Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 391

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал  даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч  М.Очбадрах, шүүгдэгч О.Бямбадорж, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюунгэрэлийн Бямбадоржид холбогдох эрүүгийн “1811010990391” дугаартай, 186/2018/0354/э  индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.              

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Орхон сум Төмөр замын 01-03 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунгэрэлийн Бямбадорж /РД:ТЛ95102317/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

О.Бямбадорж нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, Усан сангийн 2-24А тоотод оршин суух иргэн Г.Эвсанаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг :

1.1. Шүүгдэгч О.Бямбадорж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч  мэдүүлэг  өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Эвсанаагийн:...Би нөхөр О.Алагаагийн хамтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2-24а тоот хашаанд 2015 оноос хойш  амьдарч байна. Бид хоёр цахилгаан станцад ажилладаг учир өглөө 07 цаг өнгөрч байхад гараад орой 21 цагийн орчим гэртээ ирцгээдэг. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө нөхөр Апагаагийн хамт 08 цаг 20 минутын орчим гэрээсээ ажилдаа явцгаахаар байшингийнхаа хаалга үүдийг цоожлоод явсан. Өдөр нехөр бид хоёр гэртээ ирээгүй бөгөөд орой 17 цаг өнгөрч байхад урд талын байшинд байдаг Уянга гэдэг эмэгтэй бид нартай хамт ажилладаг нөхөр Эрдэнэбаатартаа Алагаагийн гэрийн цонх нь онгорхой байна гэж хэлүүлсэн байсныг нь манай нөхөр надад хандан чи гэртээ очоодох гэж хэлсэн, гэрлүүгээ ажлаасаа 20 цагийн орчим ирээд хашааны хаалгаар ороход байшингийн баруун талын поорчиг онгорхой байсан. Би урд талын таамбарын хаалгаар ороход цоожинд эвдрэл гэмтэл байхгүй гэртээ орсон. Гэртээ ороод алдсан эд зүйлүүдээ нүдээрээ харахад гэрийн зүүн талын хананд байрладаг шургуулгатай шилэн шүүгээнд байсан 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би цагдаа нар ирж байх хооронд гэрийнхээ цонхийг хаагаад хүлээж байсан бөгөөд бусад эд зүйлүүддээ гар хүрээгүй. 2018 оны 02 сард нөхөр Алагаагийн хамтаар явж байгаад мөнгөн завъяагаас 3 ширхэг аягыг цагаан сараар хэрэглэх гээд худалдаж авч байсан.

-1 ширхэг 7-ын хэмжээтэй мөнгөн аяга 160.000 төгрөгөөр авч байсан. 3 аяганы дотор талд хээтэй байгаа гадуураа ямар ч хээ байхгүй доод талд нь цулгуй тэгэхдээ доод талын холбоос хэсэг нь хар өнгийн нарийн оруулгатай байгаа.

-1 ширхэг 6-ын хэмжээтэй мөнгөн аяга 90.000 төгрөгний үнэтэй. Содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй дээд аягатай яг адилхан аяга байгаа.

           -1 ширхэг 5-ын хэмжээтэй мөнгөн аяга 70.000 төгрөгөөр авч байсан. Содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй дээд талын аягатай адилхан аяга байгаа. Би эдгээр аягануудаа авсан үнээр нь үнэлж байна аваад удаагүй аяганууд байгаа гэх мэдүүлэг. /хх 18-19/,

            2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Уянгын:....Би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2-24а тоот хашааны хамгийн урд талд байх байшинд аав Батбазар, ээж Отгонсүрэн, нөхөр Эрдэнэбаатар, 2 хүүхэд, 3 дүү нарын хамтаар амьдардаг юм. Манай нөхөр өнөөдөр өглөө 08 цагт ажилдаа явсан, ээж Отгонсүрэн 11 цаг болж байхад бас ажилдаа гарсан. Би гэртээ өдөр аав Батбазар болон хүүхэд дүү нарын хамтаар өдөржин байшиндаа байсан. Би өглөө хувцсаа угаачаад гадуур Апагаагийн байшингийн хажуугаар явахад цонх нь хаалттай байх шиг байсан түүний дараа гэртээ орж унтаад бас бусад зүйл хийж байгаад 16 цагийн орчим нойл орох гээд Апагаагийн байшингийн хажуугаар явахад баруун талын салхивч нь онгорхой байхаар нь хүн ирсэн юм болов уу гэж бодоод өнгийгөөд харахад хүн байхгүй байсан. Би гэртээ ороод нөхөр Эрдэнэбаатарлуу залгаад Апагаагийн цонх нь онгорхой байна юу болсон бол хэлээдэх гэж хэлүүлэхэд зурагт байна уу үзээдэх гэхээр нь өнгийгөөд цонхийг нь түлхэж онгойлгож харахад зурагт нь байхаар нь буцаагаад гараараа хаачихсан. Би гэртээ ороод байж байхад 20 цагийн орчим Эвсанаа хүрч ирээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-20/,

   2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Бямбадорж гэрчээр мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би найз нартайгаа архи уучихаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, усан сангийн 2-24 тоотод байрлах гэртэй харьсан. Архи дахиж уух гээд хамаатны эгчийн гэрийн вакум цонхыг гаднаас нь түлхэн гэр дотор байсан 3 ширхэг мөнгөн аягийг хулгайлсан. Тэгээд би  хороололд байрлалтай Ондоошил ХХК-н барьцаанд ломбарданд 200,000 төгрөгөөр тавьчихаад уг мөнгөөрөө Холливууд шөнийн клубэд архи уусан. Уг клубэд 160,000 төгрөгний архи уусан байсан. Хажуугийн ширээн дээр байсан хүмүүст архи авч өгөөд хамт сууж архиа уусан. Үлдсэн мөнгөөр нь хоол болон такси унаанд хэрэглээд дууссан. Би уг хэргийг согтуудаа үйлдсэн болохоор гэмшиж байна. Би хамаатны эгчтэйгээ яриад ломбардсан эд зүйлсээ буцаан авч өгөхөөр болсон байгаа гэх мэдүүлэг. /хх-21/,

            2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Оюунгэрэлийн:.. Миний хүү О.Бямбадорж нь 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн. Бага насаа Дархан-Уул аймгийн Орхон жимс ногоод өнгөрүүлсэн. Эцэг нь Хатанбаатар гэж хүн байсан бөгөөд бага балчир байхад нь салчихсан. Одоо холбоо сураггүй байдаг юм. Миний хүү багадаа цэцэрлэгээр хүмүүжин 10 жилээ сумандаа төгссөн. Сургуулиа төгсөөд ямар нэгэн сургуульд суралцаагүй ажил хийж байсан бөгөөд ажил хийж яваад энэ хэрэгт холбогдчихлоо. Миний хүү зан аашийн хувьд төлөв даруу хүний үгнээс гардаггүй сайн л хүүхэд байдаг юм. Авъяас сонирхолын хувьд бүжиг бүжиглэх сонирхолтой, гавъяа шагнал 10 жилийн хэдэн медалиуд байдаг юм. Бүжгийн медалиуд л байгаа гэх мэдүүлэг. /хх-23/,

              2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн  06/270 тоот актын:

              1. Шинжилгээнд ирүүлсэн 2,5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,3,4 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

              2. Шинжилгээнд ирүүлсэн 2,5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь папилон санд бүртгэлтэй гарын мөр, дардастай тохирохгүй байна. Криминалстикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Нямдагва гэх дүгнэлт. /хх-25/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

          3.1. Чингэлтэй  дүүргийн  цагдаагийн  хэлтэст гаргасан  өргөдөл /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-11/, фото зураг /хх 12-13/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мэдээлэл /хх-14/, хүлээлгэн өгсөн баримт /хх 15-16/, шинжээчийн дүгнэлт /хх-25/, эд зүйлийн үнэлгээ /хх-27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, урьд ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, “Ондоошил”  ХХК-ны барьцааны зээлийн үйлчилгээ зээлийн  гэрээ /хх-33/, фото зураг /хх 37-38/, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд /хх 43-45/, шинжээчийн 06/270 тоот  дүгнэлт /хх-25/, хохирогч Г.Эвсанаа  шүүгдэгч О.Бямбадоржоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохиролоо бүрэн барагдуулсан гэж бичгээр бичиж өгсөн хүсэлт /хх-53/ зэрэг  бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч О.Бямбадорж нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, усан сангийн 2-24А тоотод оршин суух иргэн Г.Эвсанаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах зориулалттай орон байрнад хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Эвсанаа....ажлаасаа 20 цагийн орчим ирээд хашааны хаалгаар ороход байшингийн баруун талын поорчиг онгорхой байсан. Би урд талын таамбарын хаалгаар ороход цоожинд эвдрэл гэмтэл байхгүй гэртээ орсон, гэртээ ороод алдсан эд зүйлүүдээ нүдээрээ харахад гэрийн зүүн талын хананд байрладаг шургуулгатай шилэн шүүгээнд байсан 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би цагдаа нар ирж байх хооронд гэрийнхээ цонхийг хаагаад хүлээж байсан бөгөөд бусад эд зүйлүүддээ гар хүрээгүй. 2018 оны 02 сард нөхөр Алагаагийн хамтаар явж байгаад мөнгөн завъяагаас 3 ширхэг аягыг цагаан сараар хэрэглэх гээд худалдаж авч байсан….гэх мэдүүлэг.       /хх 18-19/, гэрч О.Уянгын.....Би өглөө хувцсаа угаачаад гадуур Апагаагийн байшингийн хажуугаар явахад цонх нь хаалттай байх шиг байсан түүний дараа гэртээ орж унтаад бас бусад зүйл хийж байгаад 16 цагийн орчим нойл орох гээд Апагаагийн байшингийн хажуугаар явахад баруун талын салхивч нь онгорхой байхаар нь хүн ирсэн юм болов уу гэж бодоод өнгийгөөд харахад хүн байхгүй байсан. Би гэртээ ороод нөхөр Эрдэнэбаатарлуу залгаад Апагаагийн цонх нь онгорхой байна юу болсон бол хэлээдэх гэж хэлүүлэхэд зурагт байна уу үзээдэх гэхээр нь өнгийгөөд цонхийг нь түлхэж онгойлгож харахад зурагт нь байхаар нь буцаагаад гараараа хаачихсан. Би гэртээ ороод байж байхад 20 цагийн орчим Эвсанаа хүрч ирээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-20/, О.Бямбадорж нь гэрчээр мэдүүлэхдээ:......2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би найз нартайгаа архи уучихаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо усан сангийн 2-24 тоотод байрлах гэртэй харьсан. Архи дахиж уух гээд хамаатны эгчийн гэрийн вакум цонхыг гаднаас нь түлхэн гэр дотор байсан 3 ширхэг мөнгөн аягийг хулгайлсан…..гэх мэдүүлэг.       /хх-21/ зэрэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Бямбадоржийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Хохирогч Г.Эвсанаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, О.Бямбадоржид хөнгөн ял шийтгэл оногдуулж  өгнө үү, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад  учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг  хэрэглэх нь зүйтэй гэж  шүүх үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг цагдан хоригдсон хугацаанд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунгэрэлийн Бямбадоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Бямбадоржийг 1 /нэг/ жил, 1 / нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Бямбадоржид  оногдуулсан 1 /нэг / жил, 1 /нэг/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

4. Шүүгдэгч О.Бямбадорж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус   дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бямбадоржийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бямбадоржийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

                                                            

 

 

           

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ