Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 03

 

 

Д.Нямдоржид холбогдох хэргийн
талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох даргалж, мөн шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр
 
Тус шүүхийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Д.Нямдоржын гаргасан давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

         Аймгийн МАХН-ын хороо болон нэр дэвшигч гишүүд нь 2016 оны 6 дугаар сарын   11-ний өдөр сонгуулийн сурталчилгааны нээлт хийхдээ Сонгуулийн төв байгууллагаас батлагдсан таних тэмдэггүй 0009 УБЧ улсын дугаартай “Лексус 570”, 3808 УНЧ улсын дугаартай “Истана”, 3984 ГАҮ улсын дугаартай “Лексус 470” маркын автомашинуудыг сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаанд ашиглаж Сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд холбогджээ.

Зөрчил гаргагч Говь-Алтай аймгийн МАХН-ын Мянгатын нарийн бичгийн дарга ажилтай Д.Нямдорж нь цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 11-ний 11 цагийн орчимд манай нам аймгийн ЗДТГ-ын төв талбайд Сонгуулийн албан ёсны нээлтээ хийсэн юм. Нээлт хийгээд манай намынхан цуваагаар аймгийн төвөөр тойрч яваад нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах төв байрандаа ирсэн юм. Говь-Алтай аймгийн МАХН-ын штабын даргын ажлыг би хариуцдаг гэжээ. 

Шүүх: Сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.7.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн МАХН-ын штабын удирдлага Дагийсүрэнгийн Нямдоржийг 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгож, Зөрчил   гаргагчид  захиргааны   шийтгэл   ногдуулсан   шийтгэврийн   хувийг гардуулж,   хувийг   аймгийн   прокурор,   Цагдаагийн   газар,   гомдол   гаргагч   нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Баярцэцэгт даалгаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 
    

2

дахь хэсэгт зааснаар зөрчил гаргагч торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг дурдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дээд шатны шүүхэд зөрчил гаргасан этгээд, түүний  хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй болохыг дурдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гарсан тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл Д.Нямдоржид     захиргааны     шийтгэл     ногдуулсан     шийтгэврийг     биелүүлэхийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч Д.Нямдорж давж заалдах гомдолдоо: Сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.7.2 дахь хэсэгт зөрчсөн учраас Говь-Алтай аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын нарийн бичгийн дарга ажилтай Д.Нямдорж надад захиргааны шийтгэл ногдуулж 1.152.000 төгрөгөөр торгосон шийтгэвэрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний 15 цагт Говь-Алтай аймгийн МАХН-ын бичиг хэргийн ажилтан н.Лхагвадорж надад авчирч өгөв.
Энэхүү шийтгэвэрийг миний бие хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзлээ. Учир нь 2016 оны 6 сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн МАХН-ын мянгат сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийсэн нь үнэн боловч нээлтэнд 0009 УБЧ улсын дугаартай “Лексус 570” маркын машин нь Улсын их хурлын 11 дүгээр тойрогт нэр дэвшсэн Н.Бургидаагийн өөрийнх нь машин. 3808 УНЧ улсын дугаартай Истана маркын машин манай аймгийн машин боловч Н.Бургидаагийн сурталчилгаанд явахаар ярьж тохиролцож нээлтэнд оролцсон байна. Сурталчилгааны нээлтэнд Н.Бургидаагийн ухуулагчид менежер нь болон гэр бүлийн хүмүүс нь оролцож үг хэлж байсан байна. Иймд сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4  дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн штаб нь тухайн тойрог дахь нам эвслийн сонгуулийн сурталчилгааг давхар хариуцах ба намын олон нийтийн салбар байгууллагууд штабт тусална хэмээн заасан байдаг.

Мөн сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 1, 2, 3,-т зааснаар Улсын Их Хурлын сонгуулийн штабыг тойргын хэмжээнд Улсын Их Хуралд нэр дэвшигч буюу түүний итгэмжлэгдсэн менежер нь удирдаж эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байна. 

Ийм учраас Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэвэрийг Говь-Алтай аймгийн МАХН-ын мянгатын нарийн бичгийн дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн төв штабын ажилтан миний бие болон аймгийн штаб хариуцах боломжгүй байна. Иймд энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

МАХН-ын Говь-Алтай аймгийн Сонгуулийн Штабын дарга Д.Нямдорж нь 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгуулийн сурталчилгааны нээлт хийхдээ таних тэмдэг 
наагаагүй 0009 УБЧ улсын дугаартай “LEXUS 570”, 3808 УНЧ улсын дугаартай “ISTANA”


3

 маркийн авто тээврийн хэрэгслэлүүдэд намын туг далбаа байрлуулан сонгуулийн 
сурталчилгаа явуулж Сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.4-д  заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс түүнийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн Сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.7.2-т зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчилд тохирсон байна. 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагчийн давж залдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Д.Нямдоржийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.БАТТОГТОХ
                                             
                                                ШҮҮГЧИД                                              Б.НАМХАЙДОРЖ
                                                                                                               Т.ЖАРГАЛСАЙХАН