| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2202002240027 |
| Дугаар | 2024/ДШМ/1146 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 23.4.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/1146
2024 10 15 2024/ДШМ/1146
Ж.Б, М.Н, Д.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
яллагдагч Ж.Бын өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун,
яллагдагч Д.О, түүний өмгөөлөгч Б.Солонго, Г.Наранбаатар,
яллагдагч М.Н,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1939 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн эсэргүүцлээр Ж.Б, М.Н, Д.О нарт холбогдох эрүүгийн 2202 00224 0027 дугаар хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Ж.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын ... нэгдсэн төв дэх Улсын бүртгэлийн тасагт иргэний улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх 4.1.5 дахь хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/ гэж заасныг тус тус зөрчиж Ц.Эд давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус Ж.Г, Ц.Э нарын Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд гэрлэсний бүртгэлийн мэдээлэл байхгүй байхад гэрлэсэн талаарх мэдээллийг программд шивж, улмаар зориуд худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэсний бүртгэлтийн лавлагааг Ц.Эд олгосон,
- яллагдагч Д.О нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх/, 4.1.5 дахь хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/ гэж заасныг тус тус зөрчиж Ц.Эд давуу байдал бий болгох зорилгоор цахим мэдээллийн системд бүртгэлгүй, нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Цахимжуулсан материалыг харах, ашиглах, засварлах програмд хадгалагдсан Ж.Г, Х.Э нарын гэрлэлтийн мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд нөхрийн мэдээлэл дээр Ж.Г, эхнэрийн мэдээлэл дээр Ц.Э гэж зориуд худал мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шивж оруулсан, улмаар Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулсан худал мэдээлэлд үндэслэн худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэлтийн лавлагааг АНУ-ын Вашингтон хот дахь элчин сайдын яам руу илгээж лавлагаа олгосон,
- Яллагдагч М.Н нь ... байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх/, 4.1.5 дахь хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/ гэж заасныг тус тус зөрчиж Ц.Эд давуу байдал бий болгох зорилгоор нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй, улсын байцаагчийн дүгнэлт гараагүй нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус байхад Ц.Э, Ж.Г нарын гэрлэлт бүртгэлтэй талаарх зориуд худал мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.О, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.
Яллагдагч Ж.Б, М.Н, Д.О нарыг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж хэргийг прокурорт шилжүүлжээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин хэргийг хянаад яллагдагч нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үедээ буюу 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 281, 282, 283 дугаар "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолуудаар яллагдагч Ж.Б, М.Н, Д.О нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн зүйлчилж, яллагдагчаар татсан атлаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсантай холбогдуулан яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д "яллагдагч ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй.", мөн зүйлийн 3-т "Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй.", мөн зүйлийн 4-т "Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй." гэж тус тус заасан эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэдийгээр, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2-т "яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тохиолдолд яллагдагч нараас заавал дахин мэдүүлэг авах шаардлагагүй боловч яллагдагч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргээс 23 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасан эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болно.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт буруутган яллаж байсан атлаа Эрүүгийн хуулийн өөр бүлэгт буюу 23 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллаж байгаа тохиолдолд яллагдагчийн хуулиар олгогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар бүлэгт заасан эрхийг нь хязгаарлах ёсгүй.
Иймд яллагдагч Ж.Б, М.Н, Д.О нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурор 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Үндэслэл: Прокуророос 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.О, Ж.Б, М.Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Анхан шатны шүүхээс “...хөнгөрүүлэн зүйлчилж, яллагдагчаар татсан атлаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсантай холбогдуулан яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасан эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2-т “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна’’ гэжээ. Харин яллагдагч Д.О, Ж.Б, М.Н нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн тул хуулийн энэ заалтад заасан мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй бөгөөд тэдгээрт өөрчлөлт оруулсан тогтоолыг танилцуулсан болно.
Мөн анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудад хууль зүйн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар болох яллагдагч Д.О, Ж.Б, М.Н нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас прокурорт гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэж, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд дээрх баримтууд хэрэгт авагдсан.
Гэтэл анхан шатны шүүх оролцогчдын эрхийг хангаагүй мэтээр дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийгээгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1939 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагч Ж.Бын өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлэх ёстой байсан гэж үзсэн. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмэлт тайлбар авах шаардлагагүй байсан гэж, мөн хуулийн 36 дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн бүтэц, хэлбэрийн талаар тайлбарлаж, эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Ял өөрчлөн сонсгосон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасныг тайлбарлаж, үүнтэй холбоотой ажиллагаа хийгдэх ёстой байсан. Гэтэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар бүлэг буюу мөрдөн байцаалт дууссаны дараах ажиллагааны талаар эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
Яллагдагч Д.Оийн өмгөөлөгч Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Оийн зүгээс тасралтгүй хүсэлт өгч байсан. Прокуророос “субъектийг төрийн албан хаагч гэж заасан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь буруу. Мөрдөн байцаалтын шатанд үүргээ хэрэгжүүлсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй гэдэг байдлаар тайлбар өгч байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар яллах дүгнэлт үйлдэх хангалттай үндэслэл байгаа гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хэргийг буцаахад хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шууд танилцуулсан. Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах бэлтгэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргээс 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болж өөрчлөгдсөн бол хамаагүй. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүлэг өөрчлөгдсөн нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй болохыг нотолж байна. Прокурорын “энэ талаар тайлбарлаж өгсөн” гэж байгаа нь нотлогддоггүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагч Д.Оийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг бүлгээс нөгөө бүлэг рүү яллагдагчаар татах тогтоолыг өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасан ерөнхий журмуудыг зөрчсөн. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол даруй дуудан ирүүлж танилцуулах ёстой бөгөөд сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулах үүрэг болгосон хэм хэмжээг үл ойшоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар харьяаллын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газар, 23 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч 23 дугаар бүлэгт заасан гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулсан нь хууль зөрчсөн. Зүй ёс нь цагдаагийн байгууллагын мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар танилцуулж, мэдүүлэг авах ёстой. Энэ хэрэгт дутуу хийгдсэн ажиллагаа олон байдаг. Шинжээчийн дүгнэлтүүд дутуу, шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийх асуудалд гомдол гаргаад явж байхад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн шатнаас оролцсон. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагч Д.О тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Яллагдагч М.Н тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос яллагдагч Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Д.О, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “... 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 281, 282, 283 дугаар "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолуудаар яллагдагч Ж.Б, М.Н, Д.О нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн зүйлчилж, яллагдагчаар татсан атлаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсантай холбогдуулан яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д "яллагдагч ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй.", мөн зүйлийн 3-т "Сонсгосон ялын талаар талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй.", мөн зүйлийн 4-т "Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй." гэж тус тус заасан эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан яллагдагч Ж.Б, М.Н, Д.О нарын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.
Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.” гэж заажээ.
Прокуророос яллагдагч Д.О, Ж.Б, М.Н нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг тэдэнд танилцуулсны /7хх 102-107, 108-113, 114-118/ дараа мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзэхгүй.
Иймд прокурор Б.Билгүүжингийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч Ж.Б, М.Н, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1939 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ж.Б, М.Н, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР