Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00606

 

       

Д.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00227 дугаар шийдвэртэй,

Д.Ж-ын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 610 дугаартай захирамжаар Д.Ж-аас зээлийн гэрээний үүрэгт 67,467,493 төгрөг гаргуулж “ЖЭ” ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байр, ... тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21300201 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, зохих ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч Д.Ж-ын өгсөн үнийн саналыг төлбөр авагч “ЖЭ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/209 дугаар тогтоолоор “Голден пэйж аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Голден пэйж аудит” ХХК нь уг 3 өрөө орон сууцыг 167,591,134 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/209 дугаар тогтоолоор 3 өрөө орон сууцны үнэлгээ тогтоохоор шийдвэрлэсэн байтал “Голден пэйж аудит” ХХК нь үйлчилгээний зориулалттай объектыг үнэлсэн байна. Энэ нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3.1. дэх хэсэгт “Өртгийн хандлагаарх тооцоолол”, 3.1.1-д “...үйлчилгээний зориулалттай барилгын үнэлгээ... болон ...үйлчилгээний зориулалттай барилгын өртгийн хандлагаар тооцоолбол түүний зах зээлийн үнэ цэнэ 47,469,240 төгрөг болж байна...” гэснээр, мөн 4 дэх хэсэгт “...энэхүү үнэлгээний ажлын зорилго нь үйлчилгээний зориулалттай объектын зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон тул...” гэж бичсэнээр батлагдана.

2. Үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй байна.

3. Харьцуулж байгаа хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй.

4. Үнэлгээнд “...барилгын орон сууцны зориулалтын талбай хэмжилтээр 84 м.кв...” гэсэн боловч ямар багажаар, ямар аргачлалаар хэмжсэн, аль өрөө нь хэдэн м.кв талбайтай болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, “Голден пэйж аудит” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг зөрчсөн байх тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00610 дугаар захирамжаар Д.Ж-аас 68,032,981 төгрөг гаргуулж “ЖЭ” ББСБ ХХК-д олгох, төлбөрийг төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001664 дугаарт бүртгэгдсэн Д.Ж-, М.Д, О.Б, Б.Э нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны ... тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Ж-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаартай тогтоолоор уг 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаартай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Д.Ж- нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа 220,000,000 төгрөгөөр өгсөн. Тус газрын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр албан бичгээр хамтран өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд тэд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/1275 дугаартай албан бичгээр үнийн саналыг зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлт ирүүлсний дагуу мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/209 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Голден пэйж аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 167,591,134 төгрөгөөр үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, тайланг төлбөр төлөгч Д.Ж-т биеэр, хамтран өмчлөгч О.Б, Б.Э нарт 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4-122/17643 дугаартай албан бичгээр “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар илгээж, баталгаажуулсан. Барьцааны хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 11/36 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4-122/19968 дугаартай албан бичгийн хамт баталгаат шуудангаар илгээж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд “ЖЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 26‑ны өдрийн 610 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, Д.Ж-аас 67,467,493 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож, шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг албадан худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон. Шинжээчээр ажилласан “Голден пэйж аудит” ХХК нь уг орон сууцыг 167,591,134 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ талаарх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Голден пэйж аудит” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 16‑ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үнэлгээчин нь орон сууцаа зарах гэж байгаа хүмүүстэй ярьсан утасныхаа яриаг итгэлцүүрийг сонгосон үндэслэл болгосон гэж тайлбарлах боловч тийм яриа болсон эсэх тухай баримт, нотолгоог тайланд хавсаргаагүй байгаа нь итгэлцүүрийг үндэслэлтэй сонгосон гэж үзэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байна.

5.2. Үнэлгээнд “Барилгын орон сууцны зориулалтын талбай хэмжилтээр 84 м.кв” гэсэн боловч ямар багажаар, ямар аргачлалаар хэмжсэн, аль өрөө нь хэдэн кв.м талбайтай болох нь тодорхойгүй байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шиншилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл" гэснийг зөрчсөн байна.

5.3 Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3.1-д “үнэлгээний ажлын зорилго нь үйлчилгээний зориулалттай объектын зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон тул ...” гэж бичээд, итгэлцүүр сонгохдоо үйлчилгээний зориулалтын объектын итгэлцүүр сонгож, үйлчилгээний зориулалттай объектыг үнэлсэн байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 9/209 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001664 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэлгээ тогтоохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс харахад үнэлгээчин үнэлж буй объектынхоо зориулалтыг андуурч, үүн дээрээ төөрч будилсан байгаа нь үнэлгээ үндэслэлтэй болсон гэж үзэх нөхцөлийг бүрдүүлэхгүй.

5.4. Хөрөнгийн үнэлгээний “Голден пэйж аудит” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ мэдээллийн эх сурвалж буюу үнэлгээ хийхэд ашигласан баримт мэдээллээ тодорхой зааж өгөөгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “хууль тогтоомжид нийцсэн байx” гэснийг зөрчсөн байна.

Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч тэрээр бусад үнэлгээний газраар үнэлүүлсэн болон харьцуулсан судалгаагаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Ж- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 26‑ны өдрийн 610 дугаар захирамжаар хариуцагч Д.Ж-аас 67,467,493 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЖЭ” ХХК‑д олгох, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд Д.Ж-, М.Д, О.Б, Б.Э нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байр, ... тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

3.б. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэж, ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 14‑ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25‑ны өдөр хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.в. Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас эд хөрөнгийн зах зээлийн үнийн санал авахад нэхэмжлэгч Д.Ж- нь 2021 оны 08 дугаар сарын 25‑ны өдөр 220,000,000 төгрөгөөр санал ирүүлсэн бол хамтран өмчлөгч О.Б, Б.Э үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “ЖЭ” ББСБ ХХК нь шинжээч томилуулах хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 06‑ны өдөр гаргасан байна. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээ тогтоолгохоор “Голден пэйж аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д заасантай нийцжээ.

 

3.г. Шинжээч “Голден пэйж аудит” ХХК 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээний тайлан гаргаж, орон сууцны зах зээлийн үнийг 167,591,134 төгрөг гэж үнэлсэн, уг мэдэгдлийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч Д.Ж-, хамтран өмчлөгч Б.Э, О.Б нарт шуудангаар хүргүүлж, төлбөр авагч “ЖЭ” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулжээ. /хх 82-83/

 

4. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний объекттой биечлэн танилцаж, уг объектын шинж байдал, онцлогт нийцүүлж, бусад цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээ, олон улсын стандарт, Монгол улсад батлагдсан дүрэм, журмыг үндэслэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг харьцуулан, эцсийн байдлаар зах зээлийн хандлагын үнэлгээг сонгож, тайланд тусгавал зохих зүйлсийг тусгасан байна.

 

Энэхүү тайлангийн “3.1 өртгийн хандлагаарх тооцоолол” гэсэн хэсэгт “үйлчилгээний зориулалттай барилгын үнэлгээг өртгийн хандлагаар тооцоолж 47,469,240 төгрөг” гэж орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалттай гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гарсан боловч үнэлгээнд нөлөөлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, уг үнэлгээний тайлангийн 3.1.1 дэх хэсэгт зааснаас бусад хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны зориулалттай гэж тодорхойлсон байх ба  үнэлгээг гаргахдаа өртөгийн хандлагаар тодорхойлсон 47,469,240 төгрөгөөр биш, зах зээлийн хандлагаар тодорхойлсон 167,591,134 төгрөгөөр тодорхойлсон байна.

 

Түүнчлэн шинжээч Б.Ариунтуяа нь анхан шатны шүүх хуралдаан дээр тайлангийн 3.1.2-т “зах зээлийн хандлагаарх тооцоолол” гэсэн хэсэгт байгаа хүснэгт 5‑д бичигдсэн үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрээр харьцуулж буй 3 хөрөнгө болох орон сууцнуудын тус бүрийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой зааж, харьцуулсан 3 объектыг эрх бүхий этгээдтэй нь утсаар холбогдож мэдээлэл авсан, 2 этгээд нь худалдах орон сууцны үнийг яриад доош нь буулгаж болно гэж хариу хэлсэн, 1 этгээд нь үнийг буулгахгүй гэсэн хариу хэлсэн учир энэ мэдээлэлд үндэслэн, худалдах үнийн дүнд тохируулан итгэлцүүрийг өсгөх, бууруулах зэргээр тохируулж сонгосон, эд хөрөнгийг сүүлийн үеийн орон сууцны хэмжилтийн стандарт нормоор хэмжихэд 84 м.кв байсан боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 40 м.кв‑аар тооцож, зах зээлийн эцсийн үнэлгээг тогтоосон, энэхүү орон сууц нь хуучны орон сууц болохыг тайлбарлан тодруулсан. Нэхэмжлэгч нь уг орон сууц нь 84 м.кв талбайгаас өөр хэмжээтэй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

5. Шинжээч орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА