Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/МА2018/0151

 

“М ц х” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Х.Т, З.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 916 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М ц х” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Амарбаатар, Ж.Эрдэнэтуул нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 916 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 29.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 210022525 тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсэг буюу Ш.Ганчимэгт орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5.606.718.4 төгрөгийн зөрчилд 560.671.8 төгрөгийн татвар, 168.201.6 төгрөгийн торгууль, 61.215.0 төгрөгийн алданги, нийт 790.088.3 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актын тогтоох хэсгийн 2-т “...гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 279.615.169.7 төгрөгийн зөрчилд ногдуулсан 27.961.517.0 төгрөгийн нөхөн татвар 67.265.8 төгрөгийн хүү, 14.400.422.9 торгууль, нийт 42.429.205.7 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актын төлбөрийн дүнг 790.088.3 төгрөгөөр бууруулж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Мт” ТМЗ ХХК давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн  зөвшөөрөхгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу татварын байцаагчийн тавьсан акт үндэслэлтэй гэж дүгнэсэн нь 7.1.4 дэх заалтад заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт” гэсэн гипотез хангагдаагүй байтал хангасан мэтээр дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсээс авсан гадаад яриа “роуминг” үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн ажил гүйлгээ мөн эсэх, түүнд татвар ногдох эсэхийг тодорхойлсон нотлох баримтыг шинжилж үзээгүй байна. Гадаад яриаг хийхдээ “М ц х” ХК нь харилцагчийн ярианы дохиог хүлээн авч холболт хийснээр бид гадаад яриа хийх эрхтэй болдог. Хариуцагч нь Япон улсын KDDI компанийг ямар үндэслэлээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлсэн гэдгийг тайлбарлаж, нотлох баримтгүй байхад Монгол Улсаас эх үүсвэртэй орлого буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарчимтай адилтгаж, нутаг дэвсгэрийн зарчимтай Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж хэрэглэсэн байна. Иймд шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна”, 15.1.7-д “энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого”-д гэж заасан бөгөөд Ш.Ганчимэгт орон сууцыг шилжүүлсэн нь шууд бус орлогод хамаарах юм. Шүүх Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн нэг сууц /өрөө/-г түүний эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална” гэснийг үндэслэл болгон үнэгүй хувьчилсан учраас шууд бус орлого гэж үзэж “Монголын цахилгаан холбоо” ХК-ийг татвар суутгах ёсгүй гэж дүгнэсэн нь орон сууц хувьчлах, татвар ногдуулах харилцааг хольж хутгасан гэж үзэхээр байна. Хариуцагч нарын зүгээс иргэн Ш.Ганчимэгт орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилсан гэдэг үйл баримт дээр маргаагүй бөгөөд гагцхүү ажил олгогчоос ажилтанд шууд бус орлого олгосон учраас түүнд татвар суутган авч төсөвт төлөх ёстой гэж акт үйлдсэн. Орон сууц хувьчлах тухай хуулиар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд татвар ногдуулах харилцааг зөвхөн татварын хууль тогтоомжоор зохицуулахыг анхаарч үзээгүй байна. Иймд шийдвэрийн зарим хэсгийг хянаж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Л.Амарбаатар, Ж.Эрдэнэтуул нар нь “М ц х” ХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх” хяналт шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 210022525 тоот актаар 54.407.396,9 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор   50.635.341,75 төгрөг болгон багасгажээ.

Нэхэмжлэгч “М ц х” ХК нь Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 210022525 тоот актын 1.3-т  “Орон сууцыг Ш.Ганчимэгт үнэгүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт шилжүүлээгүй 5.606.718,4 төгрөгийн зөрчилд 560.671,8 төгрөгийн татвар, 168.201,6 төгрөгийн торгууль, 61,215,0 төгрөгийн алданги ногдуулсан хэсэг, 2-т “Гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ 300.598.388,0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 30.059.383,8 төгрөгийн татвар, 90.179,5 төгрөгийн хүү, 15.029.919,4 төгрөгийн торгууль ногдуулсан хэсгийг тус тус эс зөвшөөрч маргасан. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал,

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ “гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн орлогодоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу НӨАТ ногдуулж тайлагнасан, гэтэл хэрэглэгчээс авсан нэг үйлчилгээний орлогод  нийт дүнгээр 1, гадаад карьерт өгөх мөнгөнөөс дахин 1 удаа нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан тооцож байна” гэж тайлбарласан байхад шүүх энэ талаар шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн. 

Өөрөөр хэлбэл, гадаад ярианы үйлчилгээг хүртэгч эцсийн хэрэглэгчээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцохдоо оршин суугч бус этгээдэд /Япон улсын КDDI, АНУ-ын АТ&A, Кореа Телеком, ОХУ-ын Ростелеком, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсын  Intelsat/ шилжүүлсэн гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрт ногдох НӨАТ-ыг оруулан суутган тооцсон эсэхийг шалгаж тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, давхар татвар ногдуулсан гэх үндэслэлд дүгнэлт өгөх боломжтой болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд “татварын хяналт, шалгалт хийх томилолт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хамарсан байтал нэмэгдсэн өртгийн албан татварыг хамарч, хариуцлага тооцсон” гэж үндэслэлээ нэмж тайлбарласан байхад энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна. 

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “…татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх”, 47 дугаар зүйлийн 47.7-д “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, авлигад үл автах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх нөхцөлийг харгалзан хяналт шалгалтын зохион байгуулалт, томилгоог хийнэ” гэж, “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2.3.3-т “...байцаагчийг томилж “Татварын хяналт шалгалт хийх томилолт” (Маягт ХШ № 01)-ыг тухайн үед нь олгоно. “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-нд томилолт олгосон он, сар, өдөр, дугаар, хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагч, хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчийн нэр, хугацаа, хяналт шалгалт эхлэх, дуусах, сунгасан хугацаа, хяналт шалгалтын төрөл, томилолт олгосон албан тушаалтны гарын үсгийн тайллыг тусган, томилолт олгосон албан тушаалтан гарын үсэг зурж, Татварын албаны тэмдэг дарна....” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М ц х” ХК-ийн гаргасан 2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд алдагдал баталгаажуулах хүсэлтийн дагуу тус компанид хийгдэх татварын хяналт шалгалтын төрлийг Татварын хяналт шалгалт хийх томилолтод “Аж ахуйн нэгжийн орлогын албан  татварын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх” гэж заасан атал татварын иж бүрэн хяналт шалгалт хийсэн байх ба дээрх төрлийн хяналт шалгалтад нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг хамааруулан хийх боломжтой эсэх, уг шалгалтыг ямар хүрээнд хийж гүйцэтгэх талаар дүрэм журам байдаг эсэх, томилолтод заагаагүй төрлөөр хяналт шалгалт хийх эрх хэмжээ татварын улсын байцаагчид олгогдсон эсэх зэрэг гол ач холбогдол бүхий маргааны үндэслэлд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай.

          Нөгөөтэйгүүр, Орон сууц хувьчлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байх ба хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална” гэсэн нь татварын эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээ болж байгаа үндэслэл, татварын хууль тогтоомжтой хэрхэн уялдаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, ямар хууль зүйн үндэслэлээр  иргэн Ш.Ганчимэгт хувьчилсан орон сууц Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан албан татвар ногдуулах орлогод хамаарахгүй байгааг шүүхийн шийдвэрт тайлбарлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн байна.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,…”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ...шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэлд хамаарна  .

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               

                                  

 

                              

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТБААТАР                                                     

                              ШҮҮГЧ                                                     Ц.САЙХАНТУЯА     

                              ШҮҮГЧ                                                     О.НОМУУЛИН