Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
Хэргийн индекс | 2106007720558 |
Дугаар | 2024/ДШМ/1143 |
Огноо | 2024-10-10 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1143
2024 10 10 2024/ДШМ/1143
Г.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,
яллагдагч Г.Аын өмгөөлөгч Ц.Батбаяр,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/2011 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ууганзаяагийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Г.Ат холбогдох 2106007720558 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Г.А нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллагын оффист 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “М.Т” ХХК-ийн ерөнхий захирал Г.М “Газрын тосны бүтээгдэхүүний зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийн барааг зээлээр худалдан авч барааны үнийг 90 хоногт төлөхөөр тохиролцон, “Барьцааны гэрээ” байгуулах замаар Баянзүрх дүүргийн 29 дугаар хороо Кристалл таун хотхоны /13311/, 802 дугаар байрны 3-904 тоот хаягтай 139.46 мкв 4 өрөө байрыг барьцаална гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М.Т” ХХК-ийн агуулахаас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 56144 литр буюу 116.218.080 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16000 литр буюу 33.120.000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг тус тус залилан авч “М.Т” ХХК-нд 149.338.080 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай 24 дүгээр тогтоолд “...Б.А нь яллагдагч Г.Атай бүлэглэн, хуурч эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй, залилах гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, Б.Аод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон...” гэж дурджээ.
Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Аыг гэрчээр болон бусад байдлаар мэдүүлэг аваагүй, түүний байгаа газрыг олж тогтоогоогүй, яллагдагч Г.Аын гэрчээр өгсөн мэдүүлгийн “...А ахтай очиж уулзахад ах нь таван толгойгоос нүүрс зөөж машин явуулах гэсэн чинь яаралтай түлш хэрэгтэй болоод МТ ХХК-иас байр барьцаанд тавьж түлш авах гэсэн чинь ах нь өөрөө байрыг барьцаанд тавьж болохгүй байгаа талаар хэлж ...Б.А ах миний данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн эх сурвалжийг шалгаагүй, Б.А нь тус гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгаж тогтоолгүй, мөрдөн шалгах ажиллагаанд эрэн сурвалжилсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Б.А нь 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, хорих ял эдэлж, байгаа газар нь тодорхой байхад эрэн сурвалжлах ажиллагаа дутуу явагдсан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний байгаа газрыг олж тогтоож, хэргийн үйл баримтын талаар асууж тодруулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй.
2. Нотолбол зохих байдал нь нийтлэг шинжтэй. Өөрөөр хэлбэл, эдгээр асуудлууд буюу гэмт хэрэг хаана, хэзээ, яаж үйлдэгдсэн зэргийг тодруулах нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд чухал ач холбогдолтой төдийгүй нотолбол зохих байдал байдал нь бүрэн тогтоогдоогүй байвал нотолгооны зорилго, чиглэл, үр ашиггүй болох, эрүүгийн хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадахгүйд хүрнэ. Тухайлбал, яллагдагч Г.Атай хохирогч 149.338.080 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн актад /1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал/ 04 дүгээр сарын 11-ний өдөр 56144 литр, 04 дүгээр сарын 19-ний өдөр 16000 литр шатахуун хүлээлгэн өгсөн тухай акт үйлдсэн баримт авагдсан. Тодруулбал, дээрх 2 өдөрт нийлүүлсэн шатахуун нь хохирогч М.Т.П ХХК-ийн эзэмшлийн хаана, хэзээ агуулахаас гарсан, ямар хэмжээний шатахуун, түүнийг хүлээн авсан бүртгэл зэрэг холбогдох баримт нь хэргийн үйл баримтад ач холбогдолтой тул хохирогч байгууллагаас гаргуулах, мөн тус актад дурдсан тооцоо гаргасан гэх С.Батгэрэл (борлуулагч ажилтай байсан гэх)-ийг гэрчээр асууж, тодруулах шаардлагатай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн сэдэл, зорилгыг тогтоох нь гэмт хэрэг мөн эсэх, хэргийн зүйлчлэл тохирох эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Г.А...манай захирлын найзаар дамжуулж гэрээ хийсэн гэсэн...” гэсэн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй орхигдуулсан байна. Мэдүүлэг нь гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулж, хэрэгт хамааралтайд тооцогдож эх сурвалж бодитой бөгөөд хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд авсан бол хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангах ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь гэрээний санал тавьсан этгээдийн талаар мэдүүлсэн эх сурвалжийг шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзэв.
Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөл байдлыг хууль зүйн хувьд тодорхойлох учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, мөрдөгч, прокурорын хийх ажиллагааны талаар шийдвэртээ нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй. Тус шийдвэрт дурдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарвал зохино.
Иймд яллагдагч Г.Ат холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан яллагдагчид авсан хувийн баталгаа таргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Ууганзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Хохирогч Г.Э “МТХ” ХХК нь иргэн Г.Атай 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр газрьн тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 149.338.080 төгрөгний шатахуун нийлүүлсэн, гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар 53/19 тоот барьцааны гэрээг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний байгууллагын гудамжинд байрлах МТ оффист хийсэн” гэж мэдүүлсэн /1хх-ийн 61 хуудас/ Хохирогч Б.О “Г.А нь ганцаараа ирж гэрээ байгуулж түлшийг авсан” гэж мэдүүлсэн /1хх-ийн 69 хуудас/ 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тус тус 52/19, 53/19 дугаартай “МТХ” ХХК-ны ерөнхий захирал Г.М, Г.А нарын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ, “Барьцааны гэрээ”-нд Г.А гарын year зурсан. /1хх-ийн 51 хуудас/.
“МТ” ХХК-д “Миний бие өөрийн эзэмшлийн 310.000.000 төгрөгийн өртөгтэй байраа барьцаалан 150.000.000 төгрөгийн хэмжээтэй түлшийг гурван сарын хугацаатай танай компаниас зээлээр авч, Өмнөговь аймгийн Эрдэнэс Таван Толгой уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт “Цагаан Хад хүртэлх нүүрс тээврийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон тул та бүхэн хамтран ажиллана уу. Хүндэтгэсэн, Г.А” гэсэн хүсэлт, /1хх-ийн 49 хуудас/
Г.Аын “МТ” ХХК-аас зээлээр авсан шатахуун тооцоо нийлсэн акт /1хх-ийн 50 хуудас/ зэрэг бичгийн баримтууд авагдсан. Дээрх бичгийн баримтуудаар Г.А нь залилах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн ба хохирогчийг хуурч, гэрээ байгуулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. Дээрх Г.Аын бусдыг хуурах үйлдэлд Б.А гэгч нь хамтран оролцогчоор татах үндэслэлгүй нөхцөл байдал тогтоогддог тул прокуророос 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоолоор Б.Аод холбогдуулан “Залилах” гэмт хэрэгт яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд яллагдагч Г.А, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нар дээрх тогтоолтой танилцсан, прокурорын дээрх шийдвэрт хэн аль нь гомдол, хүсэлт гаргаагүй болно. Яллагдагч Г.А нь “А нь Билгүүнд 5.000.000 төгрөг өгсөн байсан бөгөөд А надад тусаллаа гээд бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. /1хх-ийн 247 хуудас/
Г.А нь “МТХ” ХХК-ыг хуурч түлшийг нь авсан, ийнхүү авсан түлшээ Б.Аод өгсөн болох нь гэрч Б.О “Би сонсохдоо Анхбаярын нэр дээр байрны гэрчилгээ А гаргаж өгөөд тухайн байрны гэрчилгээг барьцаалж түлш аваад А нь алга болчихсон гэж ойлгосон. Миний ойлголтоор Анхбаярыг ашиглаж, А ийм асуудал үүсгэсэн гэж бодож байна” гэсэн мэдүүлгээр тогтоогддог. /1хх-ийн 79 хуудас/ Г.А нь “МТХ” ХХК-ыг идэвхитэй үйлдлээр хуурч ганцаараа оролцсон, Г.Ааас Б.А нь харилцан тохиролцож түлшийг авсан үйлдлийг анхнаасаа Г.А, Б.А нарыг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж дүгнэх үндэслэлгүй юм. Мөн Г.Аын дээрх үйлдэлтэй хэрэгт Б.Аыг яллагдагчаар татан оролцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1-д “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, 2-д “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэснийг ноцтой зөрчихөд хүргэнэ.
2. Яллагдагч Г.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТХ” ХХК-ны агуулахаас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 56144 литр буюу 116.218.080 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16000 литр буюу 33.120.000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг тус тус залилан авсан болох нь яллагдагч Г.Аын “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТХ” ХХК-ны агуулахаас дизель түлшийг авсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 247 хуудас/ 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тус тус 52/19, 53/19 дугаартай “МТХ” ХХК-ны ерөнхий захирал Г.М, Г.А нарын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ, “Барьцааны гэрээ”, /1хх-ийн 51 хуудас/ Г.Аын “МТ” ХХК-ниас зээлээр авсан шатахуун тооцоо нийлсэн акт /1ХХ-ИЙН 50 хуудас/ зэргээр тогтоогдсон. Хохирогч Б.О, яллагдагч Г.А нар нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 56144 литр буюу 116.218.080 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16000 литр буюу 33.120.000 төгрөгийн үнэ бүхий дизөль түлшийг хүлээлгэн өгсөн болон авсан талаар хэн аль нь маргаагүй, тооцоо нийлсэн акт дээр яллагдагч Г.А гарын үсэг зурсан бөгөөд С.Б гэх борлуулалтын менежер нь одоо тус компанид ажилладаггүй талаар хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
3. Яллагдагч Г.А нь анх гэрээ байгуулах санал тавьсан буюу хүсэлт гаргасан болох нь “МТ” ХХК-Д “Миний бие өөрийн эзэмшлийн Кристал тауны 139.46 м2-тай, зах зээлийн үнэлгээ нь 310.000. 000 өртөпгэй байраа барьцаалан 150.000.000 хэмжээтэй түлшийг гурван сарын хугацаатай танай компаниас зээлээр авч, Өмнөговь аймгийн Эрдэнэс Таван Толгой уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт “Цагаан Хад хүртэлх нуүрс тээврийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон тул та бүхэн хамтран ажиллана уу. Хүндэтгэсэн, Г.А” гэсэн хүсэлт, /1хх-ийн 49 хуудас/, Хохирогч Г.Эгийн “Г.А нь манай компаниас зээлээр түлш авах хүсэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 61 хуудас/ Хохирогч Б.Оын “Г.А манай байгууллагад шатахуун зээлээр авах хүсэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69 хуудас/ зэргээр тогтоогдсон. Г.А нь өөрийн биш хөрөнгө болох иргэн Пн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун хотхоны /13311/, 802 дугаар байрны 3-904 тоот хаягтай 139.46 мкв 4 өрөө байрыг барьцаална гэж гэрээ байгуулах санал тавьж, “МТХ’’ ХХК-ийн ерөнхий захирал Г.М “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийн барааг зээлээр худалдан авч барааны үнийг 90 хоногт төлөхөөр тохиролцон, “Барьцааны гэрээ” байгуулан хуурч, Өмнөговь аймгийн Эрдэнэс Таван Толгой уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт “Цагаан Хад хүртэлх нүүрс тээврийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, өөрөө түлшийг авч байгаа мэтээр бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулан, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТХ” ХХК-ийн агуулахаас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 56144 литр буюу 116.218.080 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16000 литр буюу 33.120.000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг тус тус залилан авч “МТХ” ХХК-нд 149.338.080 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Э, Б.О, яллагдагч Г.А, гэрч Б.О, тооцоо нийлсэн акт, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ, барьцааны гэрээ, “М т” ХХК-д гаргасан хүсэлт, түлшийг үнэлсэн үнэлгээ, шинжээчийн 04/161 дугаартай дүгнэлт бичгийн баримтуудаар гэмт хэрэг хэзээ, хаана, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүх гэмт хэрэг хэзээ, хаана, хэн үйлдсэнийг тогтоогоогүй гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх заалтуудыг зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж дүгнэж байна. Иймд “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие прокурор Э.Ууганзаяагийн гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч нь анхнаасаа Г.Атай харилцаа холбоо тогтоож, түүнд хууртагдаж, түлшээ өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. А нь “н.А гэх хүнд уг түлшийг өгсөн. Энэ талаар н.Билгүүн мэднэ” гэж мэдүүлсэн боловч н.Билгүүн нь Г.А н.Аод түлш өгсөн талаар тодорхой зүйл мэдүүлээгүй. Иймээс н.Аыг Г.Атай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин Г.А нь н.Аод хууртагдаж, хохирогч компаниас авсан түлшээ н.Аод өгсөн болох нь гэрч н.Орхоны мэдүүлгээр тогтоогдсон. Г.А нь хохирогч компанийг хуурч, улмаар н.А нь Г.Аыг хуурсан. Иймээс тэдгээрийн үйлдэл нь нэг гэмт хэрэг биш, хэд хэдэн яллагдагчтай тус тусдаа гэмт хэрэг байх тул н.Аыг Г.Атай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түлш өгсөн, авсан талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй, түлш өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын мэдүүлгээр тогтоогддог. Г.А нь өөрийн биш хөрөнгийг бусдад барьцаанд тавьж, гэрээ байгуулж, түлш авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймээс Г.Аыг яллагдагчаар татаж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Г.Аын гэм буруугийн талаарх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгох саналтай. ...” гэв.
Яллагдагч Г.Аын өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Хэрэгт “М.Т” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрладаг ямар агуулахаас, ямар автомашинд, хэдэн тонны түлшийг, хэзээ, хэрхэн өгсөн талаар баримт байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “энэ талаарх баримт байгаа. Биднээс нэхээгүй учраас өгөөгүй” гэж тайлбарлаж байсан. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж оролцсон бөгөөд энэ хэрэгт холбогдуулж “Хан-Уул дүүрэгт байрлах барьцаанд тавьсан орон сууцыг хэзээ, хэрхэн, хэн тухайн орон сууцны гэрчилгээг гаргасан болохыг тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байсан. Тухайн орон сууцыг улсын бүртгэгч барьцаанд бүртгэсэн ба энэ тухай баримт нь хэрэгт авагдсан. Иймээс тухайн улсын бүртгэгчээс уг орон сууцын гэрчилгээ хуурамч байсан эсэх, өмчлөгч нь Г.А байсан эсэхийг асууж, тодруулах бүрэн боломжтой. н.А нь тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч ирсэн бөгөөд “чиний нэр дээр зээл авъя” гэхэд нь Г.А “за” гээд зээлийг нь авч өгсөн. Энэ тухай үйл баримт нь гэрч н.О мэдүүлгээр тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн улсын бүртгэгч, гэрчилгээ хэвлэсэн үнэт цаас зэрэг нь хэрхэн бий болсон нь ойлгомжгүй байна. Шинжээчийн “гэрчилгээ хэвлэсэн цаас нь үнэт цаас мөн” гэсэн дүгнэлт гарсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие прокурорын эсэргүүцлийг дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Манай компани нь Г.А гэх хүнтэй “Газрын тосны бүтээгдэхүүнд худалдах, худалдан авах гэрээ”, “Барьцааны гэрээ” байгуулсан. Г.А нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл авах тухай хүсэлт гаргасан бөгөөд бүхий л гэрээ, хүсэлт Г.Аын нэр дээр хийгдсэн. Компанийн зүгээс н.А гэх хүнтэй ямар нэгэн харилцаа, холбоо үүсгээгүй, н.Аын талаар мэдэхгүй. Г.А нь анх шатахууныг авсан бөгөөд тэрээр шатахуун авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн Г.А нь манай компанитай тооцоо нийлсэн акт үйлдсэн ба 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Миний бие Г.А нь танай Улаанбаатар хотын агуулахаас 56,144 литр шатахууныг 41-81 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 41-81 ТЧ улсын дугаартай чиргүүлээр авах хүсэлтэй байна” гэх хүсэлтийг манай компанид илэрхийлсэн. Тус баримт нь хэргийн 1 дүгээр хавтаст авагдсан. Манай компани анхнаасаа Г.Аын дурдсан н.А гэх хүнтэй харилцаагүй, зөвхөн Г.Атай харилцаж байсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн н.Аыг шалгах шаардлагатай гэж үзсэн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яллагдагчийн өмгөөлөгч “н.А нь чиний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргачихлаа. Энэ үл хөдлөхийг барьцаанд тавьж, зээл авчих гэж Г.Ат хэлсэн” гэж тайлбарлаж байна. Г.А нь өөрийгөө үл хөдлөх хөрөнгөгүй талаараа сайн мэдэж байсан. Тэрээр тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бус болохыг мэдсээр байж тухайн орон сууцыг манай компанид өөрийн хөрөнгө мэтээр итгүүлж, гэрээ байгуулж, шатахуун авсан нь залилах гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй байсныг нотолж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Мөн миний гаргасан давж заалдах гомдлыг хугацаа хэтэрсэн гэж хүлээж аваагүй боловч тус давж заалдах гомдолд дээрх агуулга тусгагдсан. Анхан шатны шүүх манай компани руу танай байгууллага хугацаа хоцорч гомдол гаргасан гэж ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй тул холбогдох баримтыг авчраагүй. …” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Г.Ат холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, хэн үйлдсэн, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч Г.А нь хохирогч “М.Т” ХХК-иас мөнгө залилж авсан гэх үйл баримтыг тодруулан бүрэн шалгах шаардлагатай гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс “…нотолбол зохих байдал нотлогдоогүй, хэргийн үйл баримтыг нотолж тогтоогоогүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй, зарим хүмүүсийг гэрчээр асууж тодруулаагүй. ...” зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтын талаар асууж тодруулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, гэрээний санал тавьсан этгээдийн талаар мэдүүлсэн эх сурвалжийг шалгах, хаанаас, хэзээ, ямар хэмжээний шатахуун, түүнийг хүлээн авсан бүртгэл зэрэг холбогдох баримт нь хэргийн үйл баримтад ач холбогдолтой тул хохирогч байгууллагаас гаргуулах, хэргийн хохирол, хор уршигт тооцох эсэх асуудалд дүгнэлт хийх, заавал асуух шаардлагатай гэрч, хохирогч нарыг асууж тодруулах шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд прокурор Э.Ууганзаяагийн бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах. ...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/2011 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/2011 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Ууганзаяагийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ