Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 04

 


Д.Базардоржид холбогдох хэргийн
талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр
Оролцогчид:
     Зөрчил гаргагч: Д.Базардорж
    Тус шүүхийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Д.Базардоржын гаргасан давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

         Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-29 тоотод оршин суух, 1969 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг Д.Базардорж нь Есөнбулаг сумын сонгуулийн 4 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд саналын хуудасны зураг дарсан зөрчилд холбогджээ.

Зөрчил гаргагч Д.Базардорж нь Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 16 цаг өнгөрч байхад сонгуульд саналаа өгөх гээд гэрээсээ гарахад нэг авто машин ирж байхаар нь би гараа өргөж зогсоосон. Тэгээд би сонгуулийн байр орох гээд явж байна дөхүүлээд өг гээд суугаад 2 дугаар сургуулийн гадаа ирээд зогсоход нь би дотогш орж саналаа өгөх гээд санал авах байранд ороод би саналаа зураад өөрийн ухаалаг гар утсаар санал дугуйлсан хэсгийн зураг авсан чинь нэг хүн та яагаад зураг аваад байгаа юм бэ гэхэд нь өө би мэдсэнгүй гээд гараад явах гэтэл нэг эмэгтэй хүн ирээд миний гар утсыг аваад чи хэнээс мөнгө авсан юм бэ гэхээр нь би хүнээс мөнгө аваагүй нэгжээд үзэхгүй юу гэхэд энэ тэндээс миний зургийг аваад байсан юм. 
Сонгуулийн санал авах байранд саналын хуудасны зураг авч болохгүй гэдгийг мэдээгүй гэжээ. 

Шүүх: Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.16 дахь хэсэгт зааснаар Сартуул овгийн Доржсүрэнгийн Базардоржийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 14 хоногийн хугацаагаар баривчилж, Зөрчил гаргагчид захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг гардуулж, Аймгийн прокурор, Цагдаагийн газар, гомдол гаргагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ундармаад даалгаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт зааснаар баривчлах шийтгэлийн гүйцэтгэлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар шийтгэврийг хүлээн авсан өдрөөс 
хойш 10 хоногийн дотор дээд шатны шүүхэд зөрчил гаргасан этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй болохыг дурдаж,  Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гарсан тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл Д.Базардоржид      ногдуулсан      баривчлах      шийтгэвэр      биелүүлэхийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Зөрчил гаргагч Д.Базардорж давж заалдах гомдолдоо: Миний бие Д.Базардорж нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 
Учир нь надад 14 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан нь миний биеийн эрүүл мэндэд хүнд тусч байна. Би даралт харваж улмаар сонсгол муу, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд байдаг төдийгүй улмаар хөдөлмөрийн чадвар алдалтаар 60 хувиар группд байдаг тул миний эрүүл мэндийн байдлыг харгалзан 2016 оны 6 сарын 30-ны өдрийн 15 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.
Д.Базардорж нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сонгуулийн 4 дүгээр хэсгийн хорооны сонгуулийн санал авах байранд саналаа өгөх явцдаа гар утсаараа саналын хуудасны зураг авсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс түүнийг сонгогчоос саналаа өгөхөд хориглох зүйлийг зөрчсөн гэж үзэн 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн шинж чанар, гэм бурууд тохирсон байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Д.Базардоржийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.БАТТОГТОХ
                                  ШҮҮГЧИД                              Б.НАМХАЙДОРЖ
                                                                               Т.ЖАРГАЛСАЙХАН