Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 207/МА2022/00039

 

Б....................ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А....................д холбогдох  

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ны  өдрийн 142/ШШ2022/00119 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б....................ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А....................д холбогдох,  

 

 “Тээврийн хэрэгсэл худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 8.600.000, алданги 1.400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....................гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.................... цахимаар, хариуцагч А...................., нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...................гийн ................... миний бие 2018 оны 03 сарын 29-ны өдөр Агаарын ...................тай ................... УНЛ улсын дугаартай, HOWO ................... маркийн өөрөө буулгагч төрлийн, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тээврийн хэрэгслийн худалдах үнийг 55.000.000 төгрөгөөр хоёр тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2018.03.29-ны өдрөөс 2018.08.01-ний өдрийн хооронд сар бүр хэсэгчлэн худалдагч талын эзэмшлийн ХААН банкны ................... тоот дансаар төлөхөөр болсон. Хэдийгээр гэрээнд заасны дагуу 2018.08.01-ний өдөр төлбөрөө төлж дуусгахаар тохирсон боловч түүнээс хойш цувуулж төлсөөр л байсан. А.................... нь үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2-д зааснаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 алданги тооцож үндсэн төлбөрийн үлдэгдлийн хамт нийт 10.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... шүүхэд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. ................... болон ................... нар нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ................... УНЛ улсын дугаартай, НОWO маркийн авто машиныг худалдах худалдан авах гэрээ хийж 55.000.000 төгрөгөөр үнэ тохирсон. Тухайн төлбөрөөс хариуцагч ................... 46.400.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 8.600.000 төгрөгийг өгөөгүй, ...................аас төлбөрөө төлнө үү гэж ................... руу удаа дараа сануулж утасдаж байсан. Энэ хугацаанд ................... нь төлнө, байж бай гэсэн байдлаар машины үлдэгдэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр авто машин түрээслэх гэрээ Сомалиа ХХК-тай ................... хийсэн байдаг, тэр гэрээгээр тухайн машин буцаад нэрт   шилжихдээ машин түрээслэх гэрээний үүргээ биелүүлж дууссаны дараа ...................ийн нэр дээр шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл ................... ................... ХХК-тай өөрөө очиж уулзан би мөнгөө төлчихсөн гэж ................... ХХК-с тухайн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байдаг. Төлбөрийн үлдэгдэл 8.600.000 төгрөг, алданги 1.400.000 төгрөг нийт 10,0 сая төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч А.................... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

...Агаар овогтой ................... миний бие 2017 оны 12 сарын 18-нд УБ хотын СХД-ээс хадам аав болох Ш...................., дүү И...................., хамаатан Т.................... нарын хамт ................... УНЛ НОWO маркийн өөрөө буулгагч төрлийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 45.000.000 төгрөгөөр аман гэрээгээр тохиролцон авч ирсэн. 2018 оны 2 сард 10.000.000, 4 сард 10.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Тохирсон ёсоороо 2 сард 10.000.000 төгрөг ................... тоот дансанд хийсэн. ................... миний машин ямар ч эвдрэлгүй сайн машин гэж хэлсэн. Тэр машин хотоос ирэхдээ л паар нь ажиллахгүй, эвдэрхий, унтарч асдаг байсан, эвтэйхэн аргалж явсаар байгаад ирсэн. Би тэр үед Солонгосд ажиллаж байгаад ирсэн байсан тул өөрт байсан 8.000.000 гаруй төгрөгөөрөө засвар хийгээд, нааш цааш явсантайгаа нийлээд арваад сая төгрөг болсон. 2018 оны 03 дугаар сард засвар хийж дуусаад ................... ахад хэлээд нэрийг нь шилжүүлээд өгөөч гэхэд 10.000.000 төгрөг нэмж 55.000.000 төгрөг нэхсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй байна машиныг тань буцааж өгөөд 18 000 000 төгрөгөө авъя гэхэд чи надаас юу олж авах юм, би машинаа түрээсэлсэн гэж тэр мөнгийг чинь суутгана гэж хэлсэн, би тэгвэл яах ёстой юм бэ гэхэд чи надаас юу ч олж долоохгүй, надтай шүүхдэлцээд барахгүй шүү гээд намайг дарамталж эхэлсэн. Аргагүйн эрхэнд 18.000.000 төгрөгөө алдахгүйн тулд би энэ гэрээг хийсэн. 2018 оны 09 дүгээр сард хамгийн сүүлийн 7.000.000 төгрөг төлж нийт 46.400.000 төгрөгийг ярьсан аман гэрээний дагуу өгсөн. Тэгээд энэ хүн чимээгүй байж байгаад 2021 оны зунаас мөнгө нэхэж эхэлсэн, би анх тохиролцсон аман гэрээгээр мөнгөө төлж дууссан гэж бодож байгаа. 18.000.000 төгрөгөө дээрээс нь машинаа алдах гээд маш их хохиролтой байсан болохоор аргагүйн эрхэнд энэ хүний үгээр энэ гэрээг хийсэн. Шүүхийн байгууллагаар яваад миний нэр дээр ямар ч баримт байхгүй учраас би гэрээг албан хүчээр хийсэн. ................... ХХК-аас шилжүүлэхдээ мөнгө төгрөгөө төлж дууссан гэж яриагүй, тэр компанитай хуйвалдсан ч юм байхгүй машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн юм гээд л шилжүүлж авсан. 2018 оны 03 сарын 28-ны өдөр ................... ХХК-д гэрээгээр тээвэр хийхээр нэр шилжүүлэх болсон ...................гийн ...................тай уулзаж нэр шилжүүлээд өгөөч гэж гуйхад тохирсон үнэ дээрээ 10,0 сая төгрөг нэмж 55.000.000 төгрөг болголоо ингэхгүй бол машинаа буцааж авна гэсэн. Би урьдчилгаа 10.000.000 төгрөг өгсөн, мөн машиныг аваад зөндөө засвар хийсэн дугуй авч тавьсан, мотор янзалсан, хроп янзалсан гэх мэт маш олон зүйл хийсэн 8.000.000 гаран төгрөгийн засвар хийсэн. Машинаа буцааж авбал чи юу ч олж авч чадахгүй, чамд нотлох баримт байхгүй, шүүх цагдаагаар яваад чи надаас юу ч олж авч чадахгүй гээд байхаар нь аргагүйн эрхэнд 55,0 сая төгрөгөөр авсан мэтээр энэхүү гэрээг хүчээр хийсэн. Анх бол 45,0 сая төгрөгөөр авахаар тохироод авчирсан юм. Ингээд машины нэр шилжээгүй учир ................... ХХК-тай гэрээг Б.................... хийсэн. Түрээсийн мөнгө мөн Б....................ийн данс руу ордог байсан. ................... ХХК-тай ажиллах ажлыг би өөрөө олсон. Б....................ийн данс руу түрээсийн мөнгө ороод ирэнгүүт анх тохирсон үнээсээ илүү 10,0 сая төгрөгөөр зарсан гэж гэрээ хийсэн. Өмнө нь би урьдчилгаа 10,0 сая төгрөг өгсөн, мөн машинд 8,0 сая төгрөгөөр засвар хийсэн байсан, надад ямар ч нотлох баримт байгаагүй тул аргагүйн эрхэнд машиныг буцаавал үнэхээр надад нотлох баримт байгаагүй тул би 18,0 сая төгрөгөөр хохирох гээд байсан тул би энэ гэрээг хийсэн. Тиймээс би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 09 сар гэхэд 46.400.000 төгрөгийг анх хэлж тохирсон үнээрээ төлж барагдуулсан байсан. Түрээсийн мөнгө миний дансаар биш Б....................ийн дансаар ордог байсан тул би нарийн тооцоог нь мэдэхгүй байна. Иймд энэхүү гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/00119 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан А....................аас төлбөрийн үлдэгдэл 8.600.000 төгрөг, алданги 1.400.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг гаргуулах Б....................ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.................... давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.................... нь нэхэмжлэл гаргахдаа А....................тай 2018 оны 03 сарын 29-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан ...................УНЛ улсын дугаартай ................... маркийн өөрөө буулгагч машиныг 55.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч гэрээ байгуулсан бөгөөд машины төлбөрийг 2018 оны 03 сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон юм. Худалдан авагч А.................... нь машины төлбөрийг 2018 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгана гэж тохирсон байсан боловч үлдэгдэл төлбөрийг гүйцээж төлөхгүй байсан бөгөөд ...................ийг машины үлдэгдэл төлбөрийг нэхэхэд удахгүй төлнө гэж хугацаа авсаар байсан тул хариуцагчийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.Хариуцагч А.................... нь тухайн худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө аман гэрээгээр 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, машины үнэнд нийт 46.400.000 төгрөг төлсөн тул мөнгийг бүрэн төлсөн гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн машиныг ................... ХХК-д түрээсээр ажилд явуулахын тулд аргагүй эрхэнд 55.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн гэж хариу тайлбар гаргасан билээ.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Учир нь нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойших хугацаанд хариуцагч талаас үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан хариуцагч ................... нь өгнө гэдгээ илэрхийлж өөрийн утсаар 2019 оны 3 сарын 26-ны өдөр өөрийн 99929895 утасны дугаараас: “ах дүү нь мөнгө цуглуулж байна. Одоо бэлэн  байгаа “ гэсэн мессежээр нотлогдож байна. А.................... нь ...................н ХХК-аас машины өмчлөлийг ...................ийн зөвшөөрөлгүй шууд өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг бөгөөд энэ хугацаанд ................... нь ...................н ХХК-тай байнга холбоотой байсан юм. Симлайн ХХК нь ...................аас ...................ийн үлдэгдэл мөнгийг авч өгөхөө илэрхийлдэг байсан билээ. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс байнга машины төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилдэг байсан нь түүний өөрийнхөө утаснаас ...................ы утас руу мессеж бичдэг байснаараа шаардах эрхээ хэрэгжүүлсээр байсныг нотлох юм. Гэрээний хугацаа дуусна гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд хандах хүртэл гэрээний үүргээ биелүүлнэ гэдгээ амаар болон мессежээр илэрхийлж байсан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилж байгаагийн илэрхийлэл юм. Гэтэл шүүгч гэрээний хугацаа дууссаныг нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ташаа тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 142\ШШ2022\00119 тоот Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.................... нь хариуцагч А....................аас тээврийн хэрэгсэл худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 8.600.000 төгрөг, алданги 1.400.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд зохигчид 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр ................... УНЛ улсын дугаартай хово ................... маркийн өөрөө буулгагч төрлийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 55.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах урьдчилгаа төлбөр 10.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлж, үлдэгдэл 45.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд төлөх, сар бүрийн эхэнд 11.250.000 төгрөг төлөхөөр тохиролцсон, хариуцагч нь машины төлбөрөөс 46.400.000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч А.................... анх машиныг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, энэ гэрээг сүүлд хийж гарын үсэг зуруулсан /машинаа алдахгүйн тулд 55.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэсэн гэрээнд гарын үсэг зурсан/ нийт 46.400.000 төгрөг төлж машины төлбөр дууссан гэсэн тайлбар гаргаж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзал тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Харин талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнд төлбөр төлж дуусах хугацааг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэж тохирсон байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил гэж зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлд нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан тээрийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хугацаа хуульд заасан төлбөр төлөгдөөгүй гэж нэхэмжлэгч тал хариуцагчаас удаа дараа шаардаж байсан, хамгийн сүүлд 7 сая төгрөгийг 2019 оны 09 дүгээр сард өгсөн талаар зохигчид маргаагүй. Эдгээр байдлаас дүгнэхэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч А.................... нь машин худалдах, худалдан авах гэрээний дагуу машиныг 45.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн тайлбараа нотлоогүй тул хэрэгт авагдсан гэрээний дагуу 55.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон гэж үзэж 8.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох талаар тусгасан байгаа боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ алданги тооцох хугацаа, үнийн дүнг тодорхой тооцон шаардаагүй хариуцагч А.................... нь худалдан авсан машинаараа тодорхой ажил үүрэг гүйцэтгэж ажлын хөлсөөрөө машины үнийг төлж байсан нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт шүүгчийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр огноолсон байгаа нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжийг шүүгчийн туслах О.Мөнх-Одын хайхрамжгүй алдаанаас болж буруу гарсан байгааг анхааруулж цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг мэдэгдэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/00119 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан А....................аас төлбөрийн үлдэгдэл 8.600.000 төгрөг, алданги 1.400.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг гаргуулах Б....................ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасныг баримтлан А....................аас төлбөрийн үлдэгдэл 8.600.000 төгрөг гаргуулж Б....................т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А....................аас 152.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б....................т олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....................гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ