| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0379/э |
| Дугаар | 407 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Д.Оюунгэрэл,
шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овгийн Баяртсайханы Отгонбаяр, Чойжидням овгийн Хүдэрчулууны Сэнгэдорж нарт холбогдох эрүүгийн 1711013780287 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Ч овгийн Х.С, 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, СУИС-ийн багш урлагийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дундговь аймгийн Гурвансайхан сум, 5-р баг, Суугаант гандан 1 гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЗГ97122314.
2. Г овгийн Б.О, 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУБИС-ийн багш урлагийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Гурвансайхан сум, 5-р баг, Суугаант чин 11 гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЗЯ97121917.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Х.С нь 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баяртсайханы Отгонбаяртай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн уулзвараас хороолол өгсөх замд иргэн М.Мөнх-Эрдэнийн самсунг галакси эс-2 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 54.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө ганцаараа Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Лхагважавын самсунг нөте 2 маркийн гарт утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр авч 72.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.О нь Хүдэрчулууны Сэнгэдоржтой бүлэглэн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн уулзвараас хороолол өгсөх замд иргэн М.Мөнх-Эрдэнийн самсунг галакси эс-2 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 54.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Бид нар тухайн өдөр найзуудаараа уулзаад нэг шил архи хувааж уучихаад караоке орох зорилготой бүгд гарцгаасан. Манай 3 найз түрүүлээд Отгонбаяр бид хоёр ард явж байтал надад хүнтэй утсаар ярих шаардлага гарсан. Найзуудаасаа утас асуухад бүгд гэртээ орхичихсон байсан. Би бас утсаа гэрт орхичихсон. Тэгтэл өөдөөс нэг залуу утсаар яриад алхаж байхаар нь утсаар нь яриулаач гэхэд надад миний ярих хүнрүү залгаж өгөөд утас нь холбогдохгүй байна гэж хэлэхээр нь дахиж нэг хүн рүү залгуулаад холбогдохгүй байна гэхээр нь би аваад зугтаачихсан. Цааш явж байгаад дахин залгахад үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь сим картыг нь аваад хаячихсан. Анх утас авсан газраа утсыг нь аваачиж өгөх гээд очиход тэр хүн байхгүй байсан. Тэгээд цаашаа явж байгаа дахин нэг хүний утсыг булаагаад авчихсан. Манай найзууд зам дагаад гүйж яваад Эх нялхас эрүүл мэндийн төвийн ойролцоогоос цагдаа нарт баригдчихсан юм байна лээ. Би тэр чигтээ гүйж яваад гэртээ харьсан. Отгонбаяр цагдаа нартай ирж намайг барьж авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна …” гэв.
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө найз Ренчинчогсомын төрсөн өдөр болсон. Бид нар 0.5 граммын архи хувааж учихаад караоке орох гээд гарцгаасан. Баян бүрдээс Хороолол орох гээд явж байхад Бямбадорж, Бямбасүрэн, Ренчинчогсом гурав урд явж байсан. Сэнгэдорж бид хоёр ард нь юм ярьж явж байгаад Сэнгэдорж нэг залуу дээр очоод утсаар яриулаач гэсэн. Тэгтэл Сэнгэдорж утсыг нь аваад гэнэт аваад зугтаахаар нь би араас нь дагаад зугтаасан. Эх нялхсын зам уруудаад гүйж яваад би цагдаа нарт баригдсан. Би эхлээд утас авсан гэдгийг мэдээгүй. Цагдаагийн газар очоод мэдсэн. Ийм хэрэгт орооцолдсон нь миний буруу. Өөрийн гэм бурууг ойлгож байгаа…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн үед ... Баянбүрд дээр явж байсан чинь эхнэр над руу утасдаад... гэртээ харья гэж бодоод буцаж зам гараад Тасганы овооны ертөнцийн зүгээр хойд талын явган хүний замаар дээш өгсөж байсан чинь үл таних 20 орчим насны 2 залуу ирээд “утсаараа нэг удаа яриулаад өгөөч” гэсэн. Тухайн үед нэг залуу нь надад утасны дугаар хэлээд би тэр утас руу нь залгахад холбогдох боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд дахиад нэг удаа залгаад өгөөч гэхээр нь анх залгасан утас руу нь дахиад нэг удаа залгаж өгсөн. Энэ үед нөгөө хоёр залуугийн өндөр туранхай залуу нь миний утсыг булааж зугтаасан. Ингээд нөгөө хоёр залуу зугтаад гүйхээр нь араас нь Зурагт явдаг 4 замын уулзвар хүртэл хөөгөөд гүйцэхгүй болохоор нь тэр хавиар явж байсан танихгүй хүний утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэртээ хариад буцаж гараад тэр хавиар нөгөө 2 залууг хайгаад явж байхдаа танихгүй хүний утсаар цагдаад дуудлага өгсөн чинь Шатахуун түгээх станц дээр ирсэн байна гэсэн. Ингээд цагдаатай уулзах гээд явж байхад миний утсыг авч зугтаасан залуу өөр нэг залуугийн хамт зогсож байхаар нь дахиад надаас утас асуусан. Тэгэхээр нь “чи миний утсыг авсан залуу мөн байна” гэхэд зугтаасан... Миний гар утас Самсунг галакси эс-2 байсан...” гэжээ /хх-22-24/,
М.Мөнх-Эрдэнэ нь гэрчээр мэдүүлэхдээ: “... би доошоо уруудаад гүйгээд явж байтал намайг цохисон залуу, гар утас авч явсан нүдний шилтэй залуу хоёр хамт зогсож байсан. Тэр хоёр залуу намайг таниагүй бас надаас хөгшөөн гар утсаараа ганц яриулаач гэж хэлсэн... Миний биед гэмтэл гээд байх зүйлгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэжээ /хх-26/.
Хохирогч Ж.Лхагважав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...02 цагийн үед Эх нялхсын буудлын орчим Зүүн Тасганы гудамж руу орох гээд явж байхад нүдний шилтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу ирээд утсаараа яриулаад өгөөч гэж гуйсан. Би тэр залууд утсаа өгөөд яриулах гэхэд утасны сүлжээ нь унасан байхаар нь сүлжээг нь янзлах гээд оролдоод зогсож байхад тэр залуу миний утсыг булааж аваад зугтаасан... Миний гар утас Самсунг Нөте-2 хар хөх өнгөтэй гар утас байсан... гадна талаараа улаан өнгийн гэртэй байсан. Миний биед ямар нэгэн шарх гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй ...алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан...” гэжээ /хх 97-100, 101-102/.
Гэрч Ө.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “...Отгонбаяр, Бямбадорж, Сэнгэдорж, Рэнчинчогсүм бид 5 уулзаад 0.5 граммын ерөөл архи хувааж уугаад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 01 цагийн үед гадагш гарч өөр юм авч уух гээд явж байгаад Сэнгэдорж, Отгонбаяр хоёр бид гурвын ард талд явж байсан. Бямбадорж, Рэнчинчогсүм бид 3 болохоор урд талд нь явж байхад, Сэнгэдорж Отгонбаяр хоёр гэнэт араас гүйж ирээд хүний гар утас авчихлаа гэхээр нь бид нар тараад зугтаасан... Би цохиж зодсон асуудал байхгүй. Манай найзууд бас зодоогүй... Сэнгэдорж, Рэнчинчогсүм хоёрыг гар утас дээрэмдсэн талаар мэдээгүй...” гэжээ /хх-31-33, 116-117/.
Гэрч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: “...араас хүн хөөе гээд хашгираад дуугарахаар нь эргээд харсан чинь Сэнгэдорж, Отгонбаяр хоёр наашаа гүйж байсан... Тухайн үед Сэнгэдорж гартаа нэг Самсунг эс-2 маркийн гар утас барьсан явж байсан... Надад эхлээд Самсунг эс-2 гар утас булаасан гэж хэлсэн. Дахиад гэмт хэрэг үйлдэх гэж байгаа талаар хэлээгүй..., Сэнгэдорж тэр хүний гар утсыг булаагаад авсан...” гэжээ /хх 38-39, 103-105/.
Гэрч Б.Рэнчинчогсүм мэдүүлэхдээ: “...Би найз нар болох Бямбадорж, Отгонбаяр нарын хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Баянбүрдийн тойргийн ард талд Нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр миний төрсөн өдөр болсон. ...22 цагийн үед гэртээ ирэхэд найз Бямбадорж Бямбасүрэн хоёр ирсэн байсан..., Тэгээд 0,5 литрийн ерөөл архи хувааж уусан. Би тухайн үед согтуу байсан болохоор мэдэхгүй байна... Би Отгонбаяр, Сэнгэдорж нарыг гар утас авсан гэдгийг маргааш нь мэдсэн... Бид нар дээрэм хийх талаар хоорондоо ярьсан зүйл байхгүй...” гэжээ /хх 40-43/.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-19-20/, /хх-92-94/.
Э.Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-136-140/.
Х.Сийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-69-73/,
Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн газруудын схем зураг /хх-76/,
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-53-54,125-126 /,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-58, 147/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-153, 159/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.С нь 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баяртсайханы Отгонбаяртай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн уулзвараас хороолол өгсөх замд иргэн М.Мөнх-Эрдэнийн самсунг галакси эс-2 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 54.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө ганцаараа Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Лхагважавын самсунг нөте 2 маркийн гарт утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр авч 72.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.О нь Х.С бүлэглэн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн уулзвараас хороолол өгсөх замд иргэн М.Мөнх-Эрдэнийн самсунг галакси эс-2 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 54.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Мөнх-Эрдэнэ, Ж.Лхагважав нарын мэдүүлэг, гэрч Ө.Бямбасүрэн, Б.Бямбадорж, Б.Рэнчинчогсүм нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.С, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.С, Б.О нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Мөнх-Эрдэнэ, Ж.Лхагважав нар нь “...Гомдол санал байхгүй. Эд зүйлээ хүлээж авсан...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.С, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.С, Б.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Иймд шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзав.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Б.О, Ч овгийн Х.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.О, Х.С нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С, Б.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН