| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0348/э |
| Дугаар | 378 |
| Огноо | 2018-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.НЯМСҮРЭН |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Цэнд-Очир, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч Б.Пүрэвбаатар, түүний өмгөөлөгч Х.Батдорж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Батбуянгийн Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн “1711015980288” дугаартай, 186/2018/0348/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хос харцага ХХК-д хамгаалагч ажилтай, Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо, Зүүн баян уулын 18-30 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Батбуянгийн Пүрэвбаатар /РД:УП94110334/,
Холбогдсон хэргийн талаар;
Б.Пүрэвбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гандирс” худалдааны төвийн 2 давхарт Д.Батцэнгэлийг толгойгоор нь уургалж дарсны улмаас түүний биед зүүн хөмсөг, дух, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Пүрэвбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хамгаалагч Шинэбаатараас ээлжээ хүлээн авсан. Тухайн өдөр би шинэ хамгаалагчаар гарч байсан. Хамгаалагч Шинэбаатар надад хандан энэ объект нь шүүхийн маргаантай байгаа битүүмжлэгдсэн учир хүн орох гэж ирвэл битгий оруулаарай гэж хэлсэн. Хэрэв объект руу орох гээд байвал хариуцаж байгаа менежерийг дуудаж уулзуулаарай гэсэн. Хэсэгт хугацааны дараа камераа хараад сууж байхад иргэн Батцэнгэл объектын хажууд ирсэн. Би гарч очоод та ямар хэргээр явна вэ гэж асуухад би энэ объектын цоожийг тасдан гэж хэлсэн. Би объектыг хамгаалж байгаа хамгаалагч нь байна. Та хариуцаж байгаа менежертэй нь уулз гэж хэлсэн. Тэр тогтоол нь хаана байна, аваад ир гэж хэлэхэд би мэдэхгүй хариуцаж байгаа менежер мэднэ гэсэн. Батцэнгэл менежерлүү удаа дараа залгасан боловч утсаа авахгүй, ирэхгүй байна гэж надруу дайраад байсан. Таслагчаа асаагаад дайрахаар нь би утсаараа төврүүгээ мэдэгдсэн. Төврүү мэдэгдэхэд хүний биед хүрч болохгүй шүү, эв зүйгээр ойлголц, эндээс шуурхай явууллаа гэж хэлсэн. Удаагүй байхад хохирогч таслагчаа барьж дайрахаар нь би тасдуулахгүй гэж объектын урд зогсож байсан. Та ахаа таслагчаа тавьчихаа хажууд жоохон хүүхдүүд харж байна гэж маргалдсны эцэст таслагчаа тавьсан. Намайг объектоос холдуулах гэж үзсэн. Хохирогч баруун гараараа шилэн хаалганы бариулаас татахад боолт нь сугарсан. Зүүн гараараа миний хоёр гарыг нурууны ард барьж шилэн хаалганд наахаар нь би баруун гараараа хүзүүдэж объектоос холдуулсан гэв.
1.2. Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ:..Нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй тул хэлэх зүйл байхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Батцэнгэлийн:...Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Гандирс” худалдааны төврүү орсон ба шүүгчийн 181/Ш32017/15878 дугаартай захирамжийн дагуу өөрийн эзэмшилд байлгах зорилгоор тус худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 20мкв орчим лангууг гаднаас нь цоожилсон гинжийг нь таслах гээд зогсож байсан чинь Хос харцага гэх нэртэй хамгаалалтын албаны нэг 20 орчим насны өндөр залуу гарч ирээд та наад үйл ажиллагаагаа боль наад гинжийг чинь тасдуулахгүй манай байгууллага иргэн Батцогттой хийсэн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна гэхээр тэгвэл би чамайг гарыг чинь хүлж байгаад энэ гинжийг таслана гэсэн чинь нөгөө хэрэв та таслах юм бол өөрөө хариуцлагад татагдана шүү гэхээр нь би хариуцлагад татагдсан ч хамаагүй энэ захирамжийн дагуу би энэ оффис руу ормоор байна гэсэн чинь таны наад захирамж чинь хүчингүй болсон гэсэн гэхээр нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тогтоолоо гаргаад ир гэж хэлээд таслагчаа асаагаад тасдах гэтэл миний урдуур орж хамгаалсан. Дараа би дахин нөгөө залуу холдохгүй бол би гарыг чинь хүлж байгаад хаалгаа онгойлгоно шүү гэж хэлээд зүүн гарнаас барих явцад нөгөө залуу зөрүүлээд сул байгаа баруун гараараа миний хүзүүгээр уургалж дарж боосон. Боосны улмаас би манраад хажууд байрлах шил мөргөсөн ба хамаг биеэ сул тавьж 2 гараа газар хүргэх явцад нөгөө залуу намайг тавьсан.Тэгээд босч ирээд харсан чинь миний зүүн шанаа хэсгээс бага зэрэг цус гарч байсан гэх мэдүүлэг. /хх-19/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Пүрэвбаатар гэрчээр мэдүүлэхдээ:...Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Гандирс худалдааны төвийн 2 давхарт байрлах Батцогт гэх хүний цоожтой лангууны гадна хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад үл таних саарал өнгийн цамц, хар өнгийн өмдтэй 40 орчим насны үл таних залуу хүрч ирээд наад цоожтой обьект чинь миний эзэмшилд байгаа би одоо наад обьектруу чинь цоожийг нь тасдаж орно гэхээр нь би манайх хамгаалалтын байгууллага энэ обьектийг хамгаалах гэрээтэй байгаа та хариуцаж байгаа хүнтэй нь уулз гэтэл шүүхийн шийдвэрийн бичиг нь хаана байна наадуул чинь ярьж байна шүүхийн шийдвэр манай талд гарсан байгаа гэж хэлээд би наад обьектийг чинь заавал онгойлгож орно гэж хэлээд урт залгуур гаргаж ирээд мөн бас таслагч гаргаж ирээд залгууртаа залгаж асаах явцдаа өмднийхөө өвдөг хэсгийг ураад миний хамгаалж буй обьектруу халдаж орно гэж дайрахаар нь би оруулахгүй гэж маргалдаж байх явцдаа зүүн гараараа миний баруун талын мөр хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон ба таслагчаа унтрааж газар тавиад надтай ноцолдох явцдаа миний хамгаалж буй обьектийн хаалганы бариулаас барьж эвдсэн миний зүүн гарыг ард талд гаргаад хаалганд шахахаар нь би өөдөөс нь түлхсэн чинь миний баруун эрүү хэсэг рүү цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа түүний толгойг уургалан авч дарах явцад хүмүүс болиочээ цагдаа дуудлаа шүү гэхээр нь би тавьж салцгаасан гэх мэдүүлэг. /хх 22-23/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №277 тоот актанд:
1. Д.Батцэнгэлийн биед зүүн хөмсөг, дух, зүүн доод зовхи, хацар, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт. /хх-28/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл /хх-12/, хувцасд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/, фото зураг /хх-15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх16-17/, хохирогчийн мэдүүлэг /хх 20-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №277, №495 дугаар дүгнэлтүүд /хх 28-29/, иргэний хариуцагчийн мэдүүлэг /хх 37-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, хохирогч Д.Батцэнгэлийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-68/ зэрэг баримтуудыг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Б.Пүрэвбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гандирс” худалдааны төвийн 2 давхарт Д.Батцэнгэлийг толгойгоор нь уургалж дарсны улмаас түүний биед зүүн хөмсөг, дух, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Батцэнгэлийн....баруун гараараа хүзүүгээр уургалаж дарж боосон, боосны улмаас би манараад хажууд байрлах шил мөргөсөн ба хамаг биеэ сул тавьж 2 гараа газар хүргэх явцад нөгөө залуу намайг тавьсан.Тэгээд босч ирээд харахад миний зүүн шанаа хэсгээс бага зэрэг цус гарч байсан...гэх мэдүүлэг, Б.Пүрэвбаатарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн №277 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Пүрэвбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Батцэнгэл нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохиролгүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Батбуянгийн Пүрэвбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвбаатарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвбаатарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвбаатар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
6. Шүүгдэгч Б.Пүрэвбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пүрэвбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ