Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2022/00038

 

МАГАДЛАЛЫН ТӨСӨЛ

 

 

2022.03.24                                                                                           Баян-Өндөр сум

 

 

 

 

...................ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ...................ын хүсэлттэй,  

 

 “Цагаатгалын нөхөн олговор 81.000.000 төгрөг, ээж Н....................ийн Эрдэнэс бондын мөнгө, дансны үлдэгдэл мөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, гаргуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг,  

Прокурор Л.Энхтайвангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..................., прокурор Г.Анх-Ирээдүй, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний ээж Н....................ийн эцэг ...................гийн ................... гэж лам хүн байж байгаад 1938 онд баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15-р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр буюу буудуулж хороосныг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87-р магадлалаар цагаатгасан юм. Монгол улсын засгийн газрын шийдвэрийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн төлбөр олгохтой холбогдуулан ээж маань уг асуудлыг хөөцөлдөж бүх материалыг бүрдүүлэн Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссод өгсний дагуу түүнд улсаас 80.000.0000 төгрөг олгохоор нийтэд мэдэгдэж, 3ууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэр нь гарсан боловч ээж маань 2021 оны 04 дүгээр сарын 08-нд 89 насандаа нас барсан. Миний бие эхээс дөрвүүлээ бөгөөд аав ээж 2 маань 1956 оны 02 дугаар сарын 17-нд гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Том эгч Д.................... нь 1948 оны 07 дугаар сарын 01-нд төрсөн бөгөөд аавыг дагаж ирж бидэнтэй хамт өссөн. Эгч маань ээжийг нас барсны дараа 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр нас барсан. Дараагийн эгч Д.................... 1959 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн, одоо Бельгийн вант улсад амьдарч байгаа, дараагийн эгч Д.Эрдэнэчимэг 1962 оны 09 дүгээр сарын 01-нд төрсөн одоо Улаанбаатар хотод амьдарч байна. 2 эгч маань өвөөгийн цагаатгалын нөхөн олговор болон ээжийн бондны мөнгө, төрийн банкны дансанд байгаа 1,737,582 төгрөг зэргийг өвлөн авахаас татгалзсан тухайгаа ирүүлсэн. Ээж маань бага байхдаа эсэргүүний хүүхэд гэж хавчигдаж нуугдаж овгоо сольж ирсэн бөгөөд энэ тухай шүүхэд хандан шийдвэрлүүлж, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01352 шийдвэрээр Г....................гийн төрсөн охин мөн болохыг тогтоолгосон байгаа. Иймд намайг ээж Н....................ийн өв залгамжлагч бөгөөд өвөө Г.................... улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн төлбөр 81 сая төгрөг, ээж Н....................ийн Эрдэнэс бондоос авах 1.000.000 төгрөг, мөн ээж Н....................ийн Төрийн банкны ................... тоот харилцах дансны үлдэгдэл 1.737.582 төгрөг зэргийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, өвөө Г.................... улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн төлбөр 81 сая төгрөгийг хуулийн дагуу олгуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00103 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1,528 дугаар зүйлийн 528.1-д заасныг баримтлан ................... нь 2021 оны 04 дүгээр сарын 08-нд нас барсан эх ................... овогтой ...................ийн хууль ёсны өв залгамжлагч мөн бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөн төлбөр 81.000.000 төгрөг, ээж Н....................ийн Эрдэнэс бондоос авах 1.000.000 төгрөг, Төрийн банкны ................... тоот харилцах дансны үлдэгдэл 1.737.582 төгрөг зэргийг өвлөх эрхтэй болохыг тогтоож,  Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Төрийн сангаас 81.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... овогт ...................ын ...................д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ...................ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайван би тус аймаг дахь-Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00103 дугаартай шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Монгол улсын иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д заасныг баримтлан ................... нь 2021 оны 04 дүгээр сарын 08-нд нас барсан эх ................... овогтой ...................ийн хууль ёсны өв залгамжлагч мөн бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөн төлбөр 81.000.000 төгрөг, ээж Н....................ийн Эрдэнэс бондоос авах 1.000.000 төгрөг, Төрийн банкны ................... тоот харилцах дансны үлдэгдэл 1 737 582 төгрөг зэргийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсээс 81.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... овогтой ...................ын ...................д олгуулахаар шийдвэрлэсэн байна. Гомдлын агуулга, үндэслэл: Анхан шатны шүүх нэхэмжлэгч ...................ыг эх Н....................ийн өв залгамжлагч гэж тогтоож Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор болох 81.000.000 төгрөгийг өвлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “... Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ...” гэсэн өв залгамжлагчид шилжих эрхэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх багтаагүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500.000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгохоор ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговрыг нэг удаа олгоно гэж заасан байсан. Хууль тогтоогчоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 сарын 12-ны өдрийн хуулиар тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговрыг нэг удаа олгох” гэснийг хасаж нөхөх олговрыг дахин олгох буюу хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ... 40.000.000 төгрөг болон 80.000.000 төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлт оруулсан нь 2002 онд өөрчлөлт орсон тухайн харилцааг өөрт заасан хэм хэмжээнд зохицуулахаар нарийвчлан заасан, хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т тусгагдсан ойлголттой харилцан хамааралгүй тул ...................д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор болох 81.000.000 төгрөгийг өвлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад ....хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийн нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хэсгийн 13.2.2 дахь заалтад ...түүний эхнэр, нөхөр эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгоно гэж заасан байхад зээд нь олгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасны дагуу Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00103 дугаартай шийдвэрийн цагаатгалын нөхөх олговор 81.000.000 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

Нэхэмжлэгч ................... давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00103 дугаартай шийдвэрт Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайван нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдолтой танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна. Прокурорын гомдолд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 103-д заасныг дурдсан байгаа нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь, миний ээж Н.................... нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй нас барсан. Мөн анхан шатны шүүхээс дээрх заалтыг дурдаагүй, дээр заалтыг үндэслэл болгоогүй байхад прокурор гомдолдоо дурдаад нөхөх олговрыг нэхэмжлэх эрх багтаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Гомдолд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, олговор олгох тухай хуулийн 13 2.1. -д “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон  үрчилж авсан хүүхдэд 80 сая төгрөг;” гэж зааснаар намайг нэхэмжлэх эрхгүй этгээд гэжээ. Энэ заалтанд түүний ач, зээ гэдгийг оруулаагүй ч зөвхөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/ түүний хүүхэд гэсэн агуулгаар хязгаарлагдахгүй гэж үзэж байна. Учир нь, хэлмэгдэгч Г....................гийн төрсөн хүүхэд болох миний ээж П.................... нь нөхөх олговрыг авч чадалгүй насан өөд болсон учраас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10.1.4-д “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх. ах, эгч, дүү, ач, зээ гэж зааснаар буюу 10.1.1, 10.1.2, 10.1.3-д заагдсан нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээд байхгүй учраас 10.1,4-д заасны дагуу нэхэмжлэл эрх нь ................... надад үүссэн. Энэ талаар УДШ*ийн 1998 оны 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар тогтоолын 6-д “Нөхөх олговрыг хэлмэгдэгч өөрөө амьд байгаа бол түүний, хэрэв нас барсан бол хуулийн 10.1.2-т зааснаар хэлмэгдэгчийн эхнэр буюу нөхрийн, эдгээр хүмүүс байхгүй бол хуулийн 10.1.3-т зааснаар төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн дээрх хүмүүс байхгүй бол хуулийн хуулийн 10.1.4-т зааснаар хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээгийн нь нэхэмжлэлийг үндэслэн дараалал харгалзан олгоно.” гэж тодорхой дурдсан байдаг. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах. тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10.3-т зааснаар “Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ гэсэн хуулийнхаа заалтанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор багтаагүй тухай тодорхой хуулийн заалт, зүйл, тогтоол шийдвэрийг дурдаагүй, зөвхөн багтаагүй гэж мэдэгдэж байгаа нь тодорхойгүй, дээрх хуулийн заалтыг буруугаар тайлбарлаж байна гэж үзэж байна.  Монгол улсын Иргэний хуулийн 515.1.-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө. Үүнд цагаатгалын нөхөх олговор орно гэдгийг миний бие хууль, нотариат нараас мэдээлэл, зөвлөмж авсны дагуу миний ээжийн нөхөн олговор нэхэмжлэх эрх надад өвлөгдөж байна гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...зүйлийн 13.2.2” гэснийг 13.2.1-д гэж залруулаг хийлгэх хүсэлтэй байна. Иймд прокурор Л.Энхтайвангийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасны дагуу гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

 2. Нэхэмжлэгч ................... “Цагаатгалын нөхөн олговор 81.000.000 төгрөг, ээж Н....................ийн Эрдэнэс бондын мөнгө, дансны үлдэгдэл мөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, гаргуулах” тухай хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн байна.

3. Хэрэгт авагдсан баримтаар хэлмэгдэгч асан Г.................... Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлснийг Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалаар цагаатгасан ба Н....................ийг хэлмэгдэгч Г....................гийн төрсөн охин мөн болохыг тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №01352 дугаар шийдвэрээр тогтоож шийдвэрлэснээр Н.................... нь нөхөн олговор авах эрхтэй.

         4. Хүсэлт гаргагч ...................ын төрсөн ээж Н.................... нь 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нас барж,  өв нээгдсэн ба тэрээр хууль ёсны өвлөгчийн хувьд нөхөн олговор-81.000.000 төгрөгийг шаардах эрхийг өвлүүлэх Өвлөх эрхийн гэрчилгээг авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй  байна.

          5. Түүнчлэн Н....................ийг  нас барсны дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Зууны мэдээ сонинд нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн нэрсийн жагсаалтанд нийтлэгдсэн, анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар 18-ны өдрийн № 00452  дугаар шийдвэрээр  Н....................ийн Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу цагаатгалын нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдээр өдөр тутмын сонинд зарлуулах хуулийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй,  өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

        6. Хүсэлт гаргагч ................... нь 2021 оны 12 дугаар сарын 07-нд шүүхэд  нөхөн олговор-81.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргасан байна.

         7. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж  хуульчилсан ба Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3. дах хэсэгт зааснаар уг хугацааг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэх байсан.

        8. Гэвч анхан шатны шүүх хуульд тусгайлан заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болно

         9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан үндэслэлд  хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Прокурор Л.Энхтайван давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                                ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ