Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/1116

 

     

 

 

 

 

  2024           10            02                                         2024/ДШМ/1116

 

 

Д.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

хохирогч Ц.Б, Ц.Г, Ц.Э, Х.А, З.А, Д.Н, Э.М,

иргэний хариуцагч Ц.Э,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, С.Батнасан, Б.Отгонтөгс

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/560 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Ц.Эын өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Дд холбогдох 00000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Д-ын Д, 1976 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн - тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:0000000 /; урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Д.Д нь “А ХХК”-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, барилга барих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд Төв аймгийн Сэргэлэн сум, 2-р багийн нутаг дэвсгэрт орших “Э” гэх газарт “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар Баянгол дүүргийн 4-р хорооны “Иргэний танхим”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан,

мөн дээрх газар буюу Сэргэлэн сумын 2-р баг “Э” гэх газар “барилга, байгууламж барих боломжгүй болсон” гэх шалтгаанаар тухайн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын ажил хийж байсан Э.Эын хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Э.Солонгын үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан ба тус компанийн эзэмшиж байсан Сэргэлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт орших “Номун далай” гэх нэртэй 50 га газар дээр мөн холбогдох зөвшөөрөл байхгүйг мэдсээр байж, “Радуга зуслан хороолол барина” гэж 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэдийг цуглуулан “анхны авсан газар маань малчдын бэлчээрийн газар юм байна, үер ус буудаг газар байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан”, “Одоо удахгүй барилга баригдаж дуусна”, “бүх айлуудад дотроо нойлтой болж байгаа тул нэмж 600.000 мянган төгрөг нэмж өгөх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарим иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулж, 2019 оны 1, 5, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 1, 4, 5, 7, 8 дугаар саруудад нэр бүхий 219 иргэнд нийт 822.023.340 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 7 /долоон/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дын цагдан хоригдсон 405 /дөрвөн зуун тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даас нийт 543.034.340 төгрөг, иргэний хариуцагч О.Э-аас 105.245.000 төгрөг, иргэний хариуцагч Д.Э-өөс 13.150.000 төгрөг, иргэний хариуцагч Д.Ш-оос 48.000.000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Э-аас 46.650.000 төгрөг тус тус гаргуулж тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 219 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “А” ХХК /РД:0000/, “Э” ХХК /РД:0000/, Д.Д нарын эзэмшдэг Голомт банк, Хаан банк, данснуудын орлого, зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг, мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Э” ХХК /РД:0000/-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа гэрчилгээний 0000 дугаартай Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг “Номун далай” гэх хаягт байршилтай нэгж талбарын - дугаар бүхий 0 мкв эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “А” ХХК болон иргэдийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, гэрээний хуулбарууд бүхий 250 хуудсаар 16 хавтас, 64 хуудсаар 1 хавтас нийт 17 хавтас гэрээ, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Би өөрийн холбогдсон хэрэгт гэм буруугаа хүлээж байгаа ч зүйлчлэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол хэн нэг нь хохирох биш харилцан ашигтай байж чадах маш сайн төсөл байсан. Би газар ашиглах, эзэмших, барилгын зөвшөөрөл авах тал дээр хуулийн мэдлэг дутуу байснаас болж тухайн үеийн Сэргэлэн сумын засаг дарга Э.Э тэргүүтэй хүмүүсийн нөлөөнд автаж зохих зөвшөөрлүүдийг бүрэн авалгүй ажлаа эхэлсэн нь алдаа болж, энэ олон хүнийг хохирооход хүргэх үйл явдал болсон. Би урьдчилгаа болгож авсан мөнгөөр төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой газрын төлбөр мөн ажлын зураг, байгаль орчин экологийн үнэлгээ судалгаа зэрэгт бүрэн зарцуулснаас гадна удаашралтай байгаа зөвшөөрлүүдийг авахад мөнгө их шаардлагатай байна гэсэн хүмүүсийн үгэнд итгэж бүгдийг нь зарцуулсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг амьдралдаа зарцуулаагүй, амьжиргаандаа хэрэглээгүй. Миний эхнэр ажил хийдэг цалин орлоготой хүн ба бусдаас авсан мөнгөнөөс гадна өөрийн ах дүү, төрөл төрөгсдийн ойр дотны хүмүүсийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавьж 900 гаруй сая төгрөгийг банк болон банк бусын байгууллагаас зээлж аваад О.Э, С.М, Ё.Б, Ц.Э тэргүүтэй хүмүүст төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бараа материал ажлын гүйцэтгэлийн урьдчилгаа төлбөр, газрын нэмэлт төлбөр мөн Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хандив хуралд өгөх хэрэгтэй байна гэж намайг хуурч надаас нэмж мөнгө гаргуулж авсан. Би бусдаас авсан урьдчилгаан дээр нэмж өөрийн зүгээс 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулж нийтдээ энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэг тэрбум 700 гаруй сая төгрөгийг О.Э, С.М, Ё.Б, Ц.Э нарын хүмүүст өгч залилуулж хохирсон. Би нэг талаас хөрөнгө оруулагч болсон хүн, тухайн “Радуга” нэртэй төсөл нь бүхэлдээ О.Э, С.М нарын санаачилсан төсөл. Энэ хүмүүс намайг хөрөнгө оруулагчаа болгож намайг болон энэ иргэдийг хохироосон. Үүнээс биш би иргэдийн урьдчилгаанд өгсөн мөнгийг амьдралдаа болон амьжиргаандаа зарцуулсан нэг ч тохиолдол байхгүй. Миний хэргийг амьдралын эх үүсвэр болгон зүйлчилж эрх зүйн байдлыг дордуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт …амьдралын эх үүсвэрээ болгон хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилсан гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. “А” ХХК нь мөн “Э” ХХК-ийн нэрээр 2 удаагийн залилах үйлдэл хийсэн хохирлын 820,233,340 төгрөгийг амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлгүй...гэж тайлбарласан нь давж заалдах шатны шүүхээс 2023.09.20-ны өдрийн 937 тоот магадлалаар няцаагдаж эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг зөв ойлгож хэрэглээгүй, нотлох баримтыг бодит эх сурвалжид тулгуурлаагүй, гэмт хэрэг зүйлчлэх онол хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгоогүй, хийсвэрлэлийн шинжтэй гэж буруутгагдсан. Гэтэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж ажиллагаа хийгдэхэд амьдралын эх үүсвэр болгож хүндрүүлэх нөхцөл бусдыг залилсан гэдгийг ямар нотлох баримтаар тогтоож байгааг заагаагүй хэтэрхий ерөнхий тайлбараар миний эрх зүйн байдлыг дордуулж амьдралын эх үүсвэр болгон зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдолтой байна. Анхан шатны шүүхээс прокурорын алдаатай яллах дүгнэлтийг үндэслэн надад ял оногдуулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх миний зүйл ангийг хүндрүүлж амьдралын эх үүсвэр болго гэсэн даалгавар өгөөгүй, нотлох баримтад тулгуурлан хэргийг бүх талаас нь шалган тогтоож, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон эсэх талаар хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхийг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоохыг даалгасан. Харин прокурорын зүгээс хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлэхийн оронд шууд давж заалдах шүүхээс даалгасан гэдэг үндэслэлээр зүйл ангийг минь хүндрүүлж амьдралын эх үүсвэр болгон яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчин, хэлмэгдүүлж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн өмнө буруутгагдсан нөхцөл байдал нь яг эсрэгээрээ шүүгдэгч миний өмнө биеллээ олж хийсвэрлэлийн шинжтэй байгаад нь үнэхээр гомдолтой байна. Миний хувьд амьдралын эх сурвалжаа болгон амьжиргаандаа зарцуулсан асуудал огт байхгүй. Би өөрийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаж нотлох баримт шалгуулах хүсэлтийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Би шүүхэд болон прокурорын газарт удаа дараа эдийн засгийн шинжээч томилуулах, санхүүгийн баримтуудад аудит хийлгэх хүсэлтийг гаргаж байсан. Надад энэ мөнгийг амьдралдаа зарцуулаагүй гэх нотлох баримтууд байгаа. Би Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нотлох баримтаа шалгуулах хүсэлтэй байна. Миний хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүйгээр хэт нэг талыг баримтлан яллаж байгаа нь миний шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчиж байна”.

2. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ДШМ/937 дугаар магадлалын биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит хохирлыг тогтооход ноцтой зөрчил үүсгэж байна. Тухайлбал, магадлалын биелэлтэд нэр дурдагдсан хүмүүсийг иргэний хариуцагчаар гүйцэд татаагүй. Энэ нь миний бусдад төлөх хохирлын хэмжээг буруутай тогтоогдоход хүрсэн. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

3. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл болон хууль зүйн дүгнэлтдээ гурав ба түүнээс дээш удаа залилах гэмт хэрэг үйлдсэн, үүнээс олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон бусдыг тэжээн тэтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх үндэслэл болж байна гэж дүгнэсэн нь миний эрхийг ноцтой зөрчиж, хэлмэгдүүлж байна. Анхан шатны шүүх нь яллаж байгаа нотлох баримтынхаа эх сурвалжийг заагаагүй, яагаад өөрийгөө болон бусдыг тэжээн тэтгэсэн гэдгээ тайлбарлаагүй. Хэтэрхий хийсвэрлэлийн шинжтэй ерөнхийлсөн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний хэргийг хуулийн дагуу хянаж үзээд бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, хохирлын хэмжээний зөрүүтэй байдлыг арилгах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дахин шалгуулахаар миний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа мөрдөгч болон хяналтын прокуророос Д.Д болон түүний “А” ХХК болон “Э” ХХК-ны дансаар дээрх нэр бүхий иргэдээс хэдэн төгрөг татан төвлөрүүлсэн, түүнээс “Радуга” төслийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөг зарцуулсан болох, иргэний хариуцагч нарт бэлнээр болон дансаар хэдэн төгрөг шилжүүлсэн зэргийг дансны хуулганд үзлэг хийх, санхүүгийн аудитын болон Шүүх шинжилгээ томилж дүгнэлт гаргуулаагүй. Өөрөөр хэлбэл хэрэгт Д.Д болон түүний гэр бүл дээрх иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс хэдэн төгрөгийг өөрийн гэр бүлийн хэрэгцээндээ буюу амин зуулгадаа ашигласан болох нь тогтоогдоогүй байхад шүүх бүрэлдэхүүн удаан хугацааны турш үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн тул амьдралын эх үүсвэр болгосон хэмээн хийсвэрээр, нотлох баримтгүйгээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтас хэрэгт авагдсан мэдүүлэг болон бусад баримтаар Д.Д нь эхнэр, хүүгийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Э.У нь эрхэлсэн тодорхой ажилтай болох нь тогтоогдсон байдаг. Харин Д.Дын төслийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс гэр бүлийн амин зуулгад зарцуулсан гэх баримт сэлт, нотлох баримт огт авагдаагүй, тогтоогдоогүй бөгөөд тэдний амьдралын чанар сайжирсан талаарх үйл баримт хэрэгт байхгүй.

Харин ч эсрэгээрээ Д.Д нь төслийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх, эд хөрөнгө зэргийг барьцаанд тавьж төсөлд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Төсөлд зарцуулах хөрөнгөнөөс иргэний хариуцагч нарын дансаар болон бэлнээр авсан мөнгөн дүн зөрүүтэй байдаг бөгөөд хавтаст хэрэгт хөтөлбөргүй тогтоогдсон ямар ч нотлох баримт  авагдаагүй, шүүх хуралдааны явцад ч шүүх хуралд оролцсон иргэний хариуцагч нар энэ талаар харилцан зөрүүтэй мэдүүлсэн. Мөн иргэний хариуцагчаар татагдвал зохих зарим этгээдүүдийг иргэний хариуцагчаар бүрэн татаагүй бөгөөд энэ талаар улсын яллагчаас гадаад орон луу явсан тул иргэний хариуцагчаар татах боломжгүй хэмээн тайлбарладаг нь үндэслэлгүй байна. “Радуга” төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад ажилчдын цалин, нийгмийн даатгал, газар шилжүүлж авах үйл ажиллагаанд болон тухайн газарт барилга угсралтын ажил болох суурь цутгах, техник түрээс зэрэг үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан нь тодорхой байдаг. Энэ нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг гэх мэт нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл мөн л дээрх үйл ажиллагаанд хэдэн төгрөгийг, хэрхэн зарцуулсан болох талаар шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байдаг. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр миний үйлчлүүлэгч Д.Д мэдүүлэхдээ дээрх төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд буюу гэмт хэрэгт Н.М-, О.Э, Ё.Б нар хамтран оролцсон, үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан талаар маш дэлгэрэнгүй мэдүүлдэг. Дээрх нэр заагдсан иргэд ч гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй үйл баримт, нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал шүүх хуралд оролцсон хохирогч нар мэдүүлэхдээ “…энэхүү төслийг хэрэгжүүлэхээр бидэнтэй уулзаж, гэрээ байгуулахыг ятгасан хүн бол О.Э бөгөөд Д.Д гэж хүнтэй нэг ч уулзаж байгаагүй, танихгүй” талаар тодорхой дурдсан. Мөн төсөл хэрэгжүүлж буй компанийн ажилчид нь бүгд О.Э гэгчтэй хамаатан садны харилцаа холбоотой хүмүүс байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд кассанд тушаагдсан бэлэн мөнгийг тэрээр авч захиран зарцуулж байсан нь тодорхой байдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар О.Э эхнэр Д.Б-гийн дансаар хохирогч нарын шилжүүлсэн мөнгөнөөс 64 удаагийн гүйлгээгээр 105,245,000 төгрөгийг О.Э шилжүүлэн авч захиран зарцуулсан болох нь ч тогтоогддог. Мөн хохирогч нартай байгуулсан ажил гүйцэтгэх зарим гэрээнд зурагдсан Д.Дын гарын үсгийг хэн нэгэн этгээд дуурайж хуурамчаар үйлдэн, тэднээс мөнгө авсан үйл баримт хэрэгт тогтоогдсон бөгөөд дээрх Д.Дын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан гарын үсгийн Д.Дын гарын үсэг мөн эсэх  талаар тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгээгүй. Гэтэл шүүх дүгнэлт хийхдээ О.Эын дээрх үйлдлүүдийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдаагүй. Иймд Д.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Б.Отгонтөгс нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дараах заалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно”. мөн хуулийн 16.2 дугаар зүйлээр тодорхойлсон хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлон тогтоогоогүй байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэхгүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, анхан шатны шүүхээс “шүүгдэгч Д.Д нь “А’ ХХК-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, Барилга барих зохих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Э” гэх газарт “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан, тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Иргэний танхим”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ байгуулсан, мөн дээрх газар буюу Сэргэлэн сумын “Э” гэх газар барилга, байгууламж барих боломжгүй болсон гэх шалтгаанаар тухайн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын ажил хийж байсан Э.Эын хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Э.Солонгын үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан байх ба тус компанийн эзэмшиж байсан Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Номун далай” гэх 50 га газар дээр холбогдох зөвшөөрөлгүйг мэдсээр байж, “Радуга зуслан хороолол”-ыг барина гэж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэдийг цуглуулан анх авсан газар маань малчны бэлчээрийн газар юм байна, үер ус буудаг газар байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан, Одоо удахгүй барилга баригдаж дуусна, бүх айлууд дотроо 00-той болж байгаа тул нэмж 600.000 төгрөг өгөх шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарим иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нэр бүхий 219 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, бусдад нийт 822.023.340 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогдсон гэж тодорхойлон дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэргийн талаар дээрх байдлаар дүгнэлт хийхдээ хэргийн жинхэнэ бодит байдалд хууль зүйн үүднээс бүрэн дүүрэн, үнэлэлт, дүгнэлт хийгээгүй ба улмаар энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын 79-р талд “... Шүүгдэгч Д.Д нь барилга барих газар болон барилга барих зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу аваагүй байж 219 хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулж орон сууц захиалах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгө болох урьдчилгаа буцаан төлөхгүй байх санаа зорилгоо гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэрэгжүүлсэн бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авах идэвхитэй үйлдэл болох зуслангийн байр захиалгын өдөрлөг, зуслангийн байшингийн шав тавих ёслол хийсэн байх тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив талыг бүрэн хангасан байна...” гэж бодит байдлаас зөрүүтэй байдлаар тайлбар, дүгнэлт хийсэн. Гэтэл шүүгдэгч Д.Дын гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Залилах гэмт хэргийн” субьектив талын шинж цаг хугацааны хувьд хэдий үеэс үүссэн гэж үзэх үндэслэлтэй байгаа талаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг өгч, зөв тодорхойлж чадаагүй болох нь шүүхийн тайлбар, дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Учир нь Д.Дд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, захиалгын сууцыг барьж өгөхгүй байх зэрэг залилах гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго анхнаасаа байсан, ийм санаа зорилгоор хэрэгжүүлсэн гэж үзэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Үүнд: шүүгдэгч Д.Д нь хохирогч нараас гэрээний хүрээнд мөнгийг шилжүүлэн авсан үйл баримт байх ба харин гэрээгээр тохиролцсон “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хорооллыг барих санаа, зорилгоор газрын асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж, энэ хүрээнд иргэний хариуцагч нарт болон иргэний хариуцагч Ц.Эад 106.500.000 төгрөгийг өгсөн. Тухайлбал, 29 дүгээр хавтаст хэргийн 192-195 дугаар хуудсанд гэрч Ц.Э болон яллагдагч Д.Дын нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлгээр Ц.Э нь “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хорооллыг барих газрыг бүтээж өгнө гэж амлан 106,500,000 төгрөгийг авсан, уг мөнгийг Ц.Э, Ё.Б, Э- нар хуваан авсан болох нь түүний мэдүүлгээр тодорхой тогтоогдсон байдаг, Мөн дээрх үйл баримттай шууд холбоотойгоор мөрдөн байцаалтын шатанд Ё.Бгээс мэдүүлэг авсан байх ба түүний мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 99 дугаар хуудасны ар тал болон 100-р хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 157-160 дугаар хуудсанд авагдсан байна. Түүний уг мэдүүлгээр: “Би Ш- (Сэргэлэн сумын засаг дарга Эын үеэл)-д 15 сая, 27 сая нийт 42 сая төгрөг дамжуулан өгсөн (2019 оны 10 сарын дундуур болон 11 сарын 10-ны үед). Мөн 2020 оны 04-р сарын эхээр Д өөрөө Ш-д 25 сая төгрөг аваачиж өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Д нь цаашид зуслан хорооллыг барих боломжгүй болсныг ойлгож эхэлсэн үеэс өөрийн боломж бололцоогоо ашиглан нэр бүхий иргэдийн төлбөр болох 66.944.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай баримт болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан, энэ талаар улсын яллагч хүлээн зөвшөөрч 66.944.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг яллах дүгнэлтдээ тодорхойлон өөрөө оруулж ирсэн “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хорооллыг барих гэрээнд заасан үүргээ биелүүлэхийн тулд дээр нэр дурдсан Ш-, Э, Ё.Бгээс, М- гэсэн хүмүүстэй холбогдож өөр газар олж түүний бичиг, баримтыг бүрдүүлж барилгын ажлаа эхлүүлэх арга хэмжээ авахын тулд их хэмжээний мөнгө зарцуулж, газар шорооны болон барилгын суурь цутгалтын ажлыг хийсэн үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтууд, энэ талаарх гэрч нарын мэдүүлгээр хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон,

 Түүнчлэн Д.Д нь зуслан хорооллыг барихын тулд зураг төслийг нэр бүхий хуулийн этгээдээр хийлгүүлж, түүний төлбөрийг төлсөн, мөн газар шорооны ажил, суурь цутгалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхийн тулд бусад хуулийн этгээдүүдтэй холбогдох гэрээг хийж, төлбөр тооцоог хийсэн нь хэрэгт авагдсан зураг, гэрээ, тооцооны баримтуудаар тогтоогддог / хх 67/. Төв аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн С.Э-ын мэдүүлэг (Х ХХК 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр амины орон сууц барих ерөнхий үнэлгээг /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ/ хийж өгсөн) /1хх-69/ гэрч Х-ийн мэдүүлэг (Х ХХК 2020 онд зөвшөөрөлтэй байсан зөвшөөрлийн зориулалтыг өөрчлүүлсэн), гэрч Н.Б-ын мэдүүлэг (инженер геодезийн зургийн ажил хийсэн) /хх1-84/, гэрч Б.Д-ын мэдүүлэг (15 байшингийн суурь тавьсан) /хх1-88/ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт /хх1-186-188/, архитектур төлөвлөлтийн даалгавар /189-198/ зэрэг нотлох баримтууд төслийг хэрэгжүүлэх санаа зорилготой байсан болох нь давхар нотлогдоно. Мөн Д.Д нь төслийг хэрэгжүүлэхийн тулд ажилчидтай хөдөлмөрийн гэрээг байгуулж, тэдэнд цалин хөлсийг олгож байсан нь хөдөлмөрийн гэрээ, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Дээрх нотлох баримтуудаар барилгын ажлыг гүйцэтгэх үүднээс хувь хүн болон аж ахуйн нэгжүүдтэй олон тооны гэрээнүүд байгуулж, Д.Д нь захиалагч нараас урьдчилгаанд авсан мөнгөнөөс 630.047.640 төгрөгийг нь зураг төслийн “Дэлта” компанитай гэрээ байгуулан ерөнхий төлөвлөгөө, газрын төлөв байдлын геологийн шинжилгээ, байр зүй-геодезийн зураг, 16 төрлийн байшингийн ажлын зураг, төслийн ажлын хөлс, 35 байшингийн суурь цутгах зэрэг төслийн бэлтгэл ажилуудад зарцуулсан болох нь нотлогдон тогтоогддог. Түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар буюу “А” ХХК-ий нэр дээр газар эзэмших эрхийг олгохоор Засаг даргын захирамж гарсан /хх 29-186-187/ гэрч О.Эын мэдүүлэг (2021 оны 7 сард тэнгис Прогресс ХХК-ийн Бадарч захиралтай Радуга зуслан хороололд 3,250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар Д захирал тохиролцсон гэж мэдүүлсэн)-ээр хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг ч шийдвэрлэхээр арга хэмжээ авч байсан болох нь тогтоогдоно. / хх-1-92-94/ Хэрэгт авагдсан бөгөөд дээр тайлбарласан хэргийн бодит үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх нь залилах гэмт хэргийн субъектив шинж, цаг хугацааны хувьд хэзээнээс буюу ямар цаг хугацаанаас үйлдэгдэж эхэлсэн талаар хууль зүйн бодитой дүгнэлт өгч хэргийг дүгнэж чадаагүй болох нь тодорхой харагдаж байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бөгөөд тэдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хүрээнд хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч Д.Д нь анхнаасаа залилах гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй болохыг, төсөл цаашид хэрэгжих боломжгүй болж захиалагч нарын мөнгийг буцаан олгох боломжгүй болсон үеэс тухайн гэмт хэргийн субъектив талын шинж бий болсон гэж үзэх үндэслэлтэй байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг хийж өгнө үү. Энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг бодитой өгөх нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн байдал нь тодорхой хэмжээнд шүүдэгчид ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байх тул түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү. 2) Шийтгэх тогтоолын 79-р талд “ ... энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж бөгөөд хууль зүйн хувьд гурав ба түүнээс дээш удаа, хугацааны хувьд удаан хугацаанд үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа үйл явдлыг ойлгоно. Шүүгдэгч Д.Д нь залилах гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 219 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, бусдад 822.023.340 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй...” гэж Эрүүгийн хуулийн тухайн хүндрүүлэх шинжийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, энэ дүгнэлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулах шалтаг, шалтгаан болсон байна. Хуульд гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлсэн гэж заасан байдаг болохоос, гурав ба түүнээс дээш хүнийг хохироосон бол гэсэн заалт байхгүй бөгөөд ийм хуулийн ойлголт байхгүй. Гэтэл шүүх 219 хохирогчтой /энэ гэмт хэргийг 219 удаа үйлдсэн мэт/ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу 1 жил, 8 сар, 10 хоногийн хугацаанд иргэдтэй гэрээ хийсэн байдаг. Энэ хугацаанд цугларсан мөнгөнөөс гэр бүл, бусдыг тэжээн тэтгэсэн үйл баримт байхгүй, ямар зүйлд зарцуулагдсан нь “А” компанийн дансны хуулга, хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагддаг болно. Шүүгдэгч Д.Дын үйлдэл нь нэг төрлийн гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байхад хуулийг буруу хэрэглэж түүнд “Залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу /Эрүүгийн тусгай ангийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх/ заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хуулийг буруу хүндрүүлэн хэрэглэсэн. Шүүх нь тус хэргийн зүйлчлэлийн үндэслэлийг зөв тайлбарлаж, хэргийн үйл баримтад тулгуурлан бодитой дүгнэлт хийгээгүй атлаа шүүгдэгч Д.Дын эрх зүйн байдлыг дордуулж “Залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж” буюу /Эрүүгийн тусгай ангийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх/ заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” үндэслэлээр эрүүгийн ял, хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд бүрэн хамаарч байна.

Хуулийн “Амьдралын эх үүсвэр” гэдэг ойлголт нь тухайн гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамруулсан хууль зүйн ойлголт юм. Амьдралынхаа хэвшил болсон өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор хууль бус аргаар амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон байхыг шаарддаг хуулийн шалгуур ойлголт юм. Гэтэл тухайн хэрэгт шүүгдэгч Д.Дын хувьд дээрх шинжүүд нотлогдохгүй байна. Учир нь хохирогчдын мөнгөөр байнга амьжиргаагаа залгуулж гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс рүү шилжүүлсэн бодитой үйл баримт холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогдох учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн энэ талаарх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад тухайн хүндрүүлэх дүгнэлтийг хийсэн нь хуульд нийцэхгүй дүгнэлт болсон байна. Мөн Шүүгдэгч Д.Дын үйлдэл нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу 1 жил, 8 сар, 10 хоногийн хугацаанд үргэлжилсэн байдаг. Энэ хугацаанд тасалдсан хугацаа байдаггүй. Энэ нь үйлдлийн аргаараа Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн хуулийн зарчим, үндэслэлд нийцсэн, хангасан байх тул шүүгдэгч Д.Дын үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг байх ба энэ байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдад их хэмжээний хохирол учруулж” гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Гэтэл Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит үйл баримтад үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийгээгүй атлаа шүүгдэгч Д.Дд “Залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу /Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан/ “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үндэслэлгүйгээр дүгнэлт өгч, улмаар түүнд 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль ёсны биш бөгөөд шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болсон. Иймд Давж заалдах шатны шүүх энэ талаарх анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг хуулийн хүрээнд зөвтгөн залруулж, улмаар Д.Дд оногдуулсан 7 жилийн хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. 3) Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчдийн зүгээс хөндлөнгийн аудит, эдийн засгийн шинжээч томилуулах тухай, Ё.Б, Н.М-, Н.Э, Н.Б- нарыг иргэний хариуцагчаар татах тухай, криминалистикийн гарын үсгийн шинжээч томилуулах зэрэг хүсэлтүүдийг 2024 оны 3 дугаар сарын 18-нд гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцэж шүүх хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийн бодит байдалтай нийцүүлээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх Хөндлөнгийн аудит, эдийн засгийн шинжээч томилсноор хэрэгт авагдсан санхүүгийн тайлан эд мөрийн баримтаар хураагдсан захиалгын гэрээ, зураг, санхүүгийн анхан шатны дээрх баримтуудыг тус тус үндэслэн аудит, эдийн засгийн шинжээч томилуулан мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зориулалтын бусаар зарцуулсан мөнгө байгаа эсэх, санхүүгийн байдал, бизнесийн эрсдэлд орсон эсэх дээр дүгнэлт гаргуулах, тухайн төслийн үйл ажиллагаанд хэдийг нь зарцуулсан эсэх, мөн хохирлыг нэг мөр тогтоолгох, мөн иргэдээс авсан мөнгийг хэрхэн, яаж, хэдий хэмжээгээр ямар данс руу шилжүүлсэн эсэхийг тогтоолгох, уг дүгнэлтэд үндэслэн иргэний хариуцагчид болох О.Э, Н.Б-, Н.Э, Ё.Б, Д. Э-, Н.Ш-, Н.Э. Н.М-, Б.М-, О-, А- нар хэн нь хэдэн төгрөг авсан эсэх талаарх мөнгөн дүн тодорхой болох юм. Мөн иргэний хариуцагч О.Э нь шүүгдэгч Д.Дын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудаар тухайн төслийг голлон хариуцаж гэмт хэргийг үйлдсэн байхад түүний гэмт хэргийн оролцоо үйлдлийг нэг мөр шалган тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Түүнд хууль бусаар ял завших нөхцөлийг шүүх бүрдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагчид хэн нь хариуцах нь тодорхойгүй, хоорондоо маргасан байдалтай байгаа нь хохирогчдын эрх ашиг ч зөрчигдөж шүүхийн дүгнэлтэд хохирлыг хэнээс гаргуулах талаар дурдахдаа ойлгомжгүй тодорхойгүй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад анхаарч үзэхгүй, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр нэг мөр эцэслэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал: Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагч Б.М- 21.500.000 төгрөг, Ө.О- 1.000.000 төгрөг авсан талаар мэдүүлсээр байхад хохирлыг хариуцвал зохих этгээд биш иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар хууль зүйн бүрэн бодитой дүгнэлт өгснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан нотолбол зохих зүйлийг бүрэн нотлон тогтоож дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг зөв тогтоож шийдвэрлэх, дээрх дүгнэлтүүдийн хүрээнд ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх үндэслэл байгаа талаар нэг мөр бүрэн дүгнэлт өгөх шаардлагатай байна. Тиймээс дээрх хэргийн бодит үйл баримтын талаар бүрэн дүгнэлт өгч хохирлыг зөвтгөн ял, эрүүгийн хариуцлагыг бодитой хөнгөрүүлэн хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан бусад үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэвэл анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Намнансүрэн өмгөөлөгчтэй санал нэг байна. Хамтарч гомдлоо гаргасан. Давхардуулахгүйгээр нэмж хэлэхэд Д.Д гэм буруутай ч гэсэн хохирлын тооцоог нэг мөр тогтоож гаргах шаардлагатай байгаа. Иргэний хариуцагчид бүрэн гүйцэт татагдаагүй. Тодруулбал, Б, М-, Э нар иргэний хариуцагчаар хэрэгт тогтоогдох ёстой байхад тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс гаргасан хохирлын хэмжээг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн үзэхэд 108.000.000 төгрөгийг зөрүү гарч байна. Үүнийг задлаад үзэхээр Ш- 67.000.000 төгрөг байхад 48.000.000 төгрөг гаргасан байдаг. М-т 21.000.000 төгрөг, Эад 106.000.000 төгрөг гээд нэг бүрчлэн тооцоод үзэхэд хохирлын мөнгийг нэг мөр зөв тооцоолох, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийлгэх нь зүйтэй. 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан “А” ХХК-ийн санхүүгийн тайланд газарт 250.000.000 төгрөг, суурь 50.000.000 төгрөг, газар шорооны ажилд 70.000.000 төгрөг, зураг төсөлд 80.000.000 төгрөг нийт 450.000.000 төгрөгийн мөнгө зарцуулсан гэж байдаг. Гэтэл анхан шатны шүүх, прокурорын шатанд энэ санхүүгийн баримтыг шалгахгүй. Эдгээр мөнгийг хохирлоос хасахгүй, зарцуулсан хэмжээг үнэн зөвөөр тогтоохгүй байгаа гэх асуудал яригдах ёстой. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр хийлгэх, иргэний хариуцагчийг тодорхой болгох хэрэгтэй байна. Эдгээр ажиллагааг шүүхийн шатанд тогтоох ямар ч боломжгүй байсан тул нотлох баримтыг үндэслэхгүйгээр бодит хохирлыг гаргаагүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна.” гэв.

Иргэний хариуцагч Ц.Эын өмгөөлөгч Д.Өлзийхишиг давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд тодорхойлсон хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлон тогтооно зэргийг анхаарч үзээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ц.Эаас 45.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт хувь тэнцүүлж олгуулахаар шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн шинэчилсэн мэдүүлгээр шүүдэгч Д.Д болон бусад иргэний хариуцагч нарын мэдүүлгээр Ё.Б нь газар бүтээж өгнө гэж амлан Д.Дын өгсөн мөнгөнөөс Ц.Э, Д.Э- нараар дамжуулан дансаар болон бэлнээр нийт 82.300.000 төгрөг авсан байхад Ё.Бг иргэний хариуцагчаар тогтоогоогүй нь хэргийг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийг тал бүрээс нь шалгаагүй дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Ё.Бг иргэний хариуцагчаар татах нь хохирлыг нэг мөр тогтоолгох, хэн хэн нь хэдэн төгрөгийн төлөх төлбөртэй болох нь шударгаар тогтоогдоно. Ё.Бгийн авсан мөнгийг бусад иргэний хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж Ц.Эын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Өлзийхишигийн гаргасан гомдолтой санал нэг байна. Сэргэлэн сумын 2 дугаар баг, Сэргэлэн сумын 5 дугаар баг гэж 2 баг яригдаж байна. 2 дугаар багийг би мэдэж байна. 5 дугаар багийн талаар огт мэдэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн материалтай танилцах үедээ олж мэдсэн. Сэргэлэн сумын 2 дугаар багт Ё.Б гэх хүн надад анх танилцуулахдаа Улаантолгой гэх газар байгаа гэж намайг дагуулж яваад 100 га газрыг сонгож авсан. Өмгөөлөгч Д.Өлзийхишигийн гаргаж байгаа гомдлын дагуу бол надад “А’ ХХК-аас 106.000.000 төгрөгийн шилжүүлэг орж ирсэн нь үнэн. Үүнээс Ё.Бд 46.000.000 төгрөгийг өөрийнх нь дансаар өгсөн. Мөн Ё.Б мөнгө хэрэгтэй байна. Сэргэлэн сумын Засаг дарга Сэржээ гэх хүнтэй удаа дараа очиж танилцуулъя гэж байсан боловч дагуулж явж байгаагүй. Ё.Бд би гэрчийн этгээдтэй өөрийг нь дагуулаад миний хаан банкаар дамжиж орж ирсэн мөнгийг гаргаж өгч байсан. Гэтэл энэ асуудал дээр анхан шатны шүүх хурал дээр бодит байдлаар дүгнэж шийдвэр гаргасангүй. Миний бие 10.000.000 төгрөг авч хэрэглэсэн нь үнэн. Би энэ үйлдэл дээрээ хариуцлага хүлээнэ” гэв.

Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд 2.970.000 төгрөгөөр хохирсон. Эхний хохирогч нарын нэг байна. Гэмт хэрэг хаана үйлдсэн нь тодорхойгүй гэж өмгөөлөгч нь дурдаж байна. Энэ нь тодорхой Баянгол дүүргийн Засаг даргын иргэний танхимд цахим орчноор зарлаж, дуудаж Солонго гэх хороолол барих гэж байна гэж бэлэн мөнгө авсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын олон дахин гаргаад байгаа гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр хүмүүс хэргийг удаашруулах зорилготой гэж үзэж байна. Миний зүгээс хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хурал дээр хэлэх зүйлээ хэлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Хохирогч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Д амьжиргааны эх үүсвэр болгоогүй гэж байна. Энэ хүний компани мөнгөгүй байсан. Биднээс мөнгө авч хэрэглэсэн. Д нь өөрийнхөө хөрөнгөөр амьжиргаагаа залгуулсан гэдгийг нотолж чадахгүй байж шүүх буруу дүгнэж байна гэж гомдол гаргаж байгаад санал нийлэхгүй байна. Бид бүхний мөнгөөр амьжиргаагаа залгуулсан гэж үзэж байна. 2019 оны 09 дүгээр сард мөнгө өгсөн, гэрээнд байшиндаа хугацаандаа ороогүй нөхцөлд алданги тооцно гэж заасан боловч барилгын ажил хийгдээгүй байсан. Гэрээгээ зөрчиж байна мөнгө авъя гэхэд 14 хоногийн дараа өгнө, сарын дараа өгнө гэж хэлээд өгөөгүй, өдий хүрч байна. Барилга барьж байгаа газрыг хайж олоход ажил нь дутуу дулимаг, нэг гэр байсан хэдэн байшингийн суурь байсан. Түүнд тийм их хэмжээний мөнгө зарцуулаагүй гэж би үзэж байна. Ажлын байран дээр нь очоод 1.800.000 төгрөг өгч чадахгүй байж яагаад хүмүүсээс мөнгө авч байна гэхэд түүнд мөнгө өгч гэрээ хийж байгаа хүмүүс надад итгээгүй. Тэр мөнгө сонгуулийн ажилд зарцуулагдсан гэж хохирогч бид нар бүгдээрээ хардаж байна. Гэрээнд заасны дагуу алдангиа нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжлэнэ гэж хэлмээр байна” гэв.

Хохирогч Х.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч нартай санал нэг байна” гэв.

Хохирогч З.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хамгийн их хохиролтой буюу 17.100.000 төгрөгийн хохиролтой. Гэрээг байгуулахад хүү тооцно, алданги тооцно гэж тохиролцсон. Одоо 5 жил болж байна. Энэ мөнгөөрөө бид бүхэн байшин авах боломжгүй болсон. Сэтгэл санаа, эд хөрөнгө, бие сэтгэлээрээ хохирсон. Зарим хохирогч хавдартай, өвчтэй, зовлонтой болсон олон хүн байна. 2019 он сонгуулийн урьд жилийн 04 сараас эхэлж мөнгө хураасан. Энэ мөнгийг сонгуульд зориулж босгосон гэж би харагдаж байна. 2020 онд сонгууль болж, ардчилсан нам ялагдсан. Энэ бүгд ардчилсан намын хүмүүс байгаа юм, би улс төржөөгүй. Би бодит байдлыг хэлж байна. Надад энэ төсөл маш богино хугацаанд хийгдэх юм байна, хөдөө агаартай газар юм байна гэсэн сэдэл төрсний улмаас байр захиалсан. Хамгийн гол нь дүүргийн иргэний танхимд буюу төрийн байгууллагад захиалга авч хүмүүст итгүүлсэн. Энэ нь санаатай үйлдлээр гэмт хэрэг хийсэн гэж харагдаж байгаа. Газрын гэрчилгээ байхгүй, төсөв мөнгө байхгүй, ажилчин байхгүй, туршлага байхгүй ийм хууль бус ажиллагаа явагдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа зарим саналыг дэмжиж байна. Э, Э, Э зэрэг хүмүүсийн үйлдлийг шалгах нь зүйтэй. Бүх зүйлийг хууль журмын дагуу шалгуулах хэрэгтэй. Хамгийн гол хүсэж байгаа зүйл хохирол, төлбөрөө барагдуулах ямар боломж байна бүгдийн гаргуулах хүсэлтэй байна. Бид энэ компанид мөнгө өгсөн тиймээс энэ компаниас мөнгөө гаргуулж авах ёстой. Энэ хүн шүүхийн шатанд өөрийнхөө гэм буруутай гэдгийг мэдэж байна. Энэ олон хүнийг хохиролгүй болгомоор байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Шалгах ёстой зүйл их байна. Биднийг нэн түргүүнд хохиролгүй болгож өгөх хэрэгтэй байна” гэв.

Хохирогч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчтой санал нэг байна. Энэ хэрэг хэзээ, хаана, яаж гарсан тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчөөс тайлбар хийж байна. Энэ хэрэг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын иргэний танхимд төрийн байгууллагад үйлдэгдсэн. Энэ хорооны засаг дарга нь Д.Дын төрсөн эгч Дорждулам гэж хүн байдаг. Миний бие 5.180.000 төгрөг өгсөн. Би яагаад итгэж энэ байрыг захиалсан бэ гэхээр хорооны Засаг даргын ажлын байранд төрийн байгууллага оролцсон болохоор итгэсэн. Энэ хэрэг анхнаасаа залилсан байсан. Яаж 219 хүнээс авсан хохирлын мөнгийг өөрийнхөө амьжиргаанд хэрэглээгүй гэж хэлж чадаж байна вэ. Тодорхой хэмжээгээр хэрэглэсэн нь тодорхой. Байр барьж байгаа гэх газар дээр нь очиход байшингийн 10 ширхэг суурь байсан. Би энэ хугацаанд энэ компанид хүсэлт гаргасан миний эрүүл мэндийн байдал хүнд байна, миний мөнгийг өгнө үү гэхэд авч хэлэлцээгүй. Одоо яаралтай хохирлоо авах хүсэлтэй байна.” гэв.

Хохирогч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг анхнаасаа залилангийн гэмт хэрэг байсан. Иргэний танхимд хүмүүсийг цуглуулж төрийн байгууллагатай хамтарч хийж байгаа гэж танилцуулж хүмүүсийг залилсан. Барилга барьж байгаа газар дээр нь очсон манаач нь бололтой ганц айлд согтуу хүмүүс байсан. “Манай компани техник түрээслэсэн чинь төлбөрөө төлөхгүй байна гэсэн хүн байж байсан.” Барилгын ажил явагдаагүй, харагдах байдал тийм болохоос барилгын ажил хийгдээгүй. Хохирлоо барагдуулмаар байна” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д нь “А ХХК”-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, барилга барих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд Төв аймгийн Сэргэлэн сум, 2-р багийн нутаг дэвсгэрт орших “Э” гэх газарт “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар Баянгол дүүргийн 4-р хорооны “Иргэний танхим”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрчийн мэдүүлэг болон бичгийн баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Д нь тухайн газар байшин барих боломжгүйг мэдсээр байж нийт 219 хохирогчоос мөнгө шилжүүлэн авсан нь эрүүгийн гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг үйлдсэн байна гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Хуульд заасан шаардлага хангасан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг бодитой шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :   

1. Тус Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 937 дугаартай магадлалын зарим заалт биелэгдээгүй байх тул тус шийдвэрийнхээ эсрэг дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болж, тус шийдвэрийг хэн боловч биелүүлэх үүрэг хүлээнэ.

Тийм учраас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 937 дугаартай магадлалд тодорхой дүгнэж заасан зарим асуудлыг орхигдуулсан /32хх-232-243/ байх тул тус шүүхээс өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэх үндэслэлгүй.

Тухайлбал, өмнөх магадлалд заасан “холбогдох үйл баримт, хууль зүйн тодорхой үндэслэл, журмын хүрээнд Д.Э-, Ц.Э, Ё.Б, Д.Ш-, Б.М-, О-, А- зэрэг хүнийг иргэний хариуцагчаар татаж, улмаар хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх”-эд зайлшгүй шаардлага бүхий тухайн асуудлыг тодорхой дүгнэж, заасан байхад зөвхөн О.Э, Д.Э-, Д.Ш-, Ц.Э нарыг иргэний хариуцагчаар татсан атлаа иргэн Ё.Б, А- нарыг иргэний хариуцагчаар татаагүй орхигдуулсан, мөн холбогдох үйл баримтыг харьцуулан шалгахад  зохих хэмжээний мөнгөн дүнг хариуцах үүрэг бүхий Б.М-, Ө.О- нараас төлбөр гаргуулах асуудлыг дүгнээгүй зэрэг алдаа гаргасан байх тул тэдгээрийг зөвтгөх боломжгүй.      

2. Нийт иргэний хариуцагчаар татагдсан болон татагдах хүн, тэдгээрийн хариуцах мөнгөн дүнгийн хэмжээ зэргийг бодит байдлаар шийдвэрлэхийн тулд  хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэх хамаралтай нотлох баримтууд болох иргэний хариуцагч Д.Э- /33хх-75-76/, иргэний хариуцагч Ц.Э /33хх-83-85/, иргэний хариуцагч Б.М- /33хх-66-67/, иргэний хариуцагч О.Э /33хх-61-63/, гэрч Д.Э- /29хх-197-199/, гэрч Ц.Э /29хх-192-195/, гэрч Ё.Б /1хх-100, 3хх-157-160/, гэрч Б.М-ын мэдүүлэг /3хх-165-166/, гэрч Д.Ш- /3хх-153-155/, Д.Д яллагдагчаар өгсөн /1хх-130-131, 140-142, 30хх-33/ мэдүүлэг, гэрч Д.Б, О.Эын нарын мэдүүлэг /1хх-92-94, 96/, Д.Д Ц.Этай нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /29хх-203-207/, Ц.Эын дансны хуулга “Атай” холбоотой орлого, зарлагын баримт /29хх-210-219/ болон бусад мэдүүлэг, дансны хуулга зэргийг бүхэлд нь, бодит байдлаар харьцуулан шалгаж, үгүйсгэн няцаах эсхүл батлах байдлаар хангалттай дүгнээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлагыг хангаагүйд тооцогдоно.  

Нотлох баримтын эх сурвалжуудыг харьцуулан шалгахад тэдгээрийн хооронд “зөрүү” үүсч болох боловч энэ нь “эргэлзээ”-нд хамааралгүй болохыг анхаарах нь зүйтэй.

 Учир нь, “эргэлзээ” гэдгийг хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог.

3. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч О.Э, Д.Э-, Д.Ш-, Ц.Э нараас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээ хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй буюу мөнгөний хэмжээг зарим иргэний хариуцагч нарт буруу, их болон бага хэмжээгээр зөрүүтэй тооцсон, мөн зарим иргэний хариуцагч нараас хариуцвал зохих мөнгөн дүнг гаргуулаагүй болох нь хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан шалгахад илэрч байх тул тус шүүхээс нөхөн гүйцэтгэж зөвтгөх үндэслэлгүй.

4. Зарим иргэний хариуцагчийн эрхийг хангаагүй байх тул тус зөрчлийг арилгах шаардлагатай.  

Тухайбал, иргэний хариуцагч Д.Ш- “...өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...”  гэсэн байхад /33-р хх 79-80/ мэдүүлэг аваагүй, мөн шүүх хуралдааны товыг бодитой мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байх /35хх-2/ тул түүний эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.   

5. Дээрх дурдсан асуудлуудыг хуулийн дагуу хянан шалгаж зөвтгүүлэх буюу нөхөн гүйцэтгүүлэхгүй орхигдуулсан байх нь зарим иргэний хариуцагч нарын хариуцвал зохих мөнгөний хэмжээг бодитой тогтоох болон хохирогч нарын зөрчигдсөн эрхийг шуурхай нөхөн сэргээх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилт, зарчим, хамаарах бусад зохицуулалтыг зөрчигдөхөд хүргэсэн байгааг анхаарах нь зүйтэй.

Прокурорын хувьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 937 дугаартай магадлал, мөн анхан шатны шүүхийн захирамжид  тодорхой заасан байтал нэр бүхий хүнийг иргэний хариуцагчаар татаагүй, зарим иргэний хариуцагчийн эрхийг хангаагүй, иргэний хариуцагч нарын тус бүр хариуцвал зохих мөнгөн дүнгийн хэмжээг бодитой тогтоож, тооцоолон дүгнээгүй зэрэг нь хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.    

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шүүхээс даалгасан аливаа асуудлыг бүрэн биелүүлэх чиг үүрэг хүлээдэг.   

6. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Зөвхөн дээр дурдсан үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон  тул тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахад чиглэсэн, худал мэдээлсэн, мэдүүлсэн зэрэг асуудал байгаа бол тусад нь ялган зааглаж, жич шийдвэрлэх үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэхийг анхаарах нь зүйтэй.      

8. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон дээрх үндэслэлтэй холбоотойгоор шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.Батнасан, Л.Намнансүрэн, Б.Отгонтөгс нарын давж заалдах гомдлуудаас “иргэний хариуцагч, тэдний хариуцвал зохих мөнгөн дүнгийн хэмжээ  зэрэгт хамаарах” хэсгийг хүлээн авч, бусад гомдлуудыг хэлэлцээгүй орхисон, харин иргэний хариуцагч Ц.Эын өмгөөлөгч Д.Өлзийхишигийн гаргасан “Ё.Бг иргэний хариуцагчаар татаагүй, түүний хариуцах мөнгийг бусад иргэний хариуцагчаар төлүүлсэн зэрэг зөрчил гаргасан” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангасан болохыг дурдах нь зүйтэй.       

Шүүгдэгч Д.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :        

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.    

2. Шүүгдэгч Д.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

 

                          ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР