| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04531/И |
| Дугаар | 191/ШШ2025/06524 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/06524
2025 07 31 191/ШШ2025/06524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, О.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.*******,
Гэрч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Осор овогтой ******* миний бие нь 1985-1989 онуудад ЗСБНХУ-ын Курган хотын Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд Эсгий, эсгий гутлын үйлдвэрт хуваарилагдаад 1 жил орчим ажилласан. Ингээд Улаанбаатар хотын Худалдаа нийтийн хоолны удирдах газрын харьяа Худалдаа нийтийн хоолны Хулан ББХК-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 сар хүртэл худалдагч, тогоочоор ажилласан. Тус байгууллагад ажиллаж байгаад ажлаас гарахдаа хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлаа бичүүлж авсан боловч хөдөлмөрийн дэвтрээ гээчихсэн юм.
Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл өөрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас бүх бичиг баримтаа үрэгдүүлж, үүний дотор хөдөлмөрийн дэвтэр байсан нь давхар үрэгдэж үгүй болсон. Үүний улмаас холбогдох материалуудаа нөхөн бүрдүүлэхээр эрх бүхий байгууллагад хандсан боловч ажилд орсон, гарсан тушаал архиваас гарч ирэхгүй байгаа учир ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг 1994 оны 5 сараас 2000 оны 12 сарыг дуусталх хугацаанд нөхөн тооцуулсан.
Иймд хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, холбогдох баримтыг үндэслэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 сар хүртэлх хугацаанд Хулан ББХК-д худалдагч, тогоочоор ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
2. Гэрч Б.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ : ...Намайг 1992 онд Хан-Уул дүүргийн Худалдаа нийтийн хоолны Хулан ББХК-д худалдагчаар ажилд ороход О.******* нь цайны газарт нь тогоочоор ажиллаж байсан. Тухайн газарт миний бие 1996 он хүртэл ажилласан бөгөөд намайг ажлаас гарахаас өмнө О.******* ажлаасаа гарсан. Миний ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байдаг гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэгчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, Нийслэлийн болон Үндэсний төв архивын лавлагаа, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тодорхойлолт, Б.Болд, Б.******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, Иргэн /даатгуулагч/-ий ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудас /хх 1-17, 53/,
3б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн архивын болон Үндэсний төв архивын лавлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн О.*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн лавлагаа, ХААТР-1,21,15, 11, 7 дугаар маягт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, Б.Болдын мэдүүлэг /хх 26-39, 42, 51-52/ зэрэг нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь Хан-Уул дүүргийн Худалдаа нийтийн хоолны Хулан ББХК-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 сар хүртэлх хугацаанд худалдагч, тогоочоор ажиллаж байсан хугацааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Тэрээр дээрх газарт ажиллаж байсан байдалтай холбоотой ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүйгээс дээрх хугацаа нь ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүрсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон.
4. Үндэсний төв архивын болон Нийслэлийн архивын газрын сан хөмрөгт Ажилчны район, Хан-Уул дүүргийн Худалдаа, нийтийн хоолны контор болон Хулан ББХК-ийн баримт шилжиж ирээгүй, хадгалагддаггүй тул холбогдох лавлагаа гаргах боломжгүй гэх хариуг тус тус ирүүлсэн,
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас О.*******гийн ажиллаж байсан гэх Хулан ББХК-ийн 1992,1993,1994 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлсон байна. /хх 5-7, 26-27, 38-39, 42-43/
5. Дээр дурдсан архивын тодорхойлолт, холбогдох баримтаас үзэхэд О.*******г ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т:Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т:Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал гэж заасан.
7. Нэхэмжлэгч О.*******гийн, Хан-Уул дүүргийн Худалдаа нийтийн хоолны Хулан ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд худалдагч, тогоочоор ажиллаж байсан байдал нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025.05.09-ний өдрийн 196 тоот, 2025.06.13-ны өдрийн 246 тоот архивын лавлагаа, гэрч Б.Болд, Б.******* нарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, Иргэн /даатгуулагч/-ий ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 5, 38-39/
9. Иймд ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн, Худалдаа нийтийн хоолны Хулан ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд худалдагч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч О.******* нь 1990.01.01-1992.02.21-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн тогтоолгоход энэ шийдвэр саад болохгүйг, түүнчлэн түүний 1994 оны 5 сараас 2000 оны 12 сарыг дуусталх хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нөхөн тооцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн, Худалдаа нийтийн хоолны Хулан ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд худалдагч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ