Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00039

 

“Тэнүүн Огоо” ХХК, “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00403 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1714 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК, “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн тээврийн газарт холбогдох,

485 817 578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, Э.Энхтөр, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тэнүүн огоо” ХХК болон “Тэнүүн-Огоо гуравдугаар бааз” ХХК-иуд Нийслэлийн тээврийн газартай 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1-06/15, 1-36/15 тоот Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан.2015 оны 08-11 дүгээр саруудад “Тэнүүн огоо” ХХК-д олгосон зардлын санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 184 696 067 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 60 133 392 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн гэж 98 961 235 төгрөг, нийт 343 789 693 төгрөгийг суутгасан. 2015 оны 08-11 дүгээр саруудад “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн зардлын санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 61 239 592 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54 152 418 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн гэж 26 635 874 төгрөг, нийт 142 027 884 төгрөгийг үндэслэлгүйгээр тус тус суутгасан.2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан. Үүний дотор нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зардлаар санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн нэгж зардлыг их багтаамжийн автобусанд 32 934 төгрөг байхаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зардлыг санхүүжүүлэхээр баталсан. Уг тогтоолын дагуу “Тэнүүн огоо” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 3 042 854 679 төгрөгийн санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр нийт 343 789 694 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 794 609 079 төгрөгийг санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр 142 027 084 төгрөгийн хасалт хийн суутган тооцсон. Энэ асуудлыг үндэслэлгүйгээр суутган тооцсон гэж үзэж нэхэмжилж байгаа.Орлогын доод түвшин биелүүлээгүй гэдэг үндэслэлээр “Тэнүүн огоо” ХХК-иас 60 133 032 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сард 54 152 418 төгрөгийг хассан. Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд мөнгөний хайрцаг байршуулсан боловч хайрцгийг ашиглах журам, хөрөнгө хүлээлцсэн акт баримт байхгүй боловч мөнгөний хайрцаг эвдэлсэн гэдэг үндэслэлээр Тэнүүн огоо ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 67 690 738 төгрөг, 11 дүгээр сард 31 270 497 төгрөг, Тэнүүн огоо гуравдугаар бааз ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 26 635 874 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж байгууллагуудад шалгагч түр гэрээгээр ажиллах журам 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн тээврийн газрын даргын А/112 дугаар тушаалаар гарсан боловч шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү гэж “Тэнүүн огоо” ХХК-иас 8 дугаар сард 40 883 170 төгрөг, 09 дүгээр сард 42 936 749 төгрөг, 10 дугаар сард 62 283 090 төгрөг, 11 дүгээр сард 48 592 068 төгрөг суутгасан. “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 08 дугаар сард 13 933 718 төгрөг, 09 дүгээр сард 14 432 438 төгрөг, 10 дугаар сард 16 787 818 төгрөг, 11 дүгээр сард 16 096 618 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан.“Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иуд нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн. 2015 оны 02 дугаар сарын 23-ны гэрээнд заагдсан үүргүүдийг бүрэн биелүүлсэн.Иймээс Нийслэлийн тээврийн газраас “Тэнүүн огоо” ХХК-д 343 387 884 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д 142 027 884 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хэргийн харьяалал Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын 4 дүгээр хэсэгт аж ахуй нэгж иргэнтэй байгуулах гэрээ гэдэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3-т заасан эрх олгох болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нийтийн эрх зүйн гэрээ тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээнд хамаарахгүй харин Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан эрх бүхий этгээд буюу Засаг дарга нь нийтийн тээврийн асуудлыг тухайн нутаг дэвсгэр зохицуулж, зохион байгуулахыг энэхүү гэрээний гол нөхцөл болгон тусгасан байвал зохино гэснийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй энэхүү гэрээ байгуулагддаг.Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг анхаарч үзэхийг хүсч байна. Нэхэмжлэгч тал гэрээний маргаан гэж үзэж байгаа. Манай тал энэ бол гэрээний маргаан биш гэрээний үүрэг биелүүлээгүй гэж суутгаагүй, энэ бол Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу ажилласан. Нэхэмжлэгч гомдолтой байгаа бол гэрээний маргаан биш тул тухайн шийдвэр эсхүл тогтоолд гомдлоо гаргах учиртай байсан.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 6/22 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн шалгагч нарын цалин, нийгмийн даатгалд олгох санхүүжилтийг тус компаниудын 8-11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үндэслэн санхүүжүүлэх шийдвэр өгсөн. Эдгээр компаниудтай байгуулсан гэрээнд хамааралгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан явдал юм. Жолооч болон шалгагчийн ажилласан бодит гүйцэтгэлээр бодож олгосон ба ажиллаагүй хүмүүсийн цалинг олгоогүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн эрхлэгч аж ахуй нэгж орлогын доод хязгаарыг төвлөрүүлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг.Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1809 тоот албан бичгээр шугамын орлогын мэдээгээ ирүүлж байхыг мэдэгдсэн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл ирээгүй учраас тус газар өөрийн эрх мэдлийн хүрээнд сүүлийн 3 жилийн судалгаагаа үндэслэн орлогын доод хэмжээний хязгаарыг тогтоосон. Бүхэл бүтэн 3 жилийн дунджийг авч үзсэн тул бодит үнэнтэй ойролцоо улмаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 6/22 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу тооцооллоо хийж гүйцэтгэсэн.Нийслэлийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай нийтийн тээврийн автобусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, сургалт явуулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 5.6.3-т зааснаар тоног төхөөрөмж алдагдах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч, кондукторын буруутай үйлдлээс тоног төхөөрөмж эвдэрсэн бол нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллага бүрэн хариуцна гэж, 6.1-д гэрээний аль тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний аль нэг тал болон гуравдагч этгээдэд хохирол учирсан буруутай тал хариуцна гэж заасан байдаг. Энэхүү гэрээнд заасны дагуу эвдэрсэн хайрцгийн тооцооллыг хийж гүйцэтгэсэн болно. Мөн уг тооцооллын Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс чиглэл өгч хянасан байдаг. Нийслэлийн Засаг даргаас нийтийн тээврийн талаар төрөөс бодлого чиглэлийг хэрэгжүүлж ажиллах нийслэлийн тээврийн газарт шаардлагатай хөрөнгө санхүүд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Засаг дарга нь Санхүү, төрийн сангийн хэлтэст захирамжаар хүлээлгэсэн байдаг. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг Нийслэл эзэмшдэг тэгэхээр нийслэл өөрийн өмчөө хамгаалж учирсан хохирлыг журмын дагуу шийдсэн гэж үзэж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00403 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн тээврийн газраас 485 817 578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-д 343 789 694 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д 142 027 887 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 876 900 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн тээврийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 2 745 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-д 1 876 900 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК-д 868 100 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1714 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билигт, Э.Энхтөр, З.Цэвээндорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Анхан болон давж заалдах шатны шүүх журмыг буцаан хэрэглэхгүй байх нь үндэстэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн 2015 оны 6/22 дугаар тогтоолыг үндэслээд журам үйлчлэхээс өмнөх сарууд болох 8, 9, 10 сарын мөнгө болох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр, магадлал гаргасан. Учир нь зардлын санхүүжилтийг олгох эрх зүйн баримт болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот “Журам батлах” тухай тогтоолыг буцаан хэрэглэхгүй байх нь хуульд нийцэж байгаа бол энэхүү тогтоолоор Зардлын санхүүжилтийн хасч тооцсон зардлыг нэхэмжлэгчид хууль зүйн хувьд нэхэмжлэх эрхгүй болно. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх нөхөн олговор болон зардлын санхүүжилтийг нэг ойлголт гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа зардлын санхүүжилтийн мөнгө нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот “Журам батлах” тухай тогтоолоор бий болсон. Харин энэхүү тогтоолыг батлагдахаас өмнө зардлын санхүүжилтийг олгодоггүй байсан. Гэтэл энэхүү тогтоолоор зардлын санхүүжилтийг олгох эрх нь нээгдсэн тул нэхэмжлэгч энэхүү мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэсэн үг.Харин нөхөн олговор гэдгийг Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалтад “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэж заасны дагуу НИТХ-ын 2010 оны 212 дүгээр тогтоол болон 2010 оны 6/51 дүгээр тогтоолоор баталж нөхөн олговор олгож байсан. НИТХ-ын 2010 оны 6/51 дүгээр тогтоолд “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-ын 2.1 дэх хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс хотын доторх болон хот орчмын нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутнуудын тоог жил бүр тогтооно гэж заасны дагуу олгож байгаа мөнгийг нөхөн олговор гэдэг.Гэтэл шүүх нөхөн олговор, зардлын санхүүжилт 2-ыг нэг ойлголт хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нөхөн олговор нь НИТХ-ын 2010 оны 212 болон 2010 оны 6/51 дүгээр тогтоолоор, зардлын санхүүжилт гэдэг нь НИТХ-ын 2015 оны 6/22 тогтоолоор зохицуулагддаг харилцаа юм. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний маргаан биш харин НИТХ-ын 6/22 тогтоолтой холбоотой маргаан юм. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ тул нийтийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан захиргааны гэрээ гэж үзэх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэрээ тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх ёстой байсан гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн. Талуудын хоорондох маргаан нь “нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний үүрэгтэй огт холбоогүй бөгөөд тус газраас нэхэмжлэгч талыг энэ гэрээний үүрэг биелүүлээгүй гэж буруутгаагүй. Дээрх хэлсэн хасаж тооцсон 3 тооцоолол нь НИТХ-ын 6/22 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хийгдсэн бөгөөд ийнхүү тооцоолол хийх шийдвэрийг эрх бүхий байгууллага болох НЗДТГ-аас өгсөн тул нэхэмжлэгч тал НЗДТГ-аас өгсөн шийдвэр нь зөв байсан эсэх, мөн түүнчлэн НИТХ-ын 6/22 дугаар тогтоолд гомдлоо гаргах учиртай байсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний онцлогийн талаар болон Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын 4 дэх хэсэгт “...аж ахуйн нэгж байгууллага иргэнтэй гэрээ байгуулна гэсний гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 183.2, 189.3-д заасан эрх олгох болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нийтийн эрх зүйн гэрээ тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээнд хамааралгүй гэж ойлгоно. Харин хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заагдсан эрх бүхий этгээд нь нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулж зохион байгуулах арга хэмжээнүүдийг энэхүү гэрээний гол нөхцөл болгон тусгасан байвал зохино.” гэснийг үндэслэн нийтийн эрх зүйн хүрээнд дээрх гэрээ нь байгуулагддаг талаар тайлбарлаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг анхаарч үзэхийг шүүгчдээс хүссэн боловч шүүх мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн.Иймд утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгч нэхэмжпэх эрхгүй мөнгө нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Тэнүүн огоо” ХХК болон “Тулга огоо” ХХК буюу хожим нэрээ өөрчилсөн нэхэмжлэгч “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Нийслэлийн Тээврийн газартай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” 1-06\15, 1-36\15 дугаартай гэрээнүүд тус тус байгуулжээ. Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь хариуцагч Нийслэлийн Тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-тай  “Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах” гурван талт хоёр гэрээг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан байна. Мөн нэхэмжлэгч нар нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Тээврийн газартай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” 1-36\15, 1-06\15 дугаартай гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6\22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”, “Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф”-ыг баталжээ. 

Нэхэмжлэгч нар хариуцагч Тээврийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолын дагуу “Тэнүүн огоо” ХХК-д 2015 оны 8-12 дугаар саруудын 3 042 854 679 төгрөгийн санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр нийт 343 789 694 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д 2015 оны 8-12 дугаар саруудын 794 609 079 төгрөгийг санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр 142 027 084 төгрөгийн хасалт хийн суутган тооцсон гэж үзэж, дутуу төлөгдсөн мөнгийг гаргуулах шаардлага тавьжээ. Хариуцагч Нийслэлийн Тээврийн газар нь дээрх суутгал үндэслэлтэй хийгдсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг эрх зүйн үүднээс зөв дүгнэж чадаагүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

1.Шүүх зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв боловч гэрээний төрлийг тодорхойлоогүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлийг тогтоож чадаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 189 дүгээр зүйлийн 189.5.-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заажээ. Харин Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д “энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэжээ.

Нэхэмжлэгч нар хариуцагчтай хоёр төрлийн гэрээ байгуулсан байх ба тэдгээрийн нэг нь буюу “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээ байна. Энэхүү гэрээ нь “нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ тул зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн, үйлчилгээний аюулгүй байдал, хэвийн тасралтгүй ажиллагааг хангахад талуудын гүйцэтгэх эрх үүргийн харилцааг зохицуулах бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний соёлч байдал, чанар, сахилга хариуцлагыг сайжруулах”  зорилготой байгуулагджээ. Уг гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч Нийтийн тээврийн газар нь үүрэг гүйцэтгэгч “Тэнүүн огоо” болон “Тэнүүн огоо гуравдугаар бааз“ ХХК-иудад Улаанбаатар хотын тодорхой чиглэлд их дунд багтаамжийн автобусын зорчигч тээврийн үйлчилгээг явуулах эрх олгож, уг үйлчилгээний хугацаа, давтамж, чанар, үйлчилгээний тариф, үнэ, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, уг үйл ажиллагааг хянах, дүгнэх  зэрэг хотын нийтийн тээврийн үйлчилгээ зохион байгуулах харилцааг зохицуулсан байна.

Харин  “Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах” гурван талт гэрээнд зохигчдоос гадна “Улаанбаатар смарт карт” ХХК оролцсон байх ба энэхүү гэрээ нь “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 133, 152, 185 дугаар тогтоолуудаар тус тус дэмжигдэн батлагдаж, Нийслэл Улаанбаатар хот болон Төсөл хэрэгжүүлэгчийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн гэрээг хэрэгжүүлэхэд шаардагдах нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, ашиглалттай холбоотой үүсэх харилцаа, төхөөрөмжийн суурилуулалтын бэлтгэл ажлыг хангах, тоног төхөөрөмжийг ашиглах, тухай сургалттай холбоотой үүсэх харилцааг” зохицуулжээ.

Дээрх гурвалсан гэрээ байгуулагдсантай холбогдуулан зохигчид нь “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээнүүдэд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дээрх гэрээнүүдийн агуулга, гэрээний талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл  захиргааны байгууллагаас нийтийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхэд хэрэглэдэг захиргааны хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болох захиргааны эрх зүйн гэрээ байгуулсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, эрх зүйн хэд хэдэн субъектуудын харилцан тохиролцсон захирамжилсан бус захиргааны эрх зүйн салбарт эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгахад чиглэсэн нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийлэл болж буйн хувьд дээрх гэрээг захиргааны эрх зүйн гэрээ гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1., 52.2.3.-т зааснаар “захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно” гэж тус тус заажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1., 5.1.3., 5.1.4.-т зааснаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагаас гадна захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд, үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа захиргааны байгууллагад хамаардаг байна.

Дээрх гэрээ нь субъектын, ашиг сонирхлын, гэрээний зүйлийн хувьд нийтийн эрх зүйн шинжтэй байгааг шүүх анхаараагүй байна. Гэрээний нэг талаар Нийслэлийн Тээврийн газар буюу орон нутгийн захиргааны байгууллага оролцсон, гэрээний агуулга нь нийтийн тээврийн үйлчилгээг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг тодорхойлсноор нийтийн ашиг сонирхлыг давамгай илэрхийлсэн, гэрээний зүйл нь зорчигч тээврийн нийтлэг үйлчилгээний буюу захиргааны эрх зүйд хамаарах харилцаа байгаа тохиолдолд захиргааны эрх зүйн, эсхүл иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх байжээ.

Хэрэгт дээр дурдсан захиргааны зарим актууд авагдаагүй байна.

Захиргааны эрх зүйн гэрээ нь аливаа гэрээний адил үүргийн эрх зүйн үндсэн шинжийг өөртөө агуулдаг учир шүүх тухайн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д заасан “нэрлэгдээгүй гэрээ”-нд хамааруулсныг буруутгах боломжгүй боловч шүүхийн сонгосон Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 189 дүгээр зүйлийн 189.5.-д заасан зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй байна.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тогтоосноор тухайн шаардлага гэрээний эрх зүйн агуулгатай эсэхийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тогтоох боломжтой болох юм.

Нэхэмжлэгч нар хариуцагч Тээврийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардлын санхүүжилтээс үндэслэлгүй суутгал хийж, дутуу олгогдсон мөнгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон байна.

Дээр дурдагдсан гэрээнд  цахим төлбөрийн систем нэвтрүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардлын санхүүжилтийн асуудал буюу хариуцагч Нийслэлийн Тээврийн газар хэрхэн, хэдий хэмжээгээр холбогдох зардлын төлбөрийг нэхэмжлэгч нарт гүйцэтгэх талаар заагаагүй тохиолдолд хариуцагч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс зохигчдын хооронд эрх зүйн маргаан үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Харин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6\22 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам” нь “нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрснээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын төлбөр тооцоог түргэн шуурхай явуулах, үйлчилгээний орлогыг нэгдсэн дансанд төвлөрүүлэх, хуваарилах, нийслэлийн төсөвт тусгах, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах” зорилготой захиргааны акт байна.

Дээрхээс  үзвэл нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсхүл захиргааны актыг зохих ёсоор биелүүлээгүй үйлдлээс улбаатай гэж үзэх эсэх талаар шүүх нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, зохих дүгнэлтийг хийгээгүй нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч компаниудад олгогдохоор төрөөс тогтоож, санхүүжүүлсэн мөнгийг хариуцагч дутуу олгосон, эсхүл тухайн ажиллагаанд төсөвлөгдсөн нийт мөнгөнөөс олгох мөнгийг буруу тооцож, дутуу олгосон болох нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхой тусгагдаагүй, хэрэгт авагдсан баримтаар энэ байдал бүрэн тогтоогдоогүй байна. 

3.Шүүх зохигчдын маргааныг гэрээний харилцаанаас үүссэн гэж дүгнэхдээ гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гэж үзэхдээ “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээнүүдийн 3.1.5.-д заасан зохицуулалтыг иш үндэс болгожээ. Гэрээний уг заалтад “нөхөх олговрыг төсвөөс санхүүжүүлсэн тухай бүрт холбогдох журмын дагуу хуваарилан олгох бөгөөд энэ гэрээний зургаадугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нөхөн олговроос үүрэг гүйцэтгэгч талтай тохиролцохгүйгээр ямар нэгэн суутгал хийхгүй” байхыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Нийслэлийн Тээврийн газарт үүрэг болгосон байна.

Гэрээний уг заалтад туссан “нөхөх олговор” гэдэгт цахим төлбөрийн систем нэвтрүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардлын санхүүжилт хамаарах эсэх нь тодорхой бус байгаагаас гадна 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээ байгуулагдах үед цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглахтай холбоотой зардлын асуудал угаас тавигдаж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Зохигчид болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хооронд “Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах” гурван талт хоёр гэрээ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан, “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6\22 дугаар тогтоолоор батлагдсан тохиолдолд маргааны зүйл болж буй санхүүжилтийн асуудал 2015 оны 02 дугаар сарын гэрээнд тусгагдсан байх боломжтой эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн байгууллага үйлчилгээний үнийг тарифын дагуу зорчигчдоос авах эрхтэй ба харин төрийн эрх бүхий байгууллага энэхүү төлбөрөөс зарим иргэдийг \ахмад настан, оюутан сурагч г.м.\ чөлөөлсөн, хөнгөлсөн тохиолдолд тээврийн байгууллагад энэ хэмжээгээр буюу аваагүй орлогыг орлуулан нөхөх олговрыг төрөөс санхүүжүүлэн олгодог журам цахим төлбөрийн систем нэвтрүүлэхтэй холбоотой гарах үйл ажиллагааны зардалд хамааралтай гэж үзэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нөхөх олговор олгох асуудлыг зохицуулсан эрхийн акт хэрэгт авагдаагүй байна.  

4.Шүүх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6\22 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам” хууль тогтоомж буцаан хэрэглэхгүй байх зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн алдаатай болжээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т заасан “шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэх зохицуулалт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралгүй байна.

“Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээ байгуулагдах үед үүсээгүй харилцаа тухайн гэрээгээр зохицуулагдахгүй юм. Өөрөөр хэлбэл, цахим төлбөрийн систем нэвтрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа эхлээгүй байх үед энэхүү үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал цаг хугацааны болон логик уялдаа холбооны хувьд 2015 оны 02 дугаар сард шийдвэрлэгдээгүй байх нь тодорхой. Зохигчид болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хооронд “Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах” гурван талт хоёр гэрээ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдаж, энэхүү гэрээ байгуулагдсантай холбогдуулан гэрээний талууд “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6\22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж, маргааны зүйл болж буй санхүүжилтын асуудлыг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хойшхи хугацаанд шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосноор шинээр буй болсон харилцааг зохицуулах журам бүхий эрхийн акт анхлан гарчээ. Шинэ харилцааг зохицуулж буй эрхийн акт харилцаа үүссэнээс хойш батлагдсан явдлыг ийнхүү батлагдахаас өмнөх харилцааг зохицуулалтгүй үлдээх, эсхүл тухайн харилцаанд уг харилцааг зохицуулаагүй гэрээний заалтыг хамааруулан хэрэглэх үндэслэл болохгүй юм.

Нөгөө талаар шүүх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6\22 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг зохигчдын хоорондох маргаантай харилцааг зохицуулахгүй гэж үзсэн атлаа нэхэмжлэгч дээрх тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгосныг анхааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.  

5.Хариуцагч Нийслэлийн тээврийн газар  цахим төлбөрийн систем нэвтрүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардлыг хэрхэн тооцсон, ямар учир шалтгаан, үндэслэлээр санхүүжилтээс хассан тайлбараа баримтаар нотлосон байна. Эдгээр нотлогоог  нэхэмжлэгч баримтаар хангалттай үгүйсгэж чадаагүй, талууд маргааны зүйлийн талаар бүрэн хэмжээнд мэтгэлцээгүй, шүүх талуудын нотлогооны зүйлийг зөв тодорхойлж, маргааны зүйлийн талаарх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй байна. 

Улсын дээд шүүх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хуульд заасан хэлбэрээр хэрэгт хангалттай бүрэн авагдаагүй байсан тул эрх зүйн маргааны талаар зохих дүгнэлтийг хийх боломжгүй байсан болно. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримт, зохигчдын хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой болгоогүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байгааг анхаараагүй нөхцөлд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэр гаргах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00403 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1714 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН