| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2408009170938 |
| Дугаар | 2024/ДШМ/1152 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/1152
2024 10 15 2024/ДШМ/1152
С.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Сувданчимэг,
шүүгдэгч С.Г-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 935 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Г-т холбогдох эрүүгийн 000000 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн С-ийн Г-, 1978 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн - тоотод оршин суух хаягтай боловч тус дүүргийн 37 дугаар хороо - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: 00000000/;
С.Г- нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн - тоот гэртээ байх үедээ өөрийн эзэмшлийн I Phone 8 plus загварын утсыг ашиглан фэйсбүүк цахим орчинд “Мэргэн Бөөдий” гэх хаягаас шууд дамжуулалт хийж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 000000 дугаартай дансаар дамжуулан нийт 3,849,120 төгрөгийн ашиг олж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: C.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Г-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г-т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ээс 3,849,120 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung G-50, Huawei Y6 утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, Хаан банкны дансны хуулга бүхий 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…би мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бодит хохирол болох 3,849,120 төгрөгөө шүүхийн шатанд төлж барагдуулсан өрх толгойлсон эмэгтэй, хамгийн бага хүү Г.Т- 6 настай хамт амьдардаг хүүгээ Баянзүрх дүүргийн харьяа - оруулсан, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлүүд заагдаагүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан, төрсөн хүү Г.У-, охин Г.Х- нар байнга тэтгэмж болгон /энэ хоёр маань Япон улсад ажилладаг/ сар болгон тогтмол мөнгө шилжүүлдэг. Энэ байдлыг миний өөрийн данснаас харж болох зэрэг хувийн байдлыг минь харж үзээд зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн торгуулийн ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж, шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч С.Г- анхан шатны шүүхэд төлбөрөө өгөх гэж очсон боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Төлбөрөө хаана тушаах талаараа тодруулж байж хийхгүй бол буруу дансанд хийх эрсдэлттэй байсан тул бэлнээр нь аваад ирсэн. Хоёр хүүхэд нь Япон улсад ажилладаг. Тогтмол сар бүрийн 10,11 өдрүүдэд 1.000.000-1.700.000 төгрөгийг амьжиргаанд нь шилжүүлдэг. С.Г- нь өөрөө Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. Бага насны хүүхэд нь Баянгол дүүргийн - явдаг. Зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч С.Г-ийн давж заалдах гомдолтой холбогдуулна дараах тайлбар хийе. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн байдлыг харахад шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого улсын төсөвт төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 6 настай хүүхдээ Баянзүрх дүүргийн - оруулсан гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Шүүхэд шинээр гадаад улсаас мөнгө шилжүүлдэг талаар дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд уг ялыг оногдуулсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч С.Г- нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн - тоот гэртээ байх үедээ мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор өөрийн эзэмшлийн гар утаснуудыг ашиглан, цахим орчинд “Мэргэн Бөөдий” гэх хаягаас шууд дамжуулалт хийж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан болох нь :
- “олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээллийг шалгуулахаар хүргүүлсэн тухай” Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10б/2611 дугаартай албан бичиг /1-р хх 33/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 7-9/,
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 25-29/,
- Хаан банк дахь Сумъяагийн Г-ийн эзэмшлийн 00000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 109-өөс 3-р хх 207/,
- Хаан банк дахь Сумъяагийн Г-ийн эзэмшлийн 00000 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх 208-аас 4-р хх 47/,
- шүүгдэгч С.Г-ийн “... Би Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол 106 дугаар байр 59 тоотод 2 өрөө байр түрээслэж амьдардаг. Би 2023 оны 07 дугаар сарын сүүлээр 08 дугаар сарын эхээр санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна. “Мэргэн бөөдий” гэх цахим хаягаас гэртээ байхдаа хөзрөөр 9 хүн сууж тоглох боломжтой ширээ хулдаасаар хэвлүүлээд 2024 оны 02 сарын сүүл хүртэлх хугацаанд цахим орчинд лайв хийж 9 хүн сууж тоглох боломжтой хулдаасан ширээн дээр покер тоглоом тоглуулсан. Уг тоглоомыг тоглож байгаа хүмүүс 5.000 төгрөг хийгээд 7 удаа тоглох бөгөөд нэг тоглолтод хожсон хүн 5.000 төгрөг авах бөгөөд 9 хүнээс 7 удаа 5.000 төгрөг хожих боломжтой бөгөөд үлдсэн мөнгө нь надад ашиг хэлбэрээр үлддэг. Миний тооцоогоор хэдэн удаа тоглуулсан нийт хэдэн төгрөгөөр тоглуулсан, хэдэн төгрөгийг хожсон хүнд өгсөн, би өөрөө хэдэн төгрөгийн ашиг олсон тооцоо байхгүй. Би уг цахим покер тоглоомыг хаан банкны 5005598021 дугаартай дансаар тоглуулсан уг дансны хуулга гаргаж өгсөн...Би цахим мөрийтэй тоглоомыг ганцаараа зохион байгуулж тоглуулсан. Би цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон мөнгөө дата авах, хөзөр авах болон бусад хэлбэрээр хэрэглээд дууссан. Би өөрийн тоглоом зохион байгуулсан хоёр ширхэг гар утсаа хураалгасан...”гэсэн мэдүүлэг /1-р хх 12-14, 16, 4-р хх 53-54/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч С.Г-ийн үйлдсэн “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх гар утаснуудыг бүрэн, зөв бичээгүй алдаа зөрчил гаргасныг анхааруулан тэмдэглэж байна.
3. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Samsung G-50, Huawei Y6 утаснуудыг устгахыг “эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, шүүгдэгч С.Г- нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг гар утсаа хураалгасан талаар мэдүүлсэн, тус утаснуудыг зориулалтаар нь ашиглах, борлуулах боломжтой гэж үзэхээр байх тул устгах нь үндэслэлгүй болно.
Харин шүүгдэгч С.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх дээрх Samsung G-510, Huawei Y6 утаснуудыг нийт 500, 000 төгрөгөөр үнэлсэн баримт /1хх-20-23/ хэрэгт байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ээс 500,000 төгрөг хурааж, улсын орлого болгох, тус төлбөр төлөгдмөгц Samsung G-510, Huawei Y6 утаснуудыг шүүгдэгчид буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэхгэх газарт даалгах нь зүйтэй байна.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн байна.
Харин Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч С.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ тус шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2 ба бага насны хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болон бага насны хүүхдээ Баянзүрх дүүрэгт цэцэрлэг, сургуульд суралцуулах, мөн оршин амьдрах нутаг дэвсгэр өөрчлөгдөх шалтгаан нөхцөл, хөрөнгө орлогын талаарх шүүгдэгч, өмгөөлөгч, прокурор нарын санал, дүгнэлт зэргийг бүхэлд нь харгалзсаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч С.Г-ийн гаргасан “зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солиулах тухай” давж заалдах гомдлыг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 935 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын : “...01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэснийг
“1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял...” гэж,
3 дахь заалт : “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,
4 дэх заалт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г- мэдэгдсүгэй.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг Г.Г-т мэдэгдсүгэй.” гэж,
6 дахь заалтын : “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung G-50, Huawei Y6 маркийн гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,...” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ээс гэмт хэрэг үйлдэгдэхдээ ашигласан гар утаснуудын үнэ болох нийт 500,000 төгрөгийг хурааж, улсын орлого болгох, тус төлбөр төлөгдмөгц Samsung G-510, Huawei Y6 утаснуудыг шүүгдэгчид буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР