2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/02714

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 01 191/ШШ2025/02714

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:хаягт оршин суух, холбогдох, 

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Хулангоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Т.Хулангоо миний бие Г..Эрдэнэбаяртай 2023 оны 02 дугаар сард танилцсан манай ээжийн нутгийн хүн, аялагатай ярьдаг, дулаахан үнэн ярьдаг хүн шиг санагдаж маш их таалагдсан. Анх ярихдаа эхнэртэйгээ танилцуулна, хүүхэдтэй болгоно, хүүхэдтэй болбол эргэж тойрно, хариуцлага хүлээнэ гэж ярьдаг байсан.

2023 оны 11 дүгээр сарын 14-нд хүү Эрдэнэтогтох төрсөн. 06 дугаар сарын 01-нд уулзаж эцэг тогтоох шинжилгээ хийлгэнэ гээд ирээгүй. Би хүүхэд ямар тоглоом юм уу яагаад худлаа амлалт өгөөд байгаа гэхээр Чи миний албан ёсны эхнэр биш, юу гэж чамд үнэн ярьж, дуудсан цагт чинь очих ёстой гээд үл ойшоосон байдалтай харьцсан. Би маш их гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний бие хүүгээ эцэг тогтоолгох, хүүдээ 18 нас хүртэл нь тэтгэлэг Г.Эрдэнэбаяраас гаргуулахыг шаардаж нэхэмжлэлийг Г.Эрдэнэбаяртай холбогдуулан гаргаж байна гэжээ. /хх 1/

 

2.Хариуцагч Г.Эрдэнэбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмон нь шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нь шүүх хуралдаанд татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.Хулангоо тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар дурдсан байна. Хариуцагийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Учир нь Г.Эрдэнэбаярын хувьд нэхэмжлэгчтэй дотно харилцаатай байгаагүй, хүүхэдтэй болох бодол байгаагүй гэдэг тайлбарладаг тул Т.Хулангоогийн хүүхэд мөн болохыг тогтоолгох шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч Т.Хулангоотой уулзаж, энэ асуудлаар тодорхой санал байвал асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг хэлсэн. Гэтэл тэр энэ талаар тодорхой хариу өгөөгүй, шүүх хуралдаанд ирсэн мөртлөө оролцохгүй явчихсан байгааг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү.

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Сая хурлаас өмнө нэхэмжлэгчтэй уулзаад түүнд хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой ямар саналтай байгааг хариуцагч хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэдгийг хэлсэн. Тэгэхээр энэ талаар урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авч болно гэж үзэж байна. Түүнээс гадна шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

Иймд Г.Эрдэнэбаярт холбогдох, Т.Хулангоогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Эрдэнэтогтохын иргэний улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн болон Х.Эрдэнэтогтохын өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолт, Т.Хулангоогийн иргэний үнэмлэхний хуулбар, хүү Х.Эрдэнэтогтохын иргэний улсын бүртгэлийн лавлагаа /хх 1-7/,

3б. Хариуцагчаас ирүүлсэн: Г.Эрдэнэбаяраас 2024.11.04-нйи өдөр Э.Цолмонд олгосон итгэмжлэл, Г.Эрдэнэбаярын оршин суугаа газрын хаягийн лавлагаа, хариу тайлбар, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлт, Г.Эрдэнэбаяраас 2025.03.31-нйи өдөр Г.Мягмардоржид олгосон итгэмжлэл, Г.Эрдэнэбаярын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Мягмардоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 13-14, 24, 32, 47-48/,

3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №1651 тоот шинжээчийн дүгнэлт /хх 40-42/ зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Хулангоо нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Х.Эрдэнэтогтохын эцэг Г.Эрдэнэбаяр болохыг тогтоолгох, тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Эрдэнэбаярт холбогдуулан гаргасан, хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2023 оны 02 дугаар сараас эхлэн танилцсан, хүү Х.Эрдэнэтогтохыг үл ойшоож байх тул эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах-аар шаардсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...дотно харилцаатай байгаагүй, хүүхэдтэй болох бодол байгаагүй гэжээ.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/05950 захирамжаар Т.Хулангоогийн шинжээч томилуулан Г.Эрдэнэбаяр нь хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох дүгнэлт гаргуулах хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон. /хх 35-37/

 

4а. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №1651 тоот дүгнэлтээр:

1. Г.Эрдэнэбаяр нь Х.Эрдэнэтогтохын биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99.99% байна гэжээ. /хх 40-42/

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т:Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно, 23.2-т:Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж тус тус заасан.

 

5а. Зохигчийн тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №1651 тоот дүгнэлт зэрэг баримтаар 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Х.Эрдэнэтогтохын биологийн эцэг Г.Эрдэнэбаяр болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

5б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчийн хооронд дотно харилцаа байгаагүй гэх боловч дээрх шинжээчийн дүгнэлтийг баримтаар няцаагаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг дүгнэлтийн талаар маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй болно.

 

5в. Үүнээс үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Х.Эрдэнэтогтохын биологийн эцэг Г.Эрдэнэбаяр болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т:Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шүүх Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтад заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

6а.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т : эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-т: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Х.Эрдэнэтогтохыг тэжээн тэтгэх тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр сар бүр эцэг Г.Эрдэнэбаяраас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 128,754 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 100.4-т заасны дагуу түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхээс гадуур шийдвэрлүүлэх боломжтой гэх тайлбараар, Г.Эрдэнэбаярт холбогдох, Т.Хулангоогийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Х.Эрдэнэтогтох /регистрийн дугаар УЗ23311452/-ын биологийн эцэг Шарнууд овогт Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр /регистрийн дугаар РЮ69021572/ болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Х.Эрдэнэтогтох /регистрийн дугаар УЗ23311452/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Шарнууд овогт Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр /регистрийн дугаар РЮ69021572/-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Эрдэнэбаяраас 128,754 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хулангоод олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ