Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
Хэргийн индекс | 2407000000201 |
Дугаар | 2024/ДШМ/1154 |
Огноо | 2024-10-15 |
Зүйл хэсэг | 11.3.1., |
Улсын яллагч | Г.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/1154
2024 10 15 2024/ДШМ/1154
Ж--д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганзориг
яллагдагч Ж--гийн өмгөөлөгч Ц.Бямбадорж,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/340 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганзориг бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж--д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж-, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсад төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “-” ХХК-ийн төмрийн үйлдвэрт төмөр сувигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 05 дугаар хороо, “Х-” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн 0 оршин суудаг, ял шийтгэлгүй, /0000000/.
Ж- нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х-” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн ажилчдын байранд тодорхой шалтгаангүйгээр В--ийн хэвлий хэсэгт төмөр хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ж--гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заажээ.
Шүүхээс Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Д.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг нь хяналт тавьж яллагдагч Ж-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр ирүүлсэн хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь хохирогч В- /-/ нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “Орой 19 цагт ажил тараад байрандаа ирээд Ж-гийн хамт өрөөндөө хоёулхнаа юм яриад сууж байхад Ж тоглож байгаад үйлдвэрт ашигладаг төмөр хайчийг ширээн доороос аваад шууд миний гэдэс рүү дүрж зүссэн. Миний гэдэснээс цус гарч” гэх мэдүүлэг өгсөн байхад, /хх-ийн 18-21/, илтэд хохирогчоос 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “ ...Миний биед хэвлийд зүсэгдсэн шарх, хуруунд шарх гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлүүдийг Ж хайчаар учруулсан. Тухайн үед Ж бид хоёр бага зэргийн пиво уусан. Намайг хоол идээд сууж байхад Ж хайчаар тоглоод байсан ба намайг болохгүй гэж хориглосон чинь миний хуруу гэдсийг зүсчихсэн. Бид хоёр хэрүүл маргаан, зодоон хийгээгүй...” гэж дахин мэдүүлэг өгсөн /хх-ийн 24-25-р тал/ түүнд үндэслэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж,
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ...энэ хууль...ийн заалтыг чанд сахина”, өөрөөр хэлбэл Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг нь Ж--д холбогдох эрүүгийн 000000 дугаартай хэрэгт 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 152 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж яллагдагчид гардуулан өгөхдөө:
Яллах дүгнэлт гардуулан өгсөн 2024 оны .... дүгээр сарын .....-ний өдөр Дугаар Улаанбаатар хот гэх тэмдэглэлд “...2024 оны ...дугаар сарын ...-ны өдөр үйлдсэн дугаартай, хуудас яллах дүгнэлтийг 00000 дугаартай хэрэгт холбогдох шүүгдэгч Ж--д 2024 оны .... дугаар сарын ...-ны өдрийн цаг ... минутад тус прокурорын газрын уулзалтын өрөөнд гардуулан өгөв... гэх тэмдэглэл /хх-159/-ээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу прокурор яллах дугнэлтийг яллагдагчид гардуулж өгөөгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох яллагдагчийн хуульд заасан эрхийг тус тус ноцтой зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хийж хэргийг прокурор буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах... , мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана” гэж тус тус заасан,
Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзвэл шүүх хэргийг хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байна. Гэтэл шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаан явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, 2 дахь хэсэгт заасан “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хулээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болю”, 4 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Шүүх бусад үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар булэгт заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэх байсан.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/340 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн” гэв.
Яллагдагч Ж--гийн өмгөөлөгч Ц.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Яллагдагч Жан Шүэ Жи-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн захирамжийн удиртгал хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг баримталж шүүх хэргийг прокурорт буцаасан. Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг хянаж үзээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусгай журмаар явж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байгаа нь нэг талаасаа өмгөөлөгч шүүгдэгч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг шүүгч захирамжийнхаа үндэслэх хэсэгт дурдсан байдаг. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй эсвэл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд зарлан явуулж болно. Яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж өгөөгүй гэх агуулга захирамжид дурдагдсан. Энэ талаар өмгөөлөгч шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар оролцож яллах дүгнэлтийг гардаж авсан. Шүүх хуралдааныг товлож хуралдсан бол яллагдагчаас яллах дүгнэлт гардаж авсан, аваагүй талаар тодруулах боломжтой байсан. Хэргийг прокурорт буцаахдаа шүүгдэгч, өмгөөлөгч нарт шүүхээс мэдэгдээгүй. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр прокурорын эсэргүүцэл ирсэн талаар мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж заасныг хязгаарласан. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:
1. Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэрэгт “урьдчилсан хэлэлцүүлэг хийх, шүүгч урьдчилан шийдвэр гаргах” үндэслэл, журам огт байхгүй атал хэргийг буцаах тухай шүүгчийн захирамжийг урьдчилан гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон зарчим, тусгай журмыг зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хувьд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан заавал зарлах бөгөөд харин шүүх хуралдааныг тухайн хэргийг хүлээн авсан даруйд эсхүл 7 хоногийн дотор зарлах уу гэдгийг ойлгомжтой, тодорхой заасан байна.
Гэтэл тус зохицуулалтыг шүүгчээс “шүүх хуралдааныг зарлахгүй, хэргийг прокурорт буцаах эрх олгосон” мэт үзэж, өөрийн санаачилгаар хэргийн үйл баримтыг урьдчилан дүгнэж, хэргийг прокурорт буцаасныг хууль ёсны гэж үзэхгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хувьд дээр дурдсанаар зарласан “шүүх хуралдаан”-ыг зохих журмын дагуу явуулж, улмаар шүүх зөвлөлдөн эцсийн шийдвэр гаргахдаа тухайн хуульд заасан үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах эсхүл ердийн журмаар шийдвэрлэх эсэхэд хамааралтай болохоос шүүх хуралдаан зарлан явуулахгүйгээр урьдчилан шийдвэр гаргах эрхийг шүүхэд огт олгоогүй болно.
Тийм учраас анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 2, 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 6, 9, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь хэсэгт “шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газарт очтол хэвээр үлдээсүгэй” гэсэн алдаа гаргасан байх тул зөвтгөв.
Иймд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/340 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Ганзоригийн бичсэн эсэргүүцлийн “шүүх...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэх байсан...” гэснээс бусад хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Яллагдагч Ж--д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 1.6 дугаар зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ж--д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР