| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2303000770103 |
| Дугаар | 2024/ДШМ/1132 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1132
2024 10 10 2024/ДШМ/1132
Х.Год холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
хохирогч Ч.Агийн өмгөөлөгч Д.Дарханбаатар,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/1396 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлээр Х.Год холбогдох эрүүгийн 2303 00077 0103 дугаар хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 цагийн орчимд Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Х.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Год холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал” (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал)-ыг нотлохоор,
27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж, 4 дэх хэсэгт “мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно” гэж тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн 255 дугаартай магадлагаа /хх 72-73/ гарсан бөгөөд уг магадлагаанд ““...1. Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
2. Явган зорчигч Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а\ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...”” гэж жолооч болон явган зорчигч нарыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлтийг гаргасныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1815 дугаартай шүүгчийн захирамжаар талуудын хүсэлтийг харгалзан Зам тээврийн хөгжлийн яамыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байна /хх 203-204/.
Шинжээч нарын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 202408\01 дугаартай дүгнэлтэд “...Хариулт 1. Жолооч Х.Гыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Хариулт 2. Явган зорчигч Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь өөрийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын үзлэгээр тогтоогдсон байна.
Хариулт 3. Зам тээврийн ослын энэ тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг хэрэглэх нь тохиромжгүй гэж үзэж байна. Үүнд: Жолооч Х.Г хөдөлгөөн эхлээгүй, хөдөлгөөнд оролцож байсан. Шинжээчийн зүгээс “жолооч Х.Г нь автомашины чиг өөрчлөх үйлдэл хийсэн ба давуу эрх бүхий “замын хөдөлгөөнд оролцогч”-д аюул, осол үүсгэхгүй байх үүрэг хүлээнэ” гэж энэ заалтыг ойлгодог. Жолооч Х.Г байр эзлэх, зогсох үйлдэл хийгээгүй...” гэжээ.
Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд мөрдөгчийн магадлагаанд ““...1. Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэсэн,
шинжээчийн дүгнэлтэд “...Хариулт 1. Жолооч Х.Гыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна...” гэсэн нь өөр хоорондоо зөрүүтэй байх бөгөөд энэ зөрүүг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр болгох ач холбогдолтой, өөрөөр хэлбэл зөрүүтэй гарсан дээрх мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтийг өөр бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж шүүхээс үзнэ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон прокурор, хохирогч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтох үүрэгтэй, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор заасан бөгөөд нотлох баримтыг шүүх дээр биш мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу цуглуулах, бэхжүүлэх шаардлагатай.
Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийлгэхээр яллагдагч Х.Год холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/909 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.
Улмаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2024/ДШМ/918 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2024/ДШМ/609 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэвч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн яллагдагч Х.Гыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/909 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, энэхүү хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж өөрчлөн, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гарсан бол хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлэхгүй гэсэн хоёрдмол салаа утгагүй зохицуулалтыг хуульчилсан.
Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчсөн гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах зохицуулалтыг шинээр нэмж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Үүнээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах, прокурор болон хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан, үндсэн шүүх хуралдаанд бэлтгэх, оролцогчийн санал, хүсэлтийг шийдвэрлэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болохуйц процесс ажиллагааны зөрчлийг урьдчилан илрүүлэх, хүний зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, иргэдэд чирэгдэлгүй явуулах, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тусгайлсан, бие даасан үе шатыг бий болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяаллын дагуу шилжүүлэх эрх олгосон хэм хэмжээг хуульчилсан байна.
Гэтэл Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Год холбогдох 2303000770103 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 2024/ШЗ/1396 дугаартай захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулиар хориглосон хэм хэмжээг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд яллагдагч Х.Гыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/909 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан шүүн таслах ажиллагаа явуулах зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, үе шат, дараалал, хэм хэмжээг зөрчин урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шийдвэр гарган хэргийг прокурорт буцаасан нь хуулийн үндэслэлгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/1396 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Хохирогч Ч.Агийн өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Иймд хэрэг шүүхийн шатанд байгаа гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн шүүгч нь өөрийн санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчиж байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Тээврийн прокурорын газраас Х.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 918 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ, “...мөрдөгчийн магадлагааг яллагдагч, түүний өмгөөлөгчөөс үл зөвшөөрч шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, зөвхөн мөрдөгчийн магадлагааг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байна...” гэсэн үндэслэл заажээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолоор Х.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 609 дүгээр магадлалаар “...Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийж, хуульд заасан шаардлага хангасан шинжээчийн дүгнэлт гаргасны дараа тухайн нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлаа хууль зүйн шалгуурын хүрээнд дүгнэх нь зүйтэй...” гэсэн үндэслэл заан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/1396 дугаар шүүгчийн захирамжид “...зөрүүтэй гарсан мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтийг өөр бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаажээ.
Анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 909 дүгээр шүүгчийн захирамжаар /1хх 121/ яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1396 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “... Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй...” гэж заасныг зөрчсөн гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасан нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцлээр дээд шатны шүүх хэргийг хянаж, хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгохдоо тухайн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй агуулгаар тусгагдсан хэм хэмжээ байх бөгөөд тухайн хэргийг дээд шатны шүүхээс хүчингүй болгосон үндэслэлээр ажиллагаа хийх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ажиллагаа хийх агуулгатай хуульчлагджээ.
Иймд шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж,
мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж тус тус заасны дагуу уг ажиллагааг хийлгэх боломжтой байна.
Иймд прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/1396 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР