Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/00032

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/00935 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1756 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Болор гоулд” ХХК-д холбогдох,

Татварын өр 40 736 028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, И.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Болор гоулд” ХХК нь тус хэлтэст 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, хуурай замаар хийгдэх ачаа тээвэр, төрөлжсөн бус барааны бусад барааны жижиглэх худалдаа” чиглэлээр бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 40 397 778 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 338 250 төгрөгийн татварын өрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй байна. Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт хуульд заасны дагуу татвар төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг гардуулж, гарын үсгийг зуруулж, 10 хоногийн дотор төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.Иймд “Болор гоулд” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 40 397 778 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 338 250 төгрөгийн татварын өрийг төлөөгүй байх тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг үндэслэн татварын өр 40 736 028 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Болор гоулд” ХХК 40 736 028 төгрөгийн өр нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж эс зөвшөөрч маргаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 338 250 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 40 736 028 төгрөгийн өр нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгнө үү. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 338 250 төгрөгт маргахгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/00935 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар “Болор гоулд” ХХК-иас 35 708 750 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 027 278 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Болор гоулд” ХХК-иас 282 852 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1756 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/00935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1” гэснийг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Болор гоулд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 632 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...“Болор Гоулд” ХХК нь татвараас зайлсхийсэн, баримт бичиг хуурамчаар ашигласан хэргээр ЗБГХТГазрын мөрдөн байцаах газрын ЭЗГХМХ-ийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Энхбат дээр эрүүгийн 201526020496 дугаар хэрэг үүсгэгдэн 2012-2015 оны татварын өр болон НӨАТ-ийн татварыг шалгаж, татварын байгууллагаас иргэний нэхэмжлэгчээр хуулийн зөвлөх Өлзийбаяр гэгч төлөөлж байсан бөгөөд эрүүгийн хэрэгт гарсан дүгнэлтийг дахин гаргаж иргэний хэрэгт давхар шийдвэр гарсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай би анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, сэжигтэн яллагдагчаар татсан тогтоол болон мэдүүлгийг хэрэгт хавсаргасан.Гэтэл шүүх нь уг нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24042 дугаартай татварын ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтэнд дурдсанаар тус компанийн 2013 оны НӨАТ-ийн тайлангын өр хамаарахгүй байна гэж байгаа нь шүүх хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.“Болор гоулд” ХХК нь 2013 оны 01 сард “Ган номин эрдэнэ” ХХК, “Их үйлсийн ирээдүй” ХХК-иас хуурамч худалдан авалт хийж “Сантрак” ХХК, “Би Юу Ви Ди” ХХК, “Бэюс” ХХК, “Нармон” ХХК, “Геганет” ХХК, “Алтжин санаа” ХХК, “Межик кроун” ХХК, “Эрчит трак” ХХК зэрэг компаниудад хуурамч борлуулалт хийсэн 2013 оны 02 сард “Ган номин эрдэнэ” ХХК, “Их үйлсийн ирээдүй” ХХК-иас хуурамч худалдан авалт хийж “Батган трано” ХХК, “Их ноён ширээ” ХХК зэрэг компаниудад хуурамч борлуулалт хийсэн гэсэн үндэслэлээр манай компанийн худалдан авалтыг татвар төлөхөөс зайлсхийсэн гэж татварынхан өөрсдөө устгасан бөгөөд энэ талаараа цагдаагын байгууллагад өргөдөл гаргасан, атлаа дахин шүүхэд давхар нэхэмжлэл гаргасныг шүүх хянан үзэлгүйгээр дахин өр үүсгэн шийдвэр гаргалаа.Иймд манай компани анхан шатны шүүхэд уг хуурамч худалдан авалт, борлуулалт хийсэн, НӨАТ-ийн татвараас зайлсхийсэн асуудалыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тухай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хаваргасан байсныг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол өгөөгүйг ойлгохгүй байна. Мөн миний бие нь шүүхэд дараахь хүсэлтийг гаргаж байсан. Үүнд:Уг хэрэг маргааныг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэтэл иргэний хэргийг түдгэлзүүлэх, анхан шатны шүүх хуралдааны явцад уг маргаантай холбоотой 2013 оны татварын дүгнэлтийг нэмж гаргуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлж, шүүх өөрийн журмаар нотлох баримтыг цуглуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан. “Ган номин эрдэнэ” ХХК, “Их үйлсийн ирээдүй” ХХК  нь “Болор Гоулд” ХХК-д хуурамчаар борлуулалт хийснээ хүлээн зөвшөөрч цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгч байсан зэрэг нотлох баримтыг шалган тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Болор-Эрдэнэ миний бие 2013 оны НӨАТ-ийн падааны хуурамч худалдан авалт, борлуулалтын талаар УМБГ-н ЭЗГХТХ-т байцаалт, мэдүүлэг, тайлбар өгч байсан мөн 2012 оны татварын дүгнэлт дээрээ 2013 оны татварын дүгнэлтийг нэмж нэгтгүүлж гаргуулах хүсэлт гаргаж байсан.Анхан болон давж заалдах шатны шүүх нь бодит нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтанд зөв үнэлэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчидын хооронд татварын асуудлаар үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчөлт оруулсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Болор гоулд” ХХК-д холбогдуулан татварын өр 40 736 028 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 338 250 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг нь татгалзжээ.

Хариуцагч “Болор гоулд” ХХК нь татварын өртэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, харин нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар үйлдэж, татвараа зайлсхийсэн асуудлаар эррүгийн журмаар шалгагдаж байгаа гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нэхэмжлэлийн үндэслэл болж буй татварын асуудалтай холбоотой болох нь баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь “Болор гоулд” ХХК-ийн 2012 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсан ба уг компани нэмэгдсэн өртгийн падаан дээр хий бичилт хийж, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч компанийн өөрийн тайлагнасан 2013 оны  татварт хамааралтай байна.  Хоёр шатны шүүх маргааны энэхүү байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн алдаа гаргаагүй байна. Хариуцагч талын мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шүүхийн зүгээс хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байх ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодорхой дүгнэжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1756 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361 632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН