Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 755

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,  

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

Хохирогч М.Хишигжаргал,

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг /ҮД:1585/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д холбогдох 1706 00764 0648 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 19 оны 0 дугаар сарын 1-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ..дугаар хорооны 5 дугаар хэсэг, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,  Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн Бор Өндөр гэх газарт мал маллан амьдарч байгаа гэх,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж,  цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулж тооцон сулласан, Ш овогт Г Д /РД:

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Д нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул фермийн задгай тоотод оршин суух иргэн М.Хишигжаргалын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч 32 инчийн ЛЖ брендийн ЛСД зурагт хулгайлж 192,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Хишигжаргалын өгсөн: “...Г.Д-н хувьд манай нөхөрийн ахынх нь хүүхэд байгаа юм. Миний зүгээс бол хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Г.Д ял шийтгэл аваад явна гэж бодоогүй. Тухайн үед хашираах, ухаарч ойлгоосоо гэж бодоод цагдаад өргөдөл бичиж өгсөн. Г.Д ял шийтгэл оногдуулахгүйгээр уучилж өршөөж өгнө үү гэж шүүхээс хүсмээр байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хишигжаргалын өгсөн: “2017 оны 08 сарын 03-ны өглөө 8 цаг өнгөрөөгөөд нөхөр Гандоржийн хамт ажилдаа явсан. Орой ажлаа тараад нөхрийн хамт 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд байшингийн гадна талын хаалганы цоож эвдэрсэн тэгээд байшин дотроо ороход 32 инчийн ЛЖ маркийн ЛСД зурагт алдагдсан байсан. Би тэр зурагтыг ломбардаас өөрөө очиж 125,000 төгрөгөөр авсан. Манай 10-н айлын тэнд байдаг Жаргалсайхан гэдэг хүүхдийн бичиг баримтаар тавьсан байсан. Дараа нь Д дүү Сарангуа надад мөнгийг нь авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жаргалсайханы өгсөн: “... Гачууртын дунд буудал дээр Отгоо гээд манай Гачууртын эгч 1 залуутай гар өргөөд зогсож байсан. Ломбардны гадаа очиход Отгоо эгчтэй хамт явсан ах бичиг баримт байхгүй байна бичиг баримтаараа тавиад өгчих гэж гуйсан. Би бичиг баримтаараа тавьж өгсөн. 150,000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбатын өгсөн: “... Д 5 хоног хамт архи уусан. Манайд 1 зурагт барьж орж ирээд энэ зурагтыг ломбарданд тавина гэж байсан... бид хоёр зам дээрээс такси барьсан чинь манай 10-н айлын Жак гээд банди машинтайгаа зогссон. Дөлгөөнмандал Жакаас ломбард заагаад өг гэсэн. Жак кино үйлдвэр дээр ломбард байгаа гээд кино үйлдвэр ороод ломбардсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.9-12/,

Эд хөрөнгийн үнэлгээ /хх.53-54/,

Г.Д сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.21-22, 42/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Д нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул фермийн задгай тоотод оршин суух иргэн М.Хишигжаргалын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч 32 инчийн ЛЖ брендийн ЛСД зурагт хулгайлж 192,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хишигжаргалын өгсөн: “2017 оны 08 сарын 03-ны өглөө 8 цаг өнгөрөөгөөд нөхөр Гандоржийн хамт ажилдаа явсан. Орой ажлаа тараад нөхрийн хамт 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд байшингийн гадна талын хаалганы цоож эвдэрсэн тэгээд байшин дотроо ороход 32 инчийн ЛЖ маркийн ЛСД зурагт алдагдсан байсан. Би тэр зурагтыг ломбардаас өөрөө очиж 125,000 төгрөгөөр авсан. Манай 10-н айлын тэнд байдаг Жаргалсайхан гэдэг хүүхдийн бичиг баримтаар тавьсан байсан. Дараа нь Д дүү Сарангуа надад мөнгийг нь авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жаргалсайханы өгсөн: “... Гачууртын дунд буудал дээр Отгоо гээд манай Гачууртын эгч 1 залуутай гар өргөөд зогсож байсан. Ломбардны гадаа очиход Отгоо эгчтэй хамт явсан ах бичиг баримт байхгүй байна бичиг баримтаараа тавиад өгчих гэж гуйсан. Би бичиг баримтаараа тавьж өгсөн. 150,000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбатын өгсөн: “... Д 5 хоног хамт архи уусан. Манайд 1 зурагт барьж орж ирээд энэ зурагтыг ломбарданд тавина гэж байсан... бид хоёр зам дээрээс такси барьсан чинь манай 10-н айлын Жак гээд банди машинтайгаа зогссон. Дөлгөөнмандал Жакаас ломбард заагаад өг гэсэн. Жак кино үйлдвэр дээр ломбард байгаа гээд кино үйлдвэр ороод ломбардсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.9-12/,

Эд хөрөнгийн үнэлгээ /хх.53-54/,

Г.Д-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.21-22, 42/,

Шүүгдэгч Г.Д-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Г.Д-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Д-ыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч М.Хишигжаргал нь хулгайд алдсан эд зүйлээ биетээр нь хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Г.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Д-ын “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Д-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял буюу тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Г.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш овогт  Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Хишигжаргал нь хулгайд алдсан эд зүйлээ биетээр нь хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР