Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Д.П/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Довчингийн Пүрэвдашид холбогдох эрүүгийн 1711012980338 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Д.П, 1958 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 69 дүгээр байрны 01  тоотод оршин суух бүртгэлтэй,

Хөвсгөл аймгийн хэсгийн ардын шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 75 дугаар зүйлийн А ангид зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймгийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 240 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих шийтгүүлж байсан, регистрийн дугаар РД58040812.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.П нь 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 594 тоотод бэр Б.Дуламсүрэнгийн хоолойг боож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хутга хэрэглэсэн гээд байгаа нь худлаа, хаанаас тийм зүйл зохиож ярьсаныг би мэдэхгүй байна. Бусад болсон үйл явдал нь үнэн. Хэд, хэд сэгсэрч байгаад тавьсан…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Б.Дуламсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22.00 цаг өнгөрч байхад хадам аавын гэрт хадам аавын дүү Цэрэндаш, эхнэр Улаанцэцэгийн хамт ирэхдээ 1 шил архи авч ирсэн. Тэр гурав шөнийн 01:00 цаг хүртэл архи хувааж уусан. Цэрэндаш ах Улаанцэцэг хоёр гэртээ харина гээд гарч явахад хадам аав Пүрэвдаш гаргаж өгнө гээд гэрээс цуг гарч явсан. Удалгүй хадам аав гэрт орж ирээд чи хадам ээжийгээ зоддог гэж хэлээд намайг янхан, гичийгээр дуудаад байхаар нь та одоо юу яриад байгаан үмхий архичин минь гэж хэлэхэд хадам босож ирээд миний өмсөж байсан цамцны захаар хоолой бооход миний амнаас цагаан хөөс гарахад хадам аав намайг боохоо больсон. Дараа нь хадам аав намайг ална гээд хутга хайгаад байхаар нь хүүгээ дагуулаад гэрээс гараад төрсөн гэр рүүгээ очиж ээждээ хэлээд, цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хоолой, хүзүү хэсгийн арьс нь зулгарч хөхөрсөн байсан...” гэжээ /хх-21-22/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №14196 дугаар дүгнэлтэд: 

“1. Б.Дуламсүрэнгийн биед хүзүү, цээж, баруун зүүн эгмэнд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34-35/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-19/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 594 тоотод бэр Б.Дуламсүрэнгийн хоолойг боож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Дуламсүрэнгийн “...хадам босож ирээд миний өмсөж байсан цамцны захаар хоолой бооход миний амнаас цагаан хөөс гарахад хадам аав намайг боохоо больсон...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №14196 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, торгох ял шийтгэх боломжтой байна.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Дуламсүрэн нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хавтас хэргийн материал танилцаад “...хүсэлт байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх, мөн баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх тул шүүгдэгч Д.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26.5 см урттай, цэнхэр иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Д.П-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 29 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасч тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ид 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.П-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 29 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тооцож, эдлэх ялаас хасч тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 26.5 см урттай, цэнхэр иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пүрэвдашид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН