Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч С.А/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн Сэргэлэнгийн Алтанхуягт холбогдох эрүүгийн 1811005950506 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн С.А, 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 6-60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар НИ92082715.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.А нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-713 тоот хашааны гадна Б.Батчимэгийн таксинаас буухдаа гээгдүүлсэн Самсунг Эс-8 плас загварын гар утсыг хувьдаа завшиж бусдад 1.424.00 төгрөгийн хохирол гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Хохирогч Б.Батчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэрийнхээ гадна таксины мөнгөө өгөөд буухдаа халаасандаа гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй болохоор нь нөгөө таксигаа зогсоох гэтэл шууд зугтаад яваад өгсөн. Тухайн үед харанхуй байсан болохоор таксины дугаарыг харж амжаагүй. Ямар ч байсан мөнгөлөг саарал өнгийн юм уу, цайвар өнгийн туяатай приус 11 маркийн машин байсан...” гэжээ /хх-17-18/. 

Эд зүйлийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тооцоо /хх-25-26/,

Хохирогч Б.Батчимэгээс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс гаргасан өргөдөл /хх-10/,

Хохирогч Б.Батчимэгээс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс гаргасан “...Б.Батчимэг миний утасны мөнгө болох 1.425.000 төгрөгийг 2018.5.21-ний өдөр С.Алтанхуягаас бэлнээр хүлээн авсан. Цаашид ямар нэгэн гомдол байхгүй. нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-47/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-30/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 129 дүгээр тогтоол /хх-51/, шүүгдэгч С.Алтанхуягийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-49-50/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч С.А нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-713 тоот хашааны гадна Б.Батчимэгийн таксинаас буухдаа гээгдүүлсэн Самсунг Эс-8 плас загварын гар утсыг хувьдаа завшиж бусдад 1.424.00 төгрөгийн хохирол гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч С.А-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.А-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Б.Батчимэг нь “...миний утасны мөнгө болох 1.425.000 төгрөгийг 2018.5.21-ний өдөр С.Алтанхуягаас бэлнээр хүлээн авсан. Цаашид ямар нэгэн гомдол байхгүй. нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтанхуягт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН