| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2025/00012/И |
| Дугаар | 321/ШШ2025/00032 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 321/ШШ2025/00032
2025 1 30 321/ШШ2025/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
321/2025/00012/И
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ........................гэх газарт оршин суух, Боржигон овогт С.М.,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.М.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М.нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 19... онд төрсөн. 1981 онд 8 ангиа төгсөөд илгээлтээр ажиллаж эхэлсэн. 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн .......... нэгдлийн Өгөөмөр бригадад малчнаар, 1983-1986 онд Ардын армийн 187 дугаар хороонд цэргийн алба хаасан. 1986 оны 8 дугаар сард халагдаж ирээд Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад малчнаар 1992 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд намайг Хэнтий аймгийн ............ нэгдлийн Өгөөмөр бригадад малчнаар 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М. нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08/228 дугаартай албан бичгээр олгосон С.М.ын Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн 1981-1983, 1987-1990 онд ажиллаж байсан үеийн цалингийн түүврийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас),
2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08/402 дугаартай албан бичгээр олгосон Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн 1984-1986, 1988 оны удирдлагын, 1984-1986 оны санхүүгийн баримтад С.М. холбогдох баримт гараагүй болно гэх тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас),
3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1987 оны 33 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас),
4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай Төлчин томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05 хуудас),
5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаартай Малчнаар томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 06 хуудас),
6. Хэнтийн аймгийн Баянхутаг сумын 3-р багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 08 хуудас),
7. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09 хуудас),
8. Батлан хамгаалах яам, батлан хамгаалах төв архивын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9209 дугаартай С.М. нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдан 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдөр халагдсан гэх тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 10 хуудас),
9. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ...Баянхутаг сумын Тэмцэл нэгдэл нь 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баян ББХК, Баян ББХК нь 1994 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянхайрхан ББХК болон зохион байгуулалтын хэлбэр болон оноосон нэрээ өөрчилж байсныг улсын бүртгэлд бүртгэсэн гэх тодорхойлолт (хх-ийн 12 хуудас),
10. Хүсэлт гаргагчийн нэр дээрх ХААТР1-А маягтын дэлгэрэнгүй лавлагаа (хх-н 32 хуудас)
11. Хүсэлт гаргагчийн нэр дээрх ..4 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 23 хуудас),
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан
Гэрч Ц.Ц.ийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би 1978 оноос нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1997 оныг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан.
С.М. нь 1987 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад хоньчноор ажилд орж, нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1997 оныг хүртэл ажилласан. Нэгдэл тарх хүртэл нэгдлийн хоньчноор ажиллаж байгаад одоо хувийн маллаа маллаж Баянхутаг сумандаа амьдарч байгаа... гэх мэдүүлэг, тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаартай тушаал, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 92 дугаартай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-н 23-29 хуудас)
Гэрч Г.Г.ийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би 1972 оноос 19990 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад малчнаар ажиллаж байсан. С.М. нь 1981 онд илгээлтээр гарч Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Өгөөмөр бригадад хоньчноор ажилд орж, 1990 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ажилласан гэх мэдүүлэг, тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай тушаал, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 92 дугаартай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-н 33-38 хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу нэхэмжлэгч С.М.ын нэр дээрх Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын тушаалууд, 1981-1983, 1987-1990 онуудын цалингийн түүврийн нотариатаар баталгаажуулан авчирсан, мөн цуг ажиллаж байсан байдлын талаар өгсөн гэрч Г.Г., Ц.Ц. нарын мэдүүлэг, тайлбар хоорондоо зөрүүгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үйл баримттай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч С.М.ыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох
нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох баримт байхгүй, дан ганц гэрчийн мэдүүлгээр нотлогдох боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б. овогт С.М.ыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөг нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА