Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч О.Наранбаатар, хохирогч Б.Тогтохзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Очирбатын Наранбаатарт холбогдох эрүүгийн “1811005070318” дугаартай, 186/2018/0284/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Аминхүү” констракшн ХХК-нд бригадын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 5 дугаар гудамжны 95 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Согоотын 77А-41 тоотод оршин суудаг гэх,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан. Боржигон овогт Очирбатын Наранбаатар /РД:ШБ78081271/,

 

Холбогдсон хэргийн талаар;

О.Наранбаатар нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77А-41 тоотод хамтран амьдрагч Б.Тогтохзаяаг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь тархи доргилт, баруун хацар, шанаа, эрүүний баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод  зовхи, уруул, хүзүү, зүүн шуунд цус хуралт, нэг шүдний паалангийн сэтрэл, дээд, доод уруулын салстад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Шүүгдэгч О.Наранбаатар нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Хэлэх зүйл байхгүй, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

1.2. Хохирогч Б.Тогтохзаяа хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Бид хоёр эвлэрсэн тул хэлэх зүйл байхгүй гэв.

2.1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн  материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Тогтохзаяагийн:..2018 оны 02 дугаар сарын 03-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө нилээн орой манай нөхөр Наранбаатар гаднаас халамцуу ирсэн. Би тухайн үед шалаа арчаад байж байсан. Амралтын өдөр байсан тул өглөөнөөс хойш гэрээ цэвэрлээд байж байсан. Тэгтэл аяга халуун цай хйигээд өгсөнгүй, хоол байна уу гэсэн. Би умс кита чанаж байгаа одоо боллоо гэхэд би халуун шөлтэй хоол идмээр байна гээд хэрүүл хийсэн. Би шал арчаад босохын хооронд надруу ууж байсан аягатай цайгаа надруу шидсэн. Тэгээд надтай хэрэлдээд эхэлсэн. Угаасаа архи уухаараа жаахан агсам зантай. Аягатай цай шидээд зүүн гарын шууг онож шалбалсан. Тэгээд босч ирээд миний баруун нүдрүү гараараа цохьсон. Би тэгэхээр нь буцааж нэг түлхсэн. Тэгтэл намайг цаашаа  орлуу аваачаад дээрээс дараад боосон. Би өөдөөс нь хөлөөрөө жийгээд босоод ирсэн. Би хэрэлдээд цагдаа дуудлаа гээд утсаа автал миний утсыг аваад хөргөгч рүү шидсэн. Цагдаа дуудах гэлээ гэж уурласан. Тэгээд хэрүүл хийж байгаад хойморын урд намайг үсдэж аваад, үснээс зулгаагаад шал мөргүүлсэн. Би уйлсан, ингээд нэг хэсэг намжсан. Наранбаатар охиноо аваад унтлаа гээд унтсан. Маргааш нь би цагдаад өргөдөл өгсөн гэх мэдүүлэг. /хх14-15/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Наранбаатар гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 02 сарын 03-ны орой би гэртээ ирсэн. Гэртээ ороод аяга халуун юм байна уу гэсэн чинь эхнэр Тогтохзаяа халуун юм байхгүй хоол байхгүй, би хоол цайг чинь бэлдэх ёстой юм уу, ажил амжихгүй байна гээд байсан. Ороод ирэхэд аяганы амсар зуулгахгүй болохоор нь тэрнээс болоод хэрүүл болсон. Тэгээд урдах хойдох амьдрал яриад хэрүүл үүссэн. Хүйтэн цай хийгээд өгөхөөр нь би өөдөөс нь цацчихсан юм. Тэгээд бие бие рүүгээ юм хум авч шидлээд эхэлсэн. Орилж хашгирах нь дэндээд би охиноо тэврээд зурагт хараад суучихсан. Надруу хашгичаад дайраад байхаар нь би алгадсан. Би тэгээд дээр нь дараад хэвтчихсэн юм. Заяа уйлаад би охиноо тэврээд орондоо ороод хэвтсэн тэгээд л намдсан. Маргааш өглөө Заяа цагдааруу явлаа гэсэн, би хүүхдээ хараад үлдсэн гэх мэдүүлэг. /хх 16-17/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2237 дугаар актын:

1. Б.Тогтохзаяагийн биед тархи доргилт, баруун хацар шанаа, эрүүний баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, уруул, хүзүү, зүүн шуунд цус хуралт, нэг шүдний паалангийн сэтрэл, дээд доод уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт. /хх-19/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх13-15/, гэрчийн мэдүүлэг /хх 16-17/, шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн  бичгээр гаргасан хүсэлт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

О.Наранбаатар нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77А-41 тоотод хамтран амьдрагч Б.Тогтохзаяаг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь тархи доргилт, баруун хацар, шанаа, эрүүний баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод  зовхи, уруул, хүзүү, зүүн шуунд цус хуралт, нэг шүдний паалангийн сэтрэл, дээд, доод уруулын салстад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааний үед хохирогч Б.Тогтохзаяа, шүүгдэгч О.Наранбаатар, гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2237 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Наранбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Очирбатын Наранбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Наранбаатарыг 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Наранбаатарт оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Наранбаатар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Наранбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-05-30   21 цаг  40 минут