| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 197/2025/03312/И |
| Дугаар | 197/шш2025/08574 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 197/шш2025/08574
| 2025 06 25 | 197/ШШ2025/08574 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг,***дугаар хороо, **** тоотод оршин суух, регистр *********, Б**** Ж***,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, *** байр, **тоотод оршин суух, регистр ******, Д******** Л********,
Нэхэмжлэлийн шаардлага 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Ж*******, хариуцагч Д.Л*******, гэрч Н.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Ж***** нь хариуцагч Д.Л********* 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ж**** нэхэмжлэлдээ:Д.Л******* 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс сарын 500 000 төгрөгийн төлбөртэйгөөр хажуу өрөөгөө түрээсэлсэн.Би тус байрыг түрээсэлдэг түрээслэгч бөгөөд хажуу өрөөгөө хариуцагчид давхар түрээслүүлсэн.Эхний 3 сар түрээсийн мөнгөө хэвийн өгч байсан боловч 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй.Хариуцагч байр түрээсэлж байхдаа ямар нэг асуудал байгаа талаар надад хэлээгүй байж байрнаас гарсны дараа шалтаг тоочиж байна.Найз охиныг нь унтаж байхад нь зөвшөөрөлгүй өрөө рүү нь орсон зүйл болоогүй, гэртээ тамхи татаагүй, хэцүү байсан юм бол байрнаас гарч болох байсан, 2 сарын төлбөр 1 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би сарын 500 000 төгрөгийн төлбөртэйгөөр байр түрээслэхээр нэхэмжлэгчтэй тохиролцож 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн хажуу өрөөг түрээсэлж, 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй учир нь тус байр хорхой шавжтай, архи тамхи хэрэглэдэг, танихгүй хүмүүс ирж чимээ шуугиан гаргадаг, газ үнэртдэг зэрэг асуудалтай байсан.Нэхэмжлэгч түрээслэгчийн амьдрах орчин нөхцөлийг зохих хэмжээнд хангаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь байранд танихгүй хүмүүс авчирч архидан согтуурсны улмаас шөнө унтаж чадаагүйн улмаас ажлаасаа чөлөө авсан тохиолдол байгаа.Би нисгэгч ажилтай, олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг.Мөн манай найз охин ганцаараа унтаж байхад нь танихгүй хүмүүстэй архидан согтуурч зөвшөөрөлгүйгээр өрөөний хаалгыг нь онгойлгосон үйлдэл гаргасан, байр түрээслэх үед бичгээр гэрээ байгуулаагүй, сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хохиролтой байгаа тул түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Ж***** нь T**********-ын 2 давхрын ** тоотод байршилтай орон сууцыг хөлслөн амьдардаг бөгөөд энэхүү орон сууцныхаа нэг өрөөнд Д.Лхагваацэрэнг суулгаж, түүнээс сард 500 000 төгрөг авдаг байсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ж*** өөөрийнхөө хөлслөн амьдарч байгаа орон сууцныхаа нэг өрөөг Д.Л******* дамжуулан хөлсөлж байсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1-т Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй гэж зааснаар Б.Ж**** нь хөлслүүлэгчээс зөвшөөрөл авсан, улмаар зөвшөөрөл өгсөн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Харин хариуцагчийн тайлбарт дурдагдсан тухайн байр хорхой шавжтай, хөлслүүлэгч нь архи тамхи хэрэглэдэг, чимээ шуугиан ихтэй, газ үнэртдэг, хүн амьдрах орчин хангаагүй гэх нөхцөл байдал нь баримтаар нотлогдоогүй ба энэхүү тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан үндэслэлгүй тул Д.Л********** 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай Б.Ж**** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН