийн албан хаагч нь уг хуульд заасны дагуу өөрөө хүсвэл 65 нас хүртэл төрийн албанд ажиллах боломжтой.

Цэргийн алба хаах насны дээд хязгаар, төрийн алба хаах насны дээд хязгаар гэсэн насны дээд хязгаарууд ялгаатай бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “...хүрмэгц ...” гэсэн нь өөр нөхцөл байдлыг зохицуулж байгаа. Төрийн албаны тухай хууль хэрэглээний талаар хариуцагч маргаагүй.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг барьсан бөгөөд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг бариагүй нь хууль зөрчиж байна. Нэхэмжлэгчийг энэ олон жил цагдаагийн албанд зүтгэхэд 36 сарын олговор ч олгоогүйгээр шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, комиссар, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нь цэргийн алба хаагч бөгөөд тэдгээрт тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож, олгохтой холбогдсон харилцааг тус хуулиар зохицуулна гэж заасан .

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар цагдаагийн байгууллагын комиссар, офицер, ахлагч нь цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах алба хаагчид хамаарах эрх зүйн зохицуулалттай .

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчид эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  3-т “ахлах офицерын албыг 50 нас хүртэл хааж болно ” гээд, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1-д заасан насны ахлагчийн цэргийн жинхэнэ албан хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно” гэж тус тус заасан.

Хууль зүйн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасан .

Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчдын судалгааг гаргаж, Хууль зүйн яаманд хүргүүлсэн бөгөөд “Цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгах тухай ” Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар тушаалд Т.Б*******ын алба хаах хугацааг сунгаагүй тул “Албанаас чөлөөлөх, халах тэтгэвэр тогтоолгох болсон тухай түүнд бичгээр урьдчилан мэдэгдсэн.

Мөн Т.Б******* 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа талаар бичгээр илэрхийлсэн байна .

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт  “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх  бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан .

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/256 тоот тушаалаар цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Т.Б*******ыг ажлаас чөлөөлж, цагдаагийн хурандаа цолыг хадгалуулсан.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Т.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дүгнэлт хийсний үндсэн дээр дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд энэ тохиолдлыг зохицуулсан хууль байхад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн харилцааг зохицуулсан  хуулийг хэрэглэсэн нь хууль бус бөгөөд цагдаагийн албан хаагч нь уг хуульд заасны дагуу өөрөө хүсвэл 65 нас хүртэл төрийн албанд ажиллах боломжтой” гэж маргажээ. 

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “...цагдаагийн байгууллагын офицер...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Б*******ын эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргын албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч байна. 

Мөн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулаагүй байх тул цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд энэ тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч 

- Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана...” гэж, 

- Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “...ахлах офицер 50 нас хүртэл” гэж тус тус зааснаас үзвэл цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн албан хаагчийн цэргийн алба хаах хугацааг сунгах эсэхтэй холбогдсон харилцаанд нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна. 

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийн алба хаах насны дээд хязгаарыг хуульд 65 нас гэж заасан боловч бие бялдарын тусгай бэлтгэлжилт шаарддаг албан хаагчдын цэргийн алба хаах насны дээд хязгаарыг төрийн жинхэнэ алба хаах насны хязгаараас өөрөөр тогтоосон гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилтоос үзвэл уг хууль нь цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоож зохицуулахад хамаарахаар байхад цагдаагийн албан хаагчийн алба хаах насны дээд хязгаарыг тогтооход хэрэглэх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргаас 2014 оны 12 дугаар сарын 19-ний 01/437 тоот  албан бичгээр “... хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан насны дээд хязгаарт хүрч Хууль зүйн сайдын тушаалаар алба хаах хугацааг сунган ажиллаж байгаа,... 2015 онд алба хаах хугацааг сунган ажиллуулах...судалгаа”-г Хууль зүйн яаманд хүргүүлсэн байх бөгөөд уг судалгааны 62 дугаарт Т.Б*******ын ажиллах хугацааг (+)  буюу “сунгах санал”-тайгаар хүргүүлсэн боловч Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 тушаалаар  Т.Б*******ын алба хаах хугацааг сунгаагүй байх тул маргаан бүхий Б/256 дугаар тушаалыг гаргасанд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  Тодруулбал, 

1/ Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 он/-ийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн ... зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг ... хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно”  гэж, 

2/ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994/-ийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “цагдаа, ... байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” гэж, 

3/ Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 32 дугаар тогтоолын 2-т “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5-д заасан генерал, комиссар, офицер, ахлагч, байлдагчийн цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоох, алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан шийдвэрлэхэд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалт саад болохгүй”  гэж тус тус заасан байна.

Дээрхээс үзвэл, цагдаагийн байгууллагын офицерийн цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоох, мөн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллуулах эрх хэмжээ нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байх бөгөөд уг хугацааг сунгаагүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах эрх хэмжээ хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад байхгүй байжээ гэж үзэхээр байна.

Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаас 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2015/08 дугаартай мэдэгдэх хуудас өгч “цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлэх” -ийг мэдэгдсэний дагуу Т.Б******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “тэтгэвэр гарах хугацааг мөн оны 03 дугаар сарын 01-ээс тооцох” , 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “... үргэлжлүүлэн ажиллуулах”  хүсэлтүүдийг тус тус гаргажээ. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар  “Т.Б*******ыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар томилох”-оор шийдвэрлэсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Б*******ыг “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэсэн үндэслэлээр албанаас чөлөөлсөн байна. 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, ... төрийн албанаас чөлөөлөх…” гэж заасан байх ба Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэр нь эцсийн шийдвэр биш байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн шийдвэрээс өөр шийдвэрийг бичгээр гаргасан” гэсэн тайлбарыг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Т.Б*******ыг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг сунгах асуудлыг хариуцагч байгууллагаас Хууль зүйн сайдад уламжилж  шийдвэрлүүлсэн тул түүний 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтийг дахин шийдвэрлүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй байжээ. 

Иймд Т.Б*******ын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг Б/256 тоот тушаалын Т.Б*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнөх нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992/-ийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994/-ийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б*******ын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг Б/256 тоот тушаалын Т.Б*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнөх нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Ц.МӨНХЗУЛ