Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 321/ШШ2025/00394

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 321/ШШ2025/00394

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...............тоотод байрлах, ............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ..................... гэх хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй, .........-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,454,551 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................ нь манай байгууллагатай цахимаар зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101475926 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 941,338 төгрөг, 7101469484 тоот гэрээний үүрэгт 504,713 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг нийт 1,454,551 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ............. ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,454,551 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие хорих 433 дугаар ангид ял эдэлж байгаа тул энэ хугацаанд төлөх боломжгүй байна. Хорих ял эдэлж дуусаад төлж барагдуулна гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК нь хариуцагч ................т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,454,551 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................т нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, ямар нэгэн маргаан байхгүй тухайгаа илэрхийлсэн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хариуцагч ................ нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................аас 19,112 төгрөгийг, улсын орлогоос 19,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ................т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,454,551 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................аас 19,112 төгрөгийг, улсын орлогоос 19,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ................ нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА