Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 39

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

      Нэхэмжлэгч:  *******ын *******ийн нэхэмжлэлтэй,  

         Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороонд холбогдох, 

       Нэхэмжлэлийн шаардлага: Сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын В.*******т холбогдох хэсэг, “Санал хураалтын дүнгийн тухай” 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолын М.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, В.*******ийг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, үнэмлэх олгохыг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.*******, хариуцагч Халхгол сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга О., гуравдагч этгээд М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч, В.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.******* миний бие 2016 оны Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 2 дугаар багийн 637-р тойрогт бие даан нэр дэвшихээр сумын Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд материалаа өгч тус хорооны 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 02 тоот тогтоолоор “Та нэр дэвших шаардлага хангасан  материалын  зөрчилгүй”  гэж  39  тоот  нэр  дэвшигчийн  үнэмлэх  олгосон  юм.

      Хуулийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ авч тухайн нэр дэвшсэн тойргийн иргэд сонгогчидтой уулзалт, сурталчилгаа хийж явах хугацаанд сумын Сонгуулийн хорооноос надад нэр дэвшигчийн хувьд сонгуулийн хууль зөрчсөн, материал дутуу байна гэж хэлж ярьсан зүйл байгаагүй. Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу дуусгавар болох 2016.10.17-ны орой Сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшигч нар мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулсан байх ёстой юм байна, баталгаажуулж өг гэж утсаар ярьсан. Энэ нь сонгуулийн санал хураах хугацаа тулсан ямар ч шийдвэр гаргах боломжгүй үе байсан. Маргааш өглөө нь хуулийн дагуу битүүмжилсэн санал хураалт эхлэх үе байсан. Ингээд Сонгуулийн хороо ямар ч шийдвэр гаргалгүй 2016.10.19-ний өглөө 07 цагт тухайн хэсэг дээр санал хураалт эхэлсэн.Санал хураалт эхлэх үед хэсгийн хорооноос бие даагч нарыг хаслаа гэсэн мэдээлэл өгөөгүй тул иргэд өөрийнхөө дэмжсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгч санал хураалт хуулийн дагуу явагдаж дууссан. Санал хураалт явагдаж дууссаны дараа хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Д. Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоол танилцуулж, бие даан нэр дэвшигч нар нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт зөрчсөн гэж бие даагч нарыг хассан тогтоол уншсан юм. Тус 2 дугаар багийн 637 дугаар тойрогт 389 сонгогч санал өгч нийт сонгогчдын 221 буюу 56.8% нь надад саналаа өгсөн юм. Тухайн тойрог нь 7 мандаттай 8 тойрогтоо 5-д жагссан юм. Орон нутгийн хурлын сонгуулийн хуулинд нэр дэвшигчийн зөвхөн энэ хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан үндэслэлээр нэрсийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлнэ гэж заасан байхад сумын Cонгуулийн хороо нь хуулийн буруу заалтаар хассан гэж үзэж байна. Би нэр дэвшигчийн хувьд Сонгуулийн хорооны ажилтнуудын хуулийн мэдлэг сул, ажлын хариуцлагагүй, аливаа нэгэн улс төрийн нам хүчний нөлөөнд автаж хууль бус шийдвэр гарган иргэн намайг болон миний төлөө саналаа өгсөн 200 гаруй иргэд сонгогчдын эрх ашгийг хөсөрдүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчсөн, иргэд сонгогчдын сонгох, сонгогдох эрхэнд халдсан буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.

        Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 10 дугаар тогтоолоор миний оронд М.*******ыг сонгогдсонд тооцсон байна. М.******* нь санал хураалтын дүнгээр 156 сонгогчийн санал авч 8-д жагссан. Би 221 сонгогчийн санал авч 5-д жагссан. Манай 637 дугаар хэсэг 7 мандаттай. Намайг хууль бусаар нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаж, М.*******ыг сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосныг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзэж байна.

       Иймд Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын В.*******т холбогдох хэсгийг, “Санал хураалтын дүнгийн тухай” 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолын М.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, намайг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, үнэмлэх олгохыг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч, Халхгол сумын Сонгуулийн хорооны дарга О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Монгол Ардын намын дарга Ц.******* бие даагч нартай холбоотой гомдол гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн 6 нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагаар баталгаажуулаагүй тул нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулах тухай гомдлыг сумын Сонгуулийн хорооны хурлаар хэлэлцэн аймгийн Сонгуулийн хорооноос зөвлөгөө авч шийдвэрлэхээр шийдсэн. Ингээд аймгийн Сонгуулийн хорооны дарга П.*******тэй холбогдож асуудлаа танилцуулахад бие даагч нарыг хасах хэрэгтэй, хуулиа мэдэхгүй байж сонгуульд нэр дэвшсэн бие даагч нарын буруу тул нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хас гэж хэлсэн. Бид дахин хуралдаж бие даагч нарын асуудлыг хэлэлцэн бие даагчдыг бүртгэх явцад Сонгуулийн хорооны дарга П.*******тэй холбогдож бие даагчдаас мөрийн хөтөлбөр авах эсэхийг тодруулахад шаардлагагүй гэж хэлсэн, мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн дагуу бие даагчдын материалыг бүрдүүлсэн бөгөөд уг заалтанд бие даагчдын мөрийн хөтөлбөрийг авна гэж заагаагүй байсан. Мөн уг хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөргүй байгаа нь нэрсийн жагсаалтаас хасагдах үндэслэл болохгүй гэсэн байсан тул бие даагчдыг нэрсийн жагсаалтаас хасахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу санал хураалт явагдаж байсан өдрийн 17 цагийн үед сумын Монгол ардын намын дарга Ц.*******, гишүүн Х.*******, М.******* нар бие даагчдыг яагаад хасахгүй байна хэн нэгэн дарамт үзүүлээд байгаа юмуу, та нар бие даагч нарт үйлчилсэн гэх мэтээр хэлсэн. Бид өөрсдийн шийдвэрээ хэрхэн яаж гаргасан талаар тайлбарлахад та нар бие даагчдыг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахгүй бол шүүхэд өгнө гэж хэлсэн. Бид аймгийн Сонгуулийн хорооны дарга П.*******тэй холбогдож уг асуудлыг танилцуулахад бие даагч нар иргэнийхээ хувьд хуулиа судалсан байх ёстой, заавал сонгуулийн хороогоор нэхүүлэлгүй өөрсдөө хуулийнхаа дагуу материалаа бүрдүүлэх ёстой урчаас хуулиа зөрчсөн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Хэрвээ бие даагч нарыг сонгуульд оролцуулбал Сонгуулийн хорооны гишүүд сонгуулийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдана гэдгийг санаарай гэж хэлсэн. Мөн аймгийн Сонгуулийн хорооны дарга П.******* болон гишүүн Б.******* утсаар залган бие даагч нарыг хассан шийдвэрээ гарга, Санал хасаж тоолох ёстой, тогтоолоо гаргаад хэсгүүдэд мэдэгд гэж зөвлөсөн.

      Ингээд бид хуралдаж дээд шатны сонгуулийн байгууллагын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс бие даан нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай сумын Сонгуулийн хорооны 05 тоот тогтоолыг гаргаж хэсгүүдэд хүргүүлсэн. Бид санал авах байрны ахлах зохион байгуулагч нарт сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааг хэвийн явуулсан. Санал хураалт дуусахад уг тогтоолыг танилцуулж, санал хураалтын дүнгээс бие даан нэр дэвшигчдийн авсан саналыг хасч тооцсон гэв.

     Гуравдагч этгээд М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь 2016 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Халхгол сумын Монгол Ардын намаас нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд манай бат бие даан нэр дэвшигч В.******* нь мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагаар хянуулаагүй байсан тул сумын Монгол Ардын намын зүгээс гомдол гаргаж сумын Сонгууийн хороонд албан тоот хүргүүлсэн. Санал хураалтын үед сумын Сонгуулийн хороо шийдвэр гаргаж бие даан нэр дэвшигч нарыг нэрсийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргаж миний бие эрэмбэлэгдсэн саналын дараалалын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Энэхүү үйл ажиллагаанд миний бие ямарваа нэгэн байдлаар оролцоогүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн дагуу шийдвэрлэгдсэн болно гэв.

        Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч нь тус шүүхэд сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын В.*******т холбогдох хэсэг, “Санал хураалтын дүнгийн тухай” 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолын М.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, В.*******ийг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, үнэмлэх олгохыг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

       Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 125 дугаар зүйлийн 125.4 дэх хэсэгт зааснаар орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь хорин таван нас хүрсэн, тухайн аймагт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байхыг хуулиар тогтоосон.

      Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч В.******* нь энэ хуулиар тогтоосон нийтлэг болон тусгай шаардлагуудыг бүрэн хангасан, сонгуулийн эрх бүхий иргэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

        Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ:

157.3.1. нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл;

157.3.2. сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт;

157.3.3. нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;

157.3.4. энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;

157.3.5. нэр дэвшигчийн намтар;

157.3.6. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт,ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар гэж 6 төрлийн бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэхээр заажээ. Халхгол сумын Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигч В.*******ийг дээрхи хуульд заасан баримт бичгүүдийг хуульд заасан хугацаанд бүрдүүлж сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн гэж үзээд 2016 оны 09 дүгээр сарын 07-д бие даан нэр дэвшигчээр бүртгэж 02 дугаартай тогтоол гаргаж, 39 дугаартай нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байна.

       Нэр дэвшигч В.******* нь Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн 637 дугаар тойрогт бие даан өрсөлдөж нийт 389 сонгогч санал өгснөөс 221 буюу 56.8 хувийн санал авч ялалт байгуулсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

       Гэтэл Халхгол сумын Сонгуулийн хороо2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар тогтоолоор бие даан нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэгт заасныг баримтлан мөрийн хөтөлбөрөө...төрийн аудитын байгууллагаар хянуулаагүй гэх үндэслэлээр нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

     Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно” гэжээ. Гэтэл Халхгол сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2-д заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдоогүй байхад нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

      Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар заасан бөгөөд “... энэ хуульд заасан” гэдгийг зөвхөн Сонгуулийн тухай хуульд заасан буюу энэ хуулийн 157 дугаар зүйлийн 157.3  дахь хэсэгт заасан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн байхыг ойлгох учиртай. Гэтэл Сонгуулийн тухай хуульд заагаагүй “Мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагаар хянуулаагүй” гэх шалтгаанаар бие даан нэр дэвшигч В.*******ийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл Халхгол сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д заасан “...нэр дэвшигчийг бүртгэхдээ...нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана” гэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Иймд Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын В.*******т холбогдох хэсэг, “Санал хураалтын дүнгийн тухай” 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолын М.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, В.*******ийг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, үнэмлэх олгохыг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3 дахьхэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч В.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Халхгол сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10-р сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын В.*******т холбогдох хэсэг, “Санал хураалтын дүнгийн тухай” 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолын М.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, В.*******ийг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж, үнэмлэх олгохыг Халхгол сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.*******т олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ