| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0349/э |
| Дугаар | 417 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч З.О,
хохирогч Б.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овгийн Заяатын Отгонбаатарт холбогдох эрүүгийн 1811010640373 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн З.О, 1996 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бага дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа дуудлагын жолооч хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хөшигийн 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар УБ96070711.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч З.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 134 тоотод өөрийн найз А.Ундрахыг согтуурсан байдалтай унтаж байхад нь халаасанд нь байсан Нокиа загварын гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар картнаас 2.020.000 төгрөгийг гаргуулан авч бусдад 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч З.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.
Хохирогч Б.Ундрах нь шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би Цонжинболдогт нэг ажил дуусгаад тэнд ажиллаж байсан хүнтэй нэг газар суусан. Тэгээд сууж байгаад манай найз З.Оыг дуудсан байсан. Тэгээд би уухаар нам унтчихдаг юм. Тэгээд гэртээ ороод унтаад өгсөн. Маргааш нь юу болсон талаар манай найз Доржзодов хэлсэн. Тэгээд би мэдсэн...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Ундрах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орой би гадуур танил хүнтэйгээ архи уучхаад машин бариулах зорилгоор өөрийн танил дүү З.О-ыг кино үйлдвэрт дуудаж машинаа бариулж гэртээ ирсэн юм. Тэгээд би гэртээ ороод унтсан хойно миний өмдний халаасанд байсан Хаан банкны карт, нокиа загварын гар утсыг хулгайлан авч явсан байсан. Түүнийг найз Доржзовд надад хэлсэн бөгөөд хамт дагуулж гараад дайлна гэж хэлээд миний картыг авсан гэж 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө надад энэ талаар хэлсэн. Түүнээс хойш уг хүүхдийг карт авч ирээд өгчих болов уу гэж 2 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр очиж хуулга авахад миний картанд байсан 2.030.000 төгрөгөөс 3000 төгрөг үлдээгээд бусдыг нь гаргуулж авсан байсан. Уг мөнгө авсан банкны хуулгыг авч ирээд өгсөн юм. ...надад мэдэгдээгүй, намайг унтаж байх зуур өмдний халааснаас карт болон утсыг авсан байсан. Би уг хүүхдэд ямар нэгэн өглөг байхгүй, ямар учраас авсан болохыг би мэдэхгүй байна. Би архи уугаад унтсан үедээ ерөөсөө сэрдэггүй юм. Миний халааснаас эд зүйл авсныг мэдээгүй, өглөө болоод мэдсэн. Урьд орой нь дунд зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нокиа загварын 1600 гар утас байсан. Үүнийг хэрэг учрал гарахаас 7 хоногийн өмнө Бөмбөгөр худалдааны төвөөс авсан юм...” гэжээ /хх 22-23/.
Гэрч Д.Доржзовд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний орой Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэй нь 6-134 тоотод байрлах нийтийн байранд найз Зоригтын гэрт ирээд архи ууж дуусаад унтах гэж байхад миний багын найз Ундрах гаднаас халамцуухан зүс таних залуутай хамт орж ирсэн юм. Тэгээд манай найз Ундрах гэртээ орж унтсан харин хамт залуу нь Доржоо ахыг дайлна гэж хэлэхээр нь, чи мөнгөтэй юм уу гэж асуухад, Ундрах ахаас асууя гэж орсон юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Хаан банкны карт бололтой ногоон өнгийн карт гаргаж ирсэн. Бид 2 ярилцаж байгаад ганц шил архи уучихъя гэж хэлэхэд, за тэгье гэж зөвшөөрөөд Хаан банкны ATM орох үед би 20.000 төгрөг авчих, ах нь маргааш өгчихье гэхэд, та яах юм бэ, би маргааш хадгаламжаасаа аваад хийчихье гэж хэлсэн. Тэндээс манай надтай хамт явсан залуу манай найз охиныд очъё гэж хэлээд таксинд суугаад явж байхдаа би унтсан байсан. Тэгээд нэг сэрэхэд гэр хорооллын дунд сэрэхэд 2 давхар нийтийн байр харагдаж байсан. Хамт явсан залуу найз охин руугаа орчхоод гараад ирье гэж хэлэхээр нь би гадаа нь таксиндаа сууж байгаад тэндээ унтсан байсан. Тэгээд 1 цаг орчим хүлээсний дараа таксины жолооч намайг сэрээгээд дүү чинь чамайг явж бай гэж хэлж байна гэж хэлэхээр нь би анх суусан таксигаар гэртээ хүргүүлсэн юм. ...Би эхлээд гэр рүү нь ороход манай найз Ундрах унтаж байсан. Харин түүний дараа танил дүү нь ороод Хаан банкны карт, нокиа загварын гар утас барьж явсан...” гэжээ /хх-27/.
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-20/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-58/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 134 тоотод өөрийн найз А.Ундрахыг согтуурсан байдалтай унтаж байхад нь халаасанд нь байсан Нокиа загварын гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар картнаас 2.020.000 төгрөгийг гаргуулан авч бусдад 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч Б.Ундрахад шүүгдэгч З.Оаас нийт 2.050.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн /хх-65/ байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч З.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, эд хөрөнгө битүүмжлээгүй байна.
Харин шүүгдэгч З.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 194/я дугаар захирамжаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн З.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН