Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
Хэргийн индекс | 2311008661463 |
Дугаар | 2024/ДШМ/1153 |
Огноо | 2024-10-15 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Тамир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/1153
2024 10 15 2024/ДШМ/1153
Д.Г-, Н.Б-, Д.Э-,
О.С- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Тамир,
шүүгдэгч Д.Г-, Н.Б- нарын өмгөөлөгч Д.Батдулам,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Нямтайваны бичсэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Г-, Н.Б-, Д.Э-, О.С- нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х С овгийн О-гийн С-, 1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жонон Дагдан Чопплин хийдэд бичээчээр ажилладаг гэх, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /PД: 00000/;
Б овгийн Д-гийн Э-, 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жонон Дагдан Чопплин хийдэд манаачаар ажилладаг гэх, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:0000 /;
А овгийн Д-гийн Г-, 1990 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, явган цэргийн байлдааны машины навудчик, оператор мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний газарт жолоочоор ажилладаг гэх, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 тоотод оршин суух хаягтай,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:0000;
М овгийн Н- Б-, 1999 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний газарт ачигчаар ажилладаг гэх, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: 0000/;
Шүүгдэгч Д.Э- нь “…2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Б-” дэлгүүрийн орчимд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Г-той маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, хамрын нуруу, зүүн доод зовхи, хүзүү, цээжинд цус хуралт, хэлний үзүүрт цус хуралт, баруун завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”;
Шүүгдэгч О.С- нь “… 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Б-” дэлгүүрийн орчимд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Г-той маргалдсан Д.Э-ыг салгах нэрийдлээр Д.Г-ын гарын ядам хурууг хазаж зүүн сарвуунд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”;
Шүүгдэгч Д.Г- нь “…2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Б-” дэлгүүрийн орчимд Н.Б-той бүлэглэн тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Э-тай маргалдан нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, дээд, доод уруулын салст, цээж, зүүн мөр, нуруунд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”;
Шүүгдэгч Н.Б- нь “… 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Б-” дэлгүүрийн орчимд Д.Г-той бүлэглэн тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Э-тай маргалдан нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, дээд, доод уруулын салст, цээж, зүүн мөр, нуруунд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.С-, Д.Э-, Д.Г-, Н.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч О.С-, Д.Э- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Г-, Н.Б- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ыг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Э-ыг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Б-ийг 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-, Д.Э-, Д.Г-, Н.Б- нарыг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч О.С-, Д.Э-, Д.Г-, Н.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Г-, Д.Э- нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурджээ.
Прокурор Ц.Нямтайван бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “…Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/558 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б-ийг Д.Г-той бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн…” гэж заасан.
Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хууль тогтоогчоос хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан бөгөөд яллагдагч Н.Б-, Д.Г- нар нь бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн ба 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Б-ийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүйгээр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/558 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Энэ хэрэг дээр процессын алдаа гарсан. Үүнийг залруулж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Д.Г-, Д.Э-, О.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Э-, О.С- нар нь бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Б-” дэлгүүрийн орчимд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Г-той маргалдан, улмаар зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан;
Шүүгдэгч Д.Г- нь Н.Б-той бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Б-” дэлгүүрийн орчимд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Э-тай маргалдан, улмаар зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- шинжээчийн дүгнэлт : “Д.Э-ы биед хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, дээд, доод уруулын салст, цээж, зүүн мөр, нуруунд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /1-р хх 35-36/,
- шинжээчийн дүгнэлт: Д.Г-ын биед хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, хамрын нуруу, зүүн доод зовхи, баруун, зүүн сарвуу, нуруунд зулгаралт, хамрын нуруу, зүүн доод зовхи, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн сарвуунд няцарсан шарх, хэлний үзүүрт цус хуралт, баруун завжинд язарсан шарх, зүүн завжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /1-р хх 40-41/
- шинжээч Б.Цолмонгийн: “...Г-ын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, зүүн сарвууны няцарсан шарх, баруун завжны язарсан шарх гэмтлүүд нь тус тусдаа, бусад хэсгүүдийн цус хуралтууд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Э-ы биед учирсан доод уруулын салстын язарсан шарх нь тусдаа, бусад хэсгийн зулгаралт цус хуралтууд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1-р хх 61-62, 192/,
- 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 181-189/,
- хохирогч Д.Э-ы “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 0225 УЕМ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо “Б-” дэлгүүрийн зогсоол руу машинтайгаа орох гэсэн чинь цагаан өнгийн “Приус 30“ маркийн машин нь аваараа асаачихсан ордог хэсгийг хаагаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь хажуугаар нь хашлага даваад гарахдаа цонхоо онгойлгоод “замаа чөлөөлөөд зогсчихож болохгүй байна уу” гэхэд “чи ийм замаар орчихож чадахгүй байна уу, чамаас бусад нь ороод болоод байна. Энүүгээр орж чадахгүй байгаа юм уу, п...минь” гэхээр нь би зөрүүлээд “чаддаг юм бол буугаад ирээрэй, п...минь” гэж хэлээд зогсоол дээр ирээд машинаа байрлуулаад бууж байсан. Тэгсэн тухайн Приус 30 автомашины жолоочийн хажууд сууж байсан залуу ирээд...маргалдан улмаар миний нүүрэн тус газар гараараа...2 удаа цохихоор нь би заамдаад тонгойсон, дахиад 2-3 удаа цохисон. Тэгээд зууралдаад байж байтал хажуугаас тухайн Приус 30 машины жолооны ард сууж байсан хүн нь ирээд миний нүүрэн тус газар зангидсан гараараа нэг удаа цохиод тонгойчихсон байх үед хэвлийн тус газар 2 удаа өшиглөсөн. Тэрнээс хойш баахан хүмүүс салгах гэж ирээд хоорондоо маргалдаад цохилцоод байсан...Ингээд учраа хэл амаараа олох гээд зогсож байсан чинь намайг анх ирж цохидог залуу чулуу аваад над руу шидэх гээд байхаар нь зугтаагаад газраас чулуу аваад адилхан зогссон...Бид хоёр ноцолдоод газарт унаад, дээр доороо ороод байж байхад нуруунд зулгаралт үүссэн байх боломжтой...” /1-р хх 10-14, 32-33/,
- хохирогч Д.Г-ын “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо “Б-”-ийн дэлгүүрийн гадна талд зогсоол дээрээс гарах гээд байтал зөрсөн машины хүмүүс дүү Б-той маргалдаад дүүг буугаад ир гэхээр нь би бууж очоод яасан гээд байгаа юм гэж асуутал бууж ирээд намайг цохисон. Тэгээд тухайн залуутай маргалдаад зодолдсон. Тухайн иргэн нь жолооч талаас бууж ирсэн. Тухайн үед бид хоёрыг маргалдаад байж байтал манай машинаас болон нөгөө машинд цуг явж байсан хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэр салгах явцад нөгөө хэд маань хоорондоо маргалдсан...Тэр залуу бид хоёр заамдалцаад барилцаад зогсож байхад тухайн залуутай хамт явж байсан эмэгтэй нь миний зүүн гарын ядам хуруунаас хазсан...” /1-р хх 103-104/ гэх мэдүүлэг,
- гэрч П.У-ийн “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо “Б-” дэлгүүрийн урд байрлах авто машины зогсоол дээр манай нөхрийн дүүгийн 51-94 УНЕ улсын дугаартай приус 30 загварын цагаан өнгийн машин дотор манай нөхөр Г-, манай нөхрийн төрсөн ах Б- нарын хамт байж байсан. Би харин автобусны буудал дээр өөрийн машиныг үлдээгээд нөхөр Г-ыг Б-ийн машинаас авах гээд очсон. Тэгсэн зогсоол дээр зогсож байсан Б-ийн машины хажуугаар приус 20 загварын тээврийн хэрэгсэл зөрөх үедээ “наад замаа чөлөөлөөч пизда минь” гэж Б- руу хэлсэн, маргаан болсон ба манай нөхөр приус 20 загварын тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдаад нэгнийгээ заамдаад зогсож байсан. Нөгөө приус 20 загварын машины жолооч манай нөхрийн хамар хэсэг 2 удаа цохисон чинь манай нөхрийн хамраас цус гараад эхэлсэн. Тэгсэн чинь приус 20 загварын машинтай хамт явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь манай нөхрийг бариад хөдөлгөхгүй зогсоод байсан...” /1-р хх 26-28/,
- гэрч Д.Э-ын “ ...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн дүү Э-, түүний эхнэр С- нартай хамт Э-ы машинтай гараад ээжтэйгээ уулзах гээд явж байсан. “Б-” дэлгүүр рүү эргээд ороход уулзвар дээр цагаан өнгийн Приус 30 загварын машин зам хаагаад зогсож байсан. Хажуугаар нь бид нар зөрөх үед Э- “Машинаа холдуулаач ээ, новшоо” гэж хэлэх шиг болсон. Тэр үед Э-, тухайн жолооч хоёрын дунд маргаан үүссэн юм шиг байсан. Тэгээд Э- цонхоо онгойлгоод харсан чинь цагаан цамцтай залуу хүрч ирээд Э-ы нүүр хэсэг руу 1 удаа цохисон, Э- машинаасаа буугаад тэр залуутай барьцалдаад авсан. Тэр үед өчнөөн олон хүн салгах гээд бужигнаад байсан...Хоорондоо зодолдсоноос болж тухайн гэмтлүүд нь үүссэн...” /1-р хх 30-31/ гэх мэдүүлэг,
- Н.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан болоод Э-ыг цохисон зүйл байгаа...” /1-р хх 203-205/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон байх тул шүүгдэгч О.С-, Д.Э- нар, мөн Д.Г-, Н.Б- нарын тус бүр харилцан бүлэглэн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үйлдсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, О.С-, Д.Э-, мөн Д.Г-, Н.Б- нар тус бүр бүлэглэн өөр хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан 2 тал болж маргалдан, зодолдсоны улмаас нэг тал нь нөгөөгийнхөө буюу хохирогч Д.Э-, Д.Г- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болохыг нотолж буй дээрх нотлох баримтын эх сурвалжуудыг үгүйсгэн няцаах үндэслэлгүй байна.
Хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд Д.Г-, Д.Э- нарын эрүүл мэндэд тус бүр олон удаагийн үйлчлэлээр олон тооны гэмтэл, шархууд буюу дангаар болон нийтдээ эрүүл мэндийн хөнгөн хохирол учирсан болохыг тогтоож буй шинжээч нарын дүгнэлтийг үгүйсгэх боломжгүйгээс гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтын эх сурвалжуудыг харьцуулан шалгаж дүгнэхэд тэдгээрт ноцтой зөрүү, зөрчил болон эргэлзээ үүссэн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг нотлохгүй, өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас тус эрхийнхээ хүрээнд харилцан адилгүй мэдүүлэг өгсөн байх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус бүр үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
3. Харин мөрдөгч, прокурорын хувьд хэрэгт цугларсан үйл баримтын хүрээнд
2023.03.25-ны өдөр Д.Г-, Н.Б- нарын бүлэглэсэн үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь илэрсэн байтал хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Н.Б-ид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /1хх-198-202/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй байх төдийгүй анхан шатны шүүхээс тус алдааг анхаарч үзээгүй байх тул зөвтгөх нь зүйтэй.
Учир нь, нэгэнт тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайн тохиолдолд яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл үүсэх ба харин хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч, гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулахаар хуульчлагдсан байдаг.
4. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-, Д.Э-, О.С- нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн, тэдэнд оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь шүүгдэгч нарын тус бүр үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
5. Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, энэ дагуу зохих өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулсугай.
2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШТЦ/558 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :
2 дахь заалтын: “Ажбогд овогт Дэнсмаагийн Г-, Магнай овогт Нямын Б- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг
“А овогт Д-гийн Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж,
4 дахь заалтаас :”...,шүүгдэгч Н.Б-ийг 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус...” гэснийг хасаж,
5 дахь заалтаас: ”..., Н.Б-...” гэснийг хасаж, тус тус өөрчлөлт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР